Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2110

 

 

Т.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01578 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.З.Д-д холбогдох

 

Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Э Монгол Улсын зөвлөх багш зэрэгтэй шинжлэх ухааны магистр, Монгол Улсын боловсролын их сургуулийн клиник процессор бөгөөд 2000-2004 онд Боловсрол цогцолбор сургуульд монгол хэл, уран зохиолын багш, 2004-2010 онд тус сургуулийн сургалтын менежер, 2015 оны 9 дүгээр сараас Багануур дүүргийн боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Гүн галуутай цогцолбор сургуулийн захирал нь тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж гарсан сул орон тоонд Т.Э нь Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлаар томилогдсон. Т.Э нь боловсролын салбарт 16 жилийн турш ажилласан туршлага бүхий мэргэжилтэн бөгөөд тус сургуулийн захирлаар томилогдож ажил хүлээн авснаас хойш ажилдаа хариуцлагатай хандан ажлын цагийг баримтлаж ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, сургуулийн сурагчдын сурах орчины таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургуулийн хана таазны замаск, будаг, хаалга, 00-н өрөөний засвар, сургуулийн гадна хаяг, спорт заалны шал, хаалга зэргийн засвар тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 тоот захирамжаар Т.Э-г ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн байдаг. Ажилтан нь анх ажил олгогчтой тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэлх хугацаанд тус ажлыг эрхлэхээр байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаанд заасан нөхцөл шалтгаан арилаагүй, өөрөөр хэлбэл тус сургуулийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж ялагч тодроогүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр Т.Э-г ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж Т.Э-г ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн Т.Э-т холбогдох зүйл заалтыг баримтлаагүй нь мөн хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлж байгаа тушаал нь акт болохын хувьд эрх зүйн үр дагавар шууд өөртөө бий болгодог тул агуулгын хувьд илэрхий алдаатай, ойлгомжгүй байна. Ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж хууль бус тушаал гарсан гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож Т.Э-г Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/149 дүгээр захирамжаар Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тус сургуулийн сургалтын ерөнхий менежер З.Болормааг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн захирлын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр томилсон. Энэ нь төрийн албыг тасралтгүй явуулах үүднээс ажил үүргийг түр хавсран гүйцэтгэгч томилсон бөгөөд жинхлэн томилоогүй болно. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны Б/96 дугаар тушаалаар Т.Э-г тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан туршилтын хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Гүн галуутай цогцолбор сургуулийн захиралаар З.Болормаа нь сонгон шалгаруулалтаар тэнцэн томилогдсон. Т.Эрдэнэчимэг нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс Монген сургуульд менежерээр томилогдсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Дээд шүүхийн 001/ХТ2017/00350 дугаартай тогтоолын хянавал хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд: "Нэхэмжлэгч Т.Э нь Гүн галуутай дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан, энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн байхад шүүх түүнийг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасныг зөрчсөн. Гүн галуутай сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаагүй, зөвхөн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байсан Т.Э захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шаардлага гаргасан үндэслэл нь тодорхой бус байна гэжээ. Үүний дагуу Т.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрчилж, Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох болгон өөрчилсөн байна. Мөн Улсын дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт: Сонгон шалгаруулалт явагдаж, сургуулийн захирал томилогдсон бол захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоох нь эрх зүйн ач холбогдолгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр болно гэжээ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нийслэлийн засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож, Т.Э-г Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх Т.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан үндэслэлээр Т.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэдэг боловч Т.Э-г ажлаас халсан үндэслэлээ захирамждаа тодорхой заагаагүй, мөн заавал баримтлавал зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль нэг заалтыг баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч байгууллагын дотоод журамд Т.Э-ийн ажил албан тушаалд туршилтын хугацаа тогтоож хөдөлмөрийн гэрээ байгуулах зохицуулалт байхгүй. Сонгон шалгаруулалтын дүнг гарах хүртэлх хугацаа буюу тодорхой бий болох үйл явдлаар гэрээ байгуулж болохыг хуулиар хориглоогүй боловч дээрх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хугацаанд захирагдах нь хуульд нийцэх юм. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дээрх хугацаанд нийцүүлэн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан туршилтын хугацаа дуусахаас өмнө удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлаж тухайн ажлын байранд ялагч тодруулах ёстой байсан гэж үзэж байна. Сонгон шалгаруулалт зарлаагүй байхдаа Т.Э-г ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж түүнээс хойш 11 сарын дараа сонгон шалгаруулалт зарлаж ялагч тодруулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Т.Э нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, сонгон шалгаруулалтын дүнгээр ялагч нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тодорсон гэж үзвэл Т.Э нь 11 сарын хугацаанд ялагч тодрох хүртэл ажиллах байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөрчсөн. Ажил олгогч үндэслэлгүй шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Н.З.Д-д холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчилж захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Э-ийг Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/96 дугаар тушаалаар Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 дүгээр З.Болормааг түр хавсран гүйцэтгэгчээр томилох тухай захирамжаар Боловсролын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/96 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцож Т.Э-ийг ажлаас нь чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Талууд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр хугацааг “сонгон шалгаруулалт гарах хүртэл хугацаагаар” гэж тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нийслэлийн боловсролын газраас Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалт зарлаж уг сургуулийн захирлыг томилсон нь эрх хэмжээнийхээ хүрээнд хийгдсэн байх тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/167 тоот захирамжаар удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн З.Болормааг Нийслэлийн Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлаар 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн томилжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч Т.Э-ийн эгүүлэн тогтоолгох гэж буй ажил нь түр орлон гүйцэтгэгч гэсэн ажил, албан тушаал байхгүй бөгөөд Гүн галуутай цогцолбор сургуулийн захирал томилогдох хүртэл түр орлон гүйцэтгэгчээр Т.Э-ийг томилсон тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах бус харин дуусгавар болсон гэж үзнэ. Энэ талаарх нэхэмжлэгч Т.Э-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ захирамждаа тодорхой заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль нэг заалтыг баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах боломжгүй болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах боломжгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлаагүй байхдаа Т.Э-ийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, түүнээс хойш 11 сарын дараа сонгон шалгаруулалт зарлаж ялагч тодруулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

            Шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн заалт баримтлаагүй алдааг зөвтгөх боломжтой. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж нэмж өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01578 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай Т.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан  сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14  хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ