| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 155/2018/01306/И |
| Дугаар | 001/ХТ2019/00771 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2019/00771
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны
харьяа ЖДҮХС-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1443 дугаар шийдвэр,
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ЖДҮХС-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “ИЧ” ХХК-д холбогдох,
Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 83 580 000 төгрөг, алданги 41 790 000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20 000 төгрөг, нийт 125 810 000 төгрөгийг гаргуулах, барьцааны эд хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлага хангуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-гийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь “ИЧ” ХХК-тай 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ТЭ2011/06 дугаар зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу “ИЧ” ХХК-нд нийт 100 000 000 төгрөгийг, мөн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар 72 сарын хугацаатайгаар хөнгөлөлттэй зээл олгосон. Гэвч зээлдэгч “ИЧ” ХХК нь зээлийн эргэн төлөлтийг тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иймд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 83 580 000 төгрөг, алданги 41 790 000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20 000 төгрөг, нийт 125 810 000 төгрөгийг, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийг үндэслэн барьцаа хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... “ИЧ” ХХК нь Хөвсгөл аймагт Хөдөө аж ахуйн бирж байгуулахаар тус сангаас 100 000 000 төгрөгийн хүүгүй зээл авсан. Тухайн төсөл 2011, 2012, 2013 онд Монгол Улсын хэмжээнд бүх аймгуудад хэрэгжиж, харилцан уялдаа холбоотой ажиллах ёстой байсан. Гэтэл бусад аймгуудад ч Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаагүй, тухайн төсөл улсын хэмжээнд амжилттай хэрэгжээгүйн улмаас манай компани хөдөө аж ахуйн биржийг аймагтаа байгуулах боломжгүй болж хүлээгдсээр компани алдагдалд орсон. Энэ байдалд “ИЧ” ХХК-ийн буруу байхгүй. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь бусад аймгуудад тухайн төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж, Хөдөө аж ахуйн биржүүд цаг хугацаандаа байгуулагдсан бол “ИЧ” ХХК ч ийм алдагдал хүлээхгүй байсан.
Иймд “ИЧ” ХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 83 580 000 төгрөг төлнө. Харин алданги 41 790 000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20 000 төгрөг, нийт 41 810 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1443 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч ИЧ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас үндсэн зээлийн үлдэгдэл 83,580,000 /наян гурван сая таван зуун наян мянга/ төгрөг, алданги 41,790,000 /дөчин нэгэн сая долоон зуун ерэн мянга/ төгрөг, нийт 125,370,000 /нэг зуун хорин таван сая гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000 /хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ИЧ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамж 784,800 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр магадлалаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар хариуцагч ИЧ ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа илүү төлсөн 28,790 /хорин найман мянга долоон зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
... Зээл авагч 2014 оны 04 дугаар сарын 20-ны өдрөөс зээлээ төлж чадахгүй гэрээний үүргээ зөрчиж эхэлснээс хойш 90 хоногийн хугацааг тоолж дуусангуут гэрээний 6.1.1, 6.1.2-д заасны дагуу шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй байдал нь зээл олгогч талд ашигтай, үндэслэлгүйгээр мөнгө хүүлэх боломжийг олгосон байдлыг шүүх анхаарсангүй.
... Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байгаа хэдий ч тухайн зээлийн гэрээний гол нөхцөл нь 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс зээл авагч сар бүр тогтсон хугацааны туршид үүрэг гүйцэтгэхээр тохиролцсоныг анхаарсангүй. Мөн хуулийн 75.2.3-т зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасныг хэрэглэх ёстой.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, мөн шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, мөн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан зэргээс үзэхэд гэрээний гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацааг гэрээний 6.1.1, 6.1.2-т зааснаар тоолж, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 жилийн хугацаанд сар бүрийн 20-ны өдөр төлөх ёстой үүргээ зээл авагч биелүүлэхгүй гэрээний үүргээ гүйцэтгээгүй байхад зээл олгогч шаардах эрхээ зөрчигдсөнийг мэдээгүй гэж дүгнэх нь хуулийн уг заалтыг хэрэглэхгүй, буруу тайлбарлаж байгаад гомдолтой байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1443 тоот шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот магадлал зэргийг хянан үзэж шийдвэр, магадлалын зарим хэсгийг буюу алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогч талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ЖДҮХС- нь хариуцагч “ИЧ” ХХК-иас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 83 850 000 төгрөг, алдангид 41 790 000 төгрөг, нотариатын зардалд 20 000 төгрөг, нийт 125 810 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч “ИЧ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 83 850 000 төгрөгийн үндсэн зээлийг хүлээн зөвшөөрсөн боловч алданги төлөхөөс татгалзсан байна.
Зохигч нь 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ЖДҮХС- нь зээлдэгч хариуцагч “ИЧ” ХХК-д “аймагт түүхий эд бэлтгэлийн төвд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх” чиглэлээр төсөл сонгон шалгаруулалтад дэмжигдсэн төсөлд 100 000 000 төгрөгийн зээлийг 6 жилийн хугацаатай хүүгүй олгосон байна. Зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцохоор талууд тохиролцсон байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хөвсгөл аймаг болон бусад аймгуудад хөдөө аж ахуйн бирж байгуулагдаагүй үйл баримт нь зээлийг зориулалтаар ашиглахгүй байх, улмаар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээнд заасан алдангийг тооцохгүй байх үндэслэл болохгүй юм.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн тул хариуцагч “ИЧ” ХХК нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу гүйцэтгэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгчтэй тохиролцсоноор үүргийн гүйцэтгэлийг хангах алдангийг төлөх үүрэгтэй болно.
Хоёр шатны шүүх зээлийн гэрээний харилцааны зээлдэгчийн үүрэг, үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл болох алданги, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг тухайн маргаанд хамааралтай эрх зүйн асуудлаар хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1443 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 395 690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН