Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 076

 

Капитал банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 281 дүгээр шийдвэртэй,

 

Капитал банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух Х.Сейт, С.Архалых нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Перизат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага:  Үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгө, нийт 8050002 төгрөг 71 мөнгө гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Сейт овогтой Архалых, хамтран зээлдэгч Хатраны Сейт нар 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тус банктай №ЗГ479 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20000000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, хөх толгой 32 гудамж, 10 тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай өвийн сууц болон 600 м.кв талбайтай эзэмших эрхийн газар, Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар болон BEIBEN улсын дугаар 2179 БӨТ 25 тн ачааны машины барьцаалсан. Зээлдэгч С.Архалых, хамтран зээлдэгч Х.Сейт нар нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл 12730000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээс 7270000 төгрөг, зээлийн хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийт 7976100 төгрөг төлөгдөөгүй байна. Бид удаа дараа уулзаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч төлөлгүй өдий хүрлээ. Иймд иргэн зээлдэгч С.Архалых, хамтран зээлдэгч Х.Сейт нартай байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тус банктай №ЗГ479 тоот зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, С.Архалых, хамтран зээлдэгч Х.Сейт нараас үндсэн зээл 7270000 төгрөг, зээлийн хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийт 7976100 төгрөгийг орлогоос нь суутгаж мөн зээлдэгч нарын барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгийг нь худалдан борлуулж зээл төлүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбарын захирал Ө.Марат шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хүсэлтэд: Тус банк нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.Архалых, хамтран зээлдэгч Х.Сейт нараас үндсэн зээл 7270000 төгрөг, зээлийн хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийт 7976100 төгрөг гаргуулах тухай Баян Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгө, нийт 8050002 төгрөг 21 мөнгө болж нэмэгдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Х.Сейтийн тайлбарын агуулга: Миний хүү болох Архалых бид хоёр 2014 онд 20 тн даацтай Бенз Норт шинэ машиныг 20000000 төгрөгөөр барьцаалж 2000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийг 3 жилд төлөх ёстой байсан бөгөөд уг машины бичиг баримт, техникийн паспортыг уг банк хураан авсан байсан. 2016 онд 2 сарын зээл төлөгдөөгүй байсан гэж хашаанд оруулан хурааж авсан. Түүнээс хойш зээл төлөгдөөгүй. Машиныг дуудлага худалдаанд оруулж 20000000 дээш үнэтэй машиныг 11000000 төгрөгөөр худалдсан байв. Зээлийн эргэн төлөлтийг Архалых хариуцах бөгөөд тодорхой тайлбарыг Архалых өгнө. гэжээ.

 

Хариуцагч С.Архалыхын тайлбарын агуулга: Хариуцагч С.Архалых шүүхэд гаргасан тайлбартаа: Тус банкнаас 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 2,2 хувийн хүүтэй 20 сая төгрөгийн зээл авч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан. Өөрөөр хэлбэл банкнаас зээлдсэн мөнгөөрөө 25 тн даацтай том оврын автомашин худалдан авч түүгээр хол замын тээвэрлэлт хийж олсон орлогоороо зээлээ төлж байсан. Уг авто машин Капитал банкны өмчөөр бүртгэгдэн тэдний эзэмшилд байсан бөгөөд би тэрхүү машинаар тээвэрлэлт хийгээд банкнаас итгэмжлэл авч замд гарч хөдөлгөөнд оролцдог байлаа. 2015 оны сүүлээр зээлийн өргөн төлөлтийн хугацааг 1,6 сараар хэтрүүлсэн учраас банк миний орлого олдог байсан ганц машиныг 2016 оны 1 дүгээр сарын дунд үед хураан авч элэгдэлд оруулан байлгаж байгаад 2017 оны 2 дугаар сард 11 сая 500 мянган төгрөгөөр худалдсан. Миний мэдэхээр машиныг хураан авах үед буюу 2016 оны 01 дүгээр сард зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 14 сая 600 мянган төгрөг үлдсэн байсан. Уг үлдэгдлээс машины үнэ болох 11 сая 500 мянган төгрөгийг хасахад 2 сая 100 мянган төгрөг үлдэх ёстой. Ийм учраас би нэхэмжлэлд дурдсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Банк нь зээлийн гэрээнд заасан эрхийнхээ дагуу 2016 оны эхээр гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн хүүг зогсоох байтал үргэлжлүүлэн хүү бодсон нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 281 дүгээр шийдвэрээр:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан хариуцагч РД:БЮ85081236 Хурман майтах овогт Сейтийн Архалых, РД:БМ56031214 Хурман майтах овогт Хатраны Сейт нараас үндсэн зээл нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 8050002 төгрөг 71 мөнгө /найман сая тавин мянга хоёр төгрөг далан нэгэн мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан хариуцагч С.Архалых, Х.Сейт нар зээлээ төлж чадаагүй тохиолдолд 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Барьцааны гэрээнд заасан Х.Сейт, М.Бахира, С.Архалых нарын гурван хүний өмчлөх эрхийн гэрчилгээтэй №000086009, Өлгий сумын 6 дугаар багт байршилтай, хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003671 дугаартай, өвлийн сууцны зориулалттай 100 м.кв талбайтай, зургаан өрөө үл хөдлөх хөрөнгө, мөн Х.Сейтийн эзэмших эрхийн гэрчилгээтэй №0236906, нэгж талбарын дугаар №031302769 бүхий Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт Хайролын хашааны баруун талд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 600 /0,06/ м.кв талбайтай газар, мөн С.Архалыхын өмчлөх эрхийн гэрчилгээтэй №000158555, нэгж талбарын дугаар №031303814, хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213003173 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг Хөх хадад байршилтай 700 м.кв талбайтай газрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Архалых, Х.Сейт нараас 143750 /нэг зуун дөчин гурван мянга долоон зун тавин/ төгрөгийг гаргуулан Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Архалых, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат нарын давж заалдах гомдлын агуулга: Капитал банкны нэхэмжлэлтэй С.Архалых, Х.Сейт нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017.04.21-ний өдрийн 281 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх С.Архалых, Х.Сейт нараар Капитал банкны нэхэмжилсэн 7270000 төгрөгийг төлүүлэхдээ, уг мөнгөнд оногдох хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгийг нэмж төлүүлсэнд гомдолтой. Үндсэн зээл болох 7270000 төгрөгийг маргаангүй төлөх хэдий ч, Капитал банк нь зээлдэгчид зээлсэн мөнгөө хуваарийн дагуу эргэн төлөх чадваргүй болсон гэдгийг 2015 оны 12 дугаар сард мэдэж, барьцаат хөрөнгө болох том оврын авто машиныг 2016 оны 1 дүгээр сард үл маргах журмаар хураан авч дуудлагаар худалдахаар зар өгсөн байдаг. 2016 оны 01 дүгээр сараас эхлэн Капитал банк зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлан үлдэгдэл зээлээ төлүүлэхээр шүүхэд хандах ёстой атал гэрээ цуцлах эрх олгогдсон давуу эрхээ ашиглан жил гаран байлгаж зээлийн хүү өсгөн, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тооцуулан нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 780002 төгрөгийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн хүү 780002 төгрөг 71 мөнгийг хасаж тооцон шийдвэрлэхээр гомдол гаргав. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

 

1. Нэхэмжлэгч Капитал банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч С.Архалых, Х.Сейт нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг шаардахдаа үндсэн зээлийн үлдэгдэл 7270000 төгрөг, хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийт 7976100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, зээлдэгч нарын барьцаат хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг эрх бүхий байгууллагад даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,359.71 төгрөг, нийт 8,050,002.71 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

 

Гэтэл шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлсэн байхад тус хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан эсэхийг нягтлан шалгаагүй, улмаар шүүгч мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2.-т заасан ажиллагааг явуулаагүй буюу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч тус бүрд гардуулаагүй, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар хариуцагч нараас ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар ирүүлэх үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй нь тэдний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1.-т заасан эсрэг талын шаардлага, тайлбар, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг ноцтой зөрчсөн байна.

 

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэл тус бүрийг тодруулалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан агуулгад нийцээгүй байна.

 

Тухайлбал, нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,359.71 төгрөг, нийт 8,050,002.71 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан боловч үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг ямар баримтад үндэслэн, хэрхэн тооцож нэхэмжилсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүхээс тодруулаагүй буюу нэхэмжлэлийн дээрх шаардлага тус бүрд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ.

 

Хариуцагч Х.Сейт нь үлдэгдэл зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийн үнийн дүнтэй холбогдуулан тухайлан маргаагүй буюу хариу тайлбартаа энэ тухай дурдаагүй боловч ...уг зээлийг гурван жилд төлөх ёстой, барьцаанд тавьсан машины бичиг баримт, техникийн паспортыг банк өөрийн эзэмшилдээ авч, 2016 оны 2 дугаар сард уг машиныг хураан авч, 20 саяаас дээш үнэтэй машиныг 11 сая төгрөгөөр худалдсан гэж, харин хариуцагч С.Архалых нь машиныг хураан авах үед 2016 оны 1 дүгээр сарын байдлаар зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 14,6 сая төгрөг байсан, үлдэгдлээс машины үнэ болох 11,5 сая төгрөгийг хасвал 2,1 сая төгрөг үлдэх ёстой. гэж үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүгийн талаар маргаж, шүүхэд хариу тайлбар ирүүлжээ. Түүнчлэн хариуцагч С.Архалых нь давж заалдах гомдолдоо зээлийн хүү 780,002.71 төгрөгийг эс зөвшөөрч байгаа талаар дурдсан байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн, түүнчлэн хариуцагчийн тайлбарт дурдсан үйл баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Капитал банкны Баян-Өлгий салбар, түүний захирал нь тус банкийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөх бүрэн эрхтэй эсэх талаар шүүхээс тодруулах нь хуульд нийцэх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.-д Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэж заасныг тэмдэглэж байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. Хэргийг анхан шатны шүүх дахин шийдвэрлэх тул маргааны үйл баримтад холбогдуулан, зээлийн хүүгийн төлбөрийн талаарх хариуцагч талын давж заалдах гомдолд шүүхээс дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23500 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.  Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 281 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.Т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23500 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2,-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

С.ӨМИРБЕК