Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 287

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Муудай овогт Чойсүрэнгийн Өлгийтунгалагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Ч.Өлзийтунгалаг, хариуцагч Б.Асалбек, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүсжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Өлзийтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асалбек нь намайг ил үүргээ гүйцэтгэж байхад үндэслэлгүйгээр сануулах сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна. Ч.Өлзийтунгалаг миний бие ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асылбек нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн үзэмж, сэдэлтээр сахилгын арга хэмжээ авсан. Би тухайн үед миний бие сахилгын зөрчил гаргаагүй, таны шийдвэр хууль бус байна. Өөрт нь хэлж байсан. Б.Асалбек нь миний хөдөлмөрлөх эрх, хамт олон дотор болон байгууллагад чөлөөт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг Монгол Улсын Үндсэн хуулинд заасан эрх, эрх чөлөө, нэр хүндэд минь халдаж, эрхийг минь ноцтой зөрчлөө. Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асалбекийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай "Сахилгын арга хэмжээ авах тухай" хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Өлзийтунгалаг шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асалбек, Ч.Өлзийтунгалаг нар урьд нь энэ ажлыг авахаас өмнө гэр бүлийн болон амьдралын найзууд байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын эхээр Б.Асалбек нь театрын даргаар томилогдож ирээд ажлаа аваад удаагүй байхад 10 минут ч болохгүйгээр намайг өрөөнд дуудаад ажлыг минь шалгана гэсэн. Шаардлагыг нь биелүүлсэн. Та бүх баримт бичгээ авч ирнэ үү гэсэн. Би бүх бичиг баримтуудаа аваачиж өгсөн. Маргааш нь таны ажил сайн байна, та энэ бичиг баримтуудаа авч болно гэхээр нь авсан. Ингэж явж байхад театрын 60 жилийн ойн арга хэмжээ, мөн Улаанбаатар хотод тоглосон аялан тоглолт энэ бүхэн дуусаад 2017 он гарсан юм. Манай С.Ергалым гэдэг бүжигчнээс болоод бид хоёр маргалдсан. Тайлбар дээр хэл амаар доромжилсон гэсэн байсан. Энэ хүнийг хэл амаар доромжилсон зүйл огт байхгүй. Бид хоёр тухайн үед маргалдсан нь үнэн. Маргалдахдаа энэ хүнийг буруу юм битгий хийгээсэй, ажил нь зөв байгаасай, хийж байгаа ажил нь улам зөв байгаасай гэсэндээ энэ чинь зөв байна, энэ чинь буруу байна, энийгээ яагаад зөвтгөж болдоггүй юм бэ гэсэн харилцан маргаан байсан. Магадгүй энэ хүн надад ажлын шаардлага тавиад биелүүлээгүй бол энэ сахилгын шийтгэлийг хүлээхэд бэлэн байна. Надад ажлын шугамаар ямар нэгэн үүрэг даалгавар өгөхөд эсэргүүцэж байсан тохиолдол байхгүй. Ерөөсөө С.Ергалым гэдэг нөхрийг өмөөрснийхөө төлөө энэ театрын боловсон хүч хариуцсан хүний хувьд энэ хүний бүжигчний ур чадварыг мэддэг болохоор миний найз чи энэ дээр ингээд байна, наадах чинь буруу байна, чиний гаргаж байгаа зүйл чинь ийм байна гээд санал гаргаснаар миний саналыг хүлээж авахгүй гэсэн харилцан маргаан байсан. Магадгүй энэ хүн надад ажлын шаардлага тавиад биелүүлээгүй бол дахиж хэлэхэд энэ сахилгын шийтгэлийг хүлээж авахад бэлэн байна. Би ажлын хариуцлага алдаагүй гэж өөрийгөө бодож байгаа. Өнөөдөр Ардчилсан нийгэмд үг хэлэх эрхтэй гэж бодож байна. Тэрийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Дахин хэлэхэд энэ хүнийг ерөөсөө доромжлоогүй. Хүн доромжилно гэдэг бол хүний гадаад төрх байдлыг шууд харах байдлаар дүгнэхийг хэлэх байх гэж бодож байна. Намайг бүр есек месекээр дуудсан байсан. Би өчигдөр шүүх хуралдаанд оролцохгүй гэж бодсон ч энэ бол бид хоёрын хоорондын маргаан учраас ороод гаръя, Б.Асалбекийг юу гэж хэлэхийг сонсоё гэж бодоод ирсэн юм гэв.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын дарга Б.Асалбек шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын дарга Б.Асалбек би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг, Муудай овогт Чойсүрэнгийн Өлзийтунгалаг тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.Өлзийтунгалагын нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү.

1. Нэхэмжлэгч Ч.Өлзийтунгалаг нь тус театрын даргын 2017 оны 01 дугаар сарын 18-ны "Сахилгын арга хэмжээ авах тухай" Б/05 дүгээр тушаалын хувьд ажилтан Ч.Өлзийтунгалаг нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, удирдлагыг үргэлж хэл амаар доромжлон эсэргүүцсэн учраас тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.5-ын А заалтыг үндэслэн сануулах арга хэмжээ тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Ажилтан Ч.Өлзийтунгалагт маргаан бүхий тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулсан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Учир нь ажил олгогчийн тушаал нь хууль бус гэж үзвэл 1 сарын дотор шүүхэд хандах ёстой. Иймд Ч.Өлзийтунгалагын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын дарга Б.Асалбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Өлзийтунгалаг нь хөдөлмөрийн дотоод журам зөрчиж байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, удирдлагыг үргэлж хэл амаар доромжилж эсэргүүцдэг учраас хөдөлмөрийн дотоод журмын дагуу сануулах арга хэмжээ авсан. Энэ сануулах арга хэмжээ тооцсон маань үндэслэлтэй. Ер нь ажилтан Ч.Өлзийтунгалаг нь хуульд зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тушаалаа аваад шүүхэд сарын дотор хандах ёстой байдаг. Гэтэл хугацаа нь хэтрээд шүүхэд хандсан байдаг. Тэгэхээр энэ бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэж үзэж шүүх хуралдаанд оролцож байна. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын тодорхойлолтод заагдсан ажил, үүргээ цаг тухайд нь хангалттай гүйцэтгэнэ гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчсөн. Дотоод журам, түүнд нийцүүлэн гаргасан байгууллагын дүрэм, журмыг мөрдөж ажиллах ёстой. Байгууллагын дотоод журмын зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна гэснийг үндэслэж сануулах арга хэмжээг авсан. Гол гаргасан зөрчил бол Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-т театрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, эрхэлж буй ажилтайн холбоотойгоор удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан гэсэн заалт юм. Мөн Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.8-д зааснаар хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах, зохион байгуулах арга хэмжээг хүртэл зохион байгуулсан байдаг. Эдгээр алдаануудыг гаргасан учраас ёс зүйн алдаагаа засаж цаашид сайн ажиллахыг үүрэг болгож тушаалаа гаргасан байгаа гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Ч.Өлзийтунгалаг нь Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асалбекийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсжээ.

Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5-ын а/ хэсгийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж ажилтны ёс зүйн зөрчил гаргасан менежер ажилтай Ч.Өлзийтунгалагт сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие сахилгын зөрчил гаргаагүй тул сануулах арга хэмжээ авсныг зөвшөөрөхгүй байгаа болно гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас Ч.Өлзийтунгалаг нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыгбиелүүлэхгүй, удирдлагыг үргэлж хэл амаар доромжилж эсэргүүцсэн учраас байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5-ын а/ хэсгийг үндэслэн сануулах арга хэмжээ авсан бөгөөд нэхэмжлэгчид тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гардуулан өгсөн тул шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заажээ.

Сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд хариуцагч нь Ч.Өлзийтунгалагийн сахилгын зөрчил гаргасан эсэхийг нотолж чадаагүй байна.

Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай тушаал байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5-а хэсэгт заасныг үндэслэсэн байна. Хариуцагчаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын хөдөлмөрийн дотоод журмын 9.5-д хөдөлмөрийн хууль тогтоомж болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн, эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар тусгасан байна. Гэвч ажилтан Ч.Өлзийтунгалаг нь дотоод журмын дээрх заалтыг зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн захиргаа ба уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэлийг гаргаж өгсөн боловч тухайн тэмдэглэл нь Өлзийтунгалагийн сахилгын зөрчлийг нотлохгүй байгаа, мөн гэрч Ж.Сайгүлик, С.Лайла нарын мэдүүлэг нь Өлзийтунгалагийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон гэдгийг нотлохгүй байгаа болно.

Хариуцагчаас нэхэмжлэгчид тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гардуулан өгсөн тул шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаар тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай шийдвэрт 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан байх тул гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргасан байна үзнэ.

Иймд Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай Ч.Өлзийтунгалагт Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай Ч.Өлзийтунгалагт Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг тушаалыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Өлзийтунгалаг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК