Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/24

 

Э.Б, Б.М нарт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                               Б.Батзориг

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин                                  

                                                                                       Д.Буянжаргал

                               Оролцогчид

                                      Прокурор                                     Г.Э

                                      Хохирогчийн өмгөөлөгч              М.Г

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2020/ШЗ/132 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын М, Б овогт Э-ы Б нарт холбогдох эрүүгийн 1931003930022 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12-р ангийн сурагч, ам бүл 6, аав ээж ах дүү нарын хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Баянхаан 2 дугаар хэсэг 079 тоотод оршин суух хаягтай, урьд

-Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ял шийтгэл оногдуулахыг тэнсэж 03 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Х овогт Б-ын М /РД:МЮ02282613/

 

Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 12-р ангийн сурагч, ам бүл 3, ээж ах нарын хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг 3 дугаар хэсэг 009  тоотод оршин суух хаягтай, Б овогт Э-ы Б /РД:МЮ02241713/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Мт нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.О-тай Писи тоглоомын асуудлаас болж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зүүн дээд зовхины няцарсан шарх, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.О-ыг өөрийн найз Б.М-ыг “боолоо” гэх шалтгаанаар эрүүн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүний баруун доод булангийн зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Анхан шатны шүүх Э.Б, Б.М нарт холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 132 дугаартай шүүгчийн захирамжаар:

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын М, Б овогт Э-ы Б нарт холбогдох эрүүгийн 1931003930022 тоот эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай,

2. Яллагдагч Э.Б, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.” гээд, шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

  

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцэлдээ: ... Улсын яллагчийн зүгээс шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хохирогч Г.О-ы зүгээс шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн “Продент шүдний эмнэлэг" 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эмчилгээний төлбөрийн мэдээлэл гэх баримтанд бичигдсэн үйлчлүүлэгчийн нэр нь Г-ийн О гэсэн байхад шүүхээс уг баримтыг үнэлж нарийвчлан шинжээч томилж тогтоолгох гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй баримтыг үндэслэж хэргийг прокурорт буцаасан гэж үзэж байна. Учир нь хохирогч Г.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэмэлт дүгнэлт гаргуулахаар прокурорт хүсэлт гаргасны дагуу прокуророос хүсэлтийг хүлээн авч, шинжээч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 47 дугаартай дүгнэлтийг нэмэлтээр гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан хүсэлтийг хангах тухай прокурорын тоггоол, шинжээч томилох /нэмэлт/ тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн нэмэлтээр гаргасан дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Ийнхүү нэмэлт дүгнэлтийг гаргуулахад хохирогчийн зүгээс шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн Продент шүдний эмнэлэг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Эмчилгээний төлбөрийн мэдээлэл" гэсэн баримтыг шинжээч эмчид гаргаж өгөөгүй болох нь шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтийн үзлэг хэсгээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл шинжээч дүгнэлт гаргахдаа хохирогч Г.О-ы эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн тодорхойлолт, КТГ шинжилгээ, өвчний түүх зэргийг үндэслэж дүгнэлтийг нэмэлтээр гаргасан байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасан байхад анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэж хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон. авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгсн улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Прокурорт өгсөн хохирлын баримтад тухайн баримт тусгасан байгаа. Үүнийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар бүлгийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг богино хугацаанд шуурхай шийдвэрлэх хуулийн шаардлага байдаг. Энэ хуулийн шаардлагын хүрээнд хэргийг шүүхэд шилжүүлсэн материалын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэж эсэргүүцэл гаргасан гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Э.Б, Б.Мт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцлийн дагуу Э.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн 1931003930022 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан  гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д   “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд, шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ...” гэж заасны дагуу дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсны эцэст хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/132 дугаартай  захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Э.Б, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ