Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1592

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, 5-190 тоотод оршин суух, Боржигон овогт Батболдын Оргилийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1-р 40 мянгат, А-05 тоотод оршин суух, Ширээдамдин овогт Батзанын Саруулд холбогдох

 

Эцэг тогтоолгох, охин Нарангоотой тодорхой хугацаанд хамт байж, биечлэн уулзаж байх журмыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.            

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Оргил, түүний өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагч Б.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг нар оролцов.        

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь Б.Саруултай “Сайншандын аж үйлдвэрийн парк цогцолбор” төсөлд хамт ажиллаж байхдаа 2013 оны 6 дугаар сард танилцаж, улмаар 7 дугаар сараас эхлэн дотно харилцаатай болсон юм.

Тухайн үед бид 2-ын аль аль нь өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоогүй, гэрлэлтийн харилцаа байхгүй, уулзаж учирдаг хүнгүй гэдгээ ярилцаж цаашид хамтран амьдрахаар тохиролцсон.

Улмаар тухайн оны 8 дугаар сард Саруул жирэмсэн болж, 9 сараас эхлэн миний Баянзүрх дүүрэгт байршилтай гэрт хамт амьдарч эхэлсэн.

Хамт амьдрах явцад 2013 оны 10 дугаар сард Саруул нь өөр эрэгтэйтэй холбоотой байгаа нь тогтоогдсон ба энэ асуудлыг Саруулын аав, ээжид нь танилцуулж, Саруул ч надад үнэнээ хэлсэн.

Саруул бид хоёр 2014 оны 4 дүгээр сар хүртэл хамт амьдарсан ба энэ хугацаанд 2-3 удаа маргалдаж, Саруул өөрийн аав, ээжтэйгээ хамт амьдрахаар болж нүүсэн. Энэ үед Саруул жирэмсэн байсан учраас түүнийг аль болох тайван байлгах зорилгоор миний бие түүнд ямар нэгэн асуудал үүсгэж, саад болоогүй, тэр хүссэнээрээ явсан юм. Түүний төлөө маш их санаа зовж байсан.

Саруул 2014 оны 5 дугаар сарын 20-ны үеэр төрөх байсан учраас биеийг асууж ярих гэтэл утсаа авдаггүй, гэрт нь очиход хаалгаа нээж өгөхгүй надтай холбогдохыг хүсээгүй.

Би охинтой болно гэж их баярлан хүүхдээ хүлээдэг, бүр зүүдэлдэг байсан учраас 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрт нь очиход 2014 оны 5 дугаар сарын 11-ний өдөр миний охин төрснийг ээж нь хэлсэн тул эмнэлэгт нь очиж охин болон Саруултай уулзсан. Эмнэлгээс гарахдаа хэлээрэй гэж гуйсан боловч надад эмнэлгээс гарсан тухайгаа хэлээгүй.

Удалгүй миний бие БНСУлсад магистрантурт суралцахаар явж, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сургуулиа төгсөж, Канад, Герман улсад амьдраад 2016 оны 1 дүгээр сард ирсэн болно.

2016 оны 3 дугаар сард Саруул машинтайгаа явж байхад нь уулзсан ба улмаар Саруулын зөвшөөрснөөр охинтойгоо тухайн сард уулзаж, Гэгээнтэн цогцолборын хүүхдийн тоглоомын газар охиноо тоглуулсан. Охин минь намайг ааваа гэж дуудаж, эрхэлж байсан болно.

Би 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс дахин гадаад улсад ажлаар явсан ба Саруул “дахиж охинтой уулзуулахгүй” гэсэн майлыг надад явуулсан.

Миний бие 4 дүгээр сард буцаж ирээд охинтойгоо уулзаж, улмаар “Би охиноо цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг байя” гэж гуйхад Саруулын аав зөвшөөрсөн ба маргааш нь охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр өглөө эрт очиход Саруул мөн л намайг хөөж, би охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөөгүй болно.

Миний бие 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Канад улсад байсан ба ирээд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охинтойгоо гуйж байж уулзсан болно.

Миний бие хэдийгээр Саруултай гэрлэлтээ бүртгүүлээгүй ч охиноо төрөхөөс өмнө хамт амьдарч, эр эмийн харилцаатай учраас охиныхоо эцэг нь мөн гэж боддог. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдлэх тул эцгийн хувьд хүүхдийнхээ өмнө хүлээдэг бүх эрх, үүргийг хэрэгжүүлэхийг хүсэж байна.

Охин Нарангоо одоо ээжийнхээ асрамжид амьдарч байгаа хэдий ч охиныг аавтай нь уулзах боломж олгохгүй, охины талаар ямарч мэдээлэл өгөхгүй, харилцах боломж ч олгохгүй байгаа нь охин Нарангоогийн эрхийг зөрчиж байгаа юм.

Охин Нарангоог иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд зөвхөн ээж Саруулын нэрээр овоглож бүртгэсэн байдаг.

Иймд Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, 5 дугаар байрны 190 тоот оршин суудаг Батболдын Оргил намайг 2014 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Нарангоогийн эцэг нь мөн болохыг шүүхээр тогтоолгохыг хүсэж байна.

Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, 5 дугаар байрны 190 тоот оршин суудаг Батболдын Оргил намайг 2014 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Нарангоогийн эцэг нь мөн болохыг тогтоож өгнө үү?

Миний бие шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагийн зэрэгцээ нэгэнт хариуцагч Саруул нь охин Нарангоог миний охин гэдгийг хүлээн зөвшөөрч, тайлбар ирүүлсэн, охины эцэг мөн эсэхэд шинжилгээ хийлгэхээс татгалзаж байгаа тул охиныгоо зөв өсгөж, хүмүүжүүлэх, сурч боловсрох зэрэг хуульд зааснаар эцгийн хувьд эдлэх бүх эрх, үүргийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа юм.

Иймд охин С.Нарангоогийн эцгээр Б.Оргилыг тогтоолгож, охинтойгоо тодорхой хугацаанд хамт байж, биечлэн уулзаж байх журмыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Батзана овогтой Саруул нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХК-д хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр 2013 оны 3 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл ажилласан. Намайг тус байгууллагад ажиллаж байх хугацаанд Батболдын Оргил 2013 оны 6 дугаар сараас 2013 оны 9 дүгээр сар хүртэл жолоочоор ажиллаж байгаад гарсан.

Тухайн үед Оргил надад өөрийгөө тамирчин байсан, элдэв муу зуршилгүй, БНСУ-ын Сөүл хотод 2 жил ажилласан, эх нь нас бараад 3 жил болж байгаа хэмээн өөрийгөө танилцуулсан. Иймд би хувьдаа Оргилийг, амжилт гаргаж байсан тамирчин хүн учраас тэсвэр хатуужилтай, хөдөлмөрийн үнэ цэнийг мэддэг, амьдрал ойлгодог, хариуцлагатай хүн байна гэж итгэсэн.

Оргилтой дотно харьцаатай болоод удалгүй би жирэмсэн болсноо мэдсэн. Тухайн үед би 36 настай байсан бөгөөд хүүхэдтэй болохыг туйлын их хүсэж байсан.

Би Оргилтой танилцаад хамт байх хугацаанд өөр эрэгтэй хүнтэй уулзаж байгаагүй.

Оргил хамт байх хугацаандаа намайг найз нөхөд, эцэг эхтэй минь уулзахыг хязгаарлаж, миний фэйсбүүк, цахим шуудангийн нууц үг болон гар утсыг надаас шаардаж аваад, байнгын шалгаж, миний үйлдэл бүрийг хянадаг байсан. Намайг ор үндэслэлгүйгээр байнга хардаж, дарамталж, зоддог байсан.

Би гадуур явж байгаад таньдаг эрэгтэй хүнтэй тааралдвал Оргил намайг мэнд солихыг ч хориглодог байсан.

Жишээлбэл: намайг Монголбанкинд ажиллаж байх үед манай газрын захирал байсан одоо ч Монголбанкинд өндөр алба хашиж буй, миний хүндэлж явдаг хүнтэй би гудамжинд таараад мэндийг нь асуухад Оргил уурласан. Хуучнаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэнтэй таараад мэнд мэдэхэд мөн Оргил намайг сээтгэнэлээ гэж уурласан. Тухайн үед Оргил бид хоёрын ажиллаж байсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХК нь тус яамны удирдлага доор, Сайдын багцаас санхүүжилт авдаг төсөл байсан тул би яамныхантай ажил албаны харьцаатай байсан.

Би жирэмсэн байх хугацаандаа 2 удаа өвдөж эхний удаад нь Чингэлтэй дүүргийн Клиникийн нэгдүгээр амаржих газар хэвтэж эмчлүүлсэн, дараах удаад нь гэрээр эмчлүүлсэн. Намайг эмнэлэгт байх хугацаанд Оргил байнгын сэтгэл санааны дарамт учруулдаг байсан. Гэртээ халуураад өвчтэй хэвтэж байхад, чиний хэвлийд байгаа хүүхэд чинь минийх мөн үү, чи үнэнээ хэл, гээд л байнгын зовоодог байсан.

Миний гэрээр үзүүлж зөвлөгөө авч байсан эмчийг хүртэл Оргил хэл амаар доромжилж, гэрээсээ хөөж гаргасан.

Мөн 2 удаа огт шалтгаангүйгээр гудамжинд танихгүй хүнтэй муудаж, зодолдож байсан.

Оргил өөрийн үзэл бодол байр суурийг хүчээр тулгадаг, хүчирхийлэл хэргэлдэг дарамтлагч. Намайг жирэмсэн байх хугацаанд Оргил удаа дараа зодож, харанхуй шөнө гэрээсээ хөөж байсан. Оргилтой танилцахаас өмнөх миний хувийн амьдралыг сөхөж надад уурлаж, агсан согтуу тавьдаг байсан. Чиний хэвлийд байгаа хүүхэд чин минийх биш биз дээ, би гэдсийг чин цохиод хүүхдийг чин зулбуулж чадна шүү гэж, намайг айлгаж дарамталж байсан. Намайг жирэмсэн байхад шөнө дунд тамхи олж ирэхийг шаардаж заавал гарч авахуулах, тамхиа замбараагүй ихээр хэрэглэж архидан согтуурч, байнга дарамталж хордуулж байсан. Намайг 36 настайдаа жирэмсэлж, анхны хүүхдээ төрүүлэх гэж байгаа, эмчийн тусгай хяналтад байдаг, тонустай гэдгийг мэдсээр байж Оргил намайг тогтмол сэтгэл санааны дарамтанд оруулж амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байсан.

Намайг тусламж дуудахаас сэргийлж надад гар хүрэх болгондоо санаатайгаар миний гар утсыг эвдэлдэг байсан.

Оргил гэртээ байх хугацаанд надад агсан тавьж, миний гэрийн эд хогшлыг санаатайгаар эвдэн сүйтгэдэг байсан. Манай гэрийнхэн бүгд гэрчилнэ. Оргилыг согтуугаар агсарч дайралт хийсний маргааш нь Оргилын ихэр болох Оргилсүрэн гэрт нь ирж, бид 2-той уулзаад байдал биш байгаа нь илт байсан хэдий ч огт юм хэлэлгүй явсан. Оргилын удаах дарамтлах үед нь би анх удаа Оргилсүрэнтэй холбогдож тусламж дуудсан боловч ирээгүй.

Оргил бид 2 маргалдаад салсан, намайг явсны дараа Оргил намайг тайван байлгасан, надад санаа зовж байсан гэдэг нь ор үндэслэлгүй худал зүйл болно.

2014 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө намайг 9 сартай жирэмсэн орондоо амарч байхад Оргил согтуу орж ирээд, агсан согтуу тавьж, зодоод, миний гар утсыг эвдлээд, шөнийн 3 цагт гэрээсээ хөөж гаргасан. 9 сартай жирэмсэн байсан намайг ор үндэслэлгүйгээр хардаж, гүтгэж, хэл амаар доромжилж, занал хийж, биед удаа дараа гэмтэл учруулж, намайг гэрээсээ хөөж явуулсан. /2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр facebook messenger-ээр явуулсан захидлыг хавсаргав/. Дараа нь Оргилоос өөрийн солих хувцас, эд хогшлоо авах хэрэгтэй байгаа тул авчирч өгөхийг хүссэн боловч авчирч өгөөгүй. Намайг өөрөө очоод ав гэсэн. Би аавтайгаа очиж өөрийн эд хогшлоо авахад Оргил харамссан, гэмшсэн огт цараагүй харин ч бах нь ханасан байсан. Учир нь Оргил намайг чадсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн утга агуулгатай мессеж Оргилсүрэнд явуулах гэж байгаад андуураад надад явуулсан байсан.

Тухайн үед миний төрөх хугацаа хэт ойртсон байсан тул сэтгэл санааны хувьд тайван амгалан байж, хүүхдээ төрүүлэх бэлтгэлээ хангах нь надад илүү чухал байсан тул би шүүх цагдаагаар яваагүй.

2016 оны 3 дугаар сард би Оргилтой тааралдаад улмаар Оргилыг хүүхдээ хармаар байна гэхлээр нь зөвшөөрсөн. Миний охиныг төрснөөс нь хойш буюу 1 жил 10 сарын дараа хүүхдээ харах гэж ирэхдээ ч Оргил хариуцлагагүй хандаж согтуу ирсэн. Иймд би хүүхдээ ахиж уулзуулахгүй гэж дургүйцсэн.

2016 оны 12 сарын 31-ны өдөр Оргил гуйж байж охинтойгоо уулзсан гэдэг нь худал болно. Оргил манай ээж, аавын гэрт ирээд, охинтойгоо уулзаад, дайлуулаад явсан. Миний ээж, аав 2 бол хүнд муу санадаггүй, маш сайхан сэтгэлтэй хүмүүс бөгөөд Оргилтой зүгээр энгийн харьцдаг.

Би Оргилыг охинтой нь уулзах боломж олгоогүй, охины талаар мэдээлэл өгөөгүй, харилцах боломж олгоогүй гэдэг нь худал болно. 2016 оны 3 дугаар сард Оргил манай ээж аавын гэрт ирээд охинтойгоо уулзах хүсэлтэй байна гэхэд нь зөвшөөрч уулзуулсан. Оргил миний хүүхдийг эхийнх нь хэвлийд байхаас нь эхлүүлээд өнөөдрийг хүртэл хайрлаж, хамгаалж байгаагүй бөгөөд миний охины биеийн байдлыг нэг ч асууж байгаагүй.

2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр би охиноо бодоод Оргилд маргааш нь буюу 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр охиноо баярлуулаарай гэхэд Оргил, чамтай шүүх дээр уулзана, гэдэг хариу өгсөн бөгөөд охинтойгоо уулзаагүй.

Оргил миний охины эцэг мөн. Миний охиноос шинжилгээ авах шаардлагагүй бөгөөд би Нарангоогийн эх хүний хувьд Оргил нь миний охины эцэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн Оргилтой охиноо уулзуулахад татгалзах зүйлгүй. Гэхдээ миний хяналттай уулзаж байх ёстой. Учир нь Нарангоо одоо 3 настай бага насны Оргилыг ч сайн танихгүй тул эрүүл мэнд, сэтгэл санаанд нь муугаар нөлөөлөх боломжтой, мөн Оргил зан авирын хувьд доголдолтой гэв.            

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Нэхэмжлэгч Б.Оргил нь хариуцагч Б.Саруулд  холбогдуулан эцэг тогтоолгох, охин Нарангоотой тодорхой хугацаанд хамт байж, биечлэн уулзаж байх журмыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийншаардлага гаргажээ.       

  

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас Б.Оргил нь охин Нарангоогийн эцэг мөн болохыг зөвшөөрч, харин Б.Оргилыг охин Нарангоотой тодорхой хугацаанд хамт байж, биечлэн уулзаж байх журмыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийншаардлагыг Б.Оргил охин Нарангоотой уулзахад эх Б.Саруулын хяналттай уулзах, хяналт тавих боломжгүй үед эх Б.Саруулын эцэг, эхийн хяналттай уулзуулж байхыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж  байна.   

 

Зохигч Б.Оргил, Б.Саруул нарын дундаас 2014 оны 05 дугаар сарын 11-ны өдөр охин С.Нарангоо төрсөн, Б.Оргил нь охин С.Нарангоогын төрсөн эцэг мөн болох нь зохиогчидын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 32 дэх тал/

 

Эх Саруул Нарангоогийн эцэг нь Оргил гэдгийг зөвшөөрч, маргаагүй болно.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Б.Саруул нь охин С.Нарангоогын эцэг мөн болохыг тогтоов.

 

Хариуцагч Б.Саруул Б.Оргилыг охинтой нь ганцаарчлан уулзуулахгүй Б.Оргил нь зан авирын хувьд доголдолтой гэж байгаа боловч Б.Оргилын дээрх байдлын талаар хэрэгт баримт авагдаагүй, Б.Оргил зан авирын хувьд доголдолтой бөгөөд охин Нарангоод сэтгэл санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, эрх, ашиг сонирхолд харшлах  нөхцөл тогтоогдохгүй байна.

Мөн Б.Оргилын эцэг байх эрхийг хязгаарласан, хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүүхэд ... эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.”, 9 дүгээр зүйлийн 9.3.-т “Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ”, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, ... эрхтэй” гэжээ. Иймд эх Саруул нь охин Нарангоог эцэг Б.Оргилтой уулзах эрхийг нь хязгаарлах үндэсгүй байна.  

Хүүхдийн өмнө түүний эцэг, эх адил эрх, үүрэг хүлээнэ. Харин эцэг, эхийн аав, ээж буюу өвөө, эмээ нь эцэг, эхтэй адил эрх, үүрэг эдлэх боломжгүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26.5-д заасныг баримтлан эцэг Оргил охин Нарангоотой уулзахад эх Саруул хамт байлцах /хяналттай/, эх Саруул хамт байлцах /хянал тавих/ боломжгүй үед эцэг Оргил охин Нарангоотой ганцаарчлан уулзахад эх Саруул саад учруулахгүй байх нь зүйтэй.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Б.Оргил нь 2014 оны 5 дугаар сарын 11-ны өдөр охин Нарангоогийн эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5, 26.6-д зааснаар Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Оргил охин Нарангоотой уулзахад эх Саруулын хяналттай, эх Саруул хяналт тавих боломжгүй үед эцэг Оргил охин Нарангоотой ганцаарчлан уулзахад эх Саруул саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатнышүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.НАРАНЦОГТ