Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1821

 

 

Б.Төгсөөгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01347 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Төгсөөгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Турк Эйрлайнс” ХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, баталгаажуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Майзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасандорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Майзориг,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Төгсөө нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Турк Эйрлайнсийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт 074732 дугаартай борлуулагч, тээврийн ажилтнаар ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа ёс зүйн зөрчил болон алдаа дутагдал гаргаж сахилгын хариуцлага хүлээж байгаагүй. Гэтэл уг төлөөлөгчийн газрын шинээр томилогдож ирсэн захирал Али Өздэмир 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Төгсөөг жирэмсэн байхад үндэслэлгүйгээр ажлаас халж, хүчээр дарамталж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.Төгсөөгийн хувьд жирэмсэн байсан бөгөөд жирэмсэн болсон гэдгээ 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хурлын дараа хамт олондоо дуулгаж жирэмсний амралтаа авах болсон, цаашид тодорхой хугацаанд ажиллахгүй болсон талаараа мэдэгдсэн. Үүнээс хойш долоо хоногийн дараа (2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр) Али Өздэмир Б.Төгсөө болон төлөөлөгчийн газрын маркетингийн ажилтан Б.Сарнайн хамт өрөөндөө дуудаж уулзсан. Улмаар уг уулзалт дээр Али Өздэмир “би төвөөс зааварчилгаа авсан, төвөөс эгчтэйгээ ажиллаж байгаа учир хоёуланг чинь ажлаас халах чиглэл ирсэн, та бүхнийг ажлаас хална” гэх зэргээр дарамт үзүүлж эхэлсэн. Б.Төгсөө нь удаа дараагийн дарамт шахалт, ажлын байрны зохисгүй харьцаа, сэтгэлзүйн дарамтаас шалтгаалж, өөрөөс нь болж эгчийг нь ажлаас халах, дарамтлах, ургийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөхөөс сэрэмжилж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахаар шийдсэн. Байгууллагын зүгээс Б.Төгсөөг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажиллуулаагүй бөгөөд Б.Төгсөө нь “би жирэмсний амралтаа авах хүртлээ ажиллаад ажлаас чөлөөлөгдөх болно” гэдгээ захиралдаа хэлэхэд “чи буруу ойлгосон юм шиг байна, зөвхөн нийгмийн даатгалыг чинь бид төлөх болно, төвөөс чамайг маш яаралтай ажлаас гаргахыг хүсэж байгаа учир шууд хална” гэж хэлсэн. Улмаар би ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахаа больсон бөгөөд хэрэв ажлаас халвал цаашид хуулийн байгуулагад хандах болохоо мэдэгдсэн. Гэтэл Али Өздэмир хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин дуудаж уулзаад “чиний хүсэлтийг хүлээн авъя, жирэмсний амралтаа автлаа ажлаа хий, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгууллага нийгмийн даатгалыг чинь төлөхийг зөвшөөрсөн” гэж хэлсэн. Ийм учраас би гомдол маргаан дэгдээгээгүй бөгөөд жирэмсний амралтаа авах хүртэл ажиллахаар өргөдлөө буцааж аваагүй үлдээсэн бөгөөд ажлаас гарах нөхцөл шалтгаанаа үнэн зөвөөр бичиж өгсөн. Гэтэл удалгүй нийгмийн даатгалыг чинь төлөх нь үнэн учир хүсэлтээ бичгээр албажуулж өгөөд ажлаас гар хэмээн дарамталж өөрийн бэлдсэн өргөдөл дээрээ гарын үсэг зурж өгөхийг шаардсан. Уг бэлдсэн өргөдөл дээр ажлаас гарах шалтгааныг худлаа бичсэн байсан бөгөөд намайг жирэмсэн болсон тул гэр бүлдээ анхаарал хандуулах болон үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа гэсэн шалтгаан бичсэн байсан. Уг бэлдсэн хүсэлтийг би шүүхэд эхээр нь гаргаж өгсөн.

Жирэмсний амралтын хугацааны хувьд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эмчийн үзлэгт орсон бөгөөд жирэмсний амралтын хугацааг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэхээр урьдчилан тогтоосон. Энэ нөхцөл байдлаа хэлэхэд захирал “өргөдөл дээрээ 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж өгнө үү” гэсэн өгүүлбэрийг оруулж өг гээд миний өргөдлийг буцаан өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр захирал намайг өрөөндөө дуудсан бөгөөд хуульч, нягтланыг хамт уулзаж хуульч “надад чиний өгсөн өргөдлийн дагуу чамайг ажлаас халах тушаал гаргалаа, тушаал энэ байна” гээд Али Өздэмирийн гарын үсэгтэй тушаал өгсөн. Б.Төгсөө нь “ажлаас гарах өргөдөл өгөөгүй, ажлаас гарахыг ч хүсэхгүй байна” гэтэл урьд нь миний өгч байгаад буцаан авсан өргөдлийн зургийг нь дарсан хуулбарыг ширээн дээр гаргаж тавиад энэ чиний өргөдөл байна үүн дээр үндэслэн ажлаас халлаа гэсэн. Миний хувьд ажлаас гарах хүсэл, шаардлага байгаагүй бөгөөд удаа дараагийн дарамт, ойр дотны хүмүүст минь учруулж байгаа дарамтаас шалтгаалж арга буюу эмнэлгийн байгууллагын зүгээс тогтоосон чөлөөний хуудас, амралтын хугацаагаар тасалбар болгон ажлаас гарч болохыг илэрхийлсэн байтал өөрийн дур зоргоор дур мэдэн ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Иймд борлуулагч, тээврийн ажилтны ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхээс шийдвэр гаргах өдрөөр тасалбар болгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж баталгаажуулж өгнө үү гэжээ.

           

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Турк Эйрлайнс” ХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт худалдаа, тээврийн ажилтнаар ажиллаж байсан нь үнэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийнх нь хүсэлтээр дуусгавар болгосон. Ийнхүү хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэсэн бөгөөд уг гэрээг дуусгавар болгосон тус Төлөөлөгчийн газрын захирлын 2 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд бүрэн нийцэж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Төгсөөг Турк Эйрлайнс-Улаанбаатар төлөөлөгчийн газрын худалдаа тээврийн ажилтаны ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Турк Эйрлайнс ХК-иас Б.Төгсөөд 479 591 төгрөг гаргуулж олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Төгсөөгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 2 дугаар сарын 1, 2, 3 өдөр 479 591 төгрөгөөс, 2017 оны 2 дугаар сарын 4-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15 хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож дэвтэрт бичилт хийхийг Турк эйрлайнс-Улаанбаатар төлөөлөгчийн газрын удирдлагад үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 15 038 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Майзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: …Шүүх шийдвэр гаргахдаа ямарваа нэг нотлох баримтыг үндэслэл болголгүй, гагцхүү хариуцагчийн гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн хэт нэг талыг баримталсан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлахад ажил олгогчийн ямар нэг шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргах ёстой. Гэтэл ажилтан Б.Төгсөө нь өргөдөлд гарын үсэг зурж, хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлахдаа ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлд орж, өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр бус өргөдөл гаргасан байна" гэж дүгнэжээ. Гэтэл энэхүү дүгнэлтийг ямар нотлох баримтад үндэслэн хийсэн болох, уг нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаагаа шүүх тодорхой дурдаагүй байна. Хэргийн оролцогчид өөрийн гаргаж байгаа тайлбар, татгалзлын үндэслэлийг өөрсдөө нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарыг нотолсон ямарваа нэг баримт шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй. Шүүх ийнхүү нотлох баримтуудаар бус хийсвэрлэн дүгнэлт хийж, бодит байдлыг гуйвуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг шүүх зөрчсөн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид ямарваа нэг дарамт шахалт үзүүлсэн асуудал огт байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримт нь ор үндэсгүй. Бодит байдалд Б.Төгсөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг монгол хэлээр гаргасныг үндэслэн хариуцагч Турк Эйрланс компанийн 2017 оны 62 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Монгол хэл дээрх эхийг тэрээр өөрөө аваад эргүүлж өгөөгүйг шүүх хуралдааны үед яригдсан. Б.Төгсөө түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон тус компанид өргөдөл хүлээн авах дэвтэр, гэрчийн мэдүүлэг бусад баримтаас үзэхэд Б.Төгсөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг бичгээр гаргасан гэдэг нь тогтоогддог.

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтын талаар гагцхүү хариуцагчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг үндэслэн бодит байдалд нийцээгүй илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хэрэгт хариуцагчаас ажилтны өргөдлийг эх хувиар нь биш хуулбарыг өгсөн байна. Мөн шүүх хурал дээр хариуцагч нэхэмжлэгчийн өргөдлийн эх хувь нэхэмжлэгч талд байгаа гэж тайлбарлаж байна. Б.Төгсөөгийн өгч байгаад буцаан авсан өргөдлийн зургийг нь дарсан хуулбарыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Үүнээс үзвэл ажил олгогч ажилтны хүсэлтийн зургийг нь дарсан хуулбарыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь тогтоогдож байна" гэжээ. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн "Нотлох баримт гаргуулах тухай" захирамжийн хариуг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 4 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлсэн байдаг. Уг хариуд "Захирамжид дурдсан нотлох баримт болох Б.Төгсөөгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн өргөдлийн эхийг ажлаас чөлөөлөх шийдвэр гарсны дараа түүний хүсэлтийн дагуу өөрт нь буцаан өгсөн. Тиймээс уг өргөдлийн эхийг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна" гэж тодорхой тайлбарласан байдаг. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлийн эх хэргийн материалын 9 дүгээр хуудаст авагдсан байхад шүүхээс ямар нотлох баримтыг үндэслэн "зургийг нь дарсан хуулбар" гэдэг зүйл дурдаад байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн эх өргөдлийг хэзээ, хэрхэн нэхэмжлэгч авсан талаар ямарваа нэг нотлох баримтыг шүүх шинжлэн судлаагүй бөгөөд энэ талаар талуудаас тайлбар мэдүүлэг аваагүй. Фото зургийг үндэслэн халсан гэдэг асуудлыг гагцхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурлын үед ярьсан боловч үүнийг нотлоогүй.

Шүүх хэргийн материалд авагдаагүй нотлох баримтыг үндэслэн цалинг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Шийдвэрт тус компанийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот тушаалыг хууль бус гэж, эсхүл хүчингүй болгох асуудлыг шийдвэрлээгүй атлаа Б.Төгсөөг өмнөх ажилд эгүүлэн тогтоож (хэзээнээс гэдэг нь тодорхойгүй), ажилгүй байсан хугацааны гэх 3 өдрийн цалинг гаргуулсан нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн. Хавтаст хэрэгт Б.Төгсөөгийн цалингийн тухай ямар нэгэн баримт, түүний ажлаас халагдах үед цалинжиж байсан ам.долларын ханшны талаарх баримтууд байхгүй байхад шүүгч өөрөө санаачлан интернетийн лавлагааг авах замаар ажилласан нь талууд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг илтэд зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Төгсөө нь хариуцагч Турк Эйрлайнс ХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, баталгаажуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Төгсөөг Турк Эйрлайнс ХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж ажлаас нь чөлөөлсөн байна.                                                /хх-5 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага 02 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Төгсөөг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагч нь намайг өөрийн эгчтэйгээ хамт ажилладаг, жирэмсэн болсон тул ажлаас гарах өргөдлөө өг нийгмийн даатгалыг чинь баталгаажуулна гээд  өөрийн бэлдсэн өргөдөл дээрээ гарын үсэг зурахыг шаардсан. Уг бэлдсэн өргөдөл дээр намайг жирэмсэн болсон тул гэр бүлдээ анхаарал хандуулах болон үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа гэж худлаа бичсэн байсан. Жирэмсний амралтыг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр эхлэхээр тогтоосноо хэлтэл 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөр гэрээг цуцалж өгнө үү гэсэн өгүүлбэр оруул гээд надад уг өргөдлийг буцааж өгсөн байтлаа ажлаас халсан тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид ажлаас халагдах өргөдлийн эхийг буцаан өгснийг үгүйсгээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтан өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг ажил олгогчид хүлээлгэж өгснөөр ажил олгогч ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах учиртай. Гэтэл нэхэмжлэгч Б.Төгсөө нь өөрийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хариуцагчид хүлээлгэж өгсөн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзнэ.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж Б.Төгсөөг Турк Эйрлайнс ХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын худалдаа тээврийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Турк Эйрлайнс ХК-иас Б.Төгсөөд 497 591 төгрөгийг гаргуулж, Б.Төгсөөгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 2 дугаар сарын 1, 2, 3-ны өдрийн 479 591 төгрөгөөс, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож дэвтэрт бичилт хийхийг Турк Эйрлайнс Улаанбаатар төлөөлөгчийн газрын удирдлагад үүрэг болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын “Өргөдөл, гомдол бүртгэх дэвтэр”-ээс үзвэл нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч бүртгэсэн гэх огноо зөрүүтэй байгаа нь уг баримтыг эргэлзээтэй баримт гэж үзэх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Б.Төгсөөг ажлаас чөлөөлсөн тушаал гарсны дараа ажилтны ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг өөрт нь буцааж өгсөн гэх үйл баримтыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул энэ талаар хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 040 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ