Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 68

 

С.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Д.Буянжаргал

                                                        Б.Манлайбаатар                            

Прокурор                                        Г.Яндаг

Хохирогч                                        Д.Э-

Хохирогчийн өмгөөлөгч                Ц.Алтанзаяа           

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч     Ө.Өлзиймаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 126 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Э-гийн гаргасан давж заалдах гомдол болон улсын яллагч Г.Яндагийн гаргасан эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 /2002 оны Эрүүгийн хуулийн/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-ийн А-д холбогдох эрүүгийн 201609000676 тоот, 166/2017/0120/Э индекстэй 2 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаатгагдсан этгээдийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х- овогт С-ийн А- /РД: **********/, урьд ял шийтгэлгүй,

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.А- нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Өргөө баг Дархан Дээд сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад иргэн Д.Э-ы зүүн нүдэнд тохойгоороо цохиж хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 126 дугаартай цагаатгах тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт С-ийн А-д холбогдох эрүүгийн 201609000676 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.А-г цагаатгаж,

-Хохирогч Д.Э-ы нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

-Шүүгдэгч С.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

-Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор... тус тус зааж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгч С.А- нь миний нүдэнд хүчтэй цохиж хүнд гэмтэл учруулсны улмаас би хөдөлмөрийн чадвар 35 хувь алдаж шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд хүнд зэргийн гэмтэл учирсан байна гэж гарсан байхад шүүх энэ буруутай үйл ажиллагааг буруугүй гэж үзэж байгаад гомдолтой байна. Энэ тэмцээнийг зохион байгуулсан Дархан-Уул аймгийн Дархан дээд 24-р сургууль нь зохион байгуулалт муутай, техникийн зөвлөгөөн хийгээгүй, эрүүл мэндээр хохироосон байхад сургуулийг гэм буруугүй гэж үзэж байгаад мөн гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Улсын яллагч Г.Яндаг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“... Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Өргөө багт байрлах Дархан дээд сургуулийн спорт зааланд 24 дүгээр дунд сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр шүүгдэгч С.А- нь сагсан бөмбөг тоглож байгаад хохирогч Д.Э-ы биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч С.А- нь гэм буруугүйгээр хохирогч Д.Э-ы эрүүл мэндэд гэм хор учруулсан гэж үзэн С.А-д холбогдох эрүүгийн 2016090000676 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Үүнд: -Хохирогч Д.Э-ы: “... би өөрийн шийдний урд талд хамгаалагчаар тоглож байхад эсрэг талын довтлогч бөмбөг залаад ирж явсан. Би урд талд нь хамгаалаад 2 гараа алдлаад зогсож байсан. Намайг хамгаалалт хийгээд зогсож байхад С.А- бөмбөг шидээд буухдаа миний нүд рүү цохисон. Би тухайн үед С.А- хамгаалах гэж үсрээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12

-Гэрч Т.Б-ын: “....Нүдэндээ гэмтэл авсан хохирогч маань өөрийн зоонд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Харин нөгөө багийн бөмбөг эзэмшиж байсан хүн маань довтлогчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр довтлогч 2-а ангийн эцэг байсан. Тэгээд бөмбөгөө залаад 3 зооноос үсрээд шийд рүү бөмбөгөө шидсэн. Тухайн үед хамгаалагч өөрийн зоонд гараа өргөөд довтлогчийн биед хүрээгүй хамгаалаад зогсож байсан. Тэгэхэд довтлогч маань үсрээд бөмбөгөө шийд рүү шидээд газарт буухдаа хамгаалагчийн зүүн нүдэнд зүүн тохойгоороо цохиод авсан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 20/

-Гэрч Л.Э-ын: “....Тухайн үед би хамгаалж байсан. Харин эсрэг баг нь довтолж байсан. Миний харснаар эсрэг багийн довтлогч залж очоод шийд рүү үсрээд бөмбөгөө шидсэн. Би тухайн тоглолтыг араас нь харж байсан. Тэгэхэд тухайн довтлогчийн өмнө хамгаалж байсан нөхрийн багийн тоглогч ах доошоо нүдээ дараад газарт өвдөглөөд суусан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 21/

- Яллагдагч С.А-гийн үйлдлийн улмаас хохирогч Д.Э-ы бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг нотолсон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч С.А- тухайн нөхцөл байдалд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийг аюулын шинж чанарыг бүрэн ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдад хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс С.А- нь сагсан бөмбөг тоглож байгаад хохирогч Д.Э-ы биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь гэмт хэргийн шинжгүй хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3-т заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 126 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Хохирогч Д.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би өмнө нь хийж бүтээж байсан бүхнээ хийж чадахгүй байна. Би барилгын ажил, тээврийн ажил зэргийг хийж байсан. Нэг нүдээрээ юм харахаар ачааллаа даахгүй улайж өвддөг болсон, надад үнэхээр хэцүү байна. Би хаа хүрэх газар нь хүрнэ, хүний нүд сохолсон байхад гэм буруугүй гэж шийдвэр гаргасныг ойлгохгүй байна” гэв.

Прокурор Г.Яндаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх хэргийн талаар дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг дүгнэлтэндээ тусгаагүй. С.А-гийн үйлдэл дээрх ямар нөхцөл байдалд байсан гэдгийг тодорхой дурдаагүй. Энэ талаар дүгнэлт хийгээгүй учраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүх С.А-г гэм буруугүй гэж үзэж цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. С.А-г гэм буруутайд тооцох үндэслэл байна” гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 126 дугаар цагаатгах тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангасан. Гэмт хэргийн болгоомжгүй байдал тогтоогдоогүй. С.А-г цагаатгасан нь үндэслэлтэй... Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

С.А- нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Өргөө баг Дархан Дээд сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад иргэн Д.Э-ы зүүн нүдэнд тохойгоороо цохиж хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримтыг гэмт хэргийн шинжтэй гэж үзээд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх С.А-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож 126 дугаартай цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Э-ы “...С.А- нь миний нүдэнд хүчтэй цохиж хүнд гэмтэл учруулсны улмаас би хөдөлмөрийн чадвар 35 хувь алдаж шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд хүнд зэргийн гэмтэл учирсан байна гэж гарсан байхад шүүх энэ буруутай үйл ажиллагааг буруугүй гэж үзэж байгаад гомдолтой байна” гэх давж заалдах гомдол, прокурор Г.Яндагийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3-т заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна” гэх эсэргүүцлийн үндэслэлүүдээр С.А-д холбогдох хэргийг хүлээн авч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “...С.А- нь сагсан бөмбөг тоглож байгаад хохирогч Д.Э-ы биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч С.А- нь гэм буруугүйгээр хохирогч Д.Э-ы эрүүл мэндэд гэм хор учруулсан байна гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн зөрүүтэй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн… саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шүүхийн цагаатгах тогтоолд тусгахаар хуульчилсан байх бөгөөд энэ талаарх дүгнэлт 126 дугаартай цагаатгах тогтоолд тусгагдаагүй байна.

С.А-д холбогдох хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 126 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, С.А-д холбогдох эрүүгийн 201609000676 тоот хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. С.А-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд очтол С.А-д авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                              ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                        Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                           Б.МАНЛАЙБААТАР