Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/316

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Ц.Б****** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэдэн-Ишийн Б******д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ц.Б****** нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 1889 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г******ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ц.Б****** нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 18-89 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г******ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч Д.Э*************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... 2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөө би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд явж байтал манай найз Алтангэрэл над руу ************* дугаарын утсаар залгаад Г****** осолд орсон юм шиг байна. Гар утсыг нь цагдаа аваад байна гэнэ чи яриач” гэхээр нь нөхрийнхөө гар утас руу нь залгаад осол болсон талаар мэдсэн. Тэгээд шууд эмнэлэг дээр очиход нөхөр маань нас барсан байсан. ...Би осол болох үед хамт явсан эмэгтэй хүнийг машин жолоодож явсан гэж бодож байгаа. Манай нөхөр архи уугаад согтохоороо биеэ ч даахгүй уначихдаг болохоор машинаа унах чадваргүй байсан байх гэж бодож байна. Мөн Хатгал чиглэлд явах ямар ажил, зорилго байхгүй тийшээ явна гэж байхгүй. Хэрвээ нөхөр маань жолоо барьж явсан бол энэ олон жил машин жолоодож байгаа болохоор осол гаргах хэмжээнд явахгүй байх гэж бодож байна. Осол болсон гэж мэдээд эмнэлэг ороход хамт явсан хүүхэн нь “манай ангийнхан Хатгалд байсан болохоор бид хоёр Хатгал явах гэж байсан юм гэж ярьж байсан. ...5.860.290 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (1-р хх-н 26-27, 209х),

Шүүгдэгч Ц.Б******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би өдөржин гэртээ байсан. Энэ өдрийн өглөө нь Г****** над руу өөрийнхөө утаснаас Мөрөнд ирчихлээ гэж мессеж бичсэн. Тэгэхээр нь би хариуд нь за за сайн амарч аваад эргээд холбогдоорой” гэж мессеж бичсэн. Тэгээд энэ өдрийнхөө 18 цаг 20 минутад Г****** над руу юу хийж байна вэ гэсэн мессеж бичихээр нь би хийсэн зүйлгүй гэртээ л байна гэсэн. Тэгэхэд Г****** танайх хаана билээ гэхээр нь би Өнөрөө багшийн гудамж шүү дээ гээд хаягаа бичиж явуулсан. Тэгтэл Г****** очоод залгана гэсэн. Тэгээд би гэртээ байж байтал 19 цаг 02 минутад ирсэн байна гэхээр нь би хувцасаа солиод гарсан. Намайг гарахад Г****** цагаан өнгийн суудлын машинтай ганцаараа ирсэн байсан. Би машинд нь суугаад мэнд усаа мэдээд Чингис рүү оръё гэж яриад явцгаасан. Чингист очоод хоол идэцгээгээд дараа нь пиво ууя гэхээр нь би эмчилгээ хийлгэж байгаа болохоор уухгүй гэтэл Г****** найз нь Өвөрхангайд гэл үү том машин жолоодож бараа зөөдөг ажил хийдэг. Чамтай олон жил уулзсангүй, чамтай л пиво уухаар ирсэн юм гээд ганцаараа нэг лааз пиво авч уусан. Энэ авсан пивоо уучихаад дахиад нэгийг уугаад дуусгахаар нь би за за найз нь нэгийг ууя гээд авсан пивоноос нь уусан. ...Нэг мэдэхэд би нэлээд их унтсан бололтой байсан. Би сэрээд ирсэн чинь Г****** машинаа уначихсан хөдөө явж байгаа бололтой засмал зам дээр явж байхаар нь би хаашаа явж байгаа юм гэсэн чинь Г****** хамт Хатгал явъя, нэг хүн дээр очно гэсэн ч бил үү нэг юм хэлсэн. Тэгэхээр нь би тэгнэ гэж байхгүй буцъя одоо зогсох хэрэгтэй гэж хэлээд явж байтал нэг гэрэл гарах шиг болсон. Тэгээд л унасан. Түүнээс хойших зүйлийг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би машины гадна талд машинаас нэлээд хол нэг овгор юмны ёроолд хэвтэж байх шиг байсан. Тэгэхэд баахан сүнснүүд намайг дараад босгохгүй миний амыг дарчихаад босгохгүй байгаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байсан. Тэгээд нэг мэдсэн чинь машин дотор суучихсан байсан. Харин машины тэндээс Г****** ёоё гээд байх шиг сонсогдоод байсан. Тэр газар хоёр машин зогсчихсон байсан санагдаад байгаа юм. Тэгж байтал эмнэлгийн машин ирээд Г******ыг эмнэлгийн машинд ачаад явахад нь би эмнэлгийн машины урд талын суудалд суугаад явсан. Үүнээс хойшихыг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн орон гаран юм яриад байж байсан. Эмнэлэг дээр очоод байж байтал Г******ын эхнэр нь ээжтэйгээ хамт ирсэн. Тэр хоёр намайг хараад энэ алмас миний хүүхдийг толгойг залгисан гэж хэлэхээр нь би би хамт үхэх байсан юм уу би ангийнх хүүхэд би хамт үхэх ёстой байсан юм байна даа гэж хэлсэн чинь надад нэг л сонин мэдрэмж төрөөд сэтгэл санаа сонин болоод өөрийгөө яагаад байгаагаа мэдэхээ байгаад эхлэхээр нь шууд тэндээс гараад явчихсан. Чингисээс гараад дэлгүүр орохдоо зүв зүгээр эрүүл хүн шиг явж байсан. Худгийн тэнд очиж зогсоод би нойроо дийлэхгүй унтсан. Тухайн үед би ажлаасаа акт аваад эмчилгээтэй байсан болохоор гурван лааз пиво уусандаа нойр хүрээд унтсан. ...” гэх мэдүүлэг (хх-31-32х),

Шүүгдэгч Ц.Б******гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... Талийгаач нь нөгөө ангийн 2 охинтой надтай хамт уулзана гээд намайг дуудсан. Тэгээд бид хоёр хоолонд ороод би хүн ирээгүй юм уу гэхэд ирнэ гэсэн байгаа. Хоёулаа эхлээд ууж байя гээд талийгаач ууж эхэлсэн. Би талийгаачийг ганцаараа уугаад байсан болохоор өрөвдөөд хамт уусан байгаа. Талийгаач нь хувийн амьдралаа ярьж байсан. ...Тэгээд талийгаач 10 пиво уугаад, би 4 пиво уусан. Би машины зүүн талд суугаад баруун талд нь талийгаач суусан. Машин суугаад миний нойр хүрээд талийгаачийг гэрт хүргээд өг гэсэн чинь миний утсыг маань суудал доогуур хийсэн. Тэгээд намайг явуулахгүй юм байна гэж бодоод би машиндаа үлдсэн. Талийгаач эхнэрийнхээ талаар яриад хайран 10 жилээ үрлээ гэж байсан. Тэгээд хувийн амьдралынхаа талаар ярьж байсан болохоор миний нойр хүрээд машины зүүн талыг налаад унтаж байна. Намайг хөдөө аваад явсан гэж мэдээгүй байгаа. Унаж байхад баруун талаараа гулсаж унаж байх шиг мэдрэгдсэн. Би нас барсан хүн харж байгаагүй болохоор тухайн үед цочролд орсон. Юу ч болоогүй юм шиг болгодог тариа хийлгэсэн байх гэж бодож байгаа ба амь насаа алдах шахсан байхад эмч нар босгож ирсэн гэж хэлмээр байна. Баргийн хүн тийм ослоос амьд гарахгүй байх. Би тэр машиныг барьж яваагүй байгаа. Осолд орсон хүнийг тэр чигээрээ орхивол амиа хоролчиж магадгүй болохоор хүчтэй эм өгдөг байсан. Одоо би уйлж чаддаггүй. Би 2 жилийн хугацаанд эм ууж, хагас солиорлын байдалтай байсан. Би энэ хэрэгт буруугүй. Хүмүүс намайг осолд орсон байхад буруугаар ойлгосон. Бэхээ, Үүрийн баяр гэдэг хүмүүс балай хүүхнээс болсон гэж талийгаачаас сонссон гэж байгаа. Тэрийг яагаад надаас болсон гэж бодож байгаа юм бэ Эхнэрээ хэлсэн юм уу гэдгийг мэдэхгүй байж амьд үлдсэн хүнийг буруутгаж байгаа. Би гомдолтой байгаа. Үүрйинбаяр, Бэхээ хоёр балай хүүхнээс боллоо гэж машинд харсан юм шиг ярьсан байгаа. Гэхдээ тэр хүмүүс юу болсон талаар мэдэхгүй. Найзтайгаа уулзсан хүн буруудаж байна. Би машин дотор сууж явсан. Хоёр хүн машинд сууж байгаад хоёулаа гэмтсэн байхад амьд үлдсэн хүнийг буруутгаж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлт дээр нэг хүний яриаг олон удаа дурдсан байгаа. Уг мэдүүлэг өгсөн хүмүүс нь ингэсэн билүү, тэгсэн билүү, ингэсэн байх гээд таамаглаж ярьсан байгаа. Гэхдээ өөрсдөө тэр үйл явдлыг хараагүй. Би толгойдоо гэмтэл аваад 2 жил эмчилгээ хийлгэж байна. ...Мөн би шар хаданд эмчлүүлж байсан. Би талийгаачийн гэр бүлийн хүнд эмгэнэл илэрхийлмээр байна. Машинд 2 хүн явж байгаад хоёулаа гэмтсэн шүү гэж талийгаачийн гэр бүлийн хүнд хэлмээр байна. Нотлох баримтууд миний эсрэг байгаа боловч би ослоос амьд гарсан хүн юм. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаас жолоог хэн барьж байсныг тогтоож өгөөч гэж хүсмээр байна. Суудал дээр гарсан цусны мөрийг мэдэхгүй байна. Би баруун талаараа гэмтэх ёстой байсан. Гэхдээ миний зүүн тарих маань гэмтсэн байгаа гэх мэдүүлэг,

Гэрч Д.С*************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Манай газрын дарга болон байгууллагын дарга нь Хөвсгөл аймгийн Ханх суманд ажиллаад 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 19 цаг болж байхад Ханх сумаас Мөрөнгийн чиглэлд хөдөлсөн. Миний машин дотор манай дарга худалдан авах ажиллагааны газрын ажилтан Цэрэндулам, өмчийн газрын ажилтан Лхагвамядаг нар сууж явсан. Би явсаар Мөрөн орохын алдад Мөрөнгөөс 19 километрийн зайтай газарт замын баруун талд нэг цагаан өнгийн суудлын машин онхолдсон байдалтай харагдахаар нь зогссон. Намайг очоод зогсоход миний урд хилийн цэргийн машин, эрүүл мэндийн газрын машин хоёр зогссон байсан. Би машинаас буугаад эрүүл мэндийн газрын жолооч Бэхээгийн хамт унасан машин руу машиныхаа гэрлийг тусгаад далан руу буугаад хартал унасан машины урдхан талд нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь яваад очтол тэр залуу сул дуугаар яриад: нуруу өвдөж байна, балай хүүхэнд машин бариулчихсан чинь уначихлаа гэх шиг болсон. Тэгэхээр нь би хамт хүн явсан юм байна даа гээд асуутал нэг хүүхэн эрүүл мэндийн газрын машинд суусан байсан. Тэгтэл эрүүл мэндийн газрын дарга нь эмнэлэгт дуудлага өгсөн. Би цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (1-р хх-н 29х),

Гэрч Д.С*************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухай үед тэгж л сонссон санагдаж байна. Балай хүүхэнд машин бариулсан гэл үү, балай хүүхнээс боллоо гэлүү одоо сайн санахгүй байна. “... гэх мэдүүлэг (хх-211х),

Гэрч Т.Б******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн төрийн байгууллагуудын дарга нар болон манай дарга нар Хөвсгөл аймгийн Ханх суманд албан томилолтоор ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд Ханх суманд очсон албаны бүх машинууд цуваад Мөрөнгийн чиглэлд хөдөлсөн. Миний машин дотор эрүүл мэндийн газрын дарга Үү******, Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Б******, мэргэжилтэн Ө******н, аймгийн дотоод аудитын Нэргүй нар сууж явсан ба бид нар сааталгүй явсаар өглөө 05 цагийн орчимд Хужиртын даваа уруудаад ороод иртэл зам голлоод нэг хүүхэн машины урдуур ороод ирсэн. Тэгэхээр нь замаа чөлөөлөөд зогстол тэр хүүхэн нэлээд согтуу бид нарын араас нэг юм хөөгөөд байна. Тэр дор хүмүүс байгаад байна гээд сонин сонин чөтгөр сүнс яриад байхаар нь гайхаад байж байтал араас газрын албаны машин ороод ирэхээр нь тэрний жолоочид хэлээд машиныг нь зам хөндөлдүүлээд замын баруун тал руу гэрэл тусгуулаад хартал цагаан өнгийн суудлын тэрэг онхолдсон бололтой ойр орчимд нь нэг хүн ёолоод байсан. Тэгэхээр нь Үү****** дарга бид хоёр машины тийшээ яваад очсон чинь унасан машинаас урагшаа 5-6 метр зайтай газарт чулуун дунд дэрсний хажууд нэг залуу дээшээ харсан хэвтэж байсан. Тэр залууг Үү****** эмч үзэж байхад би эмнэлэг рүү дуудлага өгсөн. Цагдаа руу газрын албаны жолооч дуудлага өгсөн. Тэгээд Үү****** дарга бид хоёр тэр залууг өргөөд унасан машиных нь арын суудал дээр хэвтүүлээд хувцасаар нь хучсан. Тэр залуу бараг хөлдөж байна уу гэмээр байсан. Өөрөө болохоор даараад байна хөлдөж үхлээ гэж байсан. Яагаад унасан юм бэ яагаад ийм юм болчихов оо гэсэн чинь тэр залуу өөдөөс балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж байсан. Тэгэхээр нь би машиныг хэн унаж явсан юм бэ гэж асуухаар балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж хэлсэн. Яг ингэж хэлсэн. Тэр хүүхэн согтуу байсан. ...” гэх мэдүүлэг (1-р хх-н 35х),

Гэрч Б.Б******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр хүүхэн утгагүй яриан дундаа бид нар Хатгал явж байсан, би машин барьж байсан гэснээ, өөр нэг хүн машин барьж явсандаа тэр хүн хайччихваа гээд байсан. ...Харин манай дарга, жолооч хоёр машин дотроо орж ирж суугаад Мөрөн явж байх замдаа саяын залуу балай эмэгтэйд машин бариулсан чинь унагаачихлаа гэж байна гэнээ гэж хоорондоо ярьж байсан. Тэр хоёрын яриаг сонсоод бид нар осолд орсон хоёр хүнийг нэг гэр бүлийн хоёр биш юм байна гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг (1-р хх-37-38х),

Гэрч М.Үү******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд яасан яагаад ингэчихэв ээ машин хэнийх юм бэ гэсэн чинь Г****** энэ балай хүүхнээс болчихлоо, машин нь миний машин байгаа юм гэхээр нь би Г******ын эхнэрийг таньдаг болохоор энэ юун эмэгтэй юм бэ, чи эхнэрээсээ салсан юм уу гэсэн чинь үгүй ээ манай ангийн хүүхэд байгаа юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1-р хх-н 40х),

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай:

  • Задлан шинжилгээгээр талийгаачийн цогцост хэвлий, цээж, тархинд битүү гэмтэл тогтоогдсон ба зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхи, баруун мөр, баруун, зүүн сарвуу, баруун, зүүн өвдөг, зүүн гуя, шилбэ, шагай, тавхайнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний биеийн хүчнээс давсан хэт хүчтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Талийгаачийн хэвлийд учирсан битүү гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн бөгөөд цээж болон тархинд үүссэн гэмтэл нь үхэлд хүргэхэд дам байдлаар нөлөөлсөн байна. Биед учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлөөгүй болно. Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин илрээгүй болно. Талийгаач Ц.Г****** нь зам тээврийн ослын улмаас хэвлий, цээж, тархин тус газраа амь насанд аюултай хүнд зэргийн битүү гэмтэл авч цус алдалтын шокын улмаас амьсгал болон зүрх зогсож нас барсан байна. Талийгаачийн үхлийн шалтгаан нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэлд дурдагдсан болон шинжүүд, фото зургийн үзүүлэлтээр батлагдаж байна.Ц.Г******ын цогцосноос авсан шингэн цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.5 % этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна. Талийгаач Ц.Г****** нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба хүчтэй зэргийн согтолттой байжээ. ...” гэх дүгнэлт (1-р хх-43-45х),

Гэрч Д.Ө******ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэр хүүхний гар, толгойных нь ар шалбарсан байх шиг байсан.Тэр хүүхэн орж ирэхдээ хачин балай юм яриад байсан. ...яг үгийг нь одоо сайн санахгүй байна. Тэр хоёрын ярианаас тэр үү, тухайн байдлаас болсондоо ч тэр үү би унасан машиныг тэр хүүхэн жолоодож явсан юм байна даа гэсэн ойлголттой болсон. Дарга жолооч хоёрын ярианаас хүүхнээс боллоо гэсэн зүйл сонсоод тэгж ойлгосон юм гэх мэдүүлэг (1-р хх-н 212-214х),

Гэрч В.Н******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Үү****** дарга машинд орж ирээд хүүхэн нь машин барьж явсан шиг байна гэсэн. Энэ яриаг сонсоод бид нар эмэгтэй нь машин барьж явсан юм байна даа гэж ярьцгаасан. Жолооч нь ч гэсэн ослын талаар ярьж байсан. Гэхдээ одоо сайн санахгүй байна. Ямарч байсан тэр залуу нь их даарсан, удаан хэвтсэн юм шиг байна гэж байсан. ...” гэх мэдүүлэг (1-р хх-н 217х),

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай: “ ...Б******гийн биенээс авсан гэх цусанд 2.3 % этилийн спирт илрэв. ...” гэх дүгнэлт (1-р хх-н 50х),

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Г******ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гэх жолоочийн суудлын бүрээснээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц Ц.Б******гийн ДНХ-ийн тогтоцтой 16 генетик үзүүлэлтээр тохирч байна. ...” гэх дүгнэлт (1-р хх-н 65х),

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 193 дугаартай:

“1.Ц.Б****** нь сэтгэцийн хувьд одоогоор онош “F44,0 Диссоциатив ойгүйдэл” эмгэгтэй байна. ...4. Ц.Б****** нь одоогоор хэргийн талаар болон болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадваргүй байна. 5. Ц.Б****** нь одоогоор хэрэг хариуцах чадваргүй байна. 6. Ц.Б****** нь одоогоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй харин СЭМҮТ-д цаашид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна. ...” гэх дүгнэлт,

Шинжээч эмч О.Баатаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018.12-01-ний өдөр өгсөн:...тухайн шинжилгээ хийгдэж байх үед сэтгэцийн хувьд түр зуурын өөрчлөлттэй диссоцатив ойгүйдэл эмгэгтэй байсан учир одоогоор буюу шинжилгээ дүгнэлт гарах цаг хугацаанд хэрэг хариуцах чадваргүй байсан. Ийм эмгэгтэй хүний сэтгэцийн байдал нь эмийн болон сэтгэл заслын эмчилгээний үр дүнд засрал сайжрал авч тодорхой хугацааны дараа эдгэрэх боломжтой эмгэг юм. “...гэх мэдүүлэг (хх-219х),

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 818 дугаартай: Ц.Б****** нь одоо Дасан зохицохын эмгэг. Бусад сэтгэлийн хөдөлгөөний хямрал давамгайлсан хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна. Ц.Б****** нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Б****** нь хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Б******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” гэх дүгнэлт,

Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт (2-р хх-н 34х),

Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээч А.Мөнх-Эрдэнийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай: “Жолоочийн үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-ийн а-д заасан “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. ...” гэх дүгнэлт (1-р хх-н 69х),

Д.С*************аас Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-н 5х),

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын бүдүүвч зураг (1-р хх-н 6-11х),

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-н 12-17х),

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэв загвар, дээж авсан тэмдэглэл (1-р хх-н18-19, 20-21х),

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хх-227-231х),

2018.12.25-ны өдрийн “тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагааны үед жолоочийн суудлын түшлэг дээрээс цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгийг зүсэж авахад хаалга онгойхгүй байсан тул цонхны шилний арааман дотроор гараа оруулан ажилласан гэх мөрдөгчийн тайлбар (хх-232х),

Шинжээч эмч М.Батмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... талийгаач Ц.Г****** 31 настай, эрэгтэй тухайн цогцост задлан шинжилгээнд би орсон. Шинжилгээгээр хэвлийн битүү гэмтэл, цээжний битүү гэмтэл, тархины битүү гэмтэл хавсарсан байна. Үүнээс яасан гэхээр хэвлийн битүү гэмтэл учраас гол судас, чацархайн доод хэсгээр хөндлөн язарч тасарсан байсан. Энд хэвлий болон аарцагны хөндий рүү маш их цус алдалт үүссэн. 2,5 литр орчим буюу хамаг цусаа хэвлий рүүгээ юүлсэн байсан. Энэ бол үхлийн шалтгаан гэсэн үг. Энэ хүний хувьд шүүх эмнэлгийн шинжилгээгээр босоо судас дээр үүссэн хөндлөн гэмтэл буюу хэвлий дээр ямар нэгэн хөндлөн зүйл хүрсэн гэсэн үг. Үүнийг шүүх эмнэлгийн практикаар юу гэж хэлдэг вэ гэхээр жолооны гэмтэл гэж нэрлэдэг. ... Том машин унаж явах үед цээжин дээр жолоо таарна гэсэн үг. Ингэсэн тохиодолд өвчүү хугарч, зүрх язардаг. ... Энэ хэргийн хувьд хэвлий хэсэг дээр жолооны хүрд таарсан байх. Жолооны гэмтэл гэж шүүх эмнэлгийн шинжилгээн дээр тусдаа гэмтлүүдийг авч үздэг болсон. .... тэгэхлээр энэ хүний хувьд хөндлөн зүйл орж ирсэн байна. Энэ бол жолооны гэмтэл байна. ... Тухайн үед энэ талаар мөрдөнч байцаагчид нь хальт хэлж байсан санагдаж байна. Наад хүн чинь жолоо барьж явсан байна, жолооны гэмтэл байна гэж хэлсэн. Хамгийн гол нь хэвлийн гол судас дээр хөндлөн таарсан байна. Жолоо барьж яваагүй бол салон ч юм уу өөр зүйл таарахгүй. Нарийхан зүйл таарсан байгаа. Тухайн үед согтолтын зэргийг хөнгөн, дунд, хүчтэй, хүнд гэж 4 ангилж үздэг байсан. Одоо бол гурав ангилж үзээд шууд хүнд зэрэгт нь хамаарна. ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдаж, шүүгдэгчийг буруутгаж байгаа нотлох баримтуудыг шинжлэн судалбал:

Шүүгдэгч Ц.Б******г тухайн үед 18-89 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, осолд орох үедээ тархинаас нь цус гарч жолоочийн суудаг суудлын бүрээсэнд наалдсан талаар улсын яллагч шүүх хуралдаанд мэтгэлцэж энэ талаар “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл” (хх-16-19)-ийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

 -Уг нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд ...эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэх хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн байна. Тодруулбал уг үзлэгийг хийхдээ мөрдөгч нь хөндлөнгийн хоёр гэрч, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй байна.

- Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Г******ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай дүгнэлт /хх-ийн 65/ нь дээрх үзлэг хийх ажиллагааны үеэр хураан авсан жолоочийн суудлын түшлэгийн бүрээсэн дээрх цусанд ДНХ-н тогтоцыг тогтоосон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан байх тул улсын яллагчийн “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл” (хх-16-19х)-г нотлох баримтыг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

- Гэрч Д.С*************, М.Үү******, Т.Б****** нарын мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах,  нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох бармтыг шалгаж үзвэл дээрх гэрч нарын мэдүүлэгт амь хохирогч Ц.Г******ын тухайн үед хэлсэн зүйлийг ярьдаг.

Зам тээврийн осолд орсон амь хохирогч Ц.Г****** тухайн үед гэмтлийн болон хүчтэй согтолтын улмаас нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэж, үнэн зөв хэлсэн, ярьсан, ярих чадвартай байсан эсэхэд эргэлзээтэй байна.  

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай дүгнэлтэнд: “...Талийгаач Ц.Г****** нь зам тээврийн ослын улмаас хэвлий, цээж, тархин тус газраа амь насанд аюултай хүнд зэргийн битүү гэмтэл авч цус алдалтын шокын улмаас амьсгал болон зүрх зогсож нас барсан байна...Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.5 % этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна. Талийгаач Ц.Г****** нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба хүчтэй зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт (хх-43-45х), Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаартай: “... Ц.Г******ын цогцосноос авсан цусанд 3.5% спиртийн агууламж илэрч байна” гэх дүгнэлт (хх-46х) зэргээс үзвэл талийгаач Ц.Г****** зам тээврийн ослын улмаас хэвлий, цээж, тархин тус газраа амь насанд аюултай хүнд зэргийн битүү гэмтэл авч,  цус алдаж, шоконд орсон ба тухайн үедээ хүнд зэргийн буюу хүчтэй зэргийн  согтолттой, түүний цусанд 3.5 % этилийн спирт илэрсэн байна.

Энэ нь талийгаач Ц.Г******ын хувьд өвчний болон хүчтэй зэргийн согтолтын улмаас тухайн үеийн нөхцөл байдлыг зөв ойлгож, бусдын асуусан асуултанд оновчтой үнэн зөв хариулт өгсөн, мөн ярих чадвартай байсан эсэхэд эргэлзээ төрж байна.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Б******г согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 18-89 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г******ын амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч, Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б****** нь согтуурсан үедээ жолоо барьж яваад 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 18-89 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гарган хохирогч Ц.Г******ын амь насыг хохироосон гэх үйлдэл нь шүүгдэгч Ц.Б****** нь уг тээврийн хэрэгслийг жолоодож явсныг нь мөрдөн шалгах болон прокурорын шатанд хангалттай тогтоож чадаагүй байна гэж шүүх үзлээ.

            Тодруулбал: Гэрч Д.С*************ын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “... нуруу өвдөж байна, балай хүүхэнд машин бариулчихсан чинь уначихлаа гэх шиг болсон” 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дахин өгсөн:  “...тухай үед тэгж л сонссон санагдаж байна. Балай хүүхэнд машин бариулсан гэл үү, балай хүүхнээс боллоо гэлүү одоо сайн санахгүй байна”,

            Гэрч Т.Б******ийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Яагаад унасан юм бэ яагаад ийм юм болчихов оо гэсэн чинь тэр залуу өөдөөс балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж байсан. Тэгэхээр нь би машиныг хэн унаж явсан юм бэ гэж асуухаар балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж хэлсэн. Яг ингэж хэлсэн”, Гэрч Б.Б******ийн 2018 оны 01 дүгээр 05-ны өдөр өгсөн: “...Харин манай дарга, жолооч хоёр машин дотроо орж ирж суугаад Мөрөн явж байх замдаа саяын залуу балай эмэгтэйд машин бариулсан чинь унагаачихлаа гэж байна гэнээ гэж хоорондоо ярьж байсан. Тэр хоёрын яриаг сонсоод бид нар осолд орсон хоёр хүнийг нэг гэр бүлийн хоёр биш юм байна гэж ойлгосон,

            Гэрч М.Үү******ын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:“...Тэгээд яасан яагаад ингэчихэв ээ машин хэнийх юм бэ гэсэн чинь Г****** энэ балай хүүхнээс болчихлоо, машин нь миний машин байгаа юм гэхээр нь би Г******ын эхнэрийг таньдаг болохоор энэ юун эмэгтэй юм бэ, чи эхнэрээсээ салсан юм уу гэсэн чинь үгүй ээ манай ангийн хүүхэд байгаа юм гэж хэлсэн”,

            Гэрч В.Н******ийн 2018 оны 12 дугаар  сарын 01-ний өдөр өгсөн:”...Үү****** дарга машинд орж ирээд хүүхэн нь машин барьж явсан шиг байна гэсэн. Энэ яриаг сонсоод бид нар эмэгтэй нь машин барьж явсан юм байна даа гэж ярьцгаасан. Жолооч нь ч гэсэн ослын талаар ярьж байсан. Гэхдээ одоо сайн санахгүй байна. Ямарч байсан тэр залуу нь их даарсан, удаан хэвтсэн юм шиг байна гэж байсан”,

            Гэрч Д.Ө******ны 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “... Тэр хоёрын ярианаас тэр үү, тухайн байдлаас болсондоо ч тэр үү би унасан машиныг тэр хүүхэн жолоодож явсан юм байна даа гэсэн ойлголттой болсон. Дарга жолооч хоёрын ярианаас хүүхнээс боллоо гэсэн зүйл сонсоод тэгж ойлгосон юм” гэх мэдүүлгүүд нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд уг тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан талаар ач холбогдол бүхий мэдээлэл өгөөгүй, эргэлзээтэй байдлаар мэдүүлсэн байна.

            Улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийг яллаж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн суудлын түшлэгийн бүрээснээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц нь шүүгдэгч Ц.Б******гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа гэх шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн тээврийн хэрэгслийн аюулгүйн хамгаалалтын бүсэнд туршилт хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь зам тээврийн ослын үйл баримтыг, шүүгдэгчийн тээврийг хэрэгслийг жолоодож явсан гэх үйлдлийг дангаараа нотлохгүй бөгөөд гэм буруутайд тооцох үндэслэл бүхий нотлох баримт гэж үзэхээргүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол зохих байдал” мөн зүйлийн 1-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” мөн зүйлийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж заасан, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг тогтоох” мөн зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус хуульчилсан байна.

Гэтэл мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн “гэмт хэргийг хэн үйлдсэн” хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй байгаа нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, мөн бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх хэргийн нөхцөл байдлаас үзэхэд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэл болгон “гэмт хэрэг хэн үйлдсэн” нь нотлогдоогүй гэх үндэслэлээр Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Б******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э************* нь 5,860,290 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.Б******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хавтаст хэргийн хүрээнд шүүх шийдвэрлэсэн болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Б*****овогт Ц*****шийн Б******д холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* дугаартай эрүүгийн хэргийг гэмт хэрэг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Б******г цагаатгасугай.

            2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурдсугай.         

3. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б******д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

4. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БЭЭЖИН