Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1347

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, дунд гол гудамж,  29-95 тоотод оршин суух, Тайж овогт Батсүхийн Төгсөөгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу-17, Жэй Жэй цамхаг, 1-р давхарт байрлах /оршин байгаа/ Турк Эйрлайнс Улаанбаатар төлөөлөгчийн газарт холбогдох,

Борлуулагч, тээврийн ажилтны ажилд эргүүлэн томилж ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхээс шийдвэр гаргах өдрөөр тасалбар болгож цалин хөлсийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасандорж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Майзориг, өмгөөлөгч Л.Баасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.                                   

ТОГТООХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралд гаргасан тайлбартаа: “Намайг Батсүхийн Төгсөө гэдэг, миний бие 2014 оны 6-р сарын 1-ний өдрөөс Турк Эйрлайнсийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт 074732 дугаартай борлуулагч, тээврийн ажилтнаар ажилд орсон.

Өнөөдрийг хүртэл мэргэжлийн хувьд ахиц дэвшихийг чармайж, үйлчилгээг чанартай өгөхийг хичээж байгууллагын нэр хүндийг эрхэмлэн ажиллаж ирсэн.

Ажиллах хугацаандаа ёс зүйн зөрчил болон алдаа дутагдал гаргаж сахилгын хариуцлага хүлээж байгаагүй. Ажлын хамт олонтойгоо нийцтэй харилцдаг.

Гэтэл уг төлөөлөгчийн газрын шинээр томилогдож ирсэн захирал Али Өздэмир 2017 оны 01-р сарын 31-ний өдөр намайг үндэслэлгүйгээр жирэмсэн байхад ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг хүчээр дарамталж цуцалсан үйлдэл гаргалаа.

Дээрхи шийдвэрийг би хууль бус, үндэслэлгүй гэж үзэж шүүхэд гомдол гаргаж байна.

Болсон үйл явдлын хувьд:

  1. Өмнө байсан захирал солигдож 2016 оны 3-р сарын 01-ний өдөр Али Өздэмир хэмээх хүн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирлаар шинээр томилогдон ирсэн. Би өмнөх захиралтайгаа нийцтэй, ажил үүргээ хэвийн, сайн гүйцэтгэж байсан.
  2. Миний хувьд бие давхар болсон бөгөөд жирэмсэн болсон гэдгээ 2016 оны 8-р сарын 05-ны өдрийн ажлын хурлын дараа хамт олондоо дуулгаж жирэмсний амралтаа авах болсон, цаашид тодорхой хугацаанд ажиллахгүй болсон талаараа мэдэгдсэн. Тухайн үед миний нөхцөл байдлыг сонсоод Али Өздэмир сайнаар хүлээн аваагүй.
  3. Үүнээс хойш долоо хоногийн дараа (2016 оны 8-р сарын 12-ны өдөр) намайг болон төлөөлөгчийн газрын маркетингийн ажилтан Батсүхийн Сарнайн хамт Али Өздэмир өрөөндөө дуудаж уулзсан.

Батсүхийн Сарнай нь миний төрсөн эгч бөгөөд манай хамт олон болон өмнөх удирдлага биднийг сайн мэддэг байсан. Улмаар уг уулзалт дээр Али Өздэмир би төвөөс зааварчилгаа авсан, төвөөс эгчтэйгээ ажиллаж байгаа учир хоёуланг чинь ажлаас халах чиглэл ирсэн. Та бүхэн бол террористууд, Та бүхнийг ажлаас хална гэх зэргээр дарамт үзүүлж эхэлсэн. Улмаар Та 2-ын аль нэг үлдэх шаардлагатай, хамгийн сүүлд чи ажилд орсон, бас нэгэнт жирэмсэн болсон бол ажлаас гарах өргөдлөө өгч эгчийгээ авар, ажлын байраа суллаж өөр хүнд өг гэж тулгаж эхэлсэн. Улмаар Али Өздэмир байр сууриа илэрхийлэхдээ чи ажилд орохдоо төрсөн эгчийгээ Турк Эйрлайнст ажилладаг гэж мэдэгдээгүй нь гэмт хэрэг тул ажлаас халах эрхтэй гэж хэлсэн. Бүх хамт олон өмнөх захирал мэдэж байсан зүйлийг гэнэт яагаад гаргаж ирснийг би ойлгоогүй бөгөөд тайлбарлаж хэлсэн боловч хүлээн аваагүй, үл тоомсорлосон.

  1. Миний хувьд дээрхи шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа хэлсэн. Хамт олон, удирдлага маань бидний сайн мэддэг бөгөөд нийлэмжтэй ажиллаж ирсэн. Миний ажлын байр борлуулагч, тээврийн ажилтан бөгөөд Б.Сарнай нь маркетингийн ажилтнаар ажилладаг. Бидний ажил үүргийн хувьд холбоо байхгүй бөгөөд бид бие биедээ ажлын үүргээ гүйцэтгэх явцдаа олгож байсан давуу тал, давуу байдал тогтоож байгаагүй.
  2. Ингээд би ажлаас халагдахгүй, Танд хувийн өөр зорилго байгаа нөхцөлд би жирэмсний амралтаа аваад 3 жил ажиллах боломжгүй нөхцөл бүрдсэн байгааг анхаарахыг хүссэн боловч Али Өздэмир “чи жирэмсний амралтаа аваад явсан ч төлөөлөгчийн газрын орон тоон дээр чиний нэр харагдах, ажлын байр хадгалагдах болно”, тийм учраас Б.Сарнайн хамт чамайг ажлаас халах хэрэг гарна гэсэн. Улмаар би удаа бүрийн шахаа, ажлын байрны зохисгүй харьцаа, сэтгэлзүйн дарамтаас шалтгаалж, хамгийн гол нь надаас болж эгчийг минь ажлаас халах, дарамтлах, ургийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөхөөс сэрэмжилж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахаар шийдсэн. Дарамт шахалт үзүүлж байсан тухай бүр ажлын хамт олон маань байсан учир хөндлөнгөөс гэрчлэх олон этгээд байгаа бөгөөд тухай бүрийн яриа, дарамт, шахалтыг бичлэг болгон баталгаажуулсан учир шүүхэд гаргаж өгөх болно.
  3.  Байгууллагын зүгээс намайг 2017 оны 10-р сарын 03-наас хойш ажиллуулаагүй бөгөөд Али захиралд би жирэмсний амралтаа авах хүртлээ ажиллаад ажлаас чөлөөлөгдөх болно гэдгээ хэлэхэд чи буруу ойлгосон юм шиг байна зөвхөн нийгмийн даатгалыг чинь бид төлөх болно төвөөс чамайг маш яаралтай ажлаас гаргахыг хүсэж байгаа учир шууд хална гэж хэлсэн.
  4.  Би зөвхөн эмнэлгийн байгууллагын зүгээс тогтоосон чөлөөний хуудас, амралтын хугацаагаар тасалбар болгон ажил үүргээ дуусгах нөхцөлтэйгээр ажлаас гарч болох талаараа хүсэлтээ илэрхийлсэн. Гэтэл Али Өздэмир захирал “төвөөс чамайг ажлаас гарах өргөдөл өгүүлэхийг хүсэж байгаа болохоос наймаалцахыг хүсээгүй” гэж мэдэгдсэн. Улмаар би ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахаа больсон бөгөөд хэрэв ажлаас халвал цаашид хуулийн байгуулагад хандах болохоо мэдэгдсэн. Гэтэл Али Өздэмир хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2016 оны 10-р сарын 12-ны өдөр дахин дуудаж уулзаад:

За яахав, чиний хүсэлтийг хүлээн авъя, жирэмсний амралтаа автлаа ажлаа хий, 2017 оны 05-р сарын 31-ний өдрийг хүртэл байгууллага нийгмийн даатгалыг чинь төлөхийг зөвшөөрсөн гэж хэлсэн. тийм учраас би гомдол маргаан дэгдээгээгүй бөгөөд жирэмсний амралтаа авах хүртэл ажиллахаар өргөдлөө буцааж аваагүй үлдээсэн бөгөөд ажлаас гарах нөхцөл шалтгаанаа үнэн зөвөөр бичиж өгсөн.

  1. Гэтэл удалгүй нийгмийн даатгалыг чинь төлөх нь үнэн учир хүсэлтээ бичгээр албажуулж өгөөд ажлаас гар хэмээн дарамталж өөрийн бэлдсэн өргөдөл дээрээ гарын үсэг зурж өгөхийг шаардсан. Уг бэлдсэн өргөдөл дээр ажлаас гарах шалтгааныг худлаа бичсэн байсан бөгөөд намайг жирэмсэн болсон тул гэр бүлдээ анхаарал хандуулах болон үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа гэсэн шалтгаан бичсэн байсан. Уг бэлдсэн хүсэлтийг би шүүхэд эхээр нь гаргаж өгсөн. Мөн чи гэмт хэрэг үйлдсэн учир тэрнийгээ залруул, эгчийгээ авар гэсэн.
  2. Би уг хүсэлтэнд гарын үсэг зурахаас татгалзсан бөгөөд өөрийн нөхцлийг тусгаж өөрчилсөн хувийг өгөхөд уурлаж өөрийн бичсэн, хэлсний дагуу өөрчлөхийг шаардаж өөрийн урдчилж бэлдсэн өргөдөл дээрээ гарын үсэг зуруулж авсан. Уг өргөдлийн утга агуулгатай би сайтар танилцаж амжаагүй бөгөөд өөрт өгсөн хувийг үзвэл 2017 оны 01-р сарын 31-ний өдрийг хүртэл жирэмсний амралтаа автал ажиллаж, 2017 оны 05-р сарын 31-ний өдрөөр ажлаа хүлээлгэж өгөхөөр гарын үсэг зуруулсан байсан. Гарын үсэг зурах явцад байгууллагын нягтлан бодогч н.Бүжилмаа хамт байлцсан бөгөөд миний хүсэл зоригийг гэрчилж чадна. Надад үнэндээ уг хүсэлтэд дурьдсан хүсэл зориг огт байгаагүй, байсан нөхцөлд би шүүхийн байгууллагад гомдол гаргахгүй.
  3. Миний жирэмсний амралтын хугацааны хувьд 2017 оны 01-р сарын 11-нд эмчийн үзлэгт орсон бөгөөд жирэмсний амралтын хугацааг 2017 оны 02-р сарын 03-ны өдрөөс эхлэхээр урьдчилан тогтоосон. Энэ нөхцөл байдлаа хэлэхэд захирал өргөдөл дээрээ 2017 оны 02-р сарын 03-ны өдрөөр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж өгнө үү гэсэн өгүүлбэрийг оруулж өг гээд миний өргөдлийг буцаан өгсөн. Ингээд 2017 оны 01-р сарын 18-нд намайг дахин дуудаад өргөдлөө өг гэхэд нь би Таны хэлсний дагуу өргөдөл өгч чадахгүй учир нь “Улсаас өгөх жирэмсний минь амралтын мөнгийг бүтнээр нь олгохгүй” гэж хэлтэл Али захирал уурлаж орилон надруу балаа авч шидэн, компьютерийнхээ гарыг дээшээ авч шидсэн. Үүнтэй зэрэгцэн ажлынхан маань захирлын өрөөнд орж ирцгээн даргыг тайвшир гэж хэлцгээсэн ба захирал бүгдийг нь гарцгаа гэж орилсон. Тухайн үед би 8 сартай жирэмсэн байсан бөгөөд Али захирлын дарамтанд маш их хэцүү байсан, айсандаа болоод гэдэс минь хатуурч толгой эргэн ухаан алдах гэж байгаа юм шиг болоод тэгээд өрөөнөөс гарсан.
  4. 2017 оны 01-р сарын 31-ний өдөр захирал намайг өрөөндөө дахин дуудсан бөгөөд хуульч, нягтлантайгаа хамт уулзсан. Хуульч надад чиний өгсөн өргөдлийн дагуу чамайг ажлаас халах тушаал гаргалаа, тушаал энэ байна гээд Али Өздэмирийн гарын үсэгтэй тушаал өгсөн. Би ажлаас гарах өргөдөл өгөөгүй, ажлаас гарахыг ч хүсэхгүй байна гэтэл надад урьд нь минии өгч байгаад буцаан авсан өргөдлийн зургийг нь дарсан хуулбарыг ширээн дээр гаргаж тавиад энэ чиний өргөдөл байна үүн дээр үндэслэн ажлаас халлаа гэсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны №33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 14 дүгээр зүйлд “Хөдөлмөрийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-Д заасан “хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэж тусгайлан заасан байна.

Миний хувьд ажлаас гарах хүсэл, шаардлага байгаагүй бөгөөд удаа дараагийн хувийн дарамт, ойр дотны хүмүүст минь учруулж байгаа дарамтаас шалтгаалж арга буюу эмнэлгиин байгууллагын зүгээс тогтоосон чөлөөний хуудас, амралтын хугацаагаар тасалбар болгон ажлаас гарч болохыг илэрхийлсэн байтал өөрийн дур зоргоор дур мэдэн ажлаас халсныг зөвшөөрөхгүй.

Надад дарамт, шахалт үзүүлж байсныг хамтран ажиллагсад маань гэрчилнэ. Али захирлын хийсэн үйлдэл бүхэлдээ үндэслэлгүй, хувийн шинжтэй үйлдлүүд тул намайг ажлаас үндэслэлгүйгээр санаатай халсан үйлдэл гэж үзэж байна.

Намайг ажлаас халсан бодит шалтгаан нь юу гэвэл миний оронд өөр хүн авах, өөрийн хүнийг авах гэж ажлаас халах шалтгаанаа хайсан болов уу гэж бодож байна.

Иймд намайг борлуулагч, тээврийн ажилтны ажилд эргүүлэн томилж ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхээс шийдвэр гаргах өдрөөр тасалбар болгож цалин хөлсийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж баталгаажуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний төлөөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын иргэн Батсүхийн Төгсөөгөөс 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тус Төлөөлөгчийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Нэхэмжлэгч буюу Батсүхийн Төгсөө нь Турк Эйрлайнс компанийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газарт Худалдаа, тээврийн ажилтнаар ажиллаж байсан нь үнэн бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг өөрийнх нь хүсэлтээр дуусгавар болгосон билээ.

Ийнхүү хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэсэн бөгөөд уг гэрээг дуусгавар болгосон тус Төлөөлөгчийн газрын Захирлын 2 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд бүрэн нийцэж байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан (|) ажилд эргүүлэн тогтоолгох: (II) ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах; (III) нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад                                                                                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.

Нэхэмжлэгч Б.Төгсөө хариуцагч Турк Эйрлайнс Улаанбаатар төлөөлөгчийн газарт холбогдуулан Борлуулагч, тээврийн ажилтны ажилд эргүүлэн томилж ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхээс шийдвэр гаргах өдрөөр тасалбар болгож цалин хөлсийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэгч Б.Төгсөө өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа мөнгөн дүнгээр тооцож илэрхийлсэнийг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхээс шийдвэр гаргах өдрөөр тасалбар болгож цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 2 дугаар сарын 1,2,3-ны өдрийн ажилгүй байсан хугацааны цалин нийт 195 ам.доллар буюу 479.591 төгрөг (бодолт: 1ам.доллар=2459.4 төг, 195 ам.доллар*2459.4 төг = 479590.8 төгрөг) гаргуулах. Тодруулбал, ам.долларын бодолтыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул шүүх хуралдаан болсон өдөр Монгол банкны веб хуудсанд мэдээлж зарласан ам.долларын ханшны 2017 оны 2 дугаар сарын 1-ны өдрийн лавлагааг үндэслэв.

Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 2 дугаар сарын 1,2,3-ны өдөр нийт 479.591 төгрөгөөс, 2017 оны 2 дугаар сарын 4-өөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөдөлмөрийн хөлсөний доод хэмжээгээр тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж баталгаажуулах гэж тус тус тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч ам.долларын ханшны лавлагааг авсан хугацаа, хэлбэр, эх сурвалж ам.долларын ханшны мэдээлэл зэрэгт маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Б.Төгсөө нь Турк Эйрланс ХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 199 тоот тушаалаар Турк Эйрланс ХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын худалдаа тээврийн ажилтанаар ажиллаж байсан бөгөөд Турк Эйрланс ХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 02 тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар худалдаа тээврийн ажилтан Б.Төгсөөг 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Турк Эйрланс ХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 02 тоот тушаал, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 5, 7-8, 12 дугаар тал/

                       

Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлахад ажил олгогчийн ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан байх ёстой. Гэтэл ажилтан Б.Төгсөө нь өргөдөлд гарын үсэг зурж хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлахдаа  ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлд орж, өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр бус өргөдөл гаргасан байна.  Үүнээс үзвэл Б.Төгсөө ажлаас халагдах хүсэл зориг өөрт нь байгаагүй гэж үзэх үндэстэй.

 

Хэрэгт хариуцагчаас ажилтны өргөдлийг эх хувиар нь бус хуулбарыг өгсөн байна. Мөн шүүх хурал дээр хариуцагч нэхэмжлэгчийн өргөдлийн эх хувь нэхэмжлэгч талд байгаа гэж тайлбарлаж байна. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Төгсөөгийн өгч байгаад буцаан авсан өргөдлийн зургийг нь дарсан хуулбарыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Үүнээс үзвэл ажил олгогч ажилтны хүсэлтийн зургийг нь дарсан хуулбарыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 6 дахь тал/ Мөн Б.Төгсөө нь ажил олгогчийн буцааж өгсөн өргөдлийг эргүүлж ажил олгогчид өгөөгүй нь  ажлаас халагдах хүсэл зориг өөрт нь байгаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч ажлаас гарах өргөдөлд гарын үсэг зурсан, мөн нэхэмжлэгчид хариуцагч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал гаргахаас өмнө  өргөдлийг засуулахаар буцааж өгсөн талаар хариуцагч, нэхэмжлэгч нар маргаагүй.

 

Ажилтны ажлаас гарах өргөдөл гэдэг нь бичгийн хүсэлтийг эх хувиар байхыг шаарддаг тул ажил олгогч өргөдлийн зургийг нь дарсан хуулбарыг үндэслэж Турк Эйрланс ХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 02 тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасантай нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд Б.Төгсөөг “Турк Эйрлайнс”-Улаанбаатар төлөөлөгчийн газрын худалдаа тээврийн ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, Турк Эйрлайнс” ХК-аас Б.Төгсөөд 479.591 төгрөг гаргуулж, Б.Төгсөөгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 2 дугаар сарын 1,2,3 өдөр 479.591 төгрөгөөс, 2017 оны 2 дугаар сарын 4 өөс 2017 оны 6 дугаар сарын 15 хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож дэвтэрт бичилт хийхийг “Турк эйрлайнс”-Улаанбаатар төлөөлөгчийн газрын удирдлагад үүрэг болгож, хариуцагчаас 15.038 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Зохигчид хариуцагч Турк Эйрлайнс Улаанбаатар төлөөлөгчийн газрыг түүний захирал Али Өздэмир бүрэн төлөөлөх эрх олгогдсон талаар маргаагүй буюу хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь Итгэмжлэл, Хөрөнгө оруулагчийн карт сунгах тухай, Али Өздэмирын томилолт, Хөрөнгө оруулагчийн карт, Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, “Турк Эйрланс” компанийн төлөөлөгчийн газрын дүрэм зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 55-56, 78, 86, 87,88, 95, 101-116/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Төгсөөг Турк Эйрлайнс- Улаанбаатар төлөөлөгчийн газрын худалдаа тээврийн ажилтаны ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Турк Эйрлайнс” ХК-аас Б.Төгсөөд 479.591 төгрөг гаргуулж олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Төгсөөгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 2 дугаар сарын 1,2,3 өдөр 479.591 төгрөгөөс, 2017 оны 2 дугаар сарын 4-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15 хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож дэвтэрт бичилт хийхийг “Турк эйрлайнс”-Улаанбаатар төлөөлөгчийн газрын удирдлагад үүрэг болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 15.038 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.НАРАНЦОГТ