Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/143

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 улсын яллагч А.Баясгалан,

 хохирогч *******,

 хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх,

 шүүгдэгч *******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү,

 нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931003930022 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Боржигон овогт Эрдэнэсайханы Билгүүн, 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Си Юу Өү Эл” ХХК-нд баяжуулах үйлдвэрийн туслах ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 009 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:МЮ02241713/;

2. Монгол улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 17 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар хэсэг 79 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ял шийтгэл оногдуулахыг тэнсэж 03 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Харчинг овогт Баттогтохын ******* РД:/МЮ02282613/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

1.Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Орхонсайхантай “Писи” тоглоомын асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зүүн дээд зовхины няцарсан шарх, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг,

2.Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Орхонсайханыг өөрийн найз Б.*******ыг боолоо гэх шалтгаанаар эрүүн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүний баруун доод булангийн зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Орхонсайханыг өөрийн найз Б.*******ыг боолоо гэх шалтгаанаар эрүүн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүний баруун доод булангийн зөрөөтэй хугарал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх  дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1. Шүүгдэгч *******ий шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

            2. Хохирогч Г.Орхонсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд миний бие Б.*******, ******* нарт зодуулсан. Анх би Б.*******тай муудалцсан.Тэгээд би гадаа байж байхад хөлөөс татаж унагаагаад хойноос ******* гарч ирээд намайг цохьсон. Би өөрийгөө хамгаалах гэж байгаад Б.*******ыг боосон тэгээд дуу нь сонин дуугараад байхаар нь боолтоо сулруулаад байж байхад ******* намайг цохьсон гэв. Одоо нэхэмжилж байгаа зүйл нь шүдний эмчилгээ 6,440,000 өмнөх нь үлдэгдэл 1,490,000 төгрөг, нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг[2],

            3.Хохирогч Г.Орхонсайханы 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг өнгөрч байхад UB PC тоглоомын газар Цэндээ, ******* нартай орсон. Бид нарыг тоглоомын газар ороход Б.*******, ******* нар найзуудтайгаа байсан. Тэгээд бид нар дөрвийн эсрэг дөрөв тоглохоор болсон. ...Тэгээд бид нар тоглоомоос болж маргалдсан. ...РС тоглоомын газрын шатаар уруудаад гарахад Б.******* шууд миний хөл рүү дайраад хойноос ******* татаад намайг газар унгаасан. Б.******* миний дээр гараад цохих гээд байхаар нь би 2 гарыг нь бариад цохиулаагүй. Б.******* доороо сонин дэвхцэж байгаад дахиад миний хөл рүү дайрахаар нь би унахгүй тулд Б.*******ын толгой баруун гартай өөрийнхөө баруун сугандаа боогоод барьсан. Б.******* нь сонин дугараад байхаар нь би боолтоо сулласан чинь хажуугаас Марлаа гэх охин намайг алгадаад үснээс зулгаасан. Цаанаас нь ******* миний нүүрний баруун тал руу өшиглөсөн. Тэгээд миний ухаан балартсан. Миний дээрээс олон хүн цохисон. Намайг хэн хэн цохисныг би сайн хараагүй. Миний толгой эрүү, нүүр хэсэг их өвдөж байна. Мэс засалд орсон тул толгой нүүр хүнд байна. Одоогоор би эмчилгээнд 1.800.000 орчим төгрөг зарцуулаад байна. Би гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг *******, Б.******* хоёроос нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг[3],

            4. Гэрч *******ийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим найз Г.Орхонсайхантай хуучин захын таксины зогсоолын хажууд байрлах РС тоглоомын газар уулзсан. Тэр тоглоомын газар миний таних Цэндээ, ******* ах нар байсан. Тэгээд бид 4 үл таних 4 залуутай тоглох гээд сууж байсан. Манай найз Г.Орхонсайхан нь “ямар дүү нартай тоглох гэж байна царайгаа харуул” гэтэл “чадахгүй өөрөө ирээд хар” гэж хэлсэн. Тэгээд Г.Орхонсайхан очоод “ямар том дуутай дүү нар бэ?” гэтэл Б.******* гээд залуу орилж босож ирээд “хоёулаа зодолдох уу” гэхээр нь Г.Орхонсайхан “за гадагшаа гаръя” гээд бид нар олуулаа гарсан. Тэгээд гараад тоглоомын газрын гадаа Г.Орхонсайхан “ямар том дуутай юм бэ?” гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд гэнэт Б.******* Г.Орхонсайханы хөлнөөс тэврээд газар унагасан. ...Г.Орхонсайханыг эхлээд Б.******* нүүр, зүүн талын хөмсөг рүү нь гараараа нэг удаа цохиж, 2 хөлийг нь гараараа хамж унагаах гэж оролдохоор нь Г.Орхонсайхан гараараа Б.*******ыг хоолойноос нь бооход Б.******* *******ийг “энийг аваарай” гэж орилж хэлтэл ******* Г.Орхонсайханы араас хүзүүгээр нь гараараа уургалж татаад түүний нүүрний баруун талд хөлөөрөө өшиглөж дараа нь гараараа нэг удаа бас толгойн баруун чамархайн хэсэгт цохиж газар унагасан...” гэх мэдүүлэг[4],

            5. Гэрч *******гийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн өдөр би РС тоглоомын газар найз дүү нар болох Г.Орхонсайхан, *******, ******* нарын хамт тоглох гээд орсон. Яг юунаас болж Г.Орхонсайхан, Б.******* нар маргасан талаар мэдэхгүй байна. ...Тэнд байсан зүс таних Б.*******, ******* нар Г.Орхонсайханы араас агаа агаа гэсээр гарсан. Г.Орхонсайхан нь Б.*******тай ярилцах гээд Б.******* нь ярихгүй гээд тойроод зугтааж гүйгээд байх шиг харагдсан.Тэгсэн Б.******* нь Г.Орхонсайханыг газар унагах гээд түүний хөл рүү дайрч байгаад өөрөө газар унаж Г.Орхонсайхан дээр нь сууж байхад араас нь ******* гараараа хүзүүгээр нь боож байгаа харагдсан. Тэр үед РС тоглоом ажиллуулдаг эмэгтэй гарч ирээд Г.Орхонсайхан руу дайрч орилоод асуудал үүсээд ирэхээр нь би тоглоомын газраас гарч Г.Орхонсайхан нүүрээ дарсан байдалтай сууж байхаар нь “яасан” гэж асуухад “миний шүд, эрүү хоёр жоохон сонин болчихлоо” гэхээр нь Г.Орхонсайханыг аваад *******, ******* бид 4 эмнэлэг явсан. ...Б.******* Г.Орхонсайханы хөлнөөс татаж унагах гээд өөрөө түүний доор орж унаж байсан. Тэгсэн *******, Г.Орхонсайханы араас хоолойгоор нь гараа тойруулж барьж боож тэр хоёрыг салгах гэж хойш нь татаж байсан. Тэрнээс хэн хэнийгээ цохиж зодсон талаар би хараагүй...” гэх мэдүүлэг[5],

            6. Насанд хүрээгүй гэрч *******ын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б.*******ыг Г.Орхонсайхан бариад толгой нь баруун гараараа уургалаад цээжин доороо оруултал Б.******* *******ийг “аваарай” гэж хэлсэн. Тэгсэн Г.Орхонсайханы араас ******* цохиод Г.Орхонсайхан зүүн талаараа замын хашлага цохиж унаад хөмсөг нь сэтэрсэн. ...Миний харснаар ******* Г.Орхонсайханы араас нэг удаа баруун эрүү хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг[6],

            7. Гэрч *******ийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг тоглоомын газраас гарахад Б.*******, Г.Орхонсайхан нар нь дээр доороо орчихсон зодолдож байсан. Г.Орхонсайханд яг хэн гэмтэл учруулахаар цохисон талаар би хараагүй. ...Б.******* нь Г.Орхонсайханы баруун гараараа нэг удаа зүүн хацар хэсэг рүү цохиж байхыг харсан...” гэх мэдүүлэг[7],

            8.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 22-ны Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн эмч С.Бүрэнжаргалын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаартай: “...1.Г.Орхонсайханы биед эрүү баруун доод булангийн зөрөөтэй хугарал, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал, зүүн гайморын хөндийд цус хурсан, зовхинд няцарсан шарх, чамархай, эрүү, ахар сүүжний хэсэгт улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Г.Орхонсайханы биед учирсан гэмтлүүд нь уналт болон цохилт, мөн нэг ба түүнээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Г.Орхонсайханы эрүүл мэндэд учирсан хохирол  нь эмнэлэгт хэвтсэн өвчний түүх, эмчийн үзлэг, хагалгаанд орсон явц, онош, бусад бичиг баримт, шинжилгээг үндэслэн үзэхэд гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох боломж үгүй байна. 4.Дээрх гэмтлийн эрүүний баруун доод арын булангийн зөрөөтэй хугарал, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Зүүн дээд зовхины няцарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Баруун чамархай, ахар сүүжний харалдаа үүссэн улаан хүрэн зулгаралт нь нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 7.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх болон нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 8.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна...” гэх дүгнэлт[8],

            9. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл [9], 10. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл[10], 11. Гэрэл зургийн үзүүлэлт[11], 12.Яаралтай тусламжийн хуудас тэмдэглэл[12], 13.Өвчний түүх[13], 14.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[14], 16.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[15], 16. Б.*******ын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг[16], 17.*******ий 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг[17], 18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 14.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

 Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.   

 Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Орхонсайхантай Писи тоглоомын асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зүүн дээд зовхины няцарсан шарх, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Орхонсайханыг өөрийн найз Б.*******ыг боолоо гэх шалтгаанаар эрүүн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүний баруун доод булангийн зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч Б.*******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

  Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

  Харин шүүгдэгч Харчин овогт Баттогтохын ******* нь тус шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 712 тоот албан бичгээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “шүүгдэгч нас барсан” гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзсэн.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б.*******, ******* нарын гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Орхонсайханы биед эрүү баруун доод булангийн зөрөөтэй хугарал, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал, зүүн гайморын хөндийд цус хурсан, зовхинд няцарсан шарх, чамархай, эрүү, ахар сүүжний хэсэгт улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцох нь зүйтэй.

 Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Орхонсайхан нь шүүгдэгч Б.*******, ******* нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардал нийт 2,902,378 төгрөг, шүүхийн шатанд нэмж шүдний гажиг засал, инплант 2 шүд хийх, шүдний сувгийн эмчилгээ хийх нийт 6,440,000 төгрөг, шүдний эмнэлэгт үзүүлсэн баримт болон галт тэрэгний тасалбар бүгд 90,600 төгрөг, хохирогчийг асарч сувилсан хүний 1 сарын цалин 600,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хавтаст хэрэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтад үндэслэн шүүгдэгчээс  эмчилгээний зардал 2,920,378 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.*******ын эцэг иргэний хариуцагч Г.Баттогтохын зүгээс 2,000,000 төгрөг төлснийг хасч, үлдэгдэл 920,378 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан хохирогчид олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “шүүгдэгч нас барсан” гэсэн үндэслэлээр шүүгдэгч Харчин овогт Баттогтохын *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдох 1931003930022 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ялтан ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Ялтан *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1.4, 36.10, 36,13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Харчин овогт Баттогтохын *******, Боржигон овогт Эрдэнэсайханы Билгүүн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “шүүгдэгч нас барсан” гэсэн үндэслэлээр шүүгдэгч Харчин овогт Баттогтохын *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдох 1931003930022 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэсайханы Билгүүнээс 902,378 төгрөг гаргуулан, хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 3 дугаар хэсэг, 167 тоотод оршин суух Боржигон овогт Ганхуягийн Орхонсайханд /МЮ97042113/ олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5.Ялтан ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Ялтан *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

   

 

   

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ