Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 082

 

Х.Айынгүлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 263 дугаар шийдвэртэй, Х.Айынгүлийн нэхэмжлэлтэй, Бугат сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Х.Айынгүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Х.Хайв, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Давхарбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгож, урд эрхэлж байсан Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Хинаятын Айынгүл миний бие 1987 онд БНМАУ-ын Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж ирмэгц Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн "ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" 153 дугаар тушаалаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Бугат сумын их эмчийн салбарын эрхлэгч эмчээр /хуучин нэр/ томилогдон улсад тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байсан ахмад эмч нарын нэг байсан юм.

Гэтэл саяхан болж өнгөрсөн УИХ-ын болон орон нутгийн ээлжит 2016 оны сонгуулийн дараа сонгогдсон аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Хайв намайг үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж, надад "өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ажлаасаа гар" гэх мэтээр янз бүрээр дарамт шахалт үзүүлж ирсний эцэст /миний бие зөвшөөрөөгүй болохоор/ намайг ямар ч учир шалтгаангүйгээр ажлаас минь чөлөөлж тус Эрүүл мэндийн төвийн их эмчээр томилсон юм. Засаг дарга намайг ажлаас минь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Монгол улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг минь ноцтойгоор зөрчсөн юм. Тухайлбал,

1. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтална гэж заасан байхад ажил олгогч аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Хайв нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай тушаал гаргахдаа дээрх хуулийн заалтыг зөрчсөн.

 

2. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг тухайн шатны Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлөхөөр хуульчлагдсан. Гэтэл ажил олгогч аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Хайв нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай тушаал гаргахдаа дээрх хуулийн заалтыг зөрчсөн.

 

3. Төрийн хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага болон албан тушаалтны надаас ямар нэгэн төлбөр, мөнгө төлүүлэх тухай акт тогтоосон тухай шийдвэр байхгүй байхад ажил олгогч аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Хайв нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай тушаал гаргахдаа намайг төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан мэтээр гүтгэсэн байна.

 

Иймд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн "ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Гомдол гаргагч Бугат сумын 3 дугаар багийн иргэн Х.Айынгүлийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "Бугат сумын Засаг даргын 2017 оны 01-р сарын 05-ны өдрийн "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" Б/07 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян -Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай" гомдлын шаардлагад танилцаж энэхүү тайлбарыг гаргаж байна.

 

1. Гомдол гаргагч Х.Айынгүл нь Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр бараг насаараа ажиллаж, өөрийн дархлааг тогтоож, төсвийн хөрөнгийг зүй бус зарцуулах, төсвийн тухай хуулийг ноцтой зөрчих, төсвийн мөнгийг хууль бус ашиглах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар иргэд, тухайн ЭМТ-н хамт олноос Засаг дарга надад удаа дараа гомдол мэдээлэл ирсэн. Уг мэдээлэл, гомдлын үндэслэлтэй эсэх асуудлыг Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд миний бие холбогдох мэргэжлийн албан тушаалтнуудаар дамжуулан сумын ЭМТ-н төсөв санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчлүүд байгааг Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлд заасны дагуу олж тогтоосон.

Бугат сумын ЭМТ-н эрхлэгч Айынгүл нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа байдал илэрсэн учир түүний Төсвийн шууд захирагчийн үүрэгт ажлаас чөлөөлж байгаад Бугат сумын ЭМТ-ийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд байгаа зөрчил дутагдлыг арилгах, таслан зогсоох, төсвийн тогтвортой үйл ажиллагааг хангах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах үүднээс Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалаас нь 2017 оны 01-р сарын 05-ны өдрийн сумын Засаг даргын Б/07 тоот захирамжаар чөлөөлсөн болно. Х.Айынгүл нь Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.4.18-д зааснаар "Төсвийн шууд захирагч" учраас тухайн албан тушаалд байгаа нөхцөлд түүний зөрчил дутагдал, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх боломж хомс, бодит байдлыг тогтооход сөрөг нөлөөтэй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-д заасан үндэслэлээр ажлаас нь нэн даруй чөлөөлж байж, Санхүүгийн хяналт шалгалт, Аудитын албаны шалгалт хийлгэсэн байгаа юм.

Гомдол гаргагч Х.Айынгүл нь шүүхэд гаргасан гомдолд:

1. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй гэжээ. Бугат сумын ЭМТ-ийн эрхлэгч Х.Айынгүлийг ажлаас чөлөөлөхдөө Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.3-д заасан "томилж, чөлөөлөх" тухай хуулийн үндэслэлийг баримталж чөлөөлсөн нь тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалт баримталсан учир хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй байна.

2. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар Аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэдгийг зөрчсөн гэжээ.

3. Төрийн хяналт шалгалт, хийх эрх бүхий байгууллага албан тушаалтан надаас төлбөр мөнгө төлүүлэх акт тогтоосон шийдвэр гараагүй байхад ажлаас чөлөөлсөн тушаалд "төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан" гэж ажлаас чөлөөлсөн гэж гомдол гаргажээ.

 

Энэ асуудлын хувьд сумын иргэд, ЭМТ-ийн ажилчдаас гомдол мэдээлэл ирсэн бөгөөд Бугат сумын Засаг дарга Х.Хайв миний бие Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар "тухайн сумын Төсвийн Ерөнхийлөн Захирагч" билээ. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр 14.2.3, 14.2.10-д заасан эрх хэмжээний хүрээнд Бугат сумын ЭМТ-ийн төсвийн зүй бус зарцуулалт, төсвийн шууд захирагчийн төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж байгаа байдлыг тогтоосны үндсэн дээр ажлаас нь чөлөөлсөн болно.

 

Бугат сумын ЭМТ-ийн эрхлэгч Х.Айынгүл нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн "ноцтой зөрчил" гаргасан нь түүнийг ажлаас чөлөөлж, Санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар бүрэн батлагдсан байгаа юм. Үүнд:

1. Х.Айынгүл нь их эмчийн ажлыг хавсран гүйцэтгэсний 50 хувийн нэмэгдэл гэж ямар ч тушаал шийдвэргүйгээр 2015 онд 2553604 төгрөг хувьдаа завшсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2-д заасныг зөрчсөн болох нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18-02/07 тоот улсын байцаагчийн актаар тогтоогдсон.

2. Бугат сумын ЭМТ-ийн эрхлэгч Х.Айынгүл нь Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолоор баталсан Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.10-дзаасныг зөрчиж өөртөө тушаал гаргаж урамшуулалд 1078618 төгрөг, 2014, 2015 онуудад авсан болох нь Санхүүгийн хяналт, аудитын байгууллагын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18-02/08 тоот актаар тогтоогдсон.

3. 2013 он болон 2016 оны санхүүгийн баримтуудыг шалгаж дусаагүй байгаа.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг Х.Айынгүл зөрчсөн, уг хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох заалтад зааснаар ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байна.

3. Санхүүгийн анхан шатны баримтгүй, зүй бусаар 1178170 төгрөгийг зарцуулсан, 2014, 2015 онуудад урьдчилгаа 515000 төгрөгийг төлүүлж аваагүй орхигдуулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2-д заасныг тус тус зөрчсөн болох нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 18-02/09 тоот актаар нотлогдсон юм. Уг актын 1 дүгээр хавсралтаар Х.Айынгүл өөрөө хууль бус 370370 төгрөг, мөн 394000 төгрөг тус тус хууль зөрчиж авсан нь тогтоогдсон. Бугат сумын 2014, 2015 оны хоёр жилийн санхүүгийн үйл ажиллагаанд дээрх зөрчил илэрсэн байна.

 

Ингэж Х.Айынгүл нь Бугат сумын ЭМТ-ийн эрхлэгчээр ажиллаж байсан хугацаанд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.9 дэх заалтууд болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн учир Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлүүд, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-д заасны дагуу Х.Айынгүлийг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн юм.

Нэгэнт гомдол гаргагч Х.Айынгүлийн гаргасан зөрчил нь эрх бүхий байгууллагын шалгалтаар нотлогдсон тогтоогдсон учир гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 263 дугаар шийдвэрээр:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгож, Хинаятын Айынгүлийг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Айынгүлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Бугат сумын Засаг дарга Х.Хайв миний бие Х.Айынгүлийн нэхэмжлэлтэй Бугат сумын Засаг даргын 2017.01.05-ны өдрийн Б/07 тоот Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Бугат сумын ЭМТ-н эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 03-ны өдрийн 263 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:

 

Нэхэмжлэгч Х.Айынгүл нь Бугат сумын ЭМТ-д дотрын эмч бөгөөд эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан бөгөөд сумын Засаг даргын 2017 оны 01-р сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" Б/07 тоот тушаалаар Х.Айынгүл зөвхөн Бугат сумын ЭМТ-н эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн тул Х.Айынгүл тус төвд дотрын эмчийн албан тушаалд хэвээр ажиллаж байсан болно. Гэтэл шүүхээс Х.Айынгүлийг ажил албан тушаалаас бүрмөсөн чөлөөлөгдсөн мэтээр үзэж ажилд эргүүлэн тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгч Х.Айынгүл нь Бугат сумын ЭМТ-ийн эрхлэгчээр ажиллаж байсан хугацаанд Төсвийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.2.3,14.2.10 дахь заалтуудыг ноцтой зөрчиж төсвийн хөрөнгийг зүй бус зарцуулсан, албаны эрх хэмжээг хэтрүүлж, төсвийг зориулалтын бус зарцуулсан зэрэг ноцтой зөрчил гаргасан нь 2017 оны 1-р сард явагдсан аймгийн дотоод аудитын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдож , зөрчлийг арилгуулах тухай улсын байцаагчийн актаар нотлогдсон байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүйгээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадсангүй.

 

Х.Айынгүл нь Бугат сумын ЭМТ-ийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж, ямар ч тушаал шийдвэргүйгээр албан тушаал хавсран гүйцэтгэсний хөлс гэж үндсэн цалингийн 50%-тай тэнцэх нэмэгдэл авах хэлбэрээр 2.553.604 төгрөг хувьдаа завшсан нь дотоод аудитын 2017 оны 02сарын 08-ны өдрийн 18-02-07 тоот актаар батлагдаж тогтоогдсон. Энэ нь төсвийн тухай хуулийн холбогдох заалтаар Төсвийн шууд захирагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохын гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4, 131-р зүйлд зааснаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байгааг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүйд гомдолтой байна.

 

Засгийн газрын 2012 оны 150-р тогтоолоор баталсан Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.10-д заасныг зөрчиж өөртөө тушаал гаргаж урамшуулалд 1078618төгрөг,2007 оны 02 сарын 08-ны 18-02-08 тоот улсын байцаагчийн дүгнэлт Санхүүгийн анхан шатны баримтгүй зүй бусаар 1178170 төгрөгийг зарцуулсан 2004.2015 урьдчилгаа 515000 нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.7, Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5.5, 41-р зүйлийн 41.2.2 заалт тус тус зөрчсөн 2017 оны 02-р сарын 08-ны 18.02/09 акт мөн уг актын 1-р хавсралтаар 370.370 төг мөн 394.0 төг бүгд 4810.392 төгрөгийн зөрчил илэрсэн байгаа. Харамсалтайн уг зөрчлийг үндэслэн Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 2017 оны 02 сарын 01- ний өдрийн захирамжаар эрх хэмжээний хүрээнд захирамж өөрчлөн гаргасан боловч уг захирамжийг шүүх анхааралд аваагүй. Х.Айынгүлийн ажлаас чөлөөлөгдсөн гол шалтгаан юунаас болсон гэдгийг энэ удаагийн шүүх хурал аймгийн дотоод хяналт шалгалтын аудитын 4810392 төгрөгийн зөрчилтэй Х.Айынгүлийг дахин Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилох үндэслэл хуулинд нийцэхгүй байна.Зөвхөн Х.Айынгүл , гуравдагч этгээд Г.Давхарбаяр нарын ажлын байрны тодорхойлолт маргаан бүхий шийдвэрийн давамгай хэсэг болсон гэж дүгнэж үзлээ.

 

2013, 2016 оны эрүүл мэндийн төвийн санхүүгийн баримтыг дахин аймгийн дотоод аудит хяналт шалгалт шалгаж байгаа. Нэгэнт аймгийн дотоод аудит хяналт шалгалт хууль тогтоомжийн дагуу 2014,2015 оны санхүүгийн баримтыг шалгаж үзэж ЭМТ-ийн их эмч Х.Айынгүлд урьд эрхлэгч хийж байсан хугацаанд гарсан зөрчил төлбөр нь тухайн төсвийн захирагчийн хувьд төсвийн тухай хуулийн 6, 70.3 дахь заалтын дагуу дахин эрхлэгчийн үүрэгт ажилд томилох ямар ч үндэслэлгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 13-ны өдрийн 263 тоот шийдвэрийг давж заалдах гомдлын үндсэн дээр хянан хэлэлцэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 263 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг 2017 оны 5 дугаар сарын 22-ний өдөр танилцаж үзэж дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч тус шүүхэд хандаж: ...Нэхэмжлэгч дотрын эмчийн ажлын хавсарган гүйцэтгэдэг байсан ба би зөвхөн эрхлэгчийн ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгч ажиллаж байх хугацаанд Төсвийн тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж төсвийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь хяналт шалгалтаар илэрсэн, эрх бүхий байгууллагын зохих шийдвэргүйгээр цалингийн нэмэгдэл болгож 2553604 төгрөг завшсан болох нь тогтоогдсон, санхүүгийн хяналт шалгалт явуулах эрх бүхий этгээдийн шийдвэрээр төлбөрийн акт тогтоогдсон гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа эдгээр нөхцөл байдлуудыг анхаараагүй гэсэн агуулгатай гомдол гаргажээ.

Үйлчлүүлэгч Х.Айынгүл БНМАУ-ын Анагаах ухааны дээд сургуулийг 1987 онд төгсөж ирмэгц Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 153 дугаар тушаалаар Бугат сумын их эмчийн салбарын эрхлэгч эмчээр /хуучин нэр/ томилогдож, улсад тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байгаад хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ажлаас халагдсан байдаг.

Шүүх нотлох баримтыг гадны ямар нэг нөлөөгүйгээр, зөвхөн хэрэгт цугларсан цогц байдлаар харьцуулан судалсны үндсэн дээр үнэлэх учиртай. Өөрөөр хэлбэл зөвхөн шүүх нотлох баримтын үнэн зөв байдлыг тодорхойлж, түүнд агуулагдаж буй мэдээллийг бодит эсэхийг дүгнэж тогтоодог билээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолдоо дурдсан анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй, үндэслэл муутай дүгнэлт хийсэн гэх аргументууд нь цаг хугацааны хувьд үйлчлүүлэгч Х.Айынгүл ажлаас халагдсаны дараах буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш асуудлууд юм. Өөрөөр хэлбэл хариуцагч миний үйлчлүүлэгчийг тухайн үед ажлаас халах болсон үндэслэл шалтгаанаа шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн тус шүүхэд хандаж гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Айынгүл нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогч нь Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.3 дахь хэсгүүдийг үндэслэн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.Айынгүл нь Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/78 дугаартай тушаалын 4-р хавсралт, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж, төсвийг зүй бусаар зарцуулсан тул 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн байна.

 

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн захирамж нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн захирамжид баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг баримтлахгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчжээ.

 

Ажил олгогч нэхэмжлэгч Х.Айынгүлийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадаагүй ба ажлаас чөлөөлсний дараа нотлох баримтыг бүрдүүлсэн байна. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан нотлох баримтууд нь ажилтныг ажлаас чөлөөлсний дараа цуглуулсан нотлох баримт байх тул анхан шатны шүүх уг нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ