Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 299

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багт оршин суух, Атантай овогт Саяхатын Жанузахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч С.Жанузах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, гуравдагч этгээд Ш.Хойшыбай, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.

Нэхэмжлэгч С.Жанузах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн С.Жанузах би Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажилд томилох тухай 28 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд бүр томилогдсон юм. С.Жанузах би ажлаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан юм. С.Жанузах би ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэж явж байтал сумын Засаг даргын тамгын газрын даргаар шинээр томилогдсон М.Төкен нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 32 тоот тушаал гарган уг тушаалын 2-р заалтаар сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор Саяхат овогтой Жанузахыг томилсон 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 тоот тушаалыг хүчингүй болгосон юм. Ингээд би ямар ч шалтгаангүй ажилгүй болж одоо гудамжинд гарч байгаа явдалд гомдолтой байна.

Ажил олгогч намайг ажилд авахад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. С.Жанузах миний ажлыг авсан Ш.Хойшыбай нь өндөр насны тэтгэвэрт гарсан ба тэрээр жолоочийн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүхийн байгууллагад хандаж байгаагүй юм. М.Төкен нь Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дагуу Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авсан боловч миний тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэж гарган тэмдэг дарсан нь хууль бус гэж үзэж байна. С.Жанузах миний ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн юм. С.Жанузах би өдөр бүр цагаа бүртгүүлж ажлаа хийж явсан юм.

Иймд С.Жанузах би жолоочийн үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа учраас Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Жанузах шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Би Ш.Хойшыбай гэдэг хүнийг ажлаасаа гарах гэж байна гэж сонсоод түүний оронд ажилд орохоор сумын Засаг дарга болон Тамгын газрын даргад хүсэлт гаргасан. Ингээд 2 сар ажилласан. Энэ хугацаанд машин байгаагүй, жижиг сажиг хар бор ажил хийж байсан. Одоо хуучин ажилдаа эргэж орох хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Төкен шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие М.Төкен тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2009 оноос эхлэн ажиллаж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдөж, улмаар захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2016 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөс эхэлж тус сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилогдсон.

1. 2016 оны 12 дугаар сарын 15-ний өдөр ажлаа хүлээн авахад сумын Засаг даргын тамгын газрын гэрээт ажилтан болох сахиул, галч, жолооч гэсэн 3 орон тоонд илүү 3 хүн авч ажиллуулснаар Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж батлагдсан цалингийн санг хэтрүүлж орон тооны хязгаараас илүү хүн ажиллуулсан зөрчил гарсан юм. Иймд энэхүү төсөвт холбоотой зөрчлийг арилгаж төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг үндэслэн Сумын Засаг дарга К.Хуаныштай зөвшилцөн орон тооноос илүү ажиллаж байсан галч Т.Ерболат, сахиул Х.Жанболат, жолооч С.Жанузах нарыг хуулийн дагуу чөлөөлсөн гэж үзэж байна.

2. Сумын Засаг даргын тамгын газрын жолооч Ш Хойшыбай нь 1990 оноос тамгын газрын жолоочоор тасралтгүй 26 жил ажилласан ажилтан юм. 2015 онд миний бие М.Төкен сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхад жолооч Ш.Хойшыбайтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж байсан. 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Сумын Засаг даргын тамгын газрын даргаар түр томилогдон ажилласан X.Кеншибайн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусах хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар жолоочийн үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байсан ажилтанд мэдэгдэхгүйгээр даан ганц ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн явдал хууль бус үйлдэл гэж үзэж байна.

3. Сумын Засаг даргын тамгын газрын дарга X.Кеншибай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 тоот тушаалаар жолооч Ш.Хойшыбайг тэтгэврийн насанд хүрсэн гэж үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хуулинд нийцээгүй гэж үзэж байна. Үүний үндэслэл нь: 1. Жолооч Ш.Хойшыбай 1958 онд төрсөн, 58 настай учраас тэтгэвэр авах эрх үүсээгүй байна.

2.Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байтал жолооч Ш.Хойшыбайд огт мэдэгдээгүй нь буруу байна.

3.Жолооч Ш.Хойшыбай ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаж байгаагүй, тэтгэмжийн асуудал шийдэгдээгүй байхад ажлаас нь чөлөөлсөн нь хуулинд нийцээгүй гэж ойлгож байна.

4. Сумын Засаг даргын тамгын газрын албаны машин нь 2015 оны 9 дүгээр сараас эхлэн огт яваагүй, учир нь гурван дугуй нь хагарсан, коровк нь эвдрэлтэй запас тавих санхүүгийн боломжгүй нь жолоочийн буруугаас болсон асуудал биш байна.

5. Ш.Хойшыбай машинаа хүлээлгэж өгөөгүй учраас ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Ш.Хойшыбайн өөрийн хувийн УАЗ-469 БӨА 6549 дугаартай машинаар албаны ажилд 2016 оны 10 дугаар сараас эхлэн тасралтгүй явж байгаа болно.

Ногооннуур сумын Засаг даргын шинээр байгуулагдсан зөвлөлийн хуралдаанаар сумын Засаг даргын тамгын газрын жолооч Ш.Хойшыбайн талаар хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүн болон одоо ажиллаж буй Ш.Хойшыбай жолоочоор томилогдсон С.Жанузах ээжийн хамт хуралд оролцсон. Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүд санал бодлоо тус тус илэрхийлсэн юм. Үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс уншиж танилцана уу.

Засаг даргын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гаргасан зөвлөмж болон сумын Засаг дарга К.Хуаныштай зөвшилцсөний үндсэн дээр Ш.Хойшыбайг жолоочоор хэвээр нь үргэлжлүүлж ажиллуулах, жолоочоор томилогдсон С.Жанузахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай зөвлөмж өгсөн.

4. Гомдол гаргагч С.Жанузахын тухайд сумын Засаг даргын тамгын газрын албаны Ланд-80 машин нь 2015 оны 9 дүгээр сараас эхлэн огт яваагүй эвдэрсэн байсан ба жолооч Ш.Хойшыбай өөрийн хувийн 469 машинаар албаны ажилд явж байсан юм. Гэтэл сумын Засаг дарга байсан А.Мейрамхан Засаг даргын тамгын газрын дарга Х.Кеншибайгаар тушаал гаргуулан С.Жанузахыг томилуулсан явдлыг улс төрийн хууль бус шийдвэр буюу ашиг сонирхлын зөрчилтэй асуудал гэж үзэж байна. Иргэн С.Жанузах нь жолоочоор бүр томилогдож машин техникийг хүлээж аваагүй буюу жолоочийн үүргийг гүйцэтгээгүй, зөвхөн цаг бүртгүүлж нэг сарын цалин авсан байна.

 

С.Жанузахтай байгуулсан гэрээний талаар хэлэхэд байгуулсан гэрээний талууд болох сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Кеншибай төлөөлөн нэр бичигдсэн боловч нөгөө талаас жолооч С.Жанузахын нэр гэрээнд бичигдээгүй он, сар, өдөр нь байхгүй хэлэлцсэн тохиролцсон нөхцөл нь ойлгомжгүй учраас гэрээ хүчин төгөлдөр биш гэж үзэж байна. Мөн ажил олгогч ажилтны хаяг тодорхойгүй байна. Миний бие М.Төкен тус сумын 3асаг даргын тамгын газрын даргаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 157 тоот захирамжаар Тамгын газрын даргаар эгүүлэн томилогдож, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хүлээн авсан болно. Сумын засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 158 тоот захирамжаар ажлыг хүпээпцүүпэх комисс байгуулсан гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Хойшыбай шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багт оршин суух Атантай овогт Саяхатын Жанузахын гомдолтой Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн үүрэгт ажилд эргүүлэн тогтоолгохыг хүссэн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох иргэний хэрэгт одоогоор Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор ажиллаж байгаа Ш.Хойшыбай миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татагдан оролцож байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Ш.Хойшыбай миний бие 1992 оноос эхлэн одоо хүртэл Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж байна. Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын мэдлийн Тоуота Landcruiser-80 маркийн 04-44 УБЛ улсын дугаартай автомашин нь гүйлтийн болон ашиглалтын хугацаа дуусаж актлагдах болсон тул 2015 оны 9 дүгээр сараас эхэлж өөрийн хувийн 49-65 БӨА улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар сумын Засаг даргын тамгын газартай Төрийн зарим ажил үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх журмын дагуу гэрээгээр ажиллаж байна.

Ш.Хойшыбай миний бие 1958 оны 9 дүгээр сарын 12-нд төрсөн эдүгээ 58 настай бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байгаа юм. Гэтэл Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Кеншибай нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Засаг даргын тамгын газрын даргын 28 тоот тушаалаар Өндөр настны тэтгэвэрт гарах болсон тул гэж үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна.

Ш.Хойшыбай миний бие 1958 оны 9 дүгээр сарын 12-нд төрсөн одоо 58 настай болох нь 1958 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн төрөлтийн бүртгэл, цэргийн батлах, олон хүүхэдтэй эхийн тэтгэмжийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байгаа юм.

Иймд шүүхээс хүсэхэд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ители овогтой Шамшитийн Хойшыбай намайг Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулж, С.Жанузахын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Хойшыбай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төрд 30-аад жил ажилласан. Нас маань буруу байсан болохоор шүүхэд хандаж 1958 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрснөөр тогтоолгож авсан. Тэтгэвэрт, тэтгэмж аваагүй. Төрийн санд миний тэтгэмж ирсэн гэсэн. Гэхдээ нас тогтоолгож цаашид ажиллах хүсэлттэй байсан учраас энэ тэтгэмжийг авахгүй гэдгээ хэлсэн. Тэгээд буцаагаад явуулсан. Тийм учраас цаашид хоёр жил ажиллах сонирхолтой байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч С.Жанузах нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсжээ.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай ажилд томилох тухай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг үндэслэн сумын Засаг даргын тамгын газрын жолооч Шамшит овогтой Хойшыбай тэтгэврийн насанд хүрсэн тул 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь Саяхат овогтой Жанузахыг томилсон байна.

Мөн даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг үндэслэн Засаг даргын тамгын газрын жолоочоор ажиллаж байсан Ш.Хойшыбай 60 нас хүрээгүй өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй учраас сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор Шамшит овогтой Хойшыбайг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилж, энэхүү тушаал гарсантай холбогдуулан сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор Саяхатын Жанузахыг томилсон 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.

Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай тушаалаар Ш.Хойшыбайг Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд хэвээр нь үргэлжлүүлэн ажиллуулж, мөн даргын 35 дугаартай тушаалаар С.Жанузахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, энэ тушаал гарсантай холбогдуулан Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 32 дугаартай тушаалыг хүчингүй болгожээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Жанузахыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар жолоочийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч бодит байдал дээр тухайн ажлыг Жанузах нь гүйцэтгэж байсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь хариуцагчаас гаргаж өгсөн жолоочийн тооцооны хуудаснаас үзэхэд жолооч Ш.Хойшыбай нь 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Засаг даргын тамгын газарт албан үүргээ гүйцэтгэж байсан байх ба энэ нь Ногооннуур сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлээр давхар нотлогдож байна.

Мөн Ш.Хойшыбайг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр чөлөөлөх тухай шийдвэр гаргасан боловч Ш.Хойшыбай нь 1958 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн буюу ажлаас чөлөөлөх үед 58 настай болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын төв архивын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 45/035447 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 156 дугаартай шийдвэрээр Шамшитийн Хойшыбай нь 1958 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 58 настай болохыг тогтоосон байна.

Төрийн байгууллага нь хуульд заасан нөхцөл бүрэн бүрдсэн үед тэтгэвэрт гаргах үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх боломжтой, гэтэл ажлаас чөлөөлөх тушаал гаргах үед нэхэмжлэгч Ш.Хойшыбай нь бодит байдал дээр 60 нас хүрээгүй байсан, ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан ажилтныг ажлаас чөлөөлөх нөхцөл бүрдсэн эсэх, тухайн этгээд нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах хуульчилсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулахгүйгээр, түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн шийдвэр гаргах талаар гуравдагч этгээд болох Ш.Хойшыбайд урьдчилан мэдэгдэж, нэхэмжлэгчээс хүсэлт авах зэргээр оролцоог нь хангахгүйгээр ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байх тул хариуцагчийн энэхүү үндэслэлээр С.Жанузахыг ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй байна. Мөн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай ажилд томилох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн агуулгатай, гэтэл Ш.Хойшыбай нь 58 настай тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нөхцөлийг хангахгүй байгаа буюу Ш.Хойшыбайд тэтгэвэр олгох эрх зүйн үндэслэл байхгүй тул Ш.Хойшыбайг ажлаас чөлөөлж, С.Жанузахыг ажилд томилсон тушаал нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, нэхэмжлэгчийн 60 нас хүртэл төрийн албанд ажиллах эрхийг нь зөрчсөн гэж үзэхээр байна.

Гуравдагч этгээд болох Ш.Хойшыбайн нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тухай гомдлоо шүүхэд 1 сарын дотор гаргах байсан боловч Ш.Хойшыбайд жолоочийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлсээр байсан, мөн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар түүнийг ажилд томилсон байх тул гомдол гаргах шаардлага үүсээгүй байна гэж дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгч С.Жанузахын Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Жанузахын Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн доторБаян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК