Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 281

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байрлах, РД:2556375, захирал Ө.Марат/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгой, 32-10 тоотод оршин суух, утас 95273782, РД:БЮ85081236 Хурман майтах овогт Сейтийн Архалых,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгой, 32-10 тоотод оршин суух, утас 95151939, РД:БМ56031214 Хурман майтах овогт Хатраны Сейт нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Перизат, хариуцагч С.Архалыхын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгө, нийтдээ 8050002 төгрөг 71 мөнгө гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Сейт овогтой Архалых, хамтран зээлдэгч Хатраны Сейт нар 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тус банктай №ЗГ479 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20000000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, хөх толгой 32 гудамж, 10 тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай өвийн сууц болон 600 м.кв талбайтай эзэмших эрхийн газар, Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар болон BEIBEN улсын дугаар 2179 БӨТ 25 тн ачааны машины барьцаалсан. Зээлдэгч С.Архалых, хамтран зээлдэгч Х.Сейт нар нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл 12730000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээс 7270000 төгрөг, зээлийн хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийт 7976100 төгрөг төлөгдөөгүй байна. Бид удаа дараа уулзаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч төлөлгүй өдий хүрлээ. Иймд иргэн зээлдэгч С.Архалых, хамтран зээлдэгч Х.Сейт нартай байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тус банктай №ЗГ479 тоот зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, С.Архалых, хамтран зээлдэгч Х.Сейт нараас үндсэн зээл 7270000 төгрөг, зээлийн хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийт 7976100 төгрөгийг орлогоос нь суутгаж мөн зээлдэгч нарын барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгийг нь худалдан борлуулж зээл төлүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Ө.Марат шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хүсэлтэд: Тус банк нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.Архалых, хамтран зээлдэгч Х.Сейт нараас үндсэн зээл 7270000 төгрөг, зээлийн хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийт 7976100 төгрөг гаргуулах тухай Баян Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгө, нийт 8050002 төгрөг 21 мөнгө болж нэмэгдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Перизат шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Зээлдэгч С.Архалых, хамтран зээлдэгч Х.Сейт нар Капитал банкнаас 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 20 сая төгрөгийн зээлийг 2,2 хувийн хүүтэй 36 хугацаатай сар бүр тэнцүү төлөлтийн нөхцөлөөр авсан. Гэхдээ зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сар бүр хугацаа хэтрэлт гардаг, удаа дараа мэдэгдэх, биечлэн уулзах, утсаар шаардах бүхий л төрлийн арга хэмжээг авсан боловч зээлээ одоо хүртэл төлөхгүй байгаа. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлдэгч С.Архалыхаас үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийтдээ 7976100 төгрөгийг нэхэмжилсэн байсан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн хүү нэмэгдсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгө, нийтдээ 8050002 төгрөг 71 мөнгө нэхэмжилж байгаа. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Х.Сейт шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хүү болох Архалых бид хоёр 2014 онд 20 тн даацтай Бенз Норт шинэ машиныг 20000000 төгрөгөөр барьцаалж 2000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийг 3 жилд төлөх ёстой байсан бөгөөд уг машины бичиг баримт, техникийн паспортыг уг банк хураан авсан байсан. 2016 онд 2 сарын зээл төлөгдөөгүй байсан гэж хашаанд оруулан хурааж авсан. Түүнээс хойш зээл төлөгдөөгүй. Машиныг дуудлага худалдаанд оруулж 20000000 дээш үнэтэй машиныг 11000000 төгрөгөөр худалдсан байв. Зээлийн эргэн төлөлтийг Архалых хариуцах бөгөөд тодорхой тайлбарыг Архалых өгнө гэжээ.

Хариуцагч С.Архалых шүүхэд гаргасан тайлбартаа: Тус банкнаас 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 2,2 хувийн хүүтэй 20 сая төгрөгийн зээл авч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан. Өөрөөр хэлбэл банкнаас зээлдсэн мөнгөөрөө 25тн даацтай том оврын автомашин худалдан авч түүгээр хол замын тээвэрлэлт хийж олсон орлогоороо зээлээ төлж байсан. Уг авто машин Капитал банкны өмчөөр бүртгэгдэн тэдний эзэмшилд байсан бөгөөд би тэрхүү машинаар тээвэрлэлт хийгээд банкнаас итгэмжлэл авч замд гарч хөдөлгөөнд оролцдог байлаа. 2015 оны сүүлээр зээлийн өргөн төлөлтийн хугацааг 1,6 сараар хэтрүүлсэн учраас банк миний орлого олдог байсан ганц машиныг 2016 оны 1 дүгээр сарын дунд үед хураан авч моралийн элэгдэлд оруулан байлгаж байгаад 2017 оны 2 дугаар сард 11 сая 500 мянган төгрөгөөр худалдсан. Миний мэдэхээр машиныг хураан авах үед буюу 2016 оны 01 дүгээр сард зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 14 сая 600 мянган төгрөг үлдсэн байсан. Уг үлдэгдлээс машины үнэ болох 11 сая 500 мянган төгрөгийг хасахад 2 сая 100 мянган төгрөг үлдэх ёстой. Ийм учраас би нэхэмжлэлд дурдсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Банк нь зээлийн гэрээнд заасан эрхийнхээ дагуу 2016 оны эхээр гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн хүүг зогсоох байтал үргэлжлүүлэн хүү бодсон нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагч С.Архалыхын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлдэгч С.Архалых, Х.Сейт нар 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 20 сая төгрөгийн зээл авсан байдаг. Энэ зээлийг өөрийнхөө чадах хэмжээгээр төлж барагдуулж байсан. Гол нь тэр мөнгөөр машин худалдаж аваад тэрүүгээр ачаа зөөвөрлөөд зээлийнхээ эргэн төлөлтийг төлж байсан. 2016 оны эхээр 2015 оны сүүлээр тэр машинд нь зохих хэмжээний эвдрэл гараад үндсэн зээлийг, хүүгийн хамт төлж чадахгүй байдалд хүрсэн. Энэ үед машиныг нь банк хурааж аваад дуудлага худалдаанд оруулж 11 сая төгрөгөөр зараад үлдсэн мөнгийг нэхэмжилсэн юм байна. Гэхдээ энэ зээлийн гэрээнд зохих ёсоор тусгагдсан байх ёстой гэж үзэж байгаа. Шүүхэд өгөх хүртэл, шүүхээс шийдвэр гарах хүртэл тэр хүнийг үндсэн зээлээс нь гадуур зээлийн хүүгээр дарамтлаад байж болохгүй. Хэрвээ зээлээ төлж чадахгүйд хүрсэн бол машиныг хурааж аваад яг тэр өдрөөс нь эхэлж гэрээг банкны буюу нэг талын санаачилгаар цуцалсан бол зээлийн хүүд 755643 төгрөг гарахгүй байсан гэж үздэг юм. Тийм учраас миний бодоход 755643 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг машин хурааж авсан эсвэл зээл төлөгдөөгүй 1-ээс 3 сар болоход банкны санаачилгаар цуцалсан байхад ийм хэмжээний хүү бодогдож гарахгүй байсан байх гэж бодож байна. Бид бол үндсэн зээлийн хувьд 7270000 төгрөгийг бүрэн төлөхөд татгалзах зүйл байхгүй. Бид нар машин хурааж авах үед 14 сая төгрөгийн хавьцаа зээлтэй байсан. Тэр машины үнийг хасаад тэндээс 2 сая гаруй төгрөгийн төлбөрийг төлөх ёстой гэсэн тайлбар өгсөн. Гэхдээ энэ талаар тухайн үед банканд зээл төлж байсан баримтууд олдоогүй. Хоёрдугаарт үүнийг нотлох баримт болгож хавтаст хэрэгт гаргаж өгч чадаагүй учраас тайлбар дээр дурдсан 2 сая төгрөгийг шүүх үнэлэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Ийм учраас 7270000 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхөд бэлэн байгаа. Харин зээлээ төлөх боломжгүй, найдваргүй болсноос хойш жил гаруйн хугацаанд байлгаж байгаад зээлийн хүү, тэрэн дээр нэмэгдүүлсэн хүү тооцдог асуудал бол банкны талын буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай гэж үзэж байгаа юм. Ийм учраас 7270000 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхөд бэлэн байгаа. Харин зээлийн хүүгийн асуудлыг шүүх гэрээнд заасан үндэслэлээр өөрөөр хэлбэл машин хурааж авсан үеэс эхэлж тасалбар болгон тооцож шийдвэр гаргаж өгөх байх гэж үзэж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч Х.Сейтэд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй боловч мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Перизат, хариуцагч С.Хархалыхын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат нарын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгө, нийт 8050002 төгрөг 71 мөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хангах нь зүйтэй байна.

Зээлдэгч С.Архалых, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Сейт нар нь Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 20000000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зориулалтаар зээлийн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан №ЗГ479 тоот зээлийн гэрээний хавсралт 1 Банкны зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөх хуваарь зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч С.Архалых, хамтран зээлдэгч Х.Сейт нарын гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Зээлийн гэрээний 3.10-д зааснаар талууд зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт 1-д харилцан тохиролцож, баталгаажуулсан бөгөөд зээлдэгч хуваарийн дагуу тухай бүр төлөх үүрэг хүлээсэн байна, мөн зээлдэгч гэрээнд заасан ерөнхий хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна, 4.2.1-д зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлнө, 7.3-д зээлдэгчийн хамтран зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчилсэн төлбөрөө гүйцэтгэхээ үүгээр баталсан байна, 8.3.1-д зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн эс биелүүлсэн, 8.3.2-т зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь хавсралт 1-д заасны дагуу төлөөгүй бол банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирол шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна.

2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Барьцаат гэрээгээр барьцаанд байсан BEIBEN улсын дугаар 2179 БӨТ, 25 тн ачааны машиныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 11490000 төгрөгөөр худалдсан болох нь Капитал банкны Баян-Өлгий салбарын Депозит дансны харилцагчийн хуулгаар, мөн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны хооронд С.Архалыхын зээлийн эцсийн үлдэгдэл нь үндсэн зээл хүүгийн хамт 7379007 төгрөг 91 мөнгө байсан нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус тус зээл хүүг төлөх мэдэгдэл хуудсыг хариуцагч үндсэн зээлдэгч С.Архалыхт удаа дараа явуулж байсан ба хариуцагч С.Архалых нь мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурж байсан байна. Мөн Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь зээлдэгч С.Архалыхын зээлээ хугацаанд төлөөгүй шалтгаан нөхцөлийн талаар зээлдэгчийн хяналтын хуудсанд тухай бүр бичиж тэмдэглэж байсан байна.

Үндсэн зээлдэгч РД:БЮ85081236 Хурман майтах овогт Сейтийн Архалых нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлд 2016 оны 01 дүгээр сард зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 14600000 төгрөг үлдсэн үүнээс машины үнэ болох 11500000 төгрөгийг хасахад 2100000 төгрөг үлдэх ёстой гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Архалых нь шүүхэд 2100000 төгрөг төлөх ёстой гэдгийг нотлох баримтаар нотолж чадаагүй.

Хамтран зээлдэгч Х.Сейт нь машинаа өгсөн үлдсэн мөнгийг Архалых хариуцах ёстой гэж тайлбарласан боловч 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Зээлийн зээлийн гэрээний 7.3-д зааснаар зээл төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь нэг талын санаачилгаар 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч С.Архалых, Х.Сейт нартай байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлдэгч С.Архалыхт мэдэгдсэн болох нь Гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудсаар нотлогдож байна.

Иймд Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Зээлийн болон барьцаат гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зэргийг үндэслэн зээлдэгч С.Архалых, хамтран зээлдэгч Х.Сейт нараас үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгө, нийт 8050002 төгрөг 71 мөнгө гаргуулан Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч С.Архалых, Х.Сейт нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Барьцааны гэрээний дагуу үндсэн зээлдэгч Х.Сейт, М.Бахира, С.Архалых нарын гурван хүний өмчлөх эрхийн гэрчилгээтэй №000086009, Өлгий сумын 6 дугаар багт байршилтай, хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003671 дугаартай, өвлийн сууцны зориулалттай 100 м.кв талбайтай, зургаан өрөө үл хөдлөх хөрөнгө, мөн Х.Сейтийн эзэмших эрхийн гэрчилгээтэй №0236906, нэгж талбарын дугаар №031302769 бүхий Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт Хайролын хашааны баруун талд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 600 /0,06/ м.кв талбайтай газар, мөн С.Архалыхын өмчлөх эрхийн гэрчилгээтэй №000158555, нэгж талбарын дугаар №031303814, хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213003173 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг Хөх хадад байршилтай 700 м.кв талбайтай газрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанддаалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Архалых, Х.Сейт нараас 143750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан хариуцагч РД:БЮ85081236 Хурман майтах овогт Сейтийн Архалых, РД:БМ56031214 Хурман майтах овогт Хатраны Сейт нараас үндсэн зээл нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 8050002 төгрөг 71 мөнгө /найман сая тавин мянга хоёр төгрөг далан нэгэн мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

2.Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан хариуцагч С.Архалых, Х.Сейт нар зээлээ төлж чадаагүй тохиолдолд 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Барьцааны гэрээнд заасан Х.Сейт, М.Бахира, С.Архалых нарын гурван хүний өмчлөх эрхийн гэрчилгээтэй №000086009, Өлгий сумын 6 дугаар багт байршилтай, хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003671 дугаартай, өвлийн сууцны зориулалттай 100 м.кв талбайтай, зургаан өрөө үл хөдлөх хөрөнгө, мөн Х.Сейтийн эзэмших эрхийн гэрчилгээтэй №0236906, нэгж талбарын дугаар №031302769 бүхий Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт Хайролын хашааны баруун талд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 600 /0,06/ м.кв талбайтай газар, мөн С.Архалыхын өмчлөх эрхийн гэрчилгээтэй №000158555, нэгж талбарын дугаар №031303814, хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213003173 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг Хөх хадад байршилтай 700 м.кв талбайтай газрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Архалых, Х.Сейт нараас 143750 /нэг зуун дөчин гурван мянга долоон зун тавин/ төгрөгийг гаргуулан Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК