Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 084

 

Д.Ганболдын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 289 дүгээр шийдвэртэй, Д.Ганболдын нэхэмжлэлтэй, Т.Азаматад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Айбек, нэхэмжлэгч Д.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхын нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Т.Азаматаас 12,178,100.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Т.Азамат нь 2014 оны 11-р сарын 11-ний өдөр Өлгий сумын 12-р багийн иргэн Халымын Нигметийн гэрт надад Алтай сумын малын түүхий эд авч өөхөөр харилцан тохиролцон 6000000 /зургаан сая/ төгрөг авч, 11-р сарын 12-нд 25 кг-ийн ууттай 80 ш гурилыг нэг бүрийн үнэ 15500 төгрөгөөр тооцож нийт 1240000 /нэг сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийн гурилыг Алтай сум руу ачуулсан. Очсон өдрөөс арьс шир цуглуулж байна гэж утсаар ярьж өдөрт тэдэн төгрөгийн арьс шир авсан тухайгаа ярьж байгаад миний мөнгө дутаад байна, айлууд идэш хийж эхэлсэн, арьс шир маш их ирж байна. Мөнгөний боломжтой бол миний дансаар 4000000 /дөрвөн сая/ төгрөг хийгээрэй гэхээр тухайн үед надад 3000000 /гурван сая/ төгрөг байсан учир байгаа төгрөгийг миний гэр бүлийн хүн болох Амарзая Уртнасан Азаматын ХААН банкны 5180858715 тоот дансанд шилжүүлсэн 11-р сарын 20-нд үлдсэн 1000000 /нэг сая/ төгрөгийг миний хүү болон Насанбуян Азаматын тоот дансанд шилжүүлсэн /11-р сарын 25-нд/

Ингээд нийт 11240000 /арван нэгэн сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс нийт 2014 оны 12-р сарын 10-нд авалтаас хонины нэхий 62 ш х 5000 төг = 310000 төгрөг, ямааны нэхий 202 ш х21500 төг = 4343000 төгрөг, үхрийн шир 11 ш х 30000 = 330000 төгрөг, бярууны шир 1 ш х 15000 = 150000 төгрөг, адууны шир 3 ш х 30000 = 90000 төгрөг нийт 5088000 төгрөгийн түүхий эдийг хүлээн авч, үлдсэн түүний эдийн мөнгийг яасан тухайн үед асуухад гурил зарагдахгүй хүмүүс авахгүй байна, цөөн тооны гурил зарагдсан гэсэн хариу өгч үлдсэн мөнгийг надад хэрэгцээ гараад хэрэглэсэн удахгүй өгнө гэж учирласан. 2015 оны 01-р сарын 20-нд Алтай сумаас үлдсэн гурил, мөнгө авахаар очсон боловч миний гурилаас 37 уутыг зарсан үлдсэн 43 уутыг ачиж ирсэн ба нийт үлдсэн мөнгөн дүнг гаргахад 5535500 төгрөгийн үлдэгдэл гарсан.

Азамат нь би танд энэ мөнгийг Алтай сумын услалтын системийн тендер авч хийсэн гүйцэтгэсэн мөнгө аваагүй, мөн Буянт сумын хүүхдийн тоглоомын тендер авч хийсэн. Тэндээс мөнгө орж ирэхээр танд мөнгийг хүүтэй нь тооцож өгнө гэж хойшлуулсан. Тухайн тохирсон хугацаа болж мөнгө асуухад та жаахан хүлээж бай, миний дансанд бага мөнгө ороод энэ удаа өгч чадахгүй байна. Оны сүүлээр бөөн мөнгө хийж өгнө гээд надыг хүлээлгэсэн. Алтай, Буянт сумын төрийн сангийн мэргэжилтнээс Азаматын авах мөнгө та нарт байгаа юу гэхэд бид хувь хүний дансны нууцлалыг хэлэхгүй, өгөх мөнгө байгаа гэсэн хариулт авсан. Иймэрхүү маягийн үлгэр сонсон одоо 2 жил гаруй боллоо. Миний түүнд өгсөн мөнгөний үлдэгдэл 5535500 төгрөг, түүний нэг сар тутмын хүүг 5 хувиар тооцож нийт хүү 6642600 төгрөг, бүгд 12178100 /арван хоёр сая нэг зуун далан найман мянга нэг зуун/ төгрөгийг иргэн Т.Азаматаас нэхэмжилж байна. Иймд Азаматаас 12178100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Т.Азамат би иргэн Д.Ганболдтой малын түүхий эд авч өгөхөөр харилцан тохиролцож, бизнес эрхэлж, Д.Ганболдоос нийт 11240000 төгрөг авч байсан маань үнэн. Гэхдээ Д.Ганболд нь үлдэгдэл мөнгө 5535500 төгрөг, сар тутмын 5 %-ийн хүү болох 6642600 төгрөг, нийтдээ 12178100 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 5535500 төгрөгийн хувьд тайлбарлахад:

Д.Ганболд нь нэхэмжлэлдээ 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Т.Азаматаас хонины нэхий 62 ширхэг * 5000 = 310.000 төгрөг, ямааны нэхий 202 ширхэг * 21,500 = 4343000 төгрөг, үхрийн шир 11 ширхэг * 30000 = 330000 төгрөг, бярууны шир 1 ширхэг * 15000 = 15000 төгрөг, адууны шир 3 ширхэг * 30000 = 90000 төгрөг, Нийтдээ 5088000 төгрөгийн түүхий эдийг хүлээж авсан гэжээ.

Ингэхдээ Д.Ганболд нь уг тооцоог зөв гаргасан хэдий ч Т.Азамат миний ямааны арьс болох 98 ширхэг * 20500 = 2009000 төгрөгийг, Хонины арьс 186 ширхэг * 6000 төгрөг = 1116000 төгрөгтэй тэнцэх түүхий эдийг Д.Ганболдод тус тус хүлээлгэж өгсөн талаарх тооцоог дутуу бичиж, илүү мөнгө нэхэмжилжээ. Мөн Гурил 80 ширхэг * 15500 = 1240000 төгрөгийн гурилаас 37 уут гурилын мөнгө болон 43 уут гурилыг буцаан ачиж явсан гэж бичсэн боловч нийт мөнгөнөөс хасалт хийлгүйгээр тооцсон нь буруу байна.

Би Д.Ганболдод дараах түүхий эд, мөн зарагдсан гурилын мөнгө болон зарагдаагүй гурилыг тус тус хүлээлгэн өгсөн болно. Эхний удаагийн тээвэрлэлтээр аймагт арьс ширийг хүргүүлэхдээ хонины нэхий 62 ширхэг * 5000 = 310000 төгрөг, ямааны арьс 98 ширхэг * 20500 = 2009000 төгрөг, үхрийн шир 11 ширхэг * 30000 = 330000 төгрөг, бярууны шир 1 ширхэг * 35000 = 15000 төгрөг, адууны шир 3 ширхэг * 30000 = 90000 төгрөг, гурилын мөнгө 37 ширхэг * 15500 = 573500 төгрөг, 2 дахь удаагийн тээвэрлэлтээр аймагт арьс ширийг хүргүүлэхдээ ямааны нэхий 202 ширхэг * 21500 = 4343000 төгрөг, хонины арьс 186 ширхэг * 6000 = 1316000 төгрөг, Д.Ганболд өөрөө ачиж явсан 43 уут гурил * 15500 = 666500 төгрөг нийтдээ Т.Азамат би Д.Ганболдод 9453000 төгрөгийг эргүүлэн төлсөн болно.

Эдгээр арьс ширийг 2 удаагийн тээвэрлэлтээр буюу миний УАЗ 469 маркийн машинд чиргүүл тээж ачиж, жолоочоор нь Жагсаалын Дамысаар Өлгийд хүргүүлж байсан ба эхний ээлжийн тээвэрлэлтээр арьс ширийг Өлгий сумын иргэн Халымын Ныгметийн амбаарт буулгаж Д.Ганболд өөрөө хурааж авсан. Харин би Алтай сум руу явсан байсан. Дараа нь 2 долоо хоногийн дараа дахин Х.Ныгметийн гэрт ирж, арьс ширийг амбаарт буулгахгүйгээр Д.Ганболдод шууд хүлээлгэж өгч байсан. Иймд миний зүгээс Д.Ганболдод 1787000 төгрөг буцаан төлөх тооцоо гарч байх ба үүнийг би хүлээн зөвшөөрч байна.

Харин сар тутмын 5 хувийн хүү 6642000 төгрөгийн хувьд тайлбарлахад юуны түрүүнд хэлэхэд, Д.Ганболд бид хоёрын хоорондоо бичгээр ямар нэгэн гэрээ байгуулсан үйлдэл байхгүй ба бид хоёр хоорондоо зөвхөн амаар харилцан тохиролцож дээрх бизнесийг эрхэлж ирсэн юм.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 -т "...Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно...", 282.2-т "...Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно...", 282.3-т "...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана..." гэж заасан байдаг. Түүнчлэн, энэ тохиолдолд иргэн Т.Азамат болон иргэн Д.Ганболд нарын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй байгаа нь Д.Ганболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлээр нотлогдож байх ба дээрх нөхцөлд иргэн Т.Азамат би даалгаврын гэрээгээр үүрэг гүйцэтгэж байгаа нь илт харагдаж байх тул энэхүү үйлдэлд хүү авах эрх үүсэхгүй юм. Иймд нэхэмжлэгч Д.Ганболдын илүү нэхэмжилсэн мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Самен төре жангир овогт Төкейн Азаматаас 5313578 /таван сая гурван зуун арван гурван мянга таван зуун далан найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Улаансоён овогт Дүүрэнгийн Ганболдод олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6864522 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Азаматаас 99967 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганболдод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 289 дугаартай шийдвэрээр хариуцагч Т.Азамат надаас 5313578 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганболдод олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг, 161 дүгээр зүйлийн 161,1-д зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс хариуцагч Т.Азамат нь өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээ хийгдэж, хоёр тал үүрэг хүлээсэн байна.

Нэхэмжлэгч Д.Ганболд нь өөрийнхөө хувийн тэмдэглэлийн дэвтэрт хариуцагч Т.Азаматаас хүлээн авсан түүхий эдийн тоо ширхгээр нэг бүрчлэн бичиж, тооцоо хийж тэмдэглэл хөтөлж байсан нь нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн бичмэл нотлох баримтаар Т.Азаматын ХААН банкин дахь дансанд мөнгө шилжүүлж байсан нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, мөн Ныгметийн бичиж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Т.Азамат нь өөрийн хувийн дэвтэрт Ганболд ах гэж бичиж тэмдэглэл хийсэн байх ба уг тэмдэглэлд бичиж байсан түүхий эдийг Ганболдод хүлээлгэж өгсөн, эсвэл мөнгө төгрөг өгч байсан нь Ганболдод өгөх өглөгтэй эсэх, өгсөн болох нь тодорхойгүй гэжээ.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар Худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж зөв тодорхойлсон боловч хариуцагч хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, Т.Азаматаас Ганболдод хэчнээн хэмжээний түүхий эд, мөнгө өгч байсан нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь хариуцагчийн хувьд өөрийн татгалзлаа хангалттай нотолсоор байхад, түүний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэхгүйгээр, зөвхөн нэг талыг баримталж нэхэмжлэгчийн бүх нотлох баримтыг үнэлж, тэнцвэртэй байдлыг хангахгүй орхисон нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.Азаматын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт буюу нэхэмжлэгчид түүхий эд хүлээлгэж өгсөн гэх тухай тэмдэглэл нь эх хувиараа буюу ямар нэгэн өөрчлөлт, засвар хийгдээгүй тэмдэглэлийн дэвтэр байна. Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт буюу түүхий эд хүлээж авсан талаарх бүртгэлийн тэмдэглэл нь цоо шинээр үйлдэгдсэн, яг тухайн үеийнх биш, хүлээж авсан түүхий эдийг дутуу байдлаар тусгасан, нотлох баримтын шаардлага хангахгүй бүртгэл гэдгийг шүүх анхаарч үзээгүй. Энэ талаарх Д.Ганболд шүүхэд гаргасан мэдүүлэгтээ Т.Азаматаас надад түүхий эд хүлээлгэж өгөхдөө, би хүлээж авахдаа ямар нэгэн гарын үсэг зураагүй гэжээ.

Түүхийн эдийг хоорондоо хүлээлгэж өгч, хүлээж авсан талаарх аль аль талын гарын үсэг байхгүй байхад шүүхээс хариуцагч Т.Азаматын хүлээлгэж өгсөн түүхий эдийг үгүйсгэж, харин нэхэмжлэгч Д.Ганболдын тийм хэмжээний түүхий эд хүлээж авсан гэдгийг үнэлж байгаа нь ойлгомжгүй байна.

Д.Ганболд шүүхэд гаргасан мэдүүлэгтээ Х.Ныгметээс Т.Азаматад мөнгө хүлээлгэж өгөхдөө гарын үсэг зуруулж авч чадаагүй гэж тайлбарласан байхад, түүнчлэн Х.Ныгметээс Т.Азаматын дансанд зөвхөн 400,000 төгрөг шилжүүлсэн, үлдсэн мөнгийг хүлээлгэж өгсөн, Т.Азамат Х.Ныгметээс 5,600,000 төгрөгийг хүлээж авсан талаарх ямар нэгэн бичиг, энэ талаарх нотлох баримт байхгүй байхад зөвхөн Х.Ныгметийн тодорхойлолтыг үндэслэж 6,000,000 төгрөгийг Т.Азамат авсан байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д ...энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдана... гэж заасан. Тэгэхээр иргэн Х.Ныгметээс Т.Азаматад мөнгө өгсөн, Т.Азаматаас мөнгө хүлээж авсан гэх ямар нэгэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Шүүхийн шийдвэрээс харахад, хариуцагч нь түүхий эдийг нийлүүлэх ёстой тоо хэмжээнээс дутуу нийлүүлсэн, иймд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хэчнээн хэмжээний түүхий эдийг Д.Ганболдод хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй гэжээ.

Хэрэв хариуцагч Т.Азамат нэхэмжлэгч Д.Ганболдод түүхий эдийг дутуу нийлүүлсэн гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгч шаардах эрхээ дараах байдлаар алдана гэсэн үг.

- Иргэний хуулийн 255.1-д ...эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана... гэж заасан.

Энэ нь Т.Азамат түүхий эдийг худалдан авагч Д.Ганболдод шилжүүлэн өгөхийг хүссэн. Гэхдээ шилжүүлэхийг хүссэн эд хөрөнгө доголдолтой буюу түүхий эд нийлүүлэх хэмжээнээсээ тоо ширхгийн хувьд дутуу байсан. Тэгсэн хэдий ч худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг мэдсэн боловч гэрээний үүргийн гүйцэтгэлийн хувьд уг түүхий эдийг хүлээн авсан. Энэ үйлдлээрээ худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан шаардах эрхүүдээс татгалзаж буйгаа илэрхийлсэн байна гэж үзэж болох юм.

Харин худалдан авагч нь түүхий эдийн доголдлыг буюу тоо хэмжээнээсээ бага гэдгийг мэдсэн хэдий ч хүлээн аваад ингэхдээ нийлүүлэх ёстой арьс ширний тоо хэмжээг бүрэн гүйцээх тухайгаа мэдэгдсэн бол хэрэг өөр болох байсан. Гэхдээ нэхэмжлэгч Д.Ганболд нь энэхүү арьс шир нийлүүлсэн үеэс хойш хугацаанд буюу 3, 4 жил Т.Азаматад гомдол гаргаж байгаагүй байна. Гомдол гаргаагүй учир нь тооцоо нэгэнт дууссаныг илтгэж байна.

Хэрэв тухайн үед түүхий эдийг хүлээн авахдаа тэрээр тоо хэмжээ нь нийлүүлэх ёстой хэмжээнээсээ бага гэж үзээд маргасан бол өөр хэрэг. Гэвч 3, 4 жилийн дараа шаардсан нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед гомдол гаргаагүй үйлдлийг түүхий эд бүрэн хүлээж авсан гэдгээ илэрхийлсэн хэлбэр нь мөн болно. Түүнчлэн, Д.Ганболд нь нэхэмжлэлийнхээ үндэслэх хэсэг болон шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэгтээ гурил, арьс ширийг 2014 онд хүлээн авсан, тухайн үед гомдол гаргаагүй нь миний буруу гэдгээ өөрөө нотолж байгаа тул энэ нь тухайн үед түүхий эдийг дутуу нийлүүлсэн гэдгийг мэдсээр байж түүнийг хүлээн авсан гэж ойлгож болохоор байна.

Хэрэв Т.Азамат дутуу нийлүүлсэн гэж үзсэн тохиолдлыг авч үзвэл, хуулийн 254.3-д ...худалдагч нь гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй... гэж заасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 213 дугаар зүйлд зааснаар барааг дутуу нийлүүлсэн нөхцөлд үүргийг хэсэгчлэн гүйцэтгэсэнд тооцдог ба үүний үр дагавар нь үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар мөн адил шаардлага гаргах эрхээ алдана гэсэн үг. Гэхдээ хуульд тодорхой зохицуулалт байгаа ба энэ нь Иргэний хуулийн 254.3-д заасан зохицуулалт. Гэвч Д.Ганболдын хувьд мөн адил хүлээн авахаас татгалзсан зүйл байхгүй тул 255.1-д зааснаар шаардах эрхээ алдаж байна.

Мөн хуулийн 254.6-д ...худалдагч нь эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн үед эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй... гэж заасан боловч Д.Ганболдын зүгээс энэхүү хуульд заасан боломжоо алдсан. Өөрөөр хэлбэл, уг үйл явдал 3 жилийн өмнөх асуудал байх тул мөн адил шаардлага гаргах хуульд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Ганболдын нэхэмжлэл нь хуульд заасан шаардах эрхээ алдахаас гадна нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадахгүй байх тул анхан шатны шүүхийн 289 дугаартай шийдвэрийн нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу хариуцагч Т.Азаматаас 5313578 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, Иргэний хуулийн худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч Т.Азаматад холбогдуулан малын арьс шир цуглуулахаар өгсөн мөнгөний үлдэгдэл болон худалдуулахаар өгсөн гурилын үнийн үлдэгдэл нийт 5,535,500.00 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс сар тутам 5 хувиар хүү тооцож 6,642,600.00 төгрөг, нийт 12,178,100.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, Т.Азаматаас малын арьс шир цуглуулахаар өгсөн мөнгөний үлдэгдэл болон худалдуулахаар өгсөн гурилын үнийн үлдэгдэл нийт 5,313,578.00 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжилж, үндэслэлээ Т.Азамат нь Алтай сумаас малын арьс шир цуглуулж өгөхөөр 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 6,000,000.00 төгрөгийг бэлнээр авсан ба 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин 3,000,000.00 төгрөг, 1,000,000.00 төгрөгийг түүний хүсэлтээр тус тус шилжүүлж, нийт 10,000,000.00 төгрөг авсан, мөн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 25 кг-ын ууттай 80 уут гурилыг нэг бүрийг нь 15,500.00 төгрөгөөр үнэлж, нийт 1,240,000.00 төгрөгийн үнэтэй гурилыг Т.Азаматаар худалдуулахаар Алтай суманд ачуулсан ба үүнээс зарагдаагүй 43 уут гурилыг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр буцаан авсан, түүнчлэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эхний тээвэрлэлтээр Т.Азаматаас хонины арьс 5ш-ийг тус бүрийг нь 6,000.00 төгрөгөөр үнэлж 30,000.00 төгрөг, ямааны арьс 202ш-ийг тус бүрийг нь 16,611.00 төгрөгөөр үнэлж 3,385,422.00 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2 дахь тээвэрлэлтээр ямааны арьс 37ш-ийг нэг бүрийн 18,500.00 төгрөгөө үнэлж 684,000.00 төгрөг, ямааны арьс 12ш-ийг нэг бүрийн 21,500.00 төгрөгөөр үнэлж 258,000.00 төгрөг, ямааны тарз арьс 10ш-ийг нэг бүрийн 19,000.00 төгрөгөөр үнэлж 190,000.00 төгрөг, хонины арьс 57ш-ийг нэг бүрийн 5,000.00 төгрөгөөр үнэлж 285,000.00 төгрөг, адууны шир 3ш-ийг нэг бүрийн 30,000.00 төгрөгөөр үнэлж 90,000.00 төгрөг, үхрийн шир 11ш-ийг нэг бүрийн 30,000.00 төгрөгөөр үнэлж 330,000.00 төгрөг, бярууны шир 1ш-ийг 15,000.00 төгрөгөөр үнэлж 15,000.00 төгрөг, нийт 1,874,500.00 төгрөгийн түүхий эдийг авсан, одоо үлдэгдэл 5,313,578.00 төгрөгийг[1]нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Т.Азамат нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчээс зарагдсан 37 уут гурилын үнийг хасаж тооцоогүй нь буруу гэж үзээд, эхний тээвэрлэлтээр хонины арьс 62ш-ийг нэг бүрийн 5,000.00 төгрөгөөр үнэлж 310,000.00 төгрөг, ямааны арьс 98ш-ийг нэг бүрийн 20,500.00 төгрөгөөр үнэлж 2,009,000.00 төгрөг, үхрийн шир 11ш-ийг нэг бүрийн 30,000.00 төгрөгөөр үнэлж, 330,000.00 төгрөг, бярууны шир 1ш-ийг 15,000.00 төгрөгөөр үнэлж, 15,000.00 төгрөг, адууны шир 3ш-ийг 30,000.00 төгрөгөөр үнэлж 90,000.00 төгрөг, 37 уут гурилын мөнгө 573,500.00 төгрөг, нийт 3,327,500.00 төгрөг, 2 дахь тээвэрлэлтээр ямааны арьс 202ш-ийг нэг бүрийн 21,500.00 төгрөгөөр үнэлж 4,343,000.00 төгрөг, хонины арьс 186ш-ийг 6,000.00 төгрөгөөр үнэлж 1,116,000.00 төгрөг, зарагдаагүй 43 уут гурилын үнэ 666,500.00 төгрөг, нийт 6,125,500.00 төгрөгийг тус тус өгсөн, одоо 1,787,000.00 төгрөгийн[2] үлдэгдэлтэй гэж тайлбарлажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч Т.Азаматад Баян-Өлгий аймгийн Алтай сумаас малын арьс шир цуглуулахаар нийт 11,240,000.00 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлсэн, мөн 80 уут гурилыг нэг бүрийг нь 15,500.00 төгрөгөөр худалдуулахаар Т.Азаматад хүлээлгэн өгсөн талаар зохигч талууд маргаагүй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан ба ажиллагч Т.Азамат нь Алтай сумын ханшаар малын арьс шир цуглуулж, ажиллуулагч Д.Ганболдод Өлгий сумын ханшаар хүлээлгэн өгөх, мөн Д.Ганболдын Алтай суманд ачуулсан 80 уут гурилыг нэг бүрийг нь 15,500.00 төгрөгөөр худалдан борлуулж, үнийг Д.Ганболдод төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл, энэхүү гэрээ нь хариу төлбөртэй байгуулагдсан бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний хөлс нь Алтай суманд цуглуулах арьс ширний үнэ, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд борлогдох арьс ширний үнийн зөрүүгээр тодорхойлогдож, ажиллагч нь уг үнийн зөрүүгээр хөлс авахаар талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн агуулгад нийцсэн ба ажиллагчийн хөлсний талаар зохигч талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хэргийн 6-7 дугаар талд авагдсан түүний хувийн тэмдэглэл, ХААН банкны орлогын мэдүүлэг, Д.Ганболдын эзэмшлийн ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Ганболдоос Х.Нигметэд мөнгө шилжүүлсэн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Х.Нигметийн үйлдсэн нотариатаар гэрчлүүлэн баримт, Т.Азаматын хувийн тэмдэглэлийн дэвтэр зэрэг баримтуудад үндэслэгдсэн бөгөөд эдгээр баримтуудаар тогтоогдож буй Д.Ганболдоос 10,000,000.00 төгрөгийн бэлэн мөнгийг тохиролцсон ажлыг гүйцэтгэхээр авсан, мөн 80 уут гурилыг Алтай суманд худалдан борлуулж өгөхөөр авч, зарагдаагүй 43 уут гурилыг буцаан ачуулсан, тодорхой тоо, үнэ бүхий малын арьс ширийг цуглуулан, ажиллуулагч Д.Ганболдод хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримтуудын талаар хариуцагч тухайлан маргаагүй, харин зарагдсан гэх 37 уут гурилын үнийг ажиллуулагчид хүлээлгэн өгсөн талаар маргаж, шүүхэд тайлбар ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч тал нэхэмжлэгчийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй боловч хэрэгт өөрийн хувийн тэмдэглэлээс өөр нотлох баримт гаргаж өгөөгүй, ажиллуулагч Д.Ганболдод 37 уут гурилын үнийг нэмээд эхний ачилтаар 3,327,500.00 төгрөгийн, 2 дахь ачилтаар зарагдаагүй гурилын үнийг нэмээд 6,125,500.00 төгрөгийн, нийт 9,453,000.00 төгрөгийн үнэтэй малын арьс шир, гурил, гурилын үнийг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иймээс хариуцагчийн гаргасан зарим тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т зааснаар үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,967.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 289 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар гэснийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасныг баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,967.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК

 

 

 

 

 

 


[1] 11,240,000.00 төгрөг /Т.Азаматын авсан бэлэн мөнгө болон гурилын нийт үнэ/ - 3,385,422.00 /эхний ачилтаар авсан түүхий эдийн үнэ/ - 1,874,500.00 /2 дахь ачилтаар авсан түүхий эдийн үнэ/ - 666,500.00 /зарагдаагүй буюу буцаан авсан 43 уут гурилын үнэ/ = 5,313,578.00 төгрөг.

[2] 11,240,000.00 төгрөг /Т.Азаматын авсан бэлэн мөнгө болон гурилын нийт үнэ/ - 3,327,500.00 /эхний ачилтаар авсан түүхий эдийн үнэ болон зарагдсан гурилын үнэ/ - 6,125,500.00 /2 дахь ачилтаар авсан түүхий эдийн болон зарагдаагүй гурилын үнэ/ = 1,787,000.00 төгрөг.