Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 66

 

Ц.Б-, Д.Х- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                                        А.Оргилбаяр

Шүүгдэгч                                         Д.Х-

                                                        Ц.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                И.Атарбямба

                                                       Н.Баярмаа

Гэрч                                               Ш.Шинэбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 206 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Х-, Ц-ийн Б- нарт холбогдох эрүүгийн 1718000000170 тоот 2 хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Т- овогт Д-ийн Х- /**********/.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц- овгийн Ц-ийн Б- /**********/

     Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар:

            Шүүгдэгч Д.Х-, Ц.Б- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 15 дугаар байрны 70 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн гэрт нэвтрэн “Ай-пөүн 5 эс” загварын гар утас нэг ширхэг, нэхий дотортой богино түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 206 дугаартай шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Т- овогт Д-ийн Х-, Ц- овогт Ц-ийн Б- нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            шүүгдэгч Д.Х-, Ц.Б- нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдаж,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Т- овогт Д-ийн Х-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ц- овогт Ц-ийн Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Х-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих, Ц.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч... шийдвэрлэсэн байна.

            Шүүгдэгч Д.Х-гийн өмгөөлөгч И.Атарбямба шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:

            “...Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.21-ний 206 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

            Шүүх Д.Х-г гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэн 2 жилийн хорих ялыг оногдуулжээ. Д.Х- 2017.11.22-ний өдөр цагдаагийн газрын хэсгийн байцаагчид өгсөн мэдүүлэг (ХХ-15), 2017.11.30 яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг (XX-43), 2017.12.11-нд нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл (ХХ-46), 2018.01.18-ний шүүх хуалын тэмдэглэлд ярьсан зүйлүүд нь тогтвортой, Ц.Б-тэй хамт айлд орж гар утас, гутал авч хулгай хийгээгүй, гэмт хэрэгт оролцоогүй талаар сэтгэлээсээ мэдүүлж байхад мэдүүлгийн эргэлзээг Ц.Б-ийн мэдүүлгээс өөр нотлох баримтаар баттай тогтоогоогүй байж гэм буруугаа хүлээхгүй байна гэж үзэх нь хууль, шудрага байдалд нийцсэнгүй гэж үзэж байна.

            Үнэхээр тэр энэ хэрэгт оролцоогүй бол хэлсэнээс нь өөрөөр зохиож ярих боломжгүй байгааг онцлон анхаарууштай.

             Хэрэг мөрдөн шалгах үед Х- өмгөөлөгчгүй, түүнд үг зааж зааварлах хүн байхгүй урьд нь хэрэг төвөг битгий хэл захиргааны зөрчилд ч орж байгаагүй муу арга заль гаргаж тэр тусмаа хуулийн байгууллагад худал хэлээд байхгүй гэдгийг бодолцох нь зүйтэй байна. Туршлага бүхий мөрдөгч байцааж, прокурор хяналт тавьж байхад Д.Х- хэрэг хийгээгүй, оролцоогүй гэж худал хэлэх тийм зориг зүрх энэ хүнд байхгүй гэж үзэж байна.

             Д.Х- хамт хэрэг хийсэн гэж хэргийн нэг холбогдогч Ц.Б-ийн мэдүүлгээр хандаж байгаа нь учир дутагдалтай бөгөөд түүнийг давхар нотолсон нотлох баримт хавтас хэрэгт байдаггүй. Иймд ЭХХШТХ 16.3-р зүйлийн 2-т зааснаар Х-г хамт хулгай хийсэн гэх Ц.Б-ийн мэдүүлэг дангаар Д.Х-г яллах үндэслэл болохгүй юм. Ц.Б- бусад хүмүүст худал ярьсан зүйлээ ярьсан байдаг. Тэрийг сонссон хүмүүсийг гэрч болж байна гэж үзэх үндэслэлгүй юм.

             Хэрэгт ач холбогдол бүхий байж болох хээтэй хорооллын 5-3-р байрны 15-р орцны подвальд байх н.Алтантүлхүүрийнд байсан н.Нараа гэгч эмэгтэйг асуугаагүй, тэр өөрөө гараар ач холбогдолтой болж болох зүйлийг бичсэн байдаг. Нэгэнт нотолж чадаагүй тул үйлдэл холбогдлыг салгах шаардлагатай юм.

             Д.Х- цэвэрлэдэг орцныхоо айлаас хулгай хийвэл баригдана, ажилгүй болно гэж айх, нөгөө талаар хулгай хийчихээд байрныхаа дэлгүүрт орж хулгайн зүйлээ өгөөд амгалан тайван байдаг хулгайч үгүй байх. Энэ үйлдэл нь хамт хулгай хийсэн гээд байгааг үгүйсгэж байна.

             Ц.Б- 2017.01.30-нд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт (ХХ-38-39) “Д.Х-г хайгаад 15-р орцны 6-р орц руу ороод хогийг ухсан чинь эрэгтэй хар өнгийн гутал 1 ширхэг хар өнгийн нэрийг мэдэхгүй гар утас гарч ирсэн гар утас нь ажиллаж байсан, дээд давхраас Д.Х-г буугаад ирхээр нь гутал, гар утас оллоо” гэжээ. Энэ нь Д.Х-гүйгээр ганцаараа утас, гутлыг ямар нэгэн байдлаар олж авсанг тодорхой болгож байна.

             Яллагдагч нарын нүүрэлдүүлж авсан 2017.12.11-ний мэдүүлэгг (ХХ-46-50), Ц.Б- би одоо үнэнээ хэлье Д.Х- айлын хаалгыг татаад намайг дуудаад утасыг авчих гэсэн би ширээн дээр байсан утасыг авсан, бас намайг гутлыг авчих гэхээр үүдэнд байсан гутлыг авсан талаар мэдүүлсэн байдаг. Д.Х- өөрөө гаргүй хөлгүй хүн биш хулгай хийх байсан бол өөрөө авах боломжтой байсан.

             Энэ мэдүүлгээс үзэхэд Ц.Б- өөрөө айлаас биечлэн гутал, утсыг авсан нь тодорхой байна. Д.Х-г чи үнэнээ хэлээч намайг гутал, утсыг ав гэж хэлсэн биз дээ гэхчлэн мэдүүлж байгаагаас үзэхэд Д.Х- болон Ц.Б-ийн өөрийн мэдүүлгээр гутал, утас Ц.Б-ийн тортой зүйлээс гарч ирсэн нь болохоор Д.Х-г хань татах, хамт хийсэн гэж гүтгэх нөхцөл үүссэн гэж үзэхээр байна.

             2017.11.30-ны өдөр мөрдөгч нь Ц.Б-ээс таны олсон гээд байгаа зүйл тухайн байрны 70 тоот н.Д-ийн гэрээс алдагдсан байна шүү дээ та худлаа яриад байгаа юм биш үү гэсэн асуултанд араас ороход 2 давхарт 3 ширхэг шил байхаар нь архийг уух гэтэл гялгар ууттай гутал зэрэг зүйлсийг олсон юм аа гэх, мөрдөгчөөс тухайн эд зүйлсийг Д.Х- та 2 нийлээд айлаас хулгай хийсэн юм биш үү гэхэд “үгүй” гэж хариулсанаас үзэхэд Д.Х- хамааралгүй болж байгаа бөгөөд утас, гутал Ц.Б-д өөрт нь хамааралтай болоод ирэхээр Д.Х-г гүтгэх нөхцөл байдал үүссэн гэж дүгнэхээр байгаа юм.

             Хавтаст хэргээс харахад 2017.11.17-ны өдөр хэрэг гараад удаагүй байхад холбогдогч нараас авсан мэдүүлэг бодитой талдаа байдаг. 2017.11.22-ний өдөр Ц.Б- цагдаагийн газрын хэсгийн байцаагчид мэдүүлэхдээ: “Би ганцаараа ууттай хог олж аваад зогсож байхад Д.Х- бууж ирсэн” гэжээ (ХХ-16). Энэ ч гэсэн Д.Х-г хамааралгүй болохыг эхний мэдүүлгээс нь харагдаж байгаа бөгөөд Ц.Б- өөрөө хулгайлсан нь утас, гутлын талаар Д.Х- болон цагдаагийн газарт олсон мэтээр ойлголт өгсөн нь харагдаж байна. Иймээс Д.Х- гутал, утсыг хаанаас олсонг мэдэх ч үгүй байх үндэслэлтэй бөгөөд өөрийн мэдүүлж байгаагаас өөрөөр мэдүүлэг өгөх боломжгүй тул мэдүүлэг нь эргэлзээгүй гэхээр байна.

             Ц.Б-ийн мэдүүлэг тогтворгүй нэг зүйлийн талаар олон янзаар ярьдаг. Ц.Б- эхнээсээ хэргийг хүлээх ямар нөхцөл шаардлага байгааг тогтоогоогүй. Д.Х- түүнийг дарамталж ямар нэгэн мөнгө амалсан зүйл байдаггүй тул Ц.Б-ийн эхний мэдүүлгүүд үнэнд ойрхон өөрийн үйлдэлтэй нь тохирч байдаг. Ц.Б- нь айлын гэрт орж хүн байхад утас, гутлыг авч чадаж байгаа юм чинь Д.Х-г хамт явсан гэж гүтгэх асуудал үүний хажууд юу ч биш байна гэж үзэхэд хүрч байна. Эхлээд анхан шатны шүүх хуралд орсон өмгөөлөгч нь хүртэл Д.Х-г оролцоогүйг хэргийн материалаас ойлгогдож байгааг хэлсэн байдаг.

             Ц.Б- анх цагдаагийн хүмүүст мэдүүлэг өгсөн үеэс нүүрэлдүүлэн байцаах хүртэл гар утас гуталд ганцаараа холбоотойгоо хэлж айлаас авсныг нууж хогон дотроос олсон мэтээр ярьж хохирогч нь ил болоод ирэхээр Д.Х-г хулгай хийхийг зааж өгсөн зэргээр тогтворгүй зөрүүтэй олон янзаар мэдүүлдэг боловч өөрөөс нь өөр нотлох баримтаар нотлогддоггүй.

             Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн талаар дүгнэлт хийхэд Д.Х-гийн оролцоогүйг тогтооход хүндрэлтэй биш юм.

             Ц.Б- мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж хэлээгүй тул ЭХХШТХ-ийн 16-р зүйлийн 1.11 -д зааснаар дангаараа нотлох баримт болохгүй. ЭХХШТХ-ийн 15-р зүйлийн 2 болон 3-т зааснаар Д.Х-д холбоотой нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар хянан үзэж түүний үйлдэл холбогдлыг хэргийн материалд тулгуурлан хэрэгсэхгүй болгож өгнө үү.

             Жич: Д.Х-гийн прокуророос татгалзсан хүсэлт хариуг хавтаст хэрэгт хавсаргаагүй, хохирогчийн гэрийн хаалга Ц.Б-ийн хэлснээр завсартай, онгорхой байсан, гэрч Ш.Шинэбаатарын мэдүүлэг шүүх хурал дээр ярьсан мэдүүлгээс өөр, байдгийг анхаарч өгнө үү. Иймд Давж заалдах шатны шүүх хуралд гэрч Ш.Шинэбаатарыг оруулж мөн Д.Х-, Ц.Б- нарыг биечлэн оролцуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Х- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:

“...Би Ц.Б-тэй бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн боловч үүнийг үл ойшоон Ц.Б- нь намайг гүтгэн худал мэдүүлсэн мэдүүлэгээр гэмт хэрэгт намайг татан оруулсан байдалд маш их гомдолтой байна.

Миний бие нь 12-р багийн 15-р байрыг цэвэрлэдэг 1-р орцноос авахуулаад хогоо аван хамгийн сүүлийн 6-р орцны 5-н давхарт хогоо аван явж байхад доороос Ц.Б- дуудсан, би буугаад 2 давхарт очиход танай орцноос энэ 2-ыг оллоо гээд тоогүй хар өнгийн утас болон бор гутал барьчихсан зогсож байсан. Тэгээд би гайхаад ямар сонин юм бэ 2, 3-н давхарт хог байхгүй байсан гэж бодоод орцноос гарсан. Тэгээд 14-р байранд байдаг “Ханара” гээд дэлгүүрт бид 2 орсон Ц.Б- утас авах уу олсон юм гэсэн чинь дэлгүүрийн хүн кодтой юм байна авахгүй гэсэн. Тэгээд Ц.Б- тэр утсаа манайд үлдээгээд “Олон Улс”-н худалдааны төвөөс асуугаад ирье гээд явсан. Ц.Б- яваад удаагүй байтал дэлгүүрийн хүүхэд “нөгөө эгч хайччихсан юм” гэхээр нь “яасан миний дүү” гэтэл “нөгөө утсыг нь авах гэсэн юм” гэхээр нь “энд орхиод явсан байгаа” гэхэд “аваад ороод ир” гэсэн. Ортол 0.5 граммын “Хараа” архи өгөөд авсан.

Тэгээд Ц.Б-ийг хүлээгээд ирэхгүй болхоор нь би нөхрийгөө ирэхээр нь хуваагаад уусан. Тэгээд тэр өдөр буюу 2018.01.17-ны орой хэдэн цагийг нь мэдэхгүй байна, хэсгийн цагдаа ирээд намайг аваад явсан. Маргааш өглөө нь Ц.Б-ийг хулгай хийснийг цагдаагаас мэдсэн. Надад хамаагүй гэдгээ хэлсэн. Тэгээд Ц.Б- мөрдөн байцаалтын явцад хорино гэсэн чинь бид 2 орж авсан нь үнэн гэж улаан цайм худал мэдүүлж намайг үг хэлэх гэхлээр хэлүүлэхгүй байцаагчийн нүдийг хариулж байгаад чимхэн муухай харж заналхийлэн улмаар байцаагч миний үгийг сонсохгүй элдвээр загнан үл ойшоосон байдалд гомдолтой байна.

Мөн Ц.Б- чи ямар худалч юм бэ олсон гэсэн яасан одоо болохоор хулгай хийсэн гээд бүүр намайг цуг орсон гээд чи чинь ямар нүгэлтэй худалч юм бэ гэсний төлөө 2 нүдрүү салаавч өгч улмаар өшиглөн цохисныг 2 цагдаа хараад болиоч гар гэж хөөсөн. Мөн зөндөө хүмүс байсан. Мөн хээтэй хорооллын 5-3-р байрны 15-р орцны подвальд байх н.Алтантүлхүүрийнд орж н.Нараа гээд эмэгтэйд Хишгээг гүтэгсэн чинь байцаагч итгэсэн ханьтай гэж хүртэл хэлсэн байсан. Энийг нь хүртэл би байцаагчид хэлсэн боловч ямар нэгэн ажиллагаа явуулаагүйд гомдож байна.

Дараа нь арга ядаад н.Нараагаар өөрөөр нь бичүүлсэн бичгийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Давахаас хэрэг буцахад прокурор намайг дарамталсан энэ талаар би прокурорт гомдол гаргаж татгалзахыг хүссэн гэвч надад прокуророос ямар нэгэн хариуг хэрэгт хавсаргаагүй.

Миний бие нь хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй, надад тийм муухай хүний юм авах гэсэн санаа байдаггүй тул энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х- тайлбар мэдүүлэгтээ:

“Надад үнэхээр хэцүү байна, би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгч Д.Х-гийн өмгөөлөгч И.Атарбямба:

“Шүүгдэгч Д.Х-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Давж заалдах шатны шүүх “нотлох баримт хангалттай авагдаагүй байна” гэсэн үндэслэлээр тус хэргийг буцаасан. Шүүгдэгч Ц.Б- нь яллагдагчаар татагдах үедээ “би хулгай хийсэн” гэж мэдүүлдэг, гэтэл 30 хоногийн дараа “хулгайн гэмт хэргийг Д.Х-тэй хамт үйлдсэн” гэж худал мэдүүлэг өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд Ц.Б- нь чих хатуу гэж хэлж байна. “Энэ гар утсыг хэн үзүүлсэн бэ” гэхэд Ц.Б- “би үзүүлсэн” гэж хэлдэг. Ц.Б- нь “энэ гар утсыг би олсон” гэж Д.Х-д хэлсэн байдаг. Ц.Б-ийг дарамталсан, мөнгө өгсөн талаарх баримт нотлогдоогүй. Шүүх хэт нэг талыг барьж нотлох баримтыг дүгнэсэн. Д.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. н.Наранцэцэг "би Д.Х-гийн талаар байцаагчид хэлсэн чинь итгэчихлээ” гэж хэлсэн байдаг гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Н.Баярмаа:

“Ц.Б- хэргээ хүлээж үнэн зөв мэдүүлсэн” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б- тайлбар мэдүүлэгтээ:

“Бид хоёр энэ хэргийг хийх нь хийсэн” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ш.Шинэбаатар тайлбар мэдүүлэгтээ:

“Би гэрээ эргэчихээд ирэхэд Ц.Б-, Д.Х- нар нь гар утсыг тавих гэж дэлгүүрт орсон байсан, гэтэл худалдагч залуу гар утсыг аваагүй байсан, тэгээд нөгөө худалдагч залуу “утас зарна гэсэн эгч хаана байна” гэж асуухаар нь “надад орхичихоод явсан, надад байгаа” гэж хэлтэл худалдагч “гар утсыг авъя” гэхээр нь гар утсыг 0.5 граммын “Хараа” нэртэй архинаас сольсон” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор А.Оргилбаяр гаргасан тайлбар дүгнэлтэндээ:

“...Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Д.Х-, Ц.Б- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 15 дугаар байрны 70 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн гэрт нэвтрэн “Ай-пөүн 5 эс” загварын гар утас нэг ширхэг, нэхий дотортой богино түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Д.Х-д 2 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2.1-д зааснаар Ц.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Х-гийн өмгөөлөгч И.Атарбямбын “...Д.Х-д холбоотой нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар хянан үзэж түүний үйлдэл холбогдлыг хэргийн материалд тулгуурлан хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэх, шүүгдэгч Д.Х-гийн “...Би Ц.Б-тэй бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн боловч үүнийг үл ойшоон Ц.Б- нь намайг гүтгэн худал мэдүүлсэн мэдүүлэгээр гэмт хэрэгт намайг татан оруулсан байдалд маш их гомдолтой байна” гэсэн үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б-, Д.Х- нар нь бүлэглэн хулгайлах гэмт үйлдсэн болох нь хохирогч Д.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Пүрэвсамбуу, Б.Эрдэнэтуяа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч нарыг нүүрэлдүүлж байцаасан байцаалтад шүүгдэгч Ц.Б-ийн өгсөн мэдүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Капитал зууч ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Д.Х-, Ц.Б- нарын үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч И.Атарбямба нар “шүүгдэгч Д.Х-г хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн гомдлын үндэслэл гаргаж байгаа боловч Д.Х- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх тул Д.Х-гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх түүнд ял шийтгэл оногдуулсан нь буруу биш байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч И.Атарбямба нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                            Б.МАНЛАЙБААТАР