Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00055

 

Ц.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02048 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нотариатч Ж.Ц-т холбогдох

 

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь ЧД-ийн 9 дүгээр хорооны Дэнжийн 6 дугаар гудамж, 98А тоот 220 м.кв талбайтай, 2 давхар нийтийн сууцыг Ц.Мөнхбатын хамт өмчилдөг юм. Гэтэл Ц.Г-ын  зөвшөөрөлгүйгээр, итгэмжлэлгүйгээр 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны барьцаанд тавьж, БГ-13/271 дугаар гэрээг байгуулан улмаар гэрээг нотариатаар баталгаажуулжээ. Нотариатч нь Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааварт зааснаар талуудыг байлцуулж, бичиг баримтыг шалгаснаар бүртгэлийн дэвтэрт талуудын гарын үсэг зуруулах, гэрээний болон нотариатын үйлдэлд оролцогчийг бүртгэж баталгаажуулах ёстой атал энэ журмыг зөрчжээ. Түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд гэрээний талууд биечлэн оролцохоор заасан байхад  Нотариатчын бүртгэлийн дэвтрийн 302 дугаар бүртгэлд Ц.Мөнхбат, Д.Батсүрэн нарын гарын үсэг болон биеийн байцаалт бүртгэгдэж, гэрээний нөгөө тал нотариатын үйлдэлд оролцоогүй нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй болжээ. Өмчлөгчийн эрхийг зөрчиж, хөрөнгийг барьцаалсан гэрээг баталгаажуулсан 302 дугаарт бүртгэгдсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.Х нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасныг үндэслэжээ.  Нотариатын тухай хуулийн 31.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдэд нотариатчийн  2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №БГ13/271 тоот барьцааны гэрээг гэрчилсэн үйлдэл нь хамаарахгүй юм. Учир нь тус хуулийн 31.1.1-31.1.5 дах хэсэгт заасан үндэслэлүүд нь тухайн гэрээг гэрчилэхэд тогтоогдохгүй байх бөгөөд хэрвээ нэхэмжлэгч 31.1.6 дах хэсгийн хуульд заасан бусад үндэслэл гэдэгт хамааруулж байгаа бол  аль хуулийг хэрхэн зөрчсөн талаар заагаагүй байна. Ц.Г-ын нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбатын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Мөнхбат, Ц.Г- нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 6 дугаар гудамж, 98А тоот, 220 м.кв талбайтай 2 давхар нийтийн сууц /Ү-2202018903 тоот улсын бүртгэлийн дугаартай/-ыг 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн БГ13/271 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалсан,гэрээнд өмчлөгч Ц.Г- гарын үсэг зурсан.  Иймээс барьцааны гэрээ өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ биш юм.  Энэхүү гэрээг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэгч, барьцааны эрхийн бүртгэлд бүртгэсэн. Гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 293 дугаар тойргийн нотариатч Ж.Ц-ын 2013 оны 7 дугаар сарын 4 өдөр, бүртгэлийн 302 дугаарт бүртгэгдсэн барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заасан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 6 дугаар гудамж 98А тоот 220 мкв, Ү-2202018903 эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээ, хариуцагчаас улусын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх улсын бүртгэлийн Ү-2202018903 дугаарт бүртгэлтэй  нийтийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг нотлох баримтын шаардлага хангуулж нотлох баримтаар өгсөн байхад уг баримтыг үнэлсэнгүй.  Шүүх нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2013 оны 6 сарын 28-ны өдөр БГ-13/271 дугаар бүхий барьцааны гэрээний 4 дэх хэсэгт заагдсан Сүхбаатар дүүрэг 19-р хороо Шарга морьт /14080/ 1-р хэсэг гудамжны 145 тоот Улсын бүртгэлийн Ү-2203026190 дугаар бүхий Ц.Мөнхбат, Д.Батсүрэн нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргасан.   Хэргийн 6-р хуудасны барьцааны гэрээний баруун дээд буланд Улсын бүртгэгч Улсын бүртгэлийн Ү-2207026190 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэсэн талаар бүртгэл хийсэн байхад шүүх уг иргэний хэргийн маргаантай холбоотой бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдээс гаргаж өгсөн иргэний хэргийн 51-р хуудасны зүүн доот буланд Улсын бүртгэгч Улсын бүртгэлийн Ү-2202018903 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн болох Ц.Мөнхбат, Ц.Г- нар гэрээний хуудас болгонд гарын үсэг зурсан гэрээг үнэлээгүй, ноцтой алдаа гаргаж, буруу нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болгосон нь шударга ёсонд үл нийцнэ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтыг бүрэн үнэлээгүй алдаа гаргасан ч шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөв байх тул нотлох баримтыг үнэлэн,  шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Г- нь Ц.Мөнхбаттай хамтран өмчилдөг Ү-2202018903 дугаарт бүртгэлтэй, 000191538 дугаарын гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Дэнжийн 6 дугаар гудамжны 98А тоот 220 м.кв талбай бүхий 2 давхар нийтийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулсан гэрээг 2013 оны 7 сарын 04-ний өдөр 293 дугаартай нотариатч Ж.Ц- гэрчлэхдээ хамтран өмчлөгч Ц.Г-ыг байлцуулаагүй, хувийн байдлыг тогтоож, итгэмжлэл, бичиг баримтыг шалгаагүй, бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулаагүй, Нотариатын үйлдэл хийх заавар,  Нотариатын тухай хуулийг зөрчсөн тул тухайн өдрийн бүртгэлийн 302 дугаарт бүртгэсэн гэх үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардсан. Нотариатч Ж.Ц- Нотариатын тухай хуульд заасан нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хамаарахгүй байна гэж маргажээ.

 

Хэргийн 6-10, 51-52 дугаар талд авагдсан барьцааны гэрээнүүдийг нотариатч Ж.Ц- 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бүртгэлийн 302 дугаарт бүртгэж гэрчилсэн үйл баримт тогтоогджээ.

 

Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, аргачлал зэргийг батлахаар заасан. Нотариатын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Нотариатын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх бөгөөд Нотариатч нь үйлдэл хийхдээ тэдгээрийг заавал баримтлах үүрэгтэй. Хэрэв нотариатч Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, хэлцэл, гэрчилж байгаа бол мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоох, 21.1.2-т зааснаар нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай бичиг баримтыг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, 21.1.3-т зааснаар шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх зэрэг эрхийг эдлэх юм.

 

Нотариатын үйлдэл хийх зааврын дөрөвд зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг заавал тогтоох бөгөөд мөн зааврын тавд зааснаар гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ агуулгыг хянах үүргийг ногдуулжээ. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын гуравд Нотариатын үйлдлийг бүртгэхдээ үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайллын хамт зуруулах, хэд хэдэн үйлдлийг нэг дэвтэрт хольж бүртгэхийг хориглосон байна.

 

Гэтэл хэргийн 10 дугаар талын нотариатч Ж.Ц-ын бүртгэлийн дэвтрийн бүртгэл, 51-52 дугаар талын нотариатч Ж.Ц-ын гэрчилсэн барьцааны гэрээ зэргийг харьцуулан үзвэл нэхэмжлэгч Ц.Г-ын Ц.Мөнхбаттай хамтран өмчилдөг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг гэрчлэхдээ гэрээнд гарын үсэг зурсан гэх өмчлөгч Ц,Ганболдыг шаардлагатай гэж үзэж дуудан ирүүлээгүй, түүнийг байлцуулаагүй, биеийн байцаалт, итгэмжлэл, зөвшөөрөл зэргийг шалгаагүйгээс гадна бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй байна.

 

Нотариатч Ж.Ц-ын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг нь зурагдсан Ц.Мөнхбат, Д.Батсүрэн нарт холбогдох, зөвхөн тэдний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулсан гэрээг гэрчилсэн үйлдэлд нэхэмжлэгч гомдоогүй, харин уг үйлдлийг хийх явцдаа тухайн үед нотариатч дээр хамт байлцаагүй, Ц.Мөнхбаттай нийтийн зориулалттай орон сууцыг хамтран өмчилдөг өмчлөгч болох Ц.Г-од холбогдох нийтийн зориулалттай орон сууцыг барьцаанд бариулсан хэлцлийг давхар гэрчилж, ийнхүү гэрчлэхдээ хамтран өмчлөгч Ц.Г-ыг байлцуулаагүйд гомдол гарчээ.

 

Нотариатын үйлдэл хийх зааврын гуравт заасан бүртгэлийг хөтлөөгүй, бүртгэлд бүртгээгүй, хувийн байдлыг шалгаж, биечлэн байлцуулаагүй, итгэмжлэл, бичиг баримтыг шалгалгүй хийсэн нотариатчийн хэлцэл гэрчилсэн үйлдэл нь хууль болон зааварт нийцэхгүй байх тул хүчингүй болгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөв болсон боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх боломжтой байна.

 

Харин үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дах хэсэгт зааснаар хэлбэрийн хувьд заавал нотариатаар гэрчлүүлэхээр заагаагүй тул “..,барьцааны гэрээ хүчин төгөлдөр“ гэх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна. Учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаан гараагүй бөгөөд давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл нь Нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “31 дүгээр зүйлийн 31.3” гэснийг “32 дугаар зүйлийн 32.3” гэж өөрчлөн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

                                                                       Ш.ОЮУНХАНД