Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 102/2018/04303/И |
Дугаар | 001/ХТ2019/00591 |
Огноо | 2019-04-25 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2019/00591
С.Тийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02916 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2408 дугаар магадлалтай
С.Тийн нэхэмжлэлтэй,
Уд холбогдох
2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б-//-36 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороогийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатарын Т нь 1985 онд Техник комыг төгсөөд 1994 оноос 2000 онд У-д ажиллаж байх хугацаандаа ОХУ-ын Эрхүү хотын төмөр замын тээврийн дээд сургуульд төмөр замын барилгын инженерын ангид суралцаж төгссөн. Төмөр замын унаган ажилтан. Төмөр замын байгууллагад 1985 оноос хойш өнөөдрийг хүртэл энэхүү хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарах хүртэл хугацаанд тасралтгүй ажиллаж ирсэн. С.Тийн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 3 сарын 16-ны өдрийн МОХННУ-ын даргын Б-2-36 дугаар тушаалаар цуцалсан. Энэ тушаалын үндэслэл нь хяналт шалгалтыг сулруулж ажлын ноцтой алдаа гаргах нөхцлийг бүрдүүлсэн, сахилга бат алдаж, тайлан балансыг худал гаргаж, бүртгэлийн алдаа гаргасан нь дотоод аудит хяналт шалгалтаар нотлогдсон тул Баянтүмэн тасгийн орлогч дарга, ерөнхий инженер С.Т, ерөнхий нягтлан бодогч Ариунжаргал нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 3 сарын 20-ны өдрөөр тус тус цуцалж, сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн тушаалыг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү тушаалын бодит болоод хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бодит үндэслэлийг авч үзвэл гэрчийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан баримтуудаас харах юм бол С.Т энэ замыг хуулсан, бүртгэлийг алдаатай хөтлөсөн, бүртгэлээс хассан зөрчлүүдийг гаргасан гэх баримт нотлогдохгүй. Мөн тайлан балансыг гаргадаг ажилтан биш. Үндсэн хөрөнгийн асуудалд түүнд хүлээлгэн өгсөн хөрөнгө нь үндсэн хөрөнгө биш байдаг. Ийм учраас С.Тт зөрчлийг гаргах бодит үндэслэл байгаагүй юм. Хууль зүйн үндэслэлийн талаас авч үзэхэд үүнд хэд хэдэн хууль болоод дүрэм журам мөн хурлын шийдвэрээр үндэслэж энэхүү тушаалыг гаргасан. Бас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дэх хэсэгт заалтыг баримталсан. Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дэх хэсэгт эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж хөдөлмөрийн хуульд зааж өгсөн тусгай субьектууд. Өөрөөр хэлбэл эд хөрөнгө бүртгэлийг хүлээлгэж өгсөн, түүнийг захиран зарцуулах эрх мэдэл бүхий албан тушаалтан болон түүний бүртгэлээр хянах үүргийг хүлээсэн ажилтан байна. Үүнд байгууллагын дарга мөн байгууллагын нярав, нягтлан нар энэ заалтад хамаарахаар байдаг. Гэтэл С.Тт энэ байгууллагын үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгүүдийг хүлээлгэн өгсөн баримт хавтаст хэрэгт байдаггүй. Харин С.Тын эд хөрөнгийн бүртгэлийн акт хүлээлгэн өгсөн баримт байдаг. Энэ хүлээлгэн өгсөн зүйлийг нүдлэн хамгаалах үүргийг С.Т хүлээсэн. Хөдөлмөрийн гэрээ цуцлахад С.Т өөрийнхөө хүлээсэн үүргийнхээ дагуу авсан эд хөрөнгийн актын бүртгэлийн дагуу хүлээн авсан эд хөрөнгийг хүлээлгэн өгнө. Харин тухайн байгууллагын эргэлтийн болоод үндсэн хөрөнгийн санхүү бүртгэлийн актаар баталгаажуулан түүнд хүлээлгэн өгсөн үйл баримт байхгүй. Тэр акттай нь гарын үсэг зурсан, танилцсан баримт байхгүй. Харин байгууллагын дарга, ажил хүлээлцэх комисс очоод бүх эд хөрөнгийг хүлээлгэн өгдөг ийм дүрэм журам үйлчилж үүний дагуу явсаар ирсэн. Ингээд энэ хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг ерөнхий инженер С.Тт хэрэглэсний үндсэн дээр ажлаас чөлөөлсөн. С.Т байгууллагын даргын эзгүйд орлох учраас эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ гэсэн тайлбарыг хариуцагч гаргадаг. Гэтэл эд хөрөнгийн 40.1.5 гэдэг заалтын дагуу хариуцлага хүлээдэг хүн чинь тэр хөрөнгөөр адаглаад санхүүгийн баримтаар хүлээн авсан байх ёстой шүү дээ. Гэтэл тийм зүйл өнөөдрийг хүртэл байхгүй. Ийм зүйл хавтаст хэрэгт хүртэл байдаггүй. Мөн сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлаар 2016 оны 12 сарын 13-ны өдөр У-ын удирдах газрын хурлын А зааланд хурал хийж шийдвэр гаргасан. Замын нэгдүгээр дарга Уршаковын шуурхай хурлын шийдвэр юм. Хурал дээр талууд хэд хэдэн асуудал ярьсан боловч С.Т гэдэг хүнтэй холбоотой асуудал огт яригдаагүй. Санхүүгийн аудитын тайланг 2016 оны 11 сарын 13-ны өдөр өгдөг. Гэтэл энэ тайлан бүхэлдээ гүжирдлэгийн шинжтэй шар сонингийн мэдээ шиг юмыг аудитын дүгнэлт гэж байцаагч нар нь бичиж өгсөн байдаг. Энэ тайланг хэлэлцээд үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй. Түүнээс энэ асуудлаар бид шийдвэрлэх боломжгүй байна гэсэн байр суурьд хүрсэний улмаас 2017 оны 1 сарын 31-ний өдөр Б-2-13 дугаар тушаал гаргасан. Энэ тушаалын 3 дахь заалтад С.Т, Ариунжаргал, Отгонбаатар нартай холбоотой бичиг баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг хууль зүйн албаны даргад үүрэг болгосон. Ингээд энэ талаар У-ын дарга цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэхээр өгсөн боловч өнөөдрийг хүртэл С.Ттай холбоотой хэрэг байхгүй. Харин н.Бат-Эрдэнэ гэдэг этгээдийг гэм буруутай байна гээд шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа нь явж байдаг юм. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг ярьсан хурал дээр тодорхой асуудал яригдсан байдаг. Энэ хүн хөдөлмөрийн тухай хуулийн дагуу албан тушаалыг нь түдгэлзүүлнэ. Хуулийн байгууллагаар тогтоолгох хэрэгтэй. Гэм буруутай үгүй юу гэдгийг тогтоох хэрэгтэй гэсэн ийм асуудлууд ярьсан. Түүнээс биш энэ хүн гэм буруутай байна гэсэн ийм зүйлүүд байдаггүй. Замын нэгдүгээр орлогч дарга Уршаковын удирдан хийсэн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл байдаг. Хурлын шийдвэрлэсэн хэсгийн 2 дугаар заалтан дээр тасгийн орлогч дарга С.Т, ерөнхий нягтлан бодогч Ариунжаргал нарын ажлыг сольж өөр ажилд томилох гэсэн заалт байгаа. Гэтэл 2017 оны 3 сарын 16-ны Б-2-36 дугаар тоот тушаал нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан. С.Т хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчлийг гаргаагүй. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл гэдэг бол хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр зааснаар зохицуулагдах ёстой. Гэтэл С.Т нь хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлсэн атал хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл С.Т нь энэ эд хөрөнгийг хариуцаж, хадгалах захиран зарцуулах эрхийг балансаар хүлээж авсан тэр Энхболд гэдэг хүн байх ёстой байсан юм бишүү. Гэтэл нөгөө хүнээсээ дайжуулаад хэн нэгнийг хариуцлага хүлээж байгаа юм шиг байдлаар оруулж ирж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр дотоод хяналт шалгалтын акт гарсан тэр нь бүхэлдээ үндэслэл нь тогтоогдохгүй. Үүний үндэслэлийг баталж чадахгүй байна. Энхболд гэдэг хүнийг гэрчээр асуухад би тэр замыг хуулж байхыг хойноос вагонд суугаад ирж байхдаа харсан гэсэн мэдүүлэг өгч байдаг. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийг балансаар хүлээж аваад захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж буй субъект нь хуулж аваад машинд ачаад явж байхад нь вагоны цонхоор хараад би одоо юу хийж чадах вэ дээ гээд явж байдаг. Энэ одоо бодит байдлын үндэслэлтэй юм уу. Ямар байгууллагын дарга ямар ажил удирдагч хүн гэхээрээ энэ асуудалд хөнгөн хуймгай ханддаг юм бэ. Нөгөөтэйгүүр энэ үндсэн хөрөнгийг бүртгэлээс хасах асуудлыг би шийдээгүй гээд сууж байдаг. Энэ яриад байгаа төмөр замыг хуулж авсан буруутай талаар үндэслэл бүхий нотлох баримт хавтас хэрэгт авагдсан баримтыг хүрээнд гэрчээс асуусан мэдүүлгийн үндсэн дээр тогтоогдохгүй байна. Ингээд 2016 оны 11 сарын 13-ны өдөр аудитын байгууллага илрүүлсэн гэж бодоход энэ хүнд илрүүлснээс хойш сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Гэтэл хуулийн байгууллагаар шалгуулна гэж 2017 оны 1 сарын 31-ний өдөр өгч байгаа юм. Дараа нь 2017 оны 3 сарын 16-ны өдөр буюу энэ асуудал илэрхий хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн ийм байдал гарсан. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулах эрхээ алдсан байжээ. Ийм учраас С.Тийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь нэг өдрийн дундаж цалин хөлс нь 120,203 төгрөг болж байгаа. Өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоолоход 44.595.313 төгрөг болсон гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэгч С.Т нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай шүүхэд нэхэмжлэл гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Хоёрдугаарт У нийгэмлэгийн зүгээс С.Төмөрухягт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дэх хэсэгт заасан илрүүлснээс хойш нэг сар зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Тийм учраас сахилгын шийтгэл үндэслэлтэй юм. Гуравдугаар С.Т бол удирдах албан тушаалтны буюу эд хөрөнгө хариуцсан ажилтан байсан юм. Тийм учраас Баянтүмэн тасгийн орлогч дарга буюу ерөнхий инженерээр ажиллаж байх үедээ тухайн тасгийн даргын эзгүй үед ажил албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын өмчийн мөргөцөгийн замыг хуулах үүрэг даалгаврыг өгч ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан болох нь дотоод хяналт аудитын албаны шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон учраас тушаал хууль зүйн үндэслэлтэй. Дөрөвдүгээрт нэхэмжлэгч С.Т нь ажлын байрны тодорхойлолт бусад чиг үүргийн хувьд тухайн тасгийн үндсэн хөрөнгийн эргэлтийн хөрөнгийн бүртгэлийг хариуцдаг түүний үр ашгийг дээшлүүлэх, ашиглалтыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байсан юм. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт үндэслэлийн хувьд тайлбарлахад нэхэмжлэгчид 2017 оны 3 сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ асуудлаар 2017 оны 4 сарын 4-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг нь эрүүгийн хэрэгт хянан шалгагдаж байгаа үндэслэлээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дэх хэсэгт заасныг үндэслэн 2017 оны 6 сарын 20-ний өдрийн 102/ШЗ2017/08678 шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч талаас дахин хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны 7 сарын 31-ний өдрийн 5/07 тоот мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай буюу сэжигтнээр тооцсон тогтоолыг хүчингүй болгосон тогтоолыг үндэслэн 2017 оны 12 сарын 31-ны өдөр шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан. Энэ өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт заасан нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэж байна. Яагаад хэтрүүлсэн гэж үзэж байна гэхээр тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Т нь сэжигтнээр татагдаад процессын ажиллагаанд оролцож байсан. Нөгөө талаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүчингүй болгосон процессын ажиллагааны шийдвэр тогтоол, хариу мэдэгдэх хуудсыг 7 хоногийн дотор хэргийн оролцогчдод мэдэгдэнэ гэсэн хуулийн зүйл заалт байгаа. Энэ хуулийн зүйл заалтын дагуу С.Т нь сэжигтнээр тооцсон тогтоолыг 7 сарын 31-ний өдөр тухайн цаг үед нь мэдсэн, боломжтой байсан гэж үзэж байна. Нөгөө талаас хэргийн процессын ажиллагааны явцад хариу мэдэгдэх хуудас болон тогтоолын гардуулах ажлыг бүртгэлийн тусдаа дэвтрүүд байгаа. Гэтэл нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй. Гуравдугаарт нэхэмжлэгч талаас 2017 оны 12 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан байгаа юм. Тухайн хүсэлтэд хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байдал тухайн хүсэлтэд дурдагдаагүй байгаа. Мөн хүндэтгэн үзэх шалтгаан байсныг тодорхойлсон ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байгаа учраас 2017 оны 7 сарын 31-ны өдрийн тогтоолыг үндэслэн 2017 оны 12 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. С.Тт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах ажиллагааг хөдөлмөрийн тухай хуульд заасан хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 11 сарын 8-ны өдрийн СТ610160 тоот Баянтүмэн тасгийн үйл ажиллагааны аудитын шалгалтын удирдамж, үүний аудитын шалгалтын зорилго хэсэгт заасан байна. Баянтүмэн тасгийн 103 км байрлах төмөр замыг үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй эсэх хуулсан эсэхийг бодит байдлыг хууль эрх зүйн үүднээс нягтлан бодох бүртгэлтэй нь тулган шаардах, шаардлагатай байна гэж аудитын газар дүгнэж байна. 2016 оны 11 сарын 13-ны өдрийн СТ61010453 тоот шалгалтын тайлангийн 5 дугаар хуудаст дүгнэлт хэсэгт С.Тийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй салаа замыг дур мэдэн УБЗ Отгонбаатар түүний хадам ах иргэн Г.Бат-Эрдэнэ нартай хамтран хуулсан энэ үйлдэл нь ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах шинжийг агуулсан байх тул хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэсэн. Мөн тайлангийн 6 дугаар хуудаст 2012 оны 8 сарын 6-ны илтгэх хуудсаар 345,3 метр замыг үндсэн хөрөнгийн бүртгэлээс хассан байна. Иймд замыг албаар дахин хэмжилт хийлгэх шаардлагатай байна гэж дүгнэлт өгсөн байна. 2017 оны 12 сарын 13-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийн хэсэгт С.Т, З.Отгонбаатар нарыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах шаардлагатай байна гэсэн шийдвэрийн хэсэг. Мөн У-ын даргын 2017 оны 1 сарын 31-ны өдрийн тоот тушаалын 1 дэх заалтаар байгууллагад хохирол учруулсан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул С.Т, Ариунжаргал, Отгонбаатар нарыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсүгэй гэсэн эдгээр үйл баримтуудаар тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч С.Т болон бусад этгээдүүдэд холбогдох асуудлыг эцэслэн тогтоогоогүй. Зөрчил гаргасан эсэхийг тогтоогоогүй. Үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай байна гэж үзсэн болох нь энэ баримтуудаар тогтоогдож байгаа юм. Харин хавтаст хэрэгт авагдсан Дорнод аймгийн прокурорын газрын 2017 оны 2 сарын 6-ны өдрийн 5/08 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс таталзах тухай тогтоолд 2016 оны 12 сарын 25-ны өдөр цагдаад гомдол гаргасан. У-ын Баянтүмэн тасгийн орлогч дарга С.Т байцаагч З.Отгонбаатар нар нь 2016 оны 7 сард мөргөцөгийн 450 метр п43 салаа замыг суман шилжүүлгийн хамтаар хуулан авч бусдад худалдсан тухай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгаад С.Т, З.Отгонбаатар нарт холбогдох гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай гэж прокурорын тогтоол гарсан байдаг юм. Энэ прокурорын тогтоолыг З. Отгонбаатар, С.Т нь 2017 оны 2 сарын 16-ны өдөр танилцсан гэж тус тус гарын үсэг зурсан баримт 2017 оны хавтаст хэргийн 15-17 дугаар хуудаст авагдсан. Энэ баримтаар тухайн холбогдох ажилтнууд нь У-д авчирч өгсөн. Бид нарыг гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоосон болно гэсэн тогтоолыг авчир ч ирсэн үеэс эхлэн бид нар дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй юм байна гэж үзэн 2017 оны 2 сарын 16-наас 1 сарын дотор буюу 2017 оны 3 сарын 16-ны дотор сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ авсан. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. Сахилгын шийтгэл оногдуулах тухай хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дэх хэсэгт заасан, мөн эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан болох нь дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ ямар, ямар баримтаар тогтоогдож байна гэхээр. Нэгдүгээрт С.Т нь Баянтүмэн тасгийн орлогч дарга бөгөөд ерөнхий инженерээр ажиллаж байсан. Энэ ажилтан удирдах албан тушаалтан буюу мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан болох нь дараах баримтаар тогтоогдоно. Хавтаст хэрэгт авагдсан Баянтүмэн тасгийн дүрмийн 3.2 дэх хэсэгт Баянтүмэн тасгийг У-ын хэрэг эрхлэх газраас томилсон дарга удирдах бөгөөд замын нэгдүгээр орлогч даргад ажлаа тайлагнах, газрын эзгүйд орлогч дарга ерөнхий инженер орлоно гэж заасан. Хоёрдугаарт Баянтүмэн тасгийн хөдөлмөрийн дотоод журмын 2.1.2 дэх хэсэгт зааснаар Баянтүмэн тасгийг У-ын даргаас томилогдсон тасгийн дарга удирдана. Тасгийн даргын эзгүйд У-аас томилогдсон орлогч дарга буюу ерөнхий инженер удирдана гэж байдаг. Гуравдугаарт С.Тын ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын хийгдэх ажлуудын нэгт тасгийн даргын эзгүйд орлон гүйцэтгэнэ гэж тус, тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч С.Т нь шийдвэр гаргах эрх мэдэл бүхий удирдах албан тушаалтан байсан болох нь тогтоогдож байгаа юм. Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.5.2 дэх хэсэгт мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт тодорхой зориулалт чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан зэргийг хамаатуулан ойлгоно гэж заасан. Энэ хуулийг үндэслэн С.Т нь хамаарч байгаа юм. Нөгөө талаас С.Т нь 2016 оны 7 сарын 5-ны өдөр Баянтүмэн тасгийн дарга Л.Энхболдын эзгүй байх үед дээрх заасан ажлын байрны тодорхойлолт, дотоод журам, бүрэн олгогдсон эрхийн хүрээнд албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын өмчлөлийн мөргөцөгийн замыг хуулах үүрэг даалгавар өгч ажил олгогын итгэлийг алдсан үйлдэл гаргасан болох нь дараах баримтуудаар тогтоогддог юм. 2016 оны 11 сарын 13-ны өдөр СТ61010453 тоот шалгалтын тайлангийн нэгдүгээр хуудаст бичигдсэн байна. Мөргөцөг гэдэг газрын замын 4 дүгээр хэсэгт очиж замыг нэг бүрчлэн хэмжилт хийхэд салаа замын нийт 600 метр замаас нийт 125 метр мөн сул 30 км суман шилжүүлгийг үлдээж 450 м замыг хуулсан байна. Энэ замыг хэзээ хэн үүрэг өгч хэн авсан талаарх тухайн үед ажиллаж байсан хэсгийн мастер замчдаас асууж, тодруулахад 2016 оны 7 сарын 4-ны өглөө орлогч дарга С.Т утсаар салаа замын хадаасыг суллаад хуулахад бэлэн болго маргааш үүргээ З.Отгонбаатар очиж авна замчдын хамт туслаарай гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу бид орой нь хадаасуудыг нь багажаар суллаад маргааш 16 цагт ажлаасаа буугаад дэр моднуудаас нь салгаж өгсөн гэсэн байдаг. Шуурхай хурлын тэмдэглэлийн 2, 3 дахь хуудаст өгөгдсөн баримтуудаар. Мөргөцөгийн салаа замыг хэний тушаалаар хуул гэсэн бэ гэж асуухад С.Т ямар тушаал вэ тасгийн дарга тэгж хэлээгүй бол би юу гэж хийх вэ бичиг баримтаа бүрдүүлж ирээд замаа аваарай бид ажлыг нь хийж өгнө гэж ярьж байсан болохоор хийсэн гэсэн энэ баримтаар тухайн үед тасгийн дарга нь замыг хуулах асуудлаар тухайн үед тушаал шийдвэр өгөөгүй болох нь тогтоогдож байгаа юм. Мөн дөрөв дүгээр хуудаст тасгийн даргаас асууяа 7 сарын 4-ны өдөр зам хуулж байгааг мэдсэн үү гэхэд Л.Энхболд мэдээгүй гэдэг. Хэзээ мэдсэн юм бэ гэхэд ОХУ-д очиж ажил ярьж тохиролцоод тэгээд мэдсэн. Тэр үед яагаад яриагүй юм бэ гэхэд УБ-ын цагаар 16 цагт очсон байсан. Отгонбаатартай ярьсан. Тэгсэн авах юмаа авсан гэсэн. Ингээл хяналтын албаны дарга Адъяад мэдэгдсэн. Гэтэл хүний амьдралтай холбоотой асуудалд цагаан дээр хараар бичсэн юмыг хүлээж авна гэсэн. Ингээд наадмаар бичиг баримтаа бүрдүүлж архив руу албан бичиг явуулсан. Замаа 7 сарын 26-ны өдөр тоолсон. 9 сарын 20-нд архиваас бичиг баримт ирсэн гэж хэлсэн байдаг. Энэ зэрэг баримтуудаар тухайн төмөр замыг 2016 оны 7 сарын 5-ны өдөр хуулаагүй. Тасгийн дарга Л.Энхболд нь эзгүй байсан болох нь мөн зам хуулах шийдвэрийг С.Т тасгийн даргыг эзгүй үеэр далимдуулан зам хуулах шийдвэрийг ажилтнуудад өгч зам хуулах ажлыг зохион байгуулсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогддог юм. Энэ шалгалтын тайлан аудитын дүгнэлт шуурхай хурлын тэмдэглэлүүдэд тодорхой тусгагдсан байдаг. Ийм учраас бид 2017 оны 3 сарын 16-ны өдөр энэ шуурхай хурлын тэмдэглэл болон дотоод хяналт аудитын албаны тайлангын актыг үндэслэн мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан болох удирдах албан тушаалтан С.Т нь албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын өмч хөрөнгийг ашиглаж ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02916 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэхь хэсэгт зааснаар гомдол гаргагч С.Тийн Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уд холбогдуулан гаргасан Уын даргын 2017 оны 03 сарын 16-ны өдрийн Б-2-36 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, У нийгэмлэгийн Баянтүмэн тасгийн орлогч дарга-ерөнхий инженерийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 44 595 313 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2408 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02916 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2408 дугаартай магадлалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэн хяналтын гомдол гаргаж байна.
Шүүхийн магадлалын Хянавал хэсэгт: “Анхан шатны шүүх тухайн хэрэгт заагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/Ш32018/05577 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-1-86 дэх талд/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/Ш32017/08678 дугаар шүүгчийн захирамжтай хавтаст хэргийн материалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг, мөн өдрийн шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн. /хх-1-87-88/
Энэхүү 102/Ш32018/05577 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/Ш32017/08678 дугаар шүүгчийн захирамжтай, 201/2017/01267/и индекстэй иргэний хэргийг нотлох баримтаар татан хэрэгт хавсаргасан болох нь захирамжаар тогтоогдоно.
Анхан шатны шүүх С.Тийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед 201/2017/01267/и индекстэй, 8678 дугаартай иргэний хэрэг бүрэн эхээрээ хэрэгт хавсаргагдсан байсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02916 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдоно. /хх-2-18-19 дэх талд/
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт шүүх нотлох баримтуудыг үнэлж дүгнэхдээ хамаарах нотлох баримтуудыг тухай бүр зааж дурдсан байх бөгөөд шийдвэрийн 8, 10 дахь талд нийт 3 удаа “... 201/2017/01267/и индекстэй, 8678 дугаартай иргэний хэргийн ...дугаар тал” гэж зааснаар нотлогдоно.
Тухайлбал, шүүхийн шийдвэрийн 10 дахь талд: “...Уын дотоод аудит, хяналтын албаны аудиторын акт, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл зэрэг дотоод хяналт шалгалтьн баримтуудаар тогтоогдож байна. /201/2017/01267/и индекстэй, иргэний 8678 дугаартай хэргийн 12 тал/” гэж зааснаар тогтоогдож байна. /хх-2-19/
Харин анхан шатны шүүх шийдвэрээ гаргасны дараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын шаардлага хангасан, нотариатаар баталгаажсан нотлох баримтууд бүхий 201/2017/01267/и индекстэй, 8678 дугаартай иргэний хэрэгт авагдсан байсан хавтаст хэргийн материалыг сольж, зарим баримтуудыг хэргийн материалаас хуулбарлан авч, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн араас /хх-1-232 дахь талаас эхлэн/ дугаарлан үдсэн байгаа нь шүүхийн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна.
Энэхүү үйлдэл нь ажилдаа хариуцлагагүй хандсан эсвэл санаатай гаргасан үйлдэл эсэхийг хэлж мэдэхгүй байна.
Гэвч нэгэнт шүүх шийдвэрээ гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй болох нь, мөн нотлох баримтын шаардлага хангасан баримтуудад үндэслэн шийдвэрээ гаргасан болох нь шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Нөгөө талаас шүүхийн аль нэг ажилтны хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдсэн алдааг залруулах боломжтой бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлөхгүй тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2408 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч С.Т нь Уд холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б-//-36 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ “...нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон...” гэжээ.
Нэхэмжлэгч С.Тийг Баянтүмэн тасгийн орлогч дарга, ерөнхий инженерээр ажиллаж байхад нь хяналт шалгалтыг сулруулж, ажлын ноцтой алдаа гарах нөхцлийг бүрдүүлсэн, санхүүгийн сахилга бат алдаж, тайлан балансыг худал гаргаж, бүртгэлийн алдаа гаргасан нь Дотоод аудит, хяналтын албаны шалгалтаар нотлогдсон гэх үндэслэлээр 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Төмөр замын даргын Б-//-36 тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Ажилтныг ажлаас халах үндэслэл болсон Баянтүмэн тасгийн үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн шалгалтын тайлан, тус шалгалтын тайланг хэлэлцсэн хурлын тэмдэглэл хэрэгт хуулбар хэлбэрээр авагдсан, тухайн хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтыг үндэслэн гарсан шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5., 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэжээ.
2017 онд шийдвэрлэгдсэн хэрэгсэхгүй болгосон хэрэгт байгаа баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй ямар үндэслэл байгаа нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2017/08678 дугаартай хэрэгсэхгүй болгосон хэргийг тус шүүхийн архиваас татан авсан байна.
Улмаар тухайн хэргээс ямар баримтыг ач холбогдолтой гэж үзэж хянагдаж буй хэрэгт нотлох баримтаар авсан болох нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж, 44.3.-т шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг ...буцаан өгч болно, харин уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ гэж зохицуулсан.
Шүүх хуралдааны тэмдэглэлд “...зохигчдын хүсэлтээр татан авсан 8678 дугаартай хэргээс шинжлэн судалсан баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргав...” гэсэн байх боловч тухайн хэргээс ямар баримтыг шинжлэн судласан нь тодорхойгүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, хэрэгт хуулбарлан авсан баримт нотариатаар гэрчлэгдээгүй байх бөгөөд улмаар архивын баримт болох тус хэргийг хянагдаж буй хэрэгт хавсаргаж ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх журам, архивын баримтыг архивт хадгалах Архивын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг засахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2408 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороогийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД