Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Г.Нямпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Хиад овогт Ганбазарын Нямпүрэвт холбогдох эрүүгийн 201625021868 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, халх, эмэгтэй, бага боловсролтой /4 дүгээр анги төгссөн, бичиг үсэг мэднэ гэх/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Овоотын 9 дүгээр гудамжны 27 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлтгүй, Хиад овогт Ганбазарын Нямпүрэв, РД:ЙЮ85020709,

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.Нямпүрэв нь 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын 1 давхрын эмэгтэйчүүдийн 00-ийн өрөөнд иргэн Б.Оюунцэцэг нь “самсунг галакси эс-7 эдж” маркийн гар утас зэрэг цүнхтэй эд зүйлсээ мартаж гарсныг хувьдаа завшиж Б.Оюунцэцэгт бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Нямпүрэв нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Шангри-Ла зочид буудалд өдрийн цагаар гэрээгээр ажилладаг. Орой 00-оо эргэх гээд ороход нэг хар цүнх байсан. Тухайн үед уг цүнхийг өгөх гэсэн боловч менежерүүд байгаагүй. Тэгээд цүнхний эзэнг ирэхгүй болохоор нь орой ажлаасаа буухдаа цүнхийг шүүгээндээ цоожилж үлдээгээд уг цүнхэн дотор байсан гар утас болон 40.000 төгрөгийг авч явсан. Тэгээд маргааш нь ажлаас дуудаад очиход ийм хэрэг болсон гээд цагдаа ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Би Б.Оюунцэцэгтэй сайн дураараа эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Нямпүрэв нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би 14-23 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх Шангрила Улаанбаатар зочид буудалд гэрээгээр 00-ийн өрөөний үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгээд цэвэрлэгээ хийх гээд орсон чинь почкины арын тавиур дээр хар өнгийн жижиг дөрвөлжин цүнх байсан. Тэр үед 00-ийн өрөөнд надаас өөр хүн байгаагүй. Тэгээд би цүнхийг онгойлгоод харсан чинь түрийвч, янз бүрийн зүйл байсан. Тэгээд цүнхийг хүн нь ирж авах байх гээд тэнд нь байлгаад байсан чинь 22.00 цаг хүртэл хүн ирж аваагүй. Тэгхээр нь би тэр цүнхийг 00-ын цаас хийдэг сагсанд нууж авч гараад хувцас солидог өрөөнд очоод өөрийнхөө шүүгээнд хийсэн. Тэгээд гарахдаа цүнхнээс гар утас, 40.000 төгрөг аваад гэртээ харьсан. Тэгээд маргааш нь 13 цагт ажлаас дуудаад очиход чи хүний цүнх авсан байна гээд шүүгээнд байсан цүнхийг хамгаалалтын албаныхан гаргаад ирчихсэн байсан. Би өмнө нь юм олхоороо доор хариуцдаг хүнд нь өгчихдөг байсан юм. өчигдөр яагаад энэ цүнхийг авсанаа өөрөө ч сайн мэдэхгүй байна. Ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Гар утсыг нь 00-ийн өрөөнд унтраагаад гарсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг. /хх 35-37 дугаар хуудас/,

Хохирогч Б.Оюунцэцэг нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Шангрила Улаанбаатар зочид буудалд хүүхдийн гэрлэлтийн баталгааг тэмдэглэж худуудтайгаа хоолонд орсон. Тэгээд 1 давхрын 00-д орж бие засчихаад гарахдаа почкины ард өөрийн цүнхтэй эд зүйлсээ мартаад гараад ирсэн байсан. Тэгээд цүнхээ мартсанаа санаад 22.00 цагийн үед цүнхээ хайгаад олоогүй буцаад очиход байхгүй байсан. Тэгээд хамгаалалтын албанд нь хандахад шалгаж үзье гээд нилээд удсан. Тэгээд камер шүүж өгөхгүй цагдаад ханд гэсэн. Миний цүнхэнд “самсунг галакси эс-7 эдж” маркийн гар утас, бичиг баримт, бэлэн мөнгө, карт, эм зэрэг эд зүйлс байсан. Би алдсан эд зүйлсээ олж авсан. Миний өөрийн ч буруутай үйлдэл байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хааж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх 28-29 дүгээр хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ…

  • “Самсунг галакси эс-7 эдж” маркийн гар утас /1 ширхэг/ - 1.500.000 төгрөг
  • Хар өнгийн жижиг дөрвөлжин цүнх /1 ширхэг/ - 150.000 төгрөг гэжээ. /хх 17 дугаар хуудас/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 18-20 дугаар хуудас/

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолд: “...Эд мөрийн баримт болох Шангри-Ла Улаанбаатар ХХК-аас ирүүлсэн диск бүхий хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргахаар тогтов...”  гэжээ /хх 22-23 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25-27 дугаар хуудас/

Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирогчийн өргөдөл /хх 5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 38 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Нямпүрэв нь 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын 1 давхрын эмэгтэйчүүдийн 00-ийн өрөөнд иргэн Б.Оюунцэцэг нь “самсунг галакси эс-7 эджи” маркийн гар утас, 40.000 төгрөг зэрэг цүнхтэй эд зүйлсээ мартаж гарсныг олж, улмаар хувьдаа завшиж хохирогч Б.Оюунцэцэгт бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтэнд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Оюунцэцэгийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч Г.Нямпүрэвт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо буцаан өгч гэм хорыг арилгасан, хохирогч Б.Оюунцэцэг, шүүгдэгч Г.Нямпүрэвтэй “сайн дураараа эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан /хх 52/ байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Нямпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Хиад овогт Ганбазарын Нямпүрэвийг санамсаргүй олдсон бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Нямпүрэвт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Г.Нямпүрэвийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Нямпүрэв нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар авагдсан 1 ширхэг сиди /CD/-г  уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

            5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Нямпүрэвт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Нямпүрэвт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН