| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01299/И |
| Дугаар | 182/ШШ2017/01503 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2017/01503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С тоотод байрлах, “Сансит капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ч оршин суух, ХЗ70103008 регистрийн дугаартай, Сартуул овогт Хашхүүгийн Анхцэцэг,
Хариуцагч: Ч оршин суух, УК91091300 дугаарын регистртэй, Боржигон овогт Мягмарын Анхзаяа нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10 198 135 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр, хариуцагч Х.Анхцэцэг, М.Анхзаяа, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баясгалан, иргэдийн төлөөлөгч Д.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сансит капитал БСББ” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяраас гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Анхцэцэг нь өөрийн төрсөн охин М.Анхзаяагийн байгууллагын хөрөнгөнөөс хууль бусаар авч зарцуулсан 22 900 000 төгрөгийг буцаан төлөхөөр тохиролцож 20 000 000 төгрөгийг нь тухайн үедээ төлсөн. Нэгэнт төлбөрийг барагдуулж эхэлсэн тул тэдний гуйлтын дагуу цагдаагийн байгууллагад хандаагүй өнгөрсөн. Гэтэл М.Анхзаяа нь өөр зээлдэгч нараас бэлнээр хүлээн авсан 2 653 330 төгрөгийг хувьдаа авч завшсан нь дахин баримтаар тогтоогдсон, цагдаагаар шалгуулах үед ээж Х.Анхцэцэг нь өмнөх үлдэгдэл 2 900 000 төгрөг, шинээр илэрсэн дутагдал 2 653 330 төгрөгийн хамт буюу нийт 5 553 330 төгрөгийн төлбөрийг зээлийн гэрээ байгуулан 1 жилийн хугацаанд хуваан төлөхийг хүссэн ба үүний дагуу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 5 553 330 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр төлөхөөр ЗГ-80 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар хуулийн хүрээнд талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд байгуулагдсан бөгөөд бид төлбөл зохих төлбөрийг төлөх тодорхой хугацааг Х.Анхцэцэгийн хүссэнээр олгож, түүнийхээ хариуд хүү авахаар харилцан тохиролцсон, талууд сайн дурын үндсэн дээр байгуулж, гэрээг хүлээн зөвшөөрсөн хэлцэл учир зээлийн гэрээгээр олгох мөнгийг олгосонтой адил болно. Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасныг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл мөнгийг зээлдэгчид өмнө нь хүлээлгэн өгсөн тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.-д зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцогдох юм. Иймд Х.Анхцэцэг нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд үндсэн зээл 5 553 330 төгрөг, хүү 3 870 671 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 774 134 төгрөг, нийт 10 198 135 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүү хуваан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Анхцэцэгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч ББСБ-аас 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ямар нэгэн мөнгө шилжүүлэн аваагүй болно. Охин М.Анхзаяа “Сансит капитал ББСБ”-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 22 900 000 төгрөгийн дутагдал гаргасан гэдэг бөгөөд миний бие тухайн үедээ хууль эрх зүйн мэдлэггүй, охиныг маань айлган эрүүгийн хэрэгт шалгуулж байсан зэргээс шалтгаалан би айж балмагдсандаа зээлийн гэрээ байгуулан хүүгийн хамт ББСБ-д төлсөн юм. Хэрэг прокурор дээр байхад би өөрийн хашаа байшингаа барьцаанд өгөөд 24 000 000 төгрөгийн зээлийг Хас банкнаас авч 20 000 000 төгрөгийг аваачиж өгсөн. Тус гэрээний үлдэгдэл төлбөр гэх 2 900 000 төгрөгийг төлөөгүй байсан. Гэтэл “Сансит капитал ББСБ”-ын зүгээс миний охин М.Анхзаяаг байгууллагын хөрөнгөнөөс хууль бусаар авч зарцуулсан байна, 2 653 330 төгрөгийг төл гэж үндэслэлгүйгээр ямар нэг нотлох баримтгүйгээр охин бид хоёроос нэхэж, цагдаад дахин өгнө, охины чинь зүйл анги нь хүндрээд олон жилийн ялтай, шоронд оруулна гэх мэтээр дарамталсан. Би тухайн үед охиноо яаж энэ шүүх цагдаагаар явуулахгүй байх вэ гэдгийг л бодож байснаас баримт бичгийг нь үзэж харах, шалгах боломж байгаагүй, тэгж бодож байгаагүй. Нэхэмжлэгч 2 653 330 төгрөгийг нэмж нийт 5 553 330 төгрөгийг биднээр төлүүлэхээр зээлийн гэрээ байгуулахыг шаардаж, хуулийн ямар ч мэдлэггүйг далимдуулан надаар гарын үсэг зуруулсан нь үнэн. Энэ гэрээ нь Иргэний хуульд заасан зээлийн гэрээ биш учир хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй байна. Мөн бид зээл гэх 5 553 330 төгрөгийг ч төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үедээ хууль, эрх зүйн мэдлэггүй, айж сандарсан байсан учраас миний охин М.Анхзаяа байгууллагад ямар хэмжээний хохирол учруулсан, ямар нотлох баримт байгаа эсэх талаар огт шалгалгүй дарамтанд орж өр төлбөрийг барагдуулахаар гарын үсэг зурсан. Би тухайн ББСБ-ын төл гэсэн бүгдийг л төлж байсан, хамгийн гол нь охиноо л шоронд оруулахгүй байх гол зорилготой байсан. Миний охин М.Анхзаяа ч ямар хохирол яаж гарсныг мэдэхгүй байгаа бөгөөд хохирлыг хүлээн зөвшөөрч байсан удаагүй юм. Үүнээс гадна тус байгууллага нь миний охин М.Анхзаяагийн дээд сургууль төгссөн дипломыг одоог хүртэл өгөхгүй барьцаалж байгаа бөгөөд үүнээс болж охин маань өөр ажилд орж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч М.Анхзаяагаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сансит капитал ББСБ”-ын шаардсан 5 553 330 төгрөгийг ээж бид 2 аваагүй юм. Намайг ажлаас гаргахын тулд над дээр дутагдал үүсгэн, миний хариуцаж байсан бүх баримт бичгийг шар торонд хийгээд аваад гарсан, би тухайн үед өөрийн цүнхээ ч авч чадаагүй цагдаа дээр ирсэн. Намайг хорино, олон жилийн ялтай хэрэгт шоронд явуулна гэсэн. Ингэж цагдаагаар шалгуулахад нь би өөрөө ч айсан, ээж маань ч айж тэр төлбөрийг нь хурдан төлье гээд л баримтыг үзэж харалгүй шууд 20 000 000 төгрөг авчраад өгсөн. Тэгээд 2 900 000 төгрөг үлдсэн гэж байсан. Намайг цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын прокурорын 138 дугаар тогтоолоор “М.Анхзаяа хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч, яллагдагч нар сайн дураараа эвлэрсэн, яллагдагч М.Анхзаяа нь учруулсан хохирлоо бүрэн төлсөн” гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний ээж Х.Анхцэцэг тухайн үед намайг шоронд орох вий гэж айсандаа “Сансит капитал ББСБ”-ын дарамтанд орж нийт 20 000 000 гаруй төгрөгийг Хас банкаас зээлээр аван төлсөн. Тэгтэл үүнээс гадна 2015 онд “Сансит капитал ББСБ”-аас намайг дахин дутагдал гаргасан гэж ямар нэг баримтгүйгээр 2 653 330 төгрөгийг нэхсэн. “Сансит капитал ББСБ” нь тухайн үед намайг дахиад баривчилна, шоронд хийнэ, өмнөх хэргийг сэргээгээд дааж давшгүй ялтай хэрэгт шоронд оруулна гэж дарамтлаад байсан учир миний ээж Х.Анхцэцэг айж өмнөх хэргийн хохирлын үлдэгдэл гэх 2 900 000 төгрөг дээр уг 2 653 330 төгрөгийг нэмж нийт 5 553 330 төгрөг дээр зээлийн гэрээг “Сансит капитал ББСБ”-тай байгуулсан. Түүнээс биш бид гар дээрээ бодитоор мөнгө хүлээж авсан зүйл байхгүй, надтай ч зээлийн гэрээ байгуулсан зүйл байхгүй, би ямар нэгэн гэрээний үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сансит капитал ББСБ” ХХК нь хариуцагч Х.Анхцэцэг, М.Анхзаяа нарт холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ-80 тоот зээлийн гэрээний үүрэгт 10 198 135 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Х.Анхцэцэг, М.Анхзаяа нар үл зөвшөөрч эрүүгийн хэргийн хохирлын үлдэгдэл гэх 2 900 000 төгрөг дээр 2 653 330 төгрөгийг нэмж, нийт 5 553 330 төгрөгийг биднээр төлүүлэхээр зээлийн гэрээ байгуулахыг шаардаж, хуулийн ямар ч мэдлэггүйг далимдуулан айлган дарамталж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, бид дээрх мөнгийг бэлнээр хүлээж аваагүй, зээлийн гэрээ биш учир хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй, М.Анхзаяа надтай зээлийн гэрээг огт байгуулаагүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Хариуцагч М.Анхзаяа нь 2014 оны 03 дугаар сараас 06 дугаар сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч “Сансит капитал ББСБ” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа гүйлгээний орлого болох 9 000 000 төгрөгийг хувьдаа завшиж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдсан байх ба тэрээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1.-д заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, учруулсан хохирлыг бүрэн төлөн хохирогч, яллагдагч нар сайн дураар эвлэрсэн гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3.-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын прокурорын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 138 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.
2. Энэ хугацаанд хариуцагч Х.Анхцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 9 000 000 төгрөг, түүнээс гадна 11 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь Х.Анхцэцэгийн эзэмшлийн Хас банк дахь 1060033108 тоот дансны хуулга, зохигчдын тайлбараар нотлогдож, дээрх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй байна.
3. Нэхэмжлэгч “Сансит капитал ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Х.Анхцэцэгтэй 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ЗГ-80 тоот зээлийн гэрээг үндэслэн зээлийн гэрээний үүрэг болон хугацаа хэтрүүлсэний хариуцлага нэмэгдүүлсэн хүү гэж тодорхойлон 10 198 135 төгрөгийг шаардсан байна.
Дээрх зээлийн гэрээгээр хариуцагч Х.Анхцэцэг нь 5 553 330 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сард 3 хувийн хүүтэйгээр, зээл болон зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлөхөөр тохиролцжээ.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийнэтгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж тус тус заасан ба үүний дагуу хариуцагч Х.Анхцэцэгийн зээлийн дансанд зээл болох 5 553 330 төгрөгийг шилжүүлсэн баримтгүй байх тул “Сансит капитал ББСБ” ХХК болон Х.Анхцэцэг нарын хооронд Иргэний хулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч тал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 22 900 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 2 900 000 төгрөг, М.Анхзаяагийн бусад зээлдэгч нараас бэлнээр хүлээн авч байгууллагад төлөөгүй шинээр илэрсэн дутагдал болох 2 653 330 төгрөг, нийт 5 553 330 төгрөгийн зээлийн гэрээг хариуцагч Х.Анхцэцэгийн хүсэлтээр байгуулсан гэж тайлбарласнаас үзэхэд ч дээрх зээлийн гэрээний зүйл болох 5 553 330 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлээгүй болох нь нотлогдсон бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ЗГ-80 тоот зээлийн гэрээг бичгээр үйлдсэнээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл болохгүй юм.
5. Нөгөөтэйгүүр хариуцагч М.Анхзаяа нь бусад зээлдэгч нарын байгууллагад төлөх ёстой 2 653 330 төгрөгийг авч завшсан гэсэн тайлбар баримтаар нотлогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан “Сансит капитал ББСБ”-ын орлогын баримтууд, Төрийн банкны орлогын мэдүүлэг зэрэг нь хариуцагч М.Анхзаяаг тус байгууллагад иргэдээс төлсөн 2 653 330 төгрөгийг ашиглаж завшсан, дутагдуулсан гэх үйл баримтыг нотлох үндэслэл болохгүй байгаагийн дээр М.Анхзаяа болон нэхэмжлэгч байгууллагын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй, хариуцагч М.Анхзаяа нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн гэрээний үүрэг хүлээгээгүй байна.
6. Иймд нэхэмжлэгч “Сансит капитал ББСБ” ХХК нь хариуцагч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн үлдэгдэл гэх 2 900 000 төгрөг, шинээр илэрсэн дутагдал гэх 2 653 330 төгрөг, нийт 5 553 330 төгрөгийг зээлийн гэрээний зүйл гэж үзэн уг мөнгөнд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээлийн хүү, 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан хэтэрсэн хугацааны хүүд 3 870 671 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 774 134 төгрөгийг тус тус тооцон шаардах эрхгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй, гэрээний үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн зээл, зээлийн үнэ болох хүү, гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 10 198 135 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлйин 453.1.-д зааснаар хариуцагч Х.Анхцэцэг, М.Анхзаяа нараас 10 198 135 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэгч “Сансит капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА
Т.НАРАНЦОГТ