Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 289

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух, Улаансоён овогт Дүүрэнгийн Ганболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багт оршин суух, Самен төре жангир овогт Төкейн Азаматад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Бахыт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/ Х.Тасхын, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 12178100 /арван хоёр сая нэг зуун далан найман мянга нэг зуун/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Д.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Азамат нь 2014 оны 11-р сарын 11-ний өдөр Өлгий сумын 12-р багийн иргэн Халымын Нигметийн гэрт надад Алтай сумын малын түүхий эд авч өөхөөр харилцан тохиролцон 6000000 /зургаан сая/ төгрөг авч, 11-р сарын 12-нд 25 кг-ийн ууттай 80 ш гурилыг нэг бүрийн үнэ 15500 төгрөгөөр тооцож нийт 1240000 /нэг сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийн гурилыг Алтай сум руу ачуулсан. Очсон өдрөөс арьс шир цуглуулж байна гэж утсаар ярьж өдөрт тэдэн төгрөгийн арьс шир авсан тухайгаа ярьж байгаад миний мөнгө дутаад байна, айлууд идэш хийж эхэлсэн, арьс шир маш их ирж байна. Мөнгөний боломжтой бол миний дансаар 4000000 /дөрвөн сая/ төгрөг хийгээрэй гэхээр тухайн үед надад 3000000 /гурван сая/ төгрөг байсан учир байгаа төгрөгийг миний гэр бүлийн хүн болох Амарзая Уртнасан Азаматын ХААН банкны 5180858715 тоот дансанд шилжүүлсэн 11-р сарын 20-нд үлдсэн 1000000 /нэг сая/ төгрөгийг миний хүү болон Насанбуян Азаматын тоот дансанд шилжүүлсэн /11-р сарын 25-нд/

Ингээд нийт 11240000 /арван нэгэн сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс нийт 2014 оны 12-р сарын 10-нд авалтаас

Хонины нэхий 62 ш х 5000 төг = 310000 төгрөг

Ямааны нэхий 202 ш х21500 төг = 4343000 төгрөг

Үхрийн шир 11 ш х 30000 = 330000 төгрөг

Бярууны шир 1 ш х 15000 = 150000 төгрөг

Адууны шир 3 ш х 30000 = 90000 төгрөг нийт 5088000 төгрөгийн түүхий эдийг хүлээн авч, үлдсэн түүний эдийн мөнгийг яасан тухайн үед асуухад гурил зарагдахгүй хүмүүс авахгүй байна, цөөн тооны гурил зарагдсан гэсэн хариу өгч үлдсэн мөнгийг надад хэрэгцээ гараад хэрэглэсэн удахгүй өгнө гэж учирласан.

2015 оны 01-р сарын 20-нд Алтай сумаас үлдсэн гурил, мөнгө авахаар очсон боловч миний гурилаас 37 уутыг зарсан үлдсэн 43 уутыг ачиж ирсэн ба нийт үлдсэн мөнгөн дүнг гаргахад 5535500 төгрөгийн үлдэгдэл гарсан.

Азамат нь: Би таньд энэ мөнгийг Алтай сумын услалтын системийн тендер авч хийсэн гүйцэтгэсэн мөнгө аваагүй, мөн Буянт сумын хүүхдийн тоглоомын тендер авч хийсэн. Тэндээс мөнгө орж ирэхээр танд мөнгийг хүүтэй нь тооцож өгнө гэж хойшлуулсан. Тухайн тохирсон хугацаа болж мөнгө асуухад та жаахан хүлээж бай, миний дансанд бага мөнгө ороод энэ удаа өгч чадахгүй байна. Оны сүүлээр бөөн мөнгө хийж өгнө гээд надыг хүлээлгэсэн. Алтай, Буянт сумын төрийн сангийн мэргэжилтэнгээс Азаматын авах мөнгө та нарт байгаа юу гэхэд бид хувь хүний дансны нууцлалыг хэлэхгүй, өгөх мөнгө байгаа гэсэн хариулт авсан. Иймэрхүү маягийн үлгэр сонсон одоо 2 жил гаруй боллоо. Миний түүнд өгсөн мөнгөний үлдэгдэл 5535500 төгрөг, түүний нэг сар тутмын хүүг 5 %-иар тооцож нийт хүү 6642600 төгрөг, бүгд 12178100 /арван хоёр сая нэг зуун далан найман мянга нэг зуун/ төгрөгийг иргэн Т.Азаматаас нэхэмжилж байна. Иймд Азаматаас 12178100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ганболд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл маань Баян-Өлгий аймгийн Алтай сумын иргэн Т.Азаматаас 5.313.578 төгрөг авахаар нэхэмжлэл гаргасан. Энэ мөнгийг 11 240 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгч арьс шир цуглуулахаар харилцан тохиролцож мөнгө өгсөн. Түүнээс хойш 1 сарын дараа би авах ёстой арьс ширийг авсан. Би 5.926.422 төгрөгийн үнэ бүхий арьс шир, хүндрэлтэй байдал, элдэв янзын шалтаг тоочсон байдлыг харж үзээд хугацааг хойшлуулсан байсан. Тухайн үед сайн ах дүү, найз нөхөд, танил тал гэдэг утгаараа дотно харилцаатай байсан учир хугацаа хойшлуулж байсан боловч өнөөдөр шүүхэд хуралдаанд гаргаж өгсөн тайлбараас үзэхэд надад өгөх мөнгөгүй гэсэн асуудлыг гаргаж тавьсан байна. Одоогийн байдлаар хариуцагч Т.Азаматаас авах 5,313,578 төгрөгийн авлагатай. Би энэ мөнгийг 2 гаруй жилийн хугацаанд наймаа хийж, банканд хийсэн бол 7,500,000 төгрөг болж өсөх байсан. Энэ мөнгөөр зах зээлийн ханшаар худалдаа наймаа хийсэн бол 5 хувийн хүүгээр тооцоход 6,864,522 төгрөг болж өсөх байсан. Гэтэл өнөөдөр хүртэл мөнгө олж авч чадахгүй хүндрэл учраад байна. Иймд учраас шүүхэд 12,178,100 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Би анх хариуцагч Т.Азаматтай тохиролцохдоо тухайн түүхий эдийг миний мөнгөөр авч байгаа юм чинь миний хэлсэн ханшаар авахаар тохиролцсон байсан. Өөрөөр хэлбэл би түүнд өдөр тутам аймгийн түүхий эдийн ханшийг мэдээлэлж миний хэлсэн ханшаар авч байхаар харилцан тохиролцсон. Ийнхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр 12-ны өдрөөс эхэлж арьс шир авч эхэлсэн. Тухайн өдөр авсан арьс ширний талаар мэдээлсэн мэдээлэл надад тэмдэглээстэй байгаа бөгөөд үүнийг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Нэг алдаатай тал нь Т.Азамат нь 2 жилийн хугацаанд ганц удаа ч гэсэн гарын үсэг зурж нэг ч нотлох баримт үлдээгээгүй. Би түүнд хоёулаа тооцоо хийж эцсийн байдлаар тооцоо гаргая гэж олон удаа санал тавьсан боловч нотлох баримт үлдээхгүй гэх байдлаар тооцоо хийхээс зайлсхийж байсан. Хэрвээ би түүнд ямар нэгэн байдлаар гарын үсэг зуруулж байсан бол миний нотлох баримтууд хүчин төгөлдөр байх байлаа. Хариуцагч Т.Азамат нь би гарын үсэг зураагүй гэсэн байдлаар миний өгөх мөнгө байхгүй гээд тайлбар өгсөн байна. Ныгмет хот явсан байсан тул би түүний ирэхийг хүлээгээд түүнээс холбогдох материалыг авч хавтаст хэрэгт хавсаргасан. Би Ныгметэд 10 сая төгрөг өгсөн бөгөөд үүнээс 400.000 төгрөгийг дансаар, 5.600.000 төгрөгийг банкаар шилжүүлсэн боловч би Ныгметээс 2.600.000 төгрөг авсан, үлдсэн 3 сая төгрөгийг би мэдэхгүй гэх гүтгэлгийн шинжтэй тайлбар бичсэн байна. Т.Азамат нь надад тендерт оролцоод хүн амьтанд өгөх мөнгө төгрөгтэй байна, дансаа хаалгасан, мөнгө өгч чадахгүй байна одоохондоо байж байгаарай, таны мөнгийг хүмүүсийн цалин хөлсөнд өгөөд боломжгүй байна, таны мөнгийг гайгүй болонгуутаа өгнө, бараг хүүгийн хамт өгнө гэж хариу тайлбар хэлж байсан боловч 2 жилийн дараа би танд өгөх мөнгө байхгүй, бүх тооцоо дууссан, таны гаргасан худлаа байна, надаас мөнгө нэмж нэхэж байна гэж байгаа учир бид хоёрын хооронд ийнхүү маргаан гарсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас энэ асуудлыг зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд 28 ширхэг хонины нээхийг 6000 төгрөгөөр, 17 ширхэг ямааны арьсыг 13500 төгрөгөөр гэх мэт байдлаар өдөр өдрийн ханшаар тооцож авч байсан. Тухайн үед би өөрийнхөө мөнгөнд хяналт тавихгүй бол Т.Азамат нь өөрийнхөө санаснаар авна шүү дээ. Би тухайн өдрийн Баян-Өлгий аймгийн ханшийг судалж үзээд тийм төгрөгөөр аваарай гээд мэдээлэлж байсан. Тэр дагуу өдөр өдрийн ханшаар тохиролцож авч байсан боловч 202 ширхэг ямааны арьсыг 21500 төгрөгөөр авсан мэтээр бичээд аваад ирсэн байна. Ийм асуудлаас болж бид хоёрын хооронд зөрчил гараад байна. Т.Азамат нь хугацаа авч надаас авсан мөнгө, арьс ширний үнийг будлиулах гэсэн санаа байгаа болов уу гэж үзэж байна. Уг нь их итгэж байсан боловч сүүлд нь нарийвчлан тооцоо хийхэд бүгдийг надад өгсөн мэтээр тайлбарлаж байна. Тухайлбал 37 ширхэг уут гурилын үнээс би нэг ч төгрөг аваагүй. 2 дахь удаагийн тээвэрлэлтээр нийт 57 ширхэг ямааны арьс, 59 ширхэг хонины арьс, 33 ширхэг үхрийн арьс авчирж өгчхөөд 182 ширхэг хонины арьсыг 6200 төгрөгөөр зарчихлаа, ямааны арьс үнэтэй болов уу гэж бодоод ямааны арьс авчихлаа үлдсэн мөнгийг дараа нь тооцоо хийнэ гэхээр нь за тэгээрэй гэсэн боловч сүүлд тооцоо хийхэд ямааны арьс ч байхгүй, хонины арьс ч байхгүй хэдхэн юм авчирч өгчхөөд өнөөдөр бүгдийг өгсөн мэт яриад байна. Тийм учраас энэ асуудлыг зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Т.Азамат шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Т.Азамат би иргэн Д.Ганболдтой малын түүхий эд авч өгөхөөр харилцан тохиролцож, бизнес эрхэлж, Д.Ганболдоос нийт 11240000 төгрөг авч байсан маань үнэн. Гэхдээ Д.Ганболд нь үлдэгдэл мөнгө 5535500 төгрөг, сар тутмын 5 %-ийн хүү болох 6642600 төгрөг, нийтдээ 12178100 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

5535500 төгрөгийн хувьд тайлбарлахад:

Д.Ганболд нь нэхэмжлэлдээ 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Т.Азаматаас

- Хонины нэхий 62 ширхэг * 5000 = 310.000 төгрөг,

- Ямааны нэхий 202 ширхэг * 21,500 = 4343000 төгрөг,

- Үхрийн шир 11 ширхэг * 30000 = 330000 төгрөг,

- Бярууны шир 1 ширхэг * 15000 = 15000 төгрөг,

- Адууны шир 3 ширхэг * 30000 = 90000 төгрөг, Нийтдээ 5088000 төгрөгийн түүхий эдийг хүлээж авсан гэжээ.

Ингэхдээ Д.Ганболд нь уг тооцоог зөв гаргасан хэдий ч Т.Азамат миний ямааны арьс болох 98 ширхэг * 20500 = 2009000 төгрөгийг, Хонины арьс 186 ширхэг * 6000 төгрөг = 1116000 төгрөгтэй тэнцэх түүхий эдийг Д.Ганболдод тус тус хүлээлгэж өгсөн талаарх тооцоог дутуу бичиж, илүү мөнгө нэхэмжилжээ.

Мөн Гурил 80 ширхэг * 15500 = 1240000 төгрөгийн гурилаас 37 уут гурилын мөнгө болон 43 уут гурилыг буцаан ачиж явсан гэж бичсэн боловч нийт мөнгөнөөс хасалт хийлгүйгээр тооцсон нь буруу байна.

Би Д.Ганболдод дараах түүхий эд, мөн зарагдсан гурилын мөнгө болон зарагдаагүй гурилыг тус тус хүлээлгэн өгсөн болно.

Эхний удаагийн тээвэрлэлтээр аймагт арьс ширийг хүргүүлэхдээ:

- Хонины нэхий 62 ширхэг * 5000 = 310000 төгрөг,

- Ямааны арьс 98 ширхэг * 20500 = 2009000 төгрөг,

- Үхрийн шир 11 ширхэг * 30000 = 330000 төгрөг,

- Бярууны шир 1 ширхэг * 35000 = 15000 төгрөг,

- Адууны шир 3 ширхэг * 30000 = 90000 төгрөг,

- Гурилын мөнгө 37 ширхэг * 15500 = 573500 төгрөг

2 дахь удаагийн тээвэрлэлтээр аймагт арьс ширийг хүргүүлэхдээ:

- Ямааны нэхий 202 ширхэг * 21500 = 4343000 төгрөг,

- Хонины арьс 186 ширхэг * 6000 = 1316000 төгрөг,

- Д.Ганболд өөрөө ачиж явсан 43 уут гурил * 15500 = 666500 төгрөг нийтдээ Т.Азамат би Д.Ганболдод 9453000 төгрөгийг эргүүлэн төлсөн болно.

Эдгээр арьс ширийг 2 удаагийн тээвэрлэлтээр буюу миний УАЗ 469 маркийн машинд чиргүүл тээж ачиж, жолоочоор нь Жагсаалын Дамысаар Өлгийд хүргүүлж байсан ба эхний ээлжийн тээвэрлэлтээр арьс ширийг Өлгий сумын иргэн Халымын Ныгметийн амбаарт буулгаж Д.Ганболд өөрөө хурааж авсан. Харин би Алтай сум руу явсан байсан. Дараа нь 2 долоо хоногийн дараа дахин Х.Ныгметийн гэрт ирж, арьс ширийг амбаарт буулгахгүйгээр Д.Ганболдод шууд хүлээлгэж өгч байсан.

Иймд миний зүгээс Д.Ганболдод 1787000 төгрөг буцаан төлөх тооцоо гарч байх ба үүнийг би хүлээн зөвшөөрч байна.

Харин сар тутмын 5 %-ийн хүү 6642000 төгрөгийн хувьд тайлбарлахад:

Юуны түрүүнд хэлэхэд, Д.Ганболд бид хоёрын хоорондоо бичгээр ямар нэгэн гэрээ байгуулсан үйлдэл байхгүй ба бид хоёр хоорондоо зөвхөн амаар харилцан тохиролцож дээрх бизнесийг эрхэлж ирсэн юм.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 -т"...Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно...", 282.2-т "...Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсныашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно...", 282.3-т "...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана..." гэж заасан байдаг. Түүнчлэн, энэ тохиолдолд иргэн Т.Азамат болон иргэн Д.Ганболд нарын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй байгаа нь Д.Ганболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлээр нотлогдож байх ба дээрх нөхцөлд иргэн Т.Азамат би даалгаврын гэрээгээр үүрэг гүйцэтгэж байгаа нь илт харагдаж байх тул энэхүү үйлдэлд хүү авах эрх үүсэхгүй юм. Иймд нэхэмжлэгч Д.Ганболдын илүү нэхэмжилсэн мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхын шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үйл баримтын хувьд хариу тайлбар хэлье. Хууль зүйн үндэслэлийн талаар өмгөөллийн санал хэлэхэд ярих болно. Үйл баримтын хувьд тодорхой, хэргийн материалтай талууд танилцсан байгаа. Сүүлд хариуцагч Т.Азамат нь тайлбарыг залруулж зөвтгөх тухай тайлбараа хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад танилцсан. Уг тайлбартаа 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хариу тайлбар хүргүүлсэн боловч анх удаа шүүхэд тайлбар өгсөн учир хариуцагчаа хэн татагдсан талаар буруу ташаа ойлгосон тухайгаас нэмж тайлбарласан байгаа. Хариуцагч Т.Азамат хэлэхдээ Х.Ныгметийн гэрт надаас 6 сая төгрөг авсан, түүх эд авч өгөлцөхөөр тохиролцсон гэх өгүүлбэрийн утга агуулгыг Х.Ныгметийн гэрт Т.Азамат, Х.Ныгмет нарт 6 сая төгрөг өгч, түүх эд авч өгөлцөхөөр тохиролцсон гэж ойлгож, энэ хэрэгт Х.Ныгмет хамтран хариуцагчаар оролцох болов уу гэж буруу ойлгож бид нар 6 сая төгрөгийг авсан байсан гэж тайлбар хүргүүлсэн байна. Гэвч Т.Азамат нь Д.Ганболдоос 6 сая төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж авсан талаар нотлох баримт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Д.Ганболдоос Х.Ныгметэд 10 сая төгрөг шилжүүлж байсан талаар баримт авагдсан байна. Х.Ныгметээс Т.Азаматад дансаар 400000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Хариуцагч Т.Азаматаас энэ талаар тодруулж асуухад Х.Ныгметтэй хамтарч ажиллаж байсан, гэхдээ Д.Ганболд Х.Ныгметэд 10 сая төгрөг шилжүүлж гэхдээ Х.Ныгмет нь надад дансаар 400000 төгрөг, бэлнээр 2600000 төгрөг буюу нийт 3 сая төгрөг өгсөн, би 6 сая төгрөг аваагүй гэж байгаа. Нэхэмжлэгч Д.Ганболд нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа тухайн үед баримтуудад Т.Азаматаар гарын үсэг зуруулж чадаагүй гэж хэлж байна. Нэхэмжлэгч Д.Ганболдын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, тооцоонууд нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед тооцоолж гаргасан өөрийнхөн тооцоо байна. Тухайн үед тийм мөнгө төгрөг өгсөн талаар өөрийнхөн хувийн тэмдэглэл алга, өөрийн санаанаасаа зохиож бичсэн тооцоо гаргаж өгсөн боловч үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Тухайн үед эдгээр хүмүүс харилцан тохиролцож наймаа хийсэн нь үнэн. Ингэхдээ нэхэмжлэгч Д.Ганболдын хүсэл сонирхол нь Алтай сумаас арьс шир худалдаж авах байсан. ХаринТ.Азамат Ганболдоос арьс ширний мөнгийг урьдчилж аваад уг мөнгөнд Алтай сумаас арьс шир хурааж, хураасан арьс ширээ 2 удаагийн хүргэлтээр хүргэж, хүлээлгэж өгсөн байна. Тийм учраас Т.Азаматаас Д.Ганболдод арьс шир худалдах буюу түүний өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний харилцаа гэж үзэж байна. Харин хариуцагч Т.Азамат Д.Ганболдод хэдэн ширхэг арьс шир, хэдэн ширхэг гурилын мөнгийг өгсөн тооцоо шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа байгаагаар хэвээр байгаа. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн залруулах тайлбарын хувьд Т.Азамат нь Т.Ганболдоос 2 удаагийн шилжүүлгээр 4 сая төгрөг, Д.Ганболдын өөрөөс нь 1 сая төгрөг, Д.Ганболдын эхнэрээс нь 3 сая төгрөг, нийт 4 сая төгрөг, мөн 1240000 төгрөгийн гурил, Х.Ныгметээс дансаар 400000 төгрөг, бэлнээр 2600000 төгрөг, нийт 8240000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч анх гаргасан тайлбартаа гурилын үнэ, бэлэн мөнгө гээд 9453000 төгрөгийг Д.Ганболдод төлсөн байсан, одоо 1700000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан боловч анх бичсэн тайлбартаа 2 дахь удаагийн тээвэрлэлтээр 186 ширхэг хонины арьс буюу 1116000 төгрөгийн хэмжээтэй тэнцэх арьс ширийг Х.Ныгмет өөрөө цуглуулж хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхдөө Т.Азаматаар дамжуулж хүлээлгэж өгсөн гэдгийг хариуцагч Т.Азамат өөрөө тайлбарлаж хэлсэн. Т.Азаматын хүлээлгэж өгсөн гэх 9453000 төгрөгөөс Х.Ныгметийн 1116000 төгрөгийг хасвал 8337000 төгрөг гарах ба анхны тайлбартаа бичсэн гурилын үнэ, хонины арьсний үнийг тооцож бодоход Т.Азаматын хувьд Д.Ганболдод өгөх ямар нэгэн өр төлбөр байхгүй, тооцоо дууссан гэж үзэж байна. Түүнчлэн тухайн үеийн үйл явдлаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд ямар нэгэн байдлаар шаардах үндэслэл байхгүй, тооцоо дууссан гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч Т.Азаматаас 12178100 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч Т.Азамат нь ... би Д.Ганболдоос 2 удаагийн шилжүүлгээр 4 сая төгрөг, 1240000 төгрөгийн гурилыг хүлээн авч байсан бол Х.Ныгметээс дансны шилжүүлгээр 400000 төгрөг, бэлнээр 2600000 төгрөг, нийтдээ 8240000 төгрөг авсан нь үнэн, нэхэмжлэгч Д.Ганболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, одоо Д.Ганболдод төлөх ямар ч өр төлбөр байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж, нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч Т.Азаматаас 5313578 төгрөгийн авлагатай ба нэг сар тутмын хүүг 5 хувиар тооцож 6864522 төгрөг буюу нийт 12178100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хэргийн зохигчид маргасан байна.

Хариуцагч Т.Азамат нь өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

Хариуцагч Т.Азамат нь ...Д.Ганболдоос 2 удаагийн шилжүүлгээр 4000000 төгрөг, 1240000 төгрөгийн гурилыг хүлээн авч байсан, Х.Ныгметээс дансны шилжүүлгээр 400000 төгрөг, бэлнээр 2600000 төгрөг хүлээн авсан, Д.Ганболд Алтай сумаас арьс шир худалдаж авах сонирхолтой байсан, харилцан тохиролцож наймаа хийсэн нь үнэн гэж хүлээн зөвшөөрч байгаа байдлыг дүгнэхэд нэхэмжлэгч Д.Ганболд хариуцагч Т.Азамат нар нь малын түүхий эд авч өгөхөөр амаар харилцан тохиролцсон болох нь зохигч нарын шүүхэд гаргасан тайлбараар бүрэн нотлогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээ хийгдэж, хоёр тал үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч Т.Азамат нь нэхэмжлэгч Д.Ганболдын ...Би 2015 оны 01-р сарын 20-нд Алтай сумаас үлдсэн гурил, мөнгө авахаар очсон боловч Т.Азамат нь миний гурилаас 37 уутыг зарсан үлдсэн 43 уутыг ачиж ирсэн ба нийт үлдсэн мөнгөн дүнг гаргахад 5535500 төгрөгийн үлдэгдэл гарсан. ... мөнгийг надад хэрэгцээ гараад хэрэглэсэн, удахгүй өгнө гэж хэлсэн гэж тайлбарласныг үгүйсгэж чадаагүй болно.

Нэхэмжлэгч Д.Ганболд нь өөрийнхөө хувийн тэмдэглэлийн дэвтэрт хариуцагч Т.Азаматаас хүлээн авсан түүхий эдийн тоо ширхгээр нэг бүрчлэн бичиж, тооцоо хийж тэмдэглэл хөтөлж байсан нь нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн бичмэл нотлох баримтаар Т.Азаматын ХААН банкан дахь дансанд мөнгө шилжүүлж байсан нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, мөн Ныгметийн бичиж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Т.Азамат нь өөрийн хувийн дэвтэрт Ганболд ах гэж бичиж тэмдэглэл хийсэн байх ба уг тэмдэглэлд бичиж байсан түүхий эдийг Ганболдод хүлээлгэж өгсөн, эсвэл мөнгө төгрөг өгч байсан нь, Ганболдод өгөх өглөгтэй эсэх, өгсөн болох нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч Д.Ганболд нь 5313578 төгрөгт нэг сар тутмын хүүг 5 хувиар тооцож 6864522 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй ба нэхэмжлэгч Д.Ганболд хариуцагч Т.Азамат нар нь хоорондоо хүү төлөх талаар харилцан тохиролцсон байна гэж үзэх боломжгүй байна. Учир нь, Д.Ганболд Т.Азамат нарын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй, хүү төлөх талаар харилцан тохиролцоогүй ба Иргэний хуулийн 282.3-т ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэгч Д.Ганболдын 5313578 төгрөгийн хүү 6864522 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хариуцагч Т.Азаматаас 5313578 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганболдод олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6864522 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209800 төгрөгийг улсын орлого болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Т.Азаматаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид 99967 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Самен төре жангир овогт Төкейн Азаматаас 5313578 /таван сая гурван зуун арван гурван мянга таван зуун далан найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Улаансоён овогт Дүүрэнгийн Ганболдод олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6864522 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Азаматаас 99967 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганболдод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН