Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 48

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал, Ц.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Ч.Даваасүрэн, хохирогч Б.Батбилэг, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шинжээч эмч Д.Тогтох, гэрч Ч.Баяраа, Ш.Баясгалан, Ч.Алтанхуяг, С.Солонго,шүүгдэгч Ш.Оргилсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Оргилсайханд холбогдох эрүүгийн 201621000083 дугаартай, 153/2016/0051/Э/ индекстэй хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Наран овогт Шагдарын Оргилсайхан, 1972 оны 09 дүгээр сарын 20-нд төрсөн, 43 настай, ПЕ:72092015 регистрийн дугаартай, эрэгтэй, яс үндэс захчин, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын 4-р багт  оршин суух, урд ял шийтгэлгүй гэх

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Оргилсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шууд санаатай Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00.00 цагийн орчим хохирогч Б.Билэг-Өрнөхийн хэвлийн тус газар хутгалж санаатайгаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Оргилсайхан мэдүүлэхдээ: ... 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хөдөөнөөс малын тариа авах гэж сумын төв орсон. Сумын төвд н.Цоож гэдэг айлд очиж хоёр шил архи хүмүүстэй уучихаад гэрлүүгээ буцсан. Замдаа хадам ах н.Дамбаагийнд очсон чинь ах байхгүй эхнэр нь н.Цэцэгмаа байсан… Эгч  нэг шил 0,5 грамын нэр нь мэдэгдэхгүй архи гаргаж ирээд эгч хоёулаа уувал согтоно, гадна айлд очиж ууцгаая гээд айлд ороод бас нэг эгчтэй хамт гурвуулаа тэр архийг уучихаад орой 22 цаг өнгөрч байхад явсан. Тэгээд замдаа Зэрэг сумын Эхэн багийн төвд очиж явтал миний мотоциклийн гэрэл гэнэт унтарчихсан. Би мотоциклоо орхичихоод урагшаа ах Шомбонынд очоод Баясгалан гэдэг залууг дуудаж сэрээгээд мотоциклийн гэрэл унтарчихлаа асаагаад өг гээд багажаа авчих гэсэн. Тэгээд Ш.Баясгалан өөрийнхөө мотоциклийн багажийг аваад бид 2 мотоцикль дээр ирж гэрэл засаж асаасан. Мотоциклийн хойд талын дохионы гэрэл салчихсан байсан тэгээд авчихъя гэж бодоод татсан чинь утсанд тээгэлдээд тасрахгүй байхаар нь би Ш.Баясгалангийн мотоциклийн багажнаас хутгыг нь аваад тасалж байтал Ш.Баясгалан явъя суу гэхээр нь би мотоциклийн араар нь гартаа хутга барьсан чигтээ суусан. Бид урагшаа эргээд байшингийн булангаар тойроод гараад ирсэн чинь Ш.Баясгалангийн малын хотны захад нэг машин ирчихсэн мал дотор нэг хүн явах шиг болсон. Ш.Баясгалан хүмүүс хулгай хийх гэж байна гэж бодоод шууд яваад очсон чинь малын хажуугаас Ш.Цэдэнбал ирсэн. Ш.Баясгалан нь Ш.Цэдэнбал руу хандаж яагаад хулгай хийгээд байгаа юм гэж загнасан. Би мотоциклоос буугаад машинд ямар хүмүүс хулгай хийх гэж явж байгааг харах гэж очсон чинь машины жолооч нь Б.Билэг-Өрнөх байсан. Тэгэхээр нь би Б.Билэг-Өрнөхөд хандаж хулгай хийх гэж байгаа юмуу? гэхэд Б.Билэг-Өрнөх надруу хандаж өө чи байсан юмуу одоо чамайг алах боломж таарлаа гээд бууж ирээд миний нүүрлүү цохисон тэгэхээр нь би тэр хооронд  уур хүрээд хутга барьж явсан гараараа цохисон. Миний барьж явсан хутга Б.Билэг-Өрнөхийн гэдэсрүү орчихсон байсан. Тэгээд Б.Билэг-Өрнөх намайг хутгалчихлаа гэж хэлсэн тэр хооронд би балмагдаад байж байтал тэд нар машинаа асаагаад хурдан эмнэлэг явцгаая гээд явсан. Ш.Баясгалан бид хоёр үлдээд манай гэрлүү явж би эхнэртээ хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Манай эхнэр  бид гурав буцаад сумын төв явж байтал замд сумын цагдаа ирээд намайг сумын төврүү авч явсан.... Би тухайн үед хутгаа баруун гартаа барьсан байсан. Тэр хутга Ш.Баясгалангийн мотоциклийн багажин дотор байсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбилэг  мэдүүлэхдээ:2016 оны 04 дүгээр сарын 12-наас 13-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад би гэртээ амарч байсан. Нэг хүн цонх цохиод байхаар нь хэн бэ? гэж асуусан чинь Ч.Баяраа байсан. Ч.Баяраа манай ахыг хүнд хутгуулсан гэж надад хэлсэн. Би  эмнэлэг дээр очиход 23:40 цаг болж байсан. Ах маань хүлээн авахын өрөөнд орон дээр хэвтэж байсан. Фудволк нь цус болчихсон байсан. Тэгээд юу болсон талаар ахаас асуухад Ш.Оргилсайхан “намайг хутгалсан” гэж хэлсэн. Тухайн үед ахын ухаан санаа нь эрүүл ярьж байсан. Эмч ирээд ахын биеийг үзсэн чинь хэвлийн хэсэгт нь сэмж, цус хоёр гарч байсан. Аймгаас түргэн тусламж дуудсан. Эмч аймгийн түргэн тусламж ирэх хооронд шингэн хийсэн. Аймгийн эмч ирээд яаралтай хагалгаа хийх хэрэгтэй гэхэд суманд хагалгаа хийх боломж байхгүй байсан. Аймгийн эмч 2 цусны донортой ирсэн. Сумаас 2 цусны донор олсон. Цус сэлбэж хийгээд даралт нь дийлээгүй. Тэр үед ам цангаж байна гэхээр нь хүйтэн ус, хүйтэн цай өгсөн.  Өглөө 06 цаг өнгөрч байхад ус уумаар байна гэхээр ус авчирч өгсөн. Ус уугаад 2 удаа бөөлжөөд дотуур цус алдаад өнгөрсөн. Ийм л зүйл болсон. Ахыгаа алдчихаад гомдохгүй гэхийн арга алга, ард нь үлдсэн 4 хүүхдийн бага нь хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхэд байдаг.  Ахын минь орон зай  их үгүйлэгдэж байна. Энэ хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 гэж зүйлчилсэнийг хөнгөн зүйлчилж байна гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3-д зааснаар зүйчлүүлэх саналтай байна гэв.

Гэрч Ш.Баясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Зэрэг сумын Эхэн багийн төв дээр мал маллаж амьдардаг. 2016 оны 04 дүгээр сарын 12-ны орой гэртээ унтаж байтал шөнийн 00.00 цаг өнгөрч байх үед манайд Ш.Оргилсайхан согтуу уйлчихсан ирээд мотоцикль асахгүй байна, асаагаад өгөөч би гэртээ харимаар байна гэсэн. Би багажаа аваад бид хоёр мотоцикль дээр нь ирээд асаах гэтэл том гэрэлгүй болчихсон байсан. Тэгээд янзалж аваад би мотоциклийг нь бариад манай гадаа ирсэн. Манай гэрийн хотны захад нэг Портер машин ирчихсэн байхаар нь би очиход манай ах Ш.Цэдэнбал байсан.Би ах руугаа яагаад архи уугаад яваад байгаа юм бэ? гэж хэлсэн. Ш.Оргилсайхан миний ард явж байснаа “муусайн хулгайчууд ингэдэг байхгүй юу” гээд машин руу явсан.Би тэр хооронд унаж ирсэн мотоциклио унтраагаад данхраадах хооронд машины руль дээр сууж байсан жолооч Б.Билэг-Өрнөх “оо энэ балай чинь намайг хутгалчихлаа” гээд машинаас буугаад машины ар тал руу явсан. Би Ш.Оргилсайхан дээр яваад очсон чинь Ш.Оргилсайхан гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь би 2 гарнаас нь бариад авсан чинь хутгаа тэнд хаячих шиг болсон. Тэр хооронд нөгөө машинтай хүмүүс ах Ш.Цэдэнбал машин бариад яваад өгсөн. ...Ш.Оргилсайханыг сумын цагдаа ирээд аваад явсан. Тухайн үед Б.Билэг-Өрнөх цагаан өнгийн фудволктой байсан, гэдэс хавиар нь нэлээн цус гоожиж байсан ... гэжээ./ 1-р хх10-12-р тал/

Гэрч Ш.Цэдэнбал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн үед талийгаач, Ч.Баяраатай хамт явж байгаад надтай тааралдсан. Тэгээд танай малын гэрт очоод ирье гэхээр нь би за гэж гэсэн. Бид гурав тэдний малын гэр дээр очиж байж байгаад орой 22 цаг өнгөрч байхад сумын төв рүү явсан. Замдаа Эхэн багийн төв дээр машины досол халаад байхаар нь хөргөөх санаатай зогсохоор нь би бууж бие зассан. Нөгөө хоёр машин дотор сууж байсан. Намайг бие засаад ирэх хооронд мотоцикльтой хүмүүс ирээд зогссон. Тэгтэл удалгүй  талийгаач “Цэдэнбал аа намайг хутгалчихлаа, машин барь, хурдан эмнэлэг явъя” гэсэн. Би хүрээд ирсэн чинь талийгаач машинаас буугаад нөгөө талаар нь суусан. Би машин бариад бид сумын эмнэлэг дээр ирсэн. Намайг машин асаахаас өмнө харахад талийгаачийн гэдэс хэсгээр хутгалчихсан, шар өөх гарчихсан харагдсан. Нэг удаа хутгалсан байсан,би сандраад машинаа асаагаад хөдөлсөн. Ч.Баяраа ах шархыг нь дараад явсан. Бид гурав нэг  шил архи хувааж уусан байсан. Эмнэлэг хүрэх замд талийгаач ухаан санаа зүгээр байсан гэжээ. / 1-р хх 13-14-р тал/

Гэрч Ч.Баяраа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрээсээ гараад сумын төвийн гудамжаар явж байтал талийгаач Б.Билэг-Өрнөх таараад манай малын гэрт очоод ирье хамт явъя гэхээр нь бид хоёр бас Ш.Цэдэнбал ахыг аваад Портер машинаар нь тэдний малын гэр лүү явсан. Тэдний малын гэрт очиход хүүхдүүд нь байхгүй байсан. Бид нар орой болсон байсан тул буцъя гээд буцаж явтал машины досол халаад Эхэн багийн төв дээр машинаа хөргөхөөр зогссон. Ш.Цэдэнбал бие засна гээд буусан, талийгаач бид хоёр машинд сууж байсан. Талийгаач машиныхаа хаалгыг онгойлгоод нэг хөлөө жийсэн тамхи татаж байсан. Нэг мотоцикль ирээд хажууд зогссон. Мотоциклийн араар нь сууж явсан Ш.Оргилсайхан бууж ирээд “ чи муу энд явдаг вий” гээд талийгаачийг татаад гэдэс хавьд нь цохих шиг болсон. Талийгаач “энэ муу намайг хутгалчихлаа” гээд машинаас буусан. Ш.Цэдэнбал аа  хурдан явъя гээд машины араар тойрч ирээд машинд суусан. Ш.Цэдэнбал машин асааж сумын эмнэлэг явсан. Машины гэрэл асаагаад харахад талийгаачийн гэдэсний хажуу хэсэгт задарсан цаад талаас нь өөх харагдсан байдалтай маш их цус алдаж байсан.Би эмнэлэг хүртэл гэдсийг нь гараараа дарсаар явсан. Тэгээд талийгаачийг эмнэлэгт хэвтүүлээд дүүд нь очиж хэлсэн... гэжээ. / 1-р хх-15-16-р тал/

Гэрч М.Отгончимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...2016 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө 00.40 цагийн үед хутгалуулсан хүн ирлээ гээд эмнэлэг дээр ирэхэд Б.Билэг-Өрнөх хутгалуулсан ирсэн байсан. Шархыг үзэхэд 5-6 см урттай, сэмж нь гарсан байсныг буцааж хийх гэтэл нэлээд шаналгаатай болохоор болиод даралт, халууныг үзэж, төвөөс зөвлөгөө аваад шингэн залгасан. Ам хатаад байна гэхээр нь шингэн зүйл өгөхөд буцаагаад бөөлжиж байсан. Аймгаас дуудлагын баг ирэх хүртэл шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Б.Билэг-Өрнөх үгийн зөрүүгүй хутгалуулчихлаа гэж байсан... гэжээ./1-р хх32-33-р тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-3-6-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 24-р тал/

Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1-р хавтас 25-р тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 26-р тал/

Өвчний түүх /1-р хавтас 38-45-р тал/

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хавтас 67-68-р тал/

2016 оны 04 сарын 26-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Хохирогч Б.Билэг-Өрнөхийн цогцост гэмтэл учирсан байна.

2.Хохирогч Б.Билэг-Өрнөхийн цогцост баруун хавирганы нумны доод хэсгээр 4.7х1 см хэмжээтэй нэвтэрсэн шарх, элэгний дунд хэсэгт 4.7х1 см хэмжээтэй зүсэгдсэн шарх, хэвлийн доогуур цус алдалт, духны зүүн дээд хэсэгт 0.8х 0.2 см зулгаралт, зүүн чихний хэсэгт 0.5х 0.1 см , 0.7х0.1 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Хохирогч Б.Билэг-Өрнөхийн биед учирсан духны дээд хэсэгт 0.8х0.2 см зулгаралт, чихний хэсэгт 0.5х0.1 см,0.7х 0.1 см зулгаралт гэмтлүүд нь  Хууль зүй, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д ... шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонгм байдлаар алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг / биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Хохирогч Б.Билэг-Өрнөхийн биед учирсан баруун хавирганы нумны доод хэсгээр 4.7х1 см хэмжээтэй нэвтэрсэн шарх, элэгний дунд хэсэгт 4.7х1 см хэмжээтэй зүсэгдсэн шарх, хэвлийн доогуур цус алдалт гэмтлүүд нь Хууль зүй, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д:...цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах,тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээж, үнхэлцэг,хэвлийн хөндийд цус хий, агаар хуралдсан гэмтэл хамаарна гэх шалгуур  шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Хохирогч Б.Билэг-Өрнөхийн цогцост учирсан гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

6. Хохирогч Б.Билэг-Өрнөх нь хэвлийн нэвтэрсэн шарх болон элэгний дунд хэсэгт үүссэн шархны улмаас дотуур цус алдаж нас барсан.

7. Хохирогч Б.Билэг-Өрнөхийн цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй

8. Хохирогч Б.Билэг-Өрнөхийн цогцосноос авсан гэх цус нь моноклон оношлуураар А/II / бүлгийн цустай байна

9. Хохирогч Б.Билэг-Өрнөх нь нас бараад 12-24 цаг орчим болсон байх боломжтой. Дүгнэлт гаргасан.Шинжээч эмч Д.Тогтох  гэжээ./1-р хх-69-70-р хуудас/

2016 оны 05 сарын 03-ны  өдрийн 2881 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай цоорхой гарсан байна .

2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны хар ногоон дотоожинд гарсан 2 см уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан, улаан хүрэн оймсонд гарсан 8х5 мм цоорхой хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан, цайвар ягаан фудволконд гарсан 42.5 см, 59 см, 37.5 см, 3.6 см, хар ногоон дотоожинд гарсан 21.5 см, 30.5 см уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна.

3.Уг хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан  уранхайнууд нь хэрэг үйлдэгдэх үед гарсан байж болно. Дүгнэлт гаргасан. Лабораторийн эрхлэгч цагдаагийн х/ч Ж.Баттулга гэжээ. /1-р хавтасны 106-107-р тал /

2016 оны 04 сарын 28-ны өдрийн 3701 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Ш.Оргилсайханы гэх цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн ба Б.Билэг-Өрнөхийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй. Цусанд илэрсэн 1.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна ... Дүгнэлт гаргасан. Химийн шинжээч, цагдаагийн д/ч А.Батбаяр гэжээ. /1-р хх-114-р хуудас/

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлтэнд: 1. Ш.Оргилсайхан нь Архинд донтох өвчний 2-р үе шат / дунд зэргийн хараат байдал/, 2. Ш.Оргилсайхан нь оюун ухаан гүйцэт хөгжсөн,үйлдлийн учир холбогдлыг бүрэн ойлгох чадвартай. 3.Ш.Оргилсайхан нь мэдүүлэг өгөх чадвартай. 4.Ш.Оргилсайхан нь хэрэг хариуцах чадвартай гэжээ. Дүгнэлт гаргасан. Комисс: эмч Б.Анхбаяр, Л.Эрдэнэцэцэг, П.Хосбаяр / 1-р хавтас 118-121-р/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 216-218-р тал/

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтас 220-221-р тал/

Хувцсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас 222-225-р тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Ш.Оргилсайхан нь согтуугаар Ховд аймгийн Зэрэг сумын эхэн багийн нутаг дэвсгэрт 2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Б.Билэг-Өрнөхийн хэвлийн тус газар хутгалж “ ... баруун хавирганы нумны доод хэсгээр 4.7х1 см хэмжээтэй нэвтэрсэн шарх, элэгний дунд хэсэгт 4.7х1 см хэмжээтэй зүгсэгдсэн шарх, хэвлийн доогуур цус алдалт гэмтлүүд ...” учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбилэгийн ... намайг эмнэлэгт очиход Б.Билэг-Өрнөх ах эмнэлэгийн хүлээн авахын өрөөнд хэвлийн хэсгээс нь цус гараад цусандаа хутгалдсан орон дээр хэвтэж байсан. ... Ш.Оргилсайхан хутгалчихлаа гэж хэлсэн. ... өмссөн байсан фудболк нь цус болчихсон байсныг хайчлаад тайлсан чинь хэвлийн хүйсний дээд хэсэгт нэлээн том сэмж гарчихсан хажуугаар нь цус гоожиж байсан гэх мэдүүлэг / хх 213 –р тал/

Гэрч Ш.Баясгалангийн 2016 оны 04 дүгээр сарын 13-нд мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... портер маркийн машин  ирээд зогсчихсон байсан. ... ах Ш.Цэдэнбал ах явж байсан би  яагаад архи уугаад яваад байна гэж хэлсэн тэгтэл Ш.Оргилсайхан миний араас муусайн хулгайчууд ингэдэг байхгүй юу? гээд буугаад машины зүг явсан. Би мотоциклио унтраагаад данхраадах хооронд машины рүль дээр сууж байсан жолооч Б.Билэг-Өрнөх “оо энэ балай чинь намайг хутгалчихлаа” гээд буугаад машины ар тал руу явсан. Би Ш.Оргилсайхан дээр яваад очиход Ш.Оргилсайхан хутга барьчихсан зогсож байсан. Би хоёр гарнаас нь бариад авахад баруун гартаа хутгатай байсан тэнд хутгаа хаячих шиг болсон.  Тэр хооронд нөгөө машинтай хүмүүс Ш.Цэдэнбал машин бариад яваад өгсөн ... гэх мэдүүлэг /хх 10-11-р тал/

Гэрч Ш.Цэдэнбалын 2016 оны 04 дүгээр сарын 13-нд мөрдөн байцаалтанд өгсөн ...Эхэн багийн төв дээр ирээд машины досол халаад зогссон. Би бие засаад зогсож байхад нэг мотоцикль ирээд машины хажууд зогссон. Тэгээд удалгүй талийгаач Ш.Оргилсайхан  намайг хутгалчихлаа гээд намайг машин барь хурдан эмнэлэг явъя гэсэн. Би хүрч очиход талийгаач машинаасаа буугаад нөгөө тал руу явж байсан. Би машин асаагаад эмнэлэг явсан. Талийгаач замд явж байхдаа ухаан санаа эрүүл зүгээр байсан... гэх мэдүүлэг /хх 13-14-р тал/

Гэрч Ч.Баяраа 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Эхэн багийн төв дээр иртэл машины досол халаад зогссон. Ш.Цэдэнбал буугаад бие засахаар явсан. Талийгаач бид хоёр буулгүй машины кабинд сууж байсан. Талийгаач рүль дээрээ тамхи татаад сууж байтал талын хашааны урд үзүүрээр нэг мотоцикль бид нарыг чиглээд бараг зэрэгцэж зогсоод араар нь сууж явсан Ш.Оргилсайхан бууж ирээд “чи муу энд явдаг вий “ гээд талийгаачийг татаад гэдэс хавьд нь цохих шиг болсон. Тэгтэл талийгаач "энэ муу намайг хутгалчихлаа” гээд машинаас буусан. Ш.Цэдэнбалаа машинаа асаа хурдан эмнэлэг явъя гэж хэлээд хаалгаар орж ирээд суусан. Ш.Цэдэнбал машинаа асаагаад хөдөлсөн.  Гэрэл асаагаад харахад талийгаачийн гэдэсний хажуу хэсэгт задарсан цаад талаас нь өөх харагдсан, маш их цус гарсан байдалтай байсан. Би шууд гараараа дараад явсаар байгаад эмнэлэгт ирээд орон дээр хэвтүүлсэн гэх мэдүүлэг / хх 15-16-р тал/

               Гэрч М.Отгончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 00 цаг 40 минутын үед

 эмнэлэгээс сувилагч н.Урангоо залгаад манай эмнэлэгт хутгалуулсан хүн ирлээ гэсэн. Тэгэхээр нь би яваад очиход хүлээн авахын өрөөнд орон дээр бүх бие нь болон өмсөж явсан хувцас нь цус болчихсон шингэн хийсэн байдалтай хэвтэж байсан. ... Б.Билэг-Өрнөхөөс асуухад “муу пизда чинь үгийн зөрөөгүй шаачихдаг байна ш дээ” гэж хэлсэн. /угаасаа этгээд яриатай хүн байгаа юм/ Хутгалуулсан газрыг үзэхэд биеийн баруун хавирганы доод хэсэгт нэлээн том шарх дотроос нь сэмж  гараад ирчихсэн байсан. Би буцаагаад хийх гэсэн боловч маш их зовиур шаналгаатай байхаар нь хийхээ болиод даралт үзсэн 70:40, зүрхний цохилт 1 мин 110-тай байсан. Нилээн их цус гарсан гэж хэлсэн. Мэс заслын эмч н.Шижэрээгээс зөвлөгөө авахад шингэн залгаж дуудлага дууд гэж хэлсэн. Би өвчтний биеийн байдлыг танилцуулж төвийн 103 залгаж дуудлагын баг дуудсан. ... хамт явсан Ч.Баяраа, Ш.Цэдэнбал хоёр эмнэлэг дээр авч ирсэн гэсэн. Эмнэлэг дээр хоёр талаас нь сугадаад өргөж орж ирсэн гэсэн гэх мэдүүлэг /хх 32-33-р тал/

2016 оны 04 сарын 26-ны өдрийн 14 дугаартай ...  хохирогч Б.Билэг-Өрнөхийн цогцост гэмтэл учирсан байна. Хохирогч Б.Билэг-Өрнөхийн цогцост баруун хавирганы нумны доод хэсгээр 4.7х1 см хэмжээтэй нэвтэрсэн шарх, элэгний дунд хэсэгт 4.7х1 см хэмжээтэй зүгсэгдсэн шарх, хэвлийн доогуур цус алдалт, духны зүүн дээд хэсэгт 0.8х 0.2 см зулгаралт, зүүн чихний хэсэгт 0.5х 0.1 см , 0.7х0.1 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хохирогч Б.Билэг-Өрнөхийн биед учирсан духны дээд хэсэгт 0.8х0.2 см зулгаралт, чихний хэсэгт 0.5х0.1 см,0.7х 0.1 см зулгаралт гэмтлүүд нь  Хууль зүй, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д ... шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг / биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал,өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогч Б.Билэг-Өрнөхийн биед учирсан баруун хавирганы нумны доод хэсгээр 4.7х1 см хэмжээтэй нэвтэрсэн шарх, элэгний дунд хэсэгт 4.7х1 см хэмжээтэй зүсэгдсэн шарх, хэвлийн доогуур цус алдалт гэмтлүүд нь Хууль зүй, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д:...цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус хий, агаар хуралдсан гэмтэл хамаарна гэх шалгуур  шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна . Хохирогч Б.Билэг-Өрнөхийн цогцост учирсан гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.  Хохирогч Б.Билэг-Өрнөх нь хэвлийн нэвтэрсэн шарх болон элэгний дунд хэсэгт үүссэн шархны улмаас дотуур цус алдаж нас барсан.  Хохирогч Б.Билэг-Өрнөхийн цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй.  Хохирогч Б.Билэг-Өрнөхийн цогцосноос авсан гэх цус нь моноклон оношлуураар А/II / бүлгийн цустай байна.  Хохирогч Б.Билэг-Өрнөх нь нас бараад 12-24 цаг орчим болсон байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-69-70-р тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3-5 тал/зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Ш.Оргилсайханыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч Ш.Оргилсайханы гэм буруутай үйлдлээс хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан байх ба талийгаачийг оршуулахад гарсан зардалд 12863950 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч оршуулгын зардалд 12863000 төгрөг, өмгөөллийн хөлс 3000000 төгрөгийг төлсөн байна. Харин  тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүү, хүүхдийн асаргааны зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүссэн тул баримтаа бүрдүүлэн иргэний журмаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

            Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /1-р хх 142 тал/, шүүгдэгч Ш.Оргилсайхан  хэрэг хариуцах чадвартай нь шүүх сэтгэцийн 07 тоот дүгнэлт / 1-р хх 118-121-р тал/-ээр нотлогдож байна.

            Шүүгдэгч Ш.Оргилсайхан гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүний цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн, согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн 3701 дугаар дүгнэлтээр /хх 114 тал/ тогтоогдсон ба согтуугаар гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал болох ба  гэм буруугаа хүлээж, чин санаанаас гэмшиж байгааг  дурдах нь зүйтэй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаачийн өмсөж явсан цагаан саарал өнгийн фудболк нэг ширхэг, саарал өнгийн эсгий материалтай нэг хос улавч, нийт урт нь 25.5 см урттай, ажлын хэсгийн урт 15 см хэмжээтэй, цэнхэр өнгийн бариултай, бариулыг тойруулан скочоор ороосон хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн өмчлөлийн 200 толгой бог мал битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбилэгийн шүүгдэгчийн зүйлчлэлийг 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3 болгон өөрчлүүлэхийг хүссэн байх ба шүүгдэгч Ш.Оргилсайхан нь хавтаст хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбилэгийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд өгсөн ... 2004 онд талийгаач архи ууж явж байгаад хөдөө талийгаачтай таарч Ш.Оргилсайханаар зодуулсан байсан. Ш.Оргилсайхан эхнэрээ талийгаачтай харддаг байсан учраас зодсон сурагтай байсан. 2007 онд талийгаач Ш.Оргилсайхан хоёр бас эхнэрээсээ болж зодолдсон юм шиг байна. Эхнэрээ талийгаачтай хардаж тэрнийг талийгаач хүлээн зөвшөөрөхгүй маргаантай байсан байгаа юм, ээжид Ш.Оргилсайхан эхнэрээ надтай хардаад байх юм гэж хэлсэн байсан гэх мэдүүлэг /хх 213 тал/, гэрч С.Солонгын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт...талийгаач маань энэ муу Ш.Оргилсайхан эхнэрээ надтай хардаж байна, би тэр муу авгайтай яах билээ дээ гэж ярьж байсан гэх мэдүүлэг, гэрч Ч.Алтанхуягийн... би уурандаа Ш.Оргилсайханд танай авгай чинь Б.Билэг-Өрнөхтэй унтдаг гэсэн ш дээ, чи муу мэдэхгүй байгаа юм уу гэх мэтээр хэлсэн. Би тэрнийг уур хүргээд байхаар нь уурандаа тэгж хэлсэн гэх мэдүүлэг /хх 29 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Оргилсайхан хувийн таарамжгүй харьцааны улмаас талийгаач Б.Билэг-Өрнөхийг хутгалж, санаатай алсан болох нь тогтоогдож байна.

Гэрч Ч.Баяраа, Ш.Баясгалан, Ш.Цэдэнбал нарын мэдүүлгээр шүүгдэгч Ш.Оргилсайхан нь гэмт хэрэг үйлдэхдээ болон үйлдснийхээ дараа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл баримт тогтоогдоогүй, хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлууд болох танхайн болон өс хонзонгийн сэдэлтээр шүүгдэгч Ш.Оргилсайхан нь Б.Билэг-Өрнөхийг алсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Гэрч С.Солонго, гэрч Ш.Цэдэнбал, Ш.Баясгалан нарыг мөрдөн байцаалтанд гэрчээр байцаалт авахдаа  төрөл садангийн холбоотой байхад Үндсэн хуульд заасан эрхийг тайлбарлаж өгөөгүй 2 дахь удаагаа мэдүүлэг авсан байх ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4, 84 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэрч Ш.Баясгалангийн /1-р хх 178х/, Ш.Цэдэнбалын /1-р хх 180-р хуудас/ мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Наран овогт Шагдарын Оргилсайханыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Наран  овогт Шагдарын Оргилсайханыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 /арав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ш.Оргилсайханд оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ш.Оргилсайханы  2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 105 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал 12863000 төгрөг, өмгөөллийн хөлс 3000000 төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаачийн өмсөж явсан цагаан саарал өнгийн фудболк нэг ширхэг, саарал өнгийн эсгий материалтай нэг хос улавч, нийт урт нь 25.5 см урттай, ажлын хэсгийн урт 15 см хэмжээтэй, цэнхэр өнгийн бариултай, бариулыг тойруулан скочоор ороосон хутга нэг ширхэгийг тус тус устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгчийн өмчлөлийн 200 толгой бог мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

8.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.