Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 088

 

Ч.Өлзийтунгалагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 287 дугаар шийдвэртэй, Ч.Өлзийтунгалагийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Асалбек, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асалбек нь намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад үндэслэлгүйгээр сануулах сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна. Ч.Өлзийтунгалаг миний бие ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асылбек нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн үзэмж, сэдэлтээр сахилгын арга хэмжээ авсан. Би тухайн үед миний бие сахилгын зөрчил гаргаагүй, таны шийдвэр хууль бус байна гэдгийг өөрт нь хэлж байсан. Б.Асалбек нь миний хөдөлмөрлөх эрх, хамт олон дотор болон байгууллагад чөлөөт байх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөө, нэр хүндэд минь халдаж, эрхийг минь ноцтой зөрчлөө. Иймд Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асалбекийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай "Сахилгын арга хэмжээ авах тухай" хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: 1. Нэхэмжлэгч Ч.Өлзийтунгалаг нь тус театрын даргын 2017 оны 01 дугаар сарын 18-ны "Сахилгын арга хэмжээ авах тухай" Б/05 дүгээр тушаалын хувьд ажилтан Ч.Өлзийтунгалаг нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, удирдлагыг үргэлж хэл амаар доромжлон эсэргүүцсэн учраас тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.5-ын А заалтыг үндэслэн сануулах арга хэмжээ тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Ажилтан Ч.Өлзийтунгалагт маргаан бүхий тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулсан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Учир нь ажил олгогчийн тушаал нь хууль бус гэж үзвэл 1 сарын дотор шүүхэд хандах ёстой. Иймд Ч.Өлзийтунгалагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 287 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай Ч.Өлзийтунгалагт Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажилтай Б.Асылбек би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 287 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Ч.Өлзийтунгалагийн нэхэмжлэлтэй М.Хурманханы нэрэмжит Баян-Өлгий аймгийн Хөгжимт,-Драма театрын захиргаанд холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд хариуцагч нь Ч.Өлзийтунгалагийн сахилгын зөрчил гаргасан эсэхийг нотолж чадаагүй байна..." гэжээ. Нэхэмжлэгч Ч.Өлзийтунгалаг нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, байнга эсэргүүцэж, хэл амаар доромжилж ёс зүйн алдаа гаргасан гэдэг нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн захиргаа ба уран сайхны хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрч Ж.Сайгүлик, С.Лайла нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад нотлох баримтуудаар нотлогдсоор байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна гэж үзэжбайна. Ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б\05 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5-ын а/ дахь хэсгийг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажилтан Ч.Өлзийтунгалагт арга хэмжээ тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, ажилтны гаргасан зөрчлийн шинж чанарт тохирсон хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 287 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Тус байгууллага * улсын төсөвт байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх учиртай юм. Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Б.Асылбек, түүний өмгөөлөгч Я.Сьезд бид заавал оролцох тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэхийг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асылбекийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баян-Өлгий аймгийн М. Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асалбек нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б\05 дугаартай тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус гэдгийг анхан шатны шүүх нотолсон. Учир нь миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тохиолдол байхгүй юм. Би өөрийн хариуцсан ажил үүргээ тухай бүр нь гологдолгүй хэвийн гүйцэтгэж байсан. Мөн Б.Асылбекийг хэл амаар доромжилсон удаа байхгүй.

Энэ нь өмнөх шүүх хурлын үед гэрч С.Лайла, Ж.Сайгүлик нарын өгсөн мэдүүлэг, надад сахилгын шийтгэл оногдуулсан хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асалбек нь надад ямар үүрэг даалгавар өгөөд түүнийг нь миний бие бүрэн эсвэл зохих ёсоор биелүүлээгүй, аль эсвэл өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлэхээс татгалзсан гэдгийг өөрөө нотлох учиртай юм. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд нотолж чадаагүй юм. Байгууллагын даргад ажилтан нь өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдол бүрийг удирдлагаа эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон гэж үзвэл энэ нь өрөөсгөл юм. Доромжлох гэдэг нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлдэг.

Энэ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр гутаасан зэргээр илэрхийлэгддэг. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт менежер ажилтай Ч.Өлзийтунгалаг нь тус театрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ. Хариуцагч гомдлын шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

Дээрх тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын менежер ажилтай Ч.Өлзийтунгалагт хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1.-т зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар ажил олгогчоос ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт, үндэслэлийг нотлохоор тус байгууллагын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн захиргаа ба уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хөгжимт драмын театрын хөдөлмөрийн дотоод журам, иргэн Р.Өсерханы тодорхойлолт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч тэдгээр нь сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлүүд болох ажилтан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан зэрэг үйл баримтыг тогтоохгүй байна.

 

Тодруулбал, ажилтанд хэзээ гаргасан, ямар хөдөлмөрийн сахилгын зөрчилд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар ажил олгогч шүүхэд нотлоогүй тул түүний гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж, хууль ёсны шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК