Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 263

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, Ботахара нура овогт Хинаятын Айынгүлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Айынгүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид А.Серикжан, С.Нургайып, хариуцагч Бугат сумын Засаг дарга Х.Хайв, хариуцагчийн өмгөөлөгч К.Зулхаш, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Давхарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгож, урд эрхэлж байсан Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Х.Айынгүл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хинаятын Айынгүл миний бие 1987 онд БНМАУ-ын Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж ирмэгц Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн "ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" 153 дугаар тушаалаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Бугат сумын их эмчийн салбарын эрхлэгч эмчээр /хуучин нэр/ томилогдон улсад тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байсан ахмад эмч нарын нэг байсан юм. Гэтэл саяхан болж өнгөрсөн УИХ-ын болон орон нутгийн ээлжит 2016 оны сонгуулийн дараа сонгогдсон аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Хайв намайг үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж, надад "өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ажлаасаа гар" гэх мэтээр янз бүрээр дарамт шахалт үзүүлж ирсний эцэст /миний бие зөвшөөрөөгүй болохоор/ намайг ямар ч учир шалтгаангүйгээр ажлаас минь чөлөөлж тус Эрүүл мэндийн төвийн их эмчээр томилсон юм. Засаг дарга намайг ажлаас минь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Монгол улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг минь ноцтойгоор зөрчсөн юм. Тухайлбал,

1. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтална гэж заасан байхад ажил олгогч аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Хайв нь2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай тушаал гаргахдаа дээрх хуулийн заалтыг зөрчсөн.

2. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг тухайн шатны Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлөхөөр хуульчлагдсан. Гэтэл ажил олгогч аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Хайв нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай тушаал гаргахдаа дээрх хуулийн заалтыг зөрчсөн.

3. Төрийн хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага болон албан тушаалтны надаас ямар нэгэн төлбөр, мөнгө төлүүлэхтухай акт тогтоосон тухай шийдвэр байхгүй байхад ажил олгогч аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Хайв нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай тушаал гаргахдаа намайг төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан мэтээр гүтгэсэн байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн "ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Айынгүл шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Бугат сумын Эрүүл мэндийн төвд 30 жил тасралтгүй ажиллаж байна. Шинээр томилогдсон Х.Хайв гэх Засаг дарга надад ажлаас халах талаар урьдчилж мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлөх захирамж гаргасан учир шүүхэд хандсан. Намайг ажлаас халах ямар нэгэн үндэслэл байгаагүй. Засаг дарга Х.Хайв нь хамт олноос удаа дараа гомдол ирсэн гэж байгаа боловч үүнийг баримтжуулсан нотлох баримт байхгүй. Тэгэхээр хамт олноос хэн нэгэн гомдол гаргаагүй гэдэг нь харагдаж байгаа. Мөн намайг ноцтой зөрчил гаргасан гэж байгаа боловч үүнийг ойлгохгүй байна. Би энэхүү ажиллах хугацаанд өөрийнхөө хөдөлмөрийн хөлсийг л авсан. Жил жилдээ хийгдэх ёстой аудитын шалгалт хийгдэж байсан. Би 30 жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, энэ талаар дээд шатны байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ бас авч байгаагүй. 30 жил ажиллаж болохгүй гэсэн хууль байхгүй. 30 жил үр бүтээлтэй ажилласан хүнийг ганцхан хоногийн дотор ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс санхүүгийн аудитын шалгалт хийгдсэн гэж байгаа боловч намайг ажлаас чөлөөлөх үед санхүүгийн шалгалт хийгдээгүй байсан. Энэ талаар нотлох баримт байхгүй, хэн нэгнээс гаргасан гомдол ч байхгүй байхад намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Их эмчийн ажлыг хавсран гүйцэтгэх сумын эмнэлгийн стандарт байгаа. Өмнө нь их эмч байхгүй байсан бөгөөд 2013 оноос их эмчийн орон тоог баталж өгсөн боловч тухайн орон тоонд ажиллах их эмч олдохгүй явсаар байгаад 2015 онд нэг их эмчтэй болсон. Тэгэхээр би эрхлэгч гэх нэр л байсан болохоос биш 3600 хүн амтай суманд ганц их эмч бол хүрэлцэхгүй. Тийм учраас би их эмчийн нэмэгдлээр ажилласан маань үнэн. 2012 онд Засгийн газрын 150 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоолд зааснаар Эрүүл мэндийн төвийн удирдлагын баг гэж томилдог. Уг удирдлагын баг нь асрагч, тогооч, галч гэх мэт ажилтнаас бүрдсэн баг байдаг. Уг баг нь улирал тутам ажилтны ажлыг дүгнээд урамшуулал олгодог журамтай. Тийм учраас би уг удирдлагын багийн дүгнэснээр зохих журмын дагуу урамшууллаа авч байсан. Өөрөөр хэлбэл тэд нар 10 хувь авсан тохиолдолд би бас 10 хувь, 20 хувь авсан бол 20 хувь гэх мэт байдлаар авч байсан. Төсвийн анхан шатны баримт, нягтлан бодогчийн ажилтай холбоотой зөрчил гарсан байна. Гэхдээ тухайн үед хариуцаж байсан хүмүүс тооцоогоо хийгээд, материалаа бүрдүүлээд хийх ёстой учраас тухайн асуудалд миний буруу байхгүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд тайлбар гаргахдаа намайг 30 жил тэгсэн, ингэсэн байна гэсэн асуудал бичсэн байна. Өөрөөр хэлбэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа хэтрүүлэн бичсэн байна. Би хувьд энэ бүхнийг санаатайгаар хийж байгаа асуудал гэж бодож байна. Би 30 жил ажиллахдаа намын үзэл бодлоор үйл ажиллагаагаа явуулж байгаагүй, бүх иргэдэд тэгш үйлчилгээ явуулах ёстой. Энэ асуудлыг зарим настай өвчтөн нар сонсоод таныг явбал бид нар яах юм бэ гээд уйлсан асуудал гарч байсан. Тэгэхэд би шинээр томилогдсон дарга нар ийм асуудал гаргаж байгаа юм байна, гэхдээ би та нарын дунд эмчээ хийгээд байж л байна гээд тайлбараа хэлсэн. Би 30 жил ажиллахдаа 2015 онд манай сум аймгийн, улсын хэмжээнд загвар сум болж байсан. 2016 оны ажлын тайлангаа бид нар аймгийн Эрүүл мэндийн төвд өөрсдөө биеэр тавиад хангалттай гэсэн дүн авсан. Х.Хайв Засаг дарга ажилд томилогдсоноор ядаж бид нарын 2016 оны ажлын тайлантай танилцаж, ямар асуудал гарч байна, Х.Айынгүлийн талаар хүмүүс юу хэлж байна дүгнэлт хийх ёстой байсан. Гэтэл бид нарын тавьсан 2016 оны ажлын тайланг сонсоогүй байж иргэдээс гомдол ирсэн, чамайг ажлаас чөлөөлнө гэж намайг ажлаас чөлөөлсөн.

Тухайн миний оронд томилж байгаа этгээд нь ямар ч мэргэжилгүй, 6 сар эчнээгээр төгссөн сувилагч гэх дипломтой, миний удирдлаган дор 20 жил багийн эмчээр ажиллаж байсан хүн байгаа. Энэ бол ард иргэдийн эрүүл мэндээр тоглож байгаа асуудал. Энэ асуудлыг талаар Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Эрүүл мэндийн сайдын 442 дугаар тушаалаар бид нарын ажлын байранд тавигдах шаардлага, загварыг баталж өгсөн. Уг асуудлыг Х.Хайв дарга санаатайгаар зөрчиж байгаа нь өөрийгөө хамгаалуулах, өөрийн амлалтаа биелүүлэх асуудал болж байна гэж үзэж байна. Тэрнээс биш манай Эрүүл мэндийн төвд их эмч мэргэжилтэй, 2 жил ажилласан эмч ажиллаж байгаа. Тухайн хүнийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга бас санал болгосон. Ядаж ажил цалгардуулахгүйн үүднээс түр ч гэсэн мэргэжлийн хүнийг томилох ёстой. Одоо хүртэл асуудал болж, чирэгдэл учирч байна. Хүн амын эрүүл мэндийн төлөө ажлаа хийж байгаа. Үүнийг анхаарахыг хүсэж байна. Хариуцагч талаас шүүх хуралдаанд шинээр Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн Засаг дарга өөрийн гаргасан захирамжаа өөрчилсөн байна. Гэхдээ тэдгээрийг бид нарт танилцуулаагүй. Мөн дээрээс ирсэн албан шаардлага байгаа бөгөөд тэр бүгдийг бас үзүүлэхгүй байгаа. Аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн хүнийг томилохыг шаардаж байгаа боловч үүнийг хариуцагч биелүүлэхгүй байгаа тул шат шатны байгууллагад асуудал болж байгаа. Би ажлаас ямар нэгэн үндэслэлгүй халагдсан гээд маргалдаж байгаа боловч цаана нь бүхэл бүтэн нэг Эрүүл мэндийн төвийн ажил цалгардаж байна. Хариуцагч Г.Давхарбаяр гэх хүн 1, 2 дугаар гарын үсэг зурж ажлаас хэвийн гүйцэтгэж байгаа гэж байгаа боловч бодит байдал дээр тийм биш байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Бугат сумын Засаг дарга Х.Хайв шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Гомдол гаргагч Бугат сумын 3 дугаар багийн иргэн Х.Айынгүлийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "Бугат сумын Засаг даргын 2017 оны 01-р сарын 05-ны өдрийн "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" Б/07 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян -Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай" гомдлын шаардлагад танилцаж энэхүү тайлбарыг гаргаж байна.

1. Гомдол гаргагч Х.Айынгүл нь Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр бараг насаараа ажиллаж, өөрийн дархлааг тогтоож, төсвийн хөрөнгийг зүй бус зарцуулах, төсвийн тухай хуулийг ноцтой зөрчих, төсвийн мөнгийг хууль бус ашиглах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар иргэд, тухайн ЭМТ-н хамт олноос Засаг дарга надад удаа дараа гомдол мэдээлэл ирсэн. Уг мэдээлэл, гомдлын үндэслэлтэй эсэх асуудлыг Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд миний бие холбогдох мэргэжлийн албан тушаалтнуудаар дамжуулан сумын ЭМТ-н төсөв санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчлүүд байгааг Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлд заасны дагуу олж тогтоосон. Бугат сумын ЭМТ-н эрхлэгч Айынгүл нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа байдал илэрсэн учир түүний Төсвийн шууд захирагчийн үүрэгт ажлаас чөлөөлж байгаад Бугат сумын ЭМТ-ийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд байгаа зөрчил дутагдлыг арилгах, таслан зогсоох, төсвийн тогтвортой үйл ажиллагааг хангах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах үүднээс Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалаас нь 2017 оны 01-р сарын 05-ны өдрийн сумын Засаг даргын Б/07 тоот захирамжаар чөлөөлсөн болно.Х.Айынгүл нь Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.4.18-д зааснаар "Төсвийн шууд захирагч" учраас тухайн албан тушаалд байгаа нөхцөлд түүний зөрчил дутагдал, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх боломж хомс, бодит байдлыг тогтооход сөрөг нөлөөтэй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-д заасан үндэслэлээр ажлаас нь нэн даруй чөлөөлж байж, Санхүүгийн хяналт шалгалт, Аудитын албаны шалгалт хийлгэсэн байгаа юм.

Гомдол гаргагч Х.Айынгүл нь шүүхэд гаргасан гомдолд:

1. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй гэжээ. Бугат сумын ЭМТ-ийн эрхлэгч Х.Айынгүлийг ажлаас чөлөөлөхдөө Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.3-д заасан "томилж, чөлөөлөх" тухай хуулийн үндэслэлийг баримталж чөлөөлсөн нь тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалт баримталсан учир хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй байна.

2. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар Аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэдгийг зөрчсөн гэжээ.

3. Төрийн хяналт шалгалт, хийх эрх бүхий байгууллага албан тушаалтан надаас төлбөр мөнгө төлүүлэх акт тогтоосоншийдвэр гараагүй байхад ажлаас чөлөөлсөн тушаалд "төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан" гэж ажлаас чөлөөлсөн гэж гомдол гаргажээ.

Энэ асуудлын хувьд сумын иргэд, ЭМТ-ийн ажилчдаас гомдол мэдээлэл ирсэн бөгөөд Бугат сумын Засаг дарга Х.Хайв миний бие Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар "тухайн сумын Төсвийн Ерөнхийлөн Захирагч" билээ. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр 14.2.3, 14.2.10-д заасан эрх хэмжээний хүрээнд Бугат сумын ЭМТ-ийн төсвийн зүй бус зарцуулалт, төсвийн шууд захирагчийн төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж байгаа байдлыг тогтоосны үндсэн дээр ажлаас нь чөлөөлсөн болно.

Бугат сумын ЭМТ-ийн эрхлэгч Х.Айынгүл нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн "ноцтой зөрчил" гаргасан нь түүнийг ажлаас чөлөөлж, Санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар бүрэн батлагдсан байгаа юм. Үүнд:

1. Х.Айынгүл нь их эмчийн ажлыг хавсран гүйцэтгэсний 50 хувийн нэмэгдэл гэж ямар ч тушаал шийдвэргүйгээр 2015 онд 2553604 төгрөг хувьдаа завшсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2-д заасныг зөрчсөн болох нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18-02/07 тоот улсын байцаагчийн актаар тогтоогдсон.

2. Бугат сумын ЭМТ-ийн эрхлэгч Х.Айынгүл нь Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолоор баталсан Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.10-д заасныг зөрчиж өөртөө тушаал гаргаж урамшуулалд 1078618 төгрөг, 2014, 2015 онуудад авсан болох нь Санхүүгийн хяналт, аудитын байгууллагын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18-02/08 тоот актаар тогтоогдсон

3. 2013 он болон 2016 оны санхүүгийн баримтуудыг шалгаж дусаагүй байгаа.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг Х.Айынгүл зөрчсөн, уг хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох заалтад зааснаар ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байна.

3. Санхүүгийн анхан шатны баримтгүй, зүй бусаар 1178170 төгрөгийг зарцуулсан, 2014, 2015 онуудад урьдчилгаа 515000 төгрөгийг төлүүлж аваагүй орхигдуулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2-д заасныг тус тус зөрчсөн болох нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 18-02/09 тоот актаар нотлогдсон юм. Уг актын 1 дүгээр хавсралтаар Х.Айынгүл өөрөө хууль бус 370370 төгрөг, мөн 394000 төгрөг тус тус хууль зөрчиж авсан нь тогтоогдсон. Бугат сумын 2014, 2015 оны хоёр жилийн санхүүгийн үйл ажиллагаанд дээрх зөрчил илэрсэн байна.

Ингэж Х.Айынгүл нь Бугат сумын ЭМТ-ийн эрхлэгчээр ажиллаж байсан хугацаанд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.9 дэх заалтууд болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн учир Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлүүд, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-д заасны дагуу Х.Айынгүлийг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн юм.

Нэгэнт гомдол гаргагч Х.Айынгүлийн гаргасан зөрчил нь эрх бүхий байгууллагын шалгалтаар нотлогдсон тогтоогдсон учир гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Бугат сумын Засаг дарга Х.Хайв шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Бугат сумын Засаг даргаар томилогдсон. Засаг даргаар томилогдсоноос хойш ажлаа хүлээж аваад хүн эмнэлэг, цэцэрлэг, сургууль гээд төсөвт байгууллагуудтай хамтарч ажиллаад жилийн эцсийн ажлаа дуусгасан. Энэ хугацаанд Х.Айынгүлийг дуудаж ажилчдаас гомдол ирж байна, эрхлэгчийг сольж өгнө үү гэж байна яах вэ гэж байна гээд асуудлаа тавьсан. Ажилчид гомдол гаргахдаа 30 жил Х.Айынгүлтэй хамтарч ажилласан, энэ хугацаанд бидний нийгмийн асуудал, шагнал урамшууллыг зөв авч чадахгүй байна гэж гомдол ирүүлсэн. Тэр хүсэлтийн дагуу ИТХ-ын даргатай хамтарч тус Эрүүл мэндийн төвд очиж хурал хийгээд асуудлыг авч хэлэлцэхэд ажилчид шинэ эрхлэгч томилж өгнө үү гэж хүсэлт хэлсэн. Уг хүсэлтийн дагуу манайд он удаан жил ажиллаж байсан, Удирдлагын академи төгссөн Г.Давхарбаярыг сонгоод удирдагчийн ажлыг хийж чадна гээд томилсон. Тэгээд ажил хүлээж авах комисс томилсон боловч тухайн үед Х.Айынгүл би бага эмчийн мэргэжилтэй хүнд ажлаа өгөхгүй гээд ажлаа хүлээлгэж өгөөгүй. Гэхдээ бид нар нэг сар хүлээсэн. Гэтэл 01 дүгээр сарын 30-ны үед ажилчдын цалин, нийгмийн асуудалтай холбоотой баримт бичигт эрхлэгч гарын үсэг зурах шаардлагатай болсон. Нэгэнт Г.Давхарбаярыг эрхлэгчээр томилсон тул би Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд 02 дугаар сарын 01-ний өдөр захирамжаа өөрчлөөд сумын ЗДТГ-т албан тоот бичүүлээд нэг удаа тамга даруулсан. Энэ хугацаанд Х.Айынгүлийг дуудаад та хоёр хоёулаа адилхан эмэгтэй хүн байна, ард иргэд хохирч байна, юу нь болохгүй байна, Г.Давхарбаяр өрх толгойлсон хүн байна, ажлаа өгөөрэй гэсэн боловч Х.Айынгүл эвлэрээгүй. Тэр хугацаанд аудитын шалгалт явагдаж байсан бөгөөд 02 дугаар сарын эхээр аудитын дүгнэлт гарсан бөгөөд уг шалгалтаар нэлээд зөрчил гарсан. Х.Айынгүлийг ажлаас халаагүй, зөвхөн эрхлэгчийн ажлаас нь өөрчилсөн бөгөөд одоо хүртэл их эмчийн ажлаа хийж байгаа. Мөн Г.Давхарбаяр 1, 2 дугаар гарын үсэг зураад ажлаа хийж байгаа. Аудитын дүгнэлтээр бол Х.Айнынгүл хавсран ажиллах тухай албан ёсны тушаал гарах ёстой байсан байна. Засаг дарга бүрэн эрхийн дагуу Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтыг тавьсан байх ёстой. Гэтэл энэ заалтыг тавиагүй учраас Аудитын байгууллага торгууль тавьсан. Засаг дарга захирамж гаргаад урамшууллын мөнгө олгох ёстой байтал үүнийг бас зөрчсөн тул акт гаргасан. Мөн эрхлэгчид урамшуулал олгохдоо Засаг даргын захирамжийн дагуу олгох ёстой. Үүнийг бас зөрчсөн учраас урамшуулалтай холбоотой акт тавьсан. Цалингийн хавсралтад төсөвт тусгаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн үед эмч, эрхлэгч гээд тусгаж өгөөгүй байна. Ажилчдад цаг тухайд нь урамшуулал, урьдчилгаа зэргийг олгож байх ёстой байсан. Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нь байгууллагын удирдагчийн хувьд энэ бүгдэд хяналт тавьж байх ёстой. Гэтэл 2014, 2015 оны зөрчил илэрснээс бол 6 сая гаруй төгрөгийг акт тавигдсан бөгөөд энэ нь дотоод аудитын шалгалтаар нотлогдож байгаа. Дээрх зөрчил илэрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцалж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж захирамж гаргасан. Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хоорондоо эвлэрч үйл ажиллагаа явуулах боломж байсан. Нэхэмжлэгч Х.Айынгүл нь би дээд шатны байгууллага болон холбогдох газруудад Г.Давхарбаярын талаар гомдол бичсэн гэж байна. Г.Давхарбаяр үүнд гомдолтой болоод энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Х.Айынгүл зөрчил гаргасан тул ажлаас нь өөрчилсөн бөгөөд эрхлэгчийн хувьд ажлаа хүлээлгэж өгөхгүй байсан тул би Засаг даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамжаа өөрчилсөн. Тийм учраас миний гаргасан захирамж хүчинтэй гэж үзэж байна. Би хавтаст хэрэгт 2 бичиг гаргаж өгсөн бөгөөд уг бичиг нь Х.Айынгүлийн оронд Ардах гэх хүнийг томилох талаар зөвшилцөхөөр өгсөн болохоос биш Х.Айынгүлд өгсөн бичиг биш. Аймгийн Эрүүл мэндийн төвийн даргатай зөвшилцсөн гэж байгаа боловч нь энэ нь амаар хэлж байгаа тайлбар. Миний бодлоор Х.Айнгүл нь Г.Давхарбаярын асуудлын талаар тусдаа нэхэмжлэл гаргах ёстой. Өөрөөр хэлбэл Засаг дарга та Г.Давхарбаяр гэх хүнийг буруу томилж захирамж гаргасан байна гэсэн ямар нэгэн бичиг ирээгүй. Аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газар, Яамнаас ирсэн бичгүүд нь өнөөдрийн энэ хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл би захирамжаа гаргасан, миний захирамжийн хүрээнд нэхэмжлэл бичих ёстой байсан. Гэтэл өнөөдрийн энэ хэрэгт Г.Давхарбаярыг гуравдагч этгээдээр татан оролцуулж байгааг ойлгохгүй байна. Х.Айынгүлийн гаргаж өгсөн нотлох баримтууд нь өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой биш Г.Давхарбаярт чиглэсэн нотлох баримтууд байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Давхарбаяр шүүхэд гаргасан хүсэлтэд: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн иргэн Ахсум овогтой Гүнчитийн Давхарбаяр миний бие 2017.01.05 №07 тоот /тушаалаар/ захирамжаар Бугат сумын ЭМТ-ийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тус сумын ЭМТ-ийн эрхлэгчийн албан тушаалаар ажиллаж байсан асан Х.Айынгүл ЭМТ-ийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох гомдол гаргасан байна. Х.Айынгүлийн гомдлыг шүүхээс хянан шийдвэрлэхэд тус ЭМТ-ийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа миний бие Г.Давхарбаярын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж болзошгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оруулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Давхарбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хааны ээлж халаатай, эзний ээлж ээлжтэй гэсэн зүйр үг байдаг. 30 жил Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг хийж байгаа Х.Айынгүл байтугай Монголын төр ард түмэн муу дүн тавьбал солигдож байгаа. Би улсад 33 жил ажилласан. Үүнээс сүүлийн 20 жилийг Х.Айынгүлтэй хамт нэг газар ажиллаж ирсэн. Эрүүл мэндийн салбар бол төрийн үйлчилгээний салбар. Ард түмний сэтгэл ханамжид нийцэж, ард түмэн бод хаан гэж үзэж ажиллах ёстой гэж хувьдаа боддог. Байгууллагын даргад байх ёстой ёс суртахуун, ажилчдадаа болон иргэдэд үйлчлэх үйлчилгээний тангараг байдаг. Иргэдэд болон ажилчдадаа үндэс угаа, үзэл бодол, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах ёсгүй. Х.Айынгүл нь сургуулиа төгсөж ирээд шууд дарга болсон, даргын ширээний ард суусан хүн. Энэ үйлдээ үргэлж бий болгож би дарга хүн, би захирах ёстой, ард түмэн, иргэдтэй яаж харьцахаа ааш гаргаж харьцдаг. Би үүнийг хамт ажиллаж байсан хүний хувьд нотолж чадна. Байгууллагын даргын хувьд ажилчдын эрх ашгийг хамгаалж, ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Би өөрөөсөө жишээ авъя. Би 20 жил хамт ажиллахдаа нэг ч удаа эмнэлгийн халаат авч өмсөж үзээгүй, жил болгон гуйдаг өгдөггүй. Би 20 жил ажиллахдаа 2 мотоцикл л авсан. Надаас бусад багийн эмчид жилд 2 удаа мотоцикл авдаг. Би 3-4 жил ажиллах нөхцөлөөр хангуулж байгаа. Ийм үндэсний үзлэгээр ажилчдадаа ялгаварлан гадуурхаж харьцдагт гомдолтой байна. Мөн яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Өнөөдөр хүртэл байгууллагын тамга, өрөө, түлхүүр нь өөрт нь байгаа, цалингаа авч ажлаа хийж байна. Ийм хүн яагаад гомдол гаргадаг юм бэ. Х.Айынгүл нь Засаг даргын захирамжийг хүндэтгэж, даргадаа захирагдаж, хуулийг дээдлэх ёстой. Х.Айынгүлд хууль дээдэлж, хууль баримтлах ёс зүй байхгүй. Ард түмэн, ажилчдаа хандахдаа өндөр дуу авиа гаргадаг, уурлаж харьцдаг, хүний зовлонг мэддэггүй. Тус Эрүүл мэндийн төвийн их эмч Серикжанд Эрүүл мэндийн сайдын 150 дугаар захирамжаар урамшууллыг олгох байтал одоо хүртэл олгоогүй. Би эрхлэгчийн ажлыг хүлээж авсны дараа тэр хүний урамшууллыг олгосон. Тийм учраас Х.Айынгүлд цаашид эрхлэгч хийх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангажшийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Айынгүл нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгож, урд эрхэлж байсан Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Айынгүл нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийг хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.

Хариуцагч Бугат сумын Засаг дарга Х.Хайв нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж ...Х.Айынгүл нь Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр бараг насаараа ажиллаж, өөрийн давхрааг тогтоож, төсвийн мөнгийг зүй бус зарцуулах, төсвийн тухай хуулийг ноцтой зөрчих, төсвийн мөнгийг хууль бус ашиглах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар иргэд, тухайн ЭМТ-н хамт олноос Засаг дарга надад удаа дараа гомдол мэдээлэл ирсэн, ЭМТ-н төсөв санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчлүүд байгааг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу олж тогтоосон гэж маргасан боловч хариуцагчид хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч Х.Айынгүлийг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжаар Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.3 дахь хэсгүүдийг үндэслэн нэг дэх заалтаар тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.Айынгүл нь Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/78 тоот тушаалын 4 дүгээр хавсралт, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж, төсвийг зүй бусаар зарцуулсан тул 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн эрхлэгчийн ажлаас чөлөөлсүгэй гэж захирамж гарган Х.Айынгүлийг ажлаас чөлөөлсөн байна.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжаар Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.3 дахь хэсгүүдийг үндэслэн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.Айынгүл нь Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/78 тоот тушаалын 4 дүгээр хавсралт, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж, төсвийг зүй бусаар зарцуулсан гэх үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Ажил олгогчийн ажилтныг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал /захирамж/ нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн захирамжид баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч нэхэмжлэгч Х.Айынгүлийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдэд нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтлан тушаал /захирамж/ гаргасан байх учиртай юм.

Гэтэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга нэхэмжлэгч Х.Айынгүлийг ажлаас чөлөөлсөн захирамждааХөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй байна.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай захирамжиндаа Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.3 дахь заалтыг үндэслэсэн байх ба Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-т Харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхжүүлэх гэсэн ажилд томилох, ажлаас чөлөөлөх үндэслэлд нийцэхгүй хуулийн заалтыг үндэслэсэн ньучир дутагдалтай байна. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэсэн байх ба ажил олгогч Бугат сумын Засаг дарга нэхэмжлэгч Х.Айынгүлийг ажлаас чөлөөлөхдөө аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцсөн нь, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Давхарбаярыг Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажилд томилохдоо мөн л аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилсон эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга нь тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч ажилтан Х.Айынгүлтэй нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.

Уг хөдөлмөрийн гэрээний 3-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа, биелэлтэд тавих хяналт, хариуцлага, урамшуулалт гэсэн хэсгийн 1-д энэхүү хөдөлмөрийн гэрээ нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд мөрдөнө гэжээ.

Ажил олгогч ажилтан Х.Айынгүлтэй 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар ... талууд харилцан тохиролцсоноор хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг харьцуулан үзвэл талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан нь эргэлзээтэй бөгөөд ажилтан, ажил олгогч харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлагаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бол ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан байх тул ажил олгогч ажилтан Х.Айынгүлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа анх гэрээнд заасан хугацаагаар сунгагдсан байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр мөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

Нэхэмжлэгч Х.Айынгүлийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай Дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарын 2016 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээг Бугат сумын Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч зэрэг талууд Төсвийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 61 дүгээр зүйлийн 61.1.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг удирдлага болгон сумын төсвийн ерөнхийлөн захирагчид хуваарилагдсан эрүүл мэндийн төсвийн багцын хүрээнд аймгийн Засаг даргад нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгжилтийг хангах зорилгоор харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан байна. Гэрээний 8.10-т ... гэрээний биелэлтэд хяналт тавьж 2013 оны 12 дугаар сарын 30-ны дотор багтаан гэрээг дүгнэж, дүнг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ гэсэн боловч уг гэрээг дүгнэсэн талаар ямар нэгэн нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй болно.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн өргөдлийг шалгасан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2/78 дугаартай албан бичиг, Монгол Улсын Эрүүл мэндийн Яамны сайдын 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 100/278 дугаартай Хүсэлт уламжлах тухай албан бичиг, мөн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаартай Бугат сумын Засаг дарга танаа гэх албан бичигт ... тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сувилагч мэргэжилтэй Г.Давхарбаярыг томилж ажиллуулахаар ирүүлсэн саналтай танилцлаа, сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд нэр дэвшүүлж буй этгээд нь ажил мэргэжлийн хувьд сумын эрүүл мэндийн төвийн даргын ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа учир зөвшилцөх боломжгүй, цаашид Эрүүл мэндийн төвийн даргыг Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-д заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцуулан томилгоо хийхийг санал болгож байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа ...Х.Айынгүл нь Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр 30 жил тасралтгүй ажилласан, өнөөдрийг хүртэл тамгаа өгөөгүй, улсын өмч болон эд хөрөнгө, контороо хүлээлгэж өгөөгүй, дэндүү ёс суртахуунгүй, ёс зүйгүй, эрх мэдлээ байнга урвуулан ашиглаж улсын мөнгөнөөс хууль зөрчин хумслан төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулан эд хөрөнгийн хохирол учруулсан нь сүүлийн 2 жилийн Аудитын шалгалтаар нотлогдон тогтоогдсон ... гэж тайлбарлаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагчийн хавтаст хэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Санхүүгийн хяналт, аудитын алба хяналт шалгалтын танилцуулга /дугааргүй/, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18-02/07 дугаартай улсын байцаагчийн акт Зүй бусаар авсан ажил хавсаргасны нэмэгдэл хөлсийг нөхөн төлүүлэх тухай гэх, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18-02/08 дугаартай улсын байцаагчийн акт Урамшил цалинг зөрчилд тооцох тухай гэх, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18-02/09 дугаартай улсын байцаагчийн акт Үндсэн баримтгүй зориулалт бусаар зарцуулсан болон урьдчилгааны мөнгийг нөхөн төлүүлэх тухай, 1, 2-р хавсралт зэрэг нотлох баримтууд нэхэмжлэгч Х.Айынгүлийг ажлаас чөлөөлсний дараа гаргасан эрхийн актууд байх тул Х.Айынгүлийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэрэгт ямар ч ач холбогдолгүй нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамж нь үндэслэлгүй гарсан эрхийн акт байх тул уг захирамжийг хүчингүй болгож, Х.Айынгүлийг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Айынгүлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгож, Хинаятын Айынгүлийг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Айынгүлийншүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН