Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 321

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, Арыххул овогт Анисийн Раушаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, Узынмылтых овогт Кампаниягийн Тогтосынд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Раушан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид А.Серикжан, С.Нургайып, хариуцагч К.Тогтосын, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: К.Тогтосынаас гэрлэлтээ цуцлуулж, хүү Т.Кадирбек, охин Т.Айнур, Т.Кадиргүл нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийг тэтгэлэг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч А.Раушан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Анисийн Раушан нь 2011 оны 03-р сарын 15-ны өдөр Кампаниягийн Тогтосынтай сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 05-рт бүртгүүлж байсан билээ. Гэр бүл болсноос хойш 1 жилийн хугацаанд хүн шиг сайхан амьдарч ирсэн. 1 жилийн дараа миний бие хөдөө ажлаар явж байхад бидний ихэр хүүхдүүдийн төрсөн өдрийн ой тохиосон байсан. Намайг байхгүй байхад нөхөр Тогтосын иргэн Ж.Багжан болон бас нэгэн бүсгүйг хүүхдүүдийн төрсөн өдрийг тэмдэглэхээр гэртээ урьж баяр тэмдэглэж өнгөрүүлсэн байдаг. Төрсөн өдөр тэмдэглэсний маргааш өдөр нь нөхөр Тогтосын өөрийн сайн найз болох Өмирбек нарын хоёр хүнийг дагуулаад иргэн Ж Багжан болон бас нэгэн бүсгүйтэй хамт тавуулаа нийлээд аймгийн Буга гэх газарт зугаалгад гарсан байна. Энэ өдрөөс хойш нөхөр Тогтосын нь Ж.Багжантай байнга уулздаг болсон ба бэлгийн харьцаатай болсон. Миний бие нөхрийн энэхүү хийж буй жигшүүрт явдлыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд нөгөө бүсгүйтэй уулзах болгонд хэл ам гаргаж дургүйцлээ илэрхийлдэг байсан. Гэтэл нөхөр маань түүнтэй уулздагаа болиогүй. Миний бие нөгөө Ж.Багжан гэдэг хүнийг олж уулзаж, нөхөртэй минь явалдахаа боль гэж хэлж үзсэн. Гэвч бүтээгүй. Болихгүй болохоор нь түүнийг /Ж.Багжан/ зодож байлаа. Гэвч ямар ч өөрчлөгдсөн зүйл алга ба нөхөр маань нөгөө Ж.Багжантай уулзаж болзсон хэвээр байсан. Харин ч нөхөр маань чи миний нууц амрагийг минь зовоолоо хэмээн намайг зоддог болов. Тэдгээрийн байнга уулзаж явалддаг байдлыг миний найзууд цаашлаад хамаатан төрөл садангийн хүмүүс, бүр цаашлаад бусад танил хүмүүс олж мэдээд надтай тааралдах болгонд доромжилсон байдалтай харьцдаг болсон. Үүнээс болж миний нэр хүнд олны дунд унаж, сэтгэл санааны маш их дарамтад орсон. Гэвч миний бие нөхөртэй хайртай байсан болохоор нөхөр маань хийж буй зохисгүй үйлдлээ ухаарч засрах болов уу гэсэн байдлаар тэвчиж найдлага тавьж, түүнд итгэж хүлээцтэй хандаж ирсэн. Тэгж байгаад нөхөр бид хоёр 2013 онд дахиад нэг охинтой болсон. Нэг удаа миний тэвчээр туйлдаа хүртэл барагдаж буюу нөхрийн нууц амраг Ж.Багжанд маш ихээр уур хүрч түүнтэй уулзаж байгаад хашраах зорилгоор түүнийг үстэж байгаад зодож байсан. Үүнийг нөхөр маань мэдээд "чи яах гэж Ж.Багжаныг зодсон юм" гэж түүнийг өмөөрч хамгаалаад намайг үхтэл зодсон юм Тухайн үед хадам ээж Сагатжан гэрт хамт байсан ба нөхрийг маань надаас салгаж авч миний төрсөн эгч болон бэр эгч нарыг дуудаж ирүүлээд намайг тэд нарт хүлээлгээд өгч явуулж байсан. Би энэхүү болсон явдлын талаар тухайн үед хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгүй тас нууж өнгөрүүлсэн. Учир нь тухайн үед нөхөр маань намайг зодохдоо "хэрэв үүнийг өөр бусад хүмүүст хэлбэл чамайг болон хүүхдүүдийг чинь ална" гэж айлган сүрдүүлж заналхийлсэн юм. Энэхүү үйл явдал болсноос хойш буюу миний бие төрхөмдөө байж байхад нөхөр Тогтосын ирж надаас уучлалт гуйж "үүнээс хойш би тэр Багжантай дахиж хэзээ ч уулзахгүй гэдгээ амлаж байна, чамайг болон хүүхдүүдээ харж хамгаалж хүн шиг амьдруулна" гэж намайг дагуулаад гэрт авчирж байсан. Гэсэн хэдий ч нөхөр маань нөгөө нууц амрагтай уулзсан хэвээр байлаа. Миний бие үүнийг мэдэж байсан боловч мэдээгүй юм шиг өнгөрүүлдэг байсан. Гэтэл нөхөр маань сүүлдээ бүр давраад гэрт хонохоо больж эхэлсэн. Ингэснээр миний тэвчээр барагдаж дахиад хүүхдүүдээ аваад төрхөмдөө яваад өгсөн. 2 долоо хоногийн дараа хадам аав, ээж, нөхөр, хадам дүү нар миний төрхөмд ирж надаас болон миний хамаатнуудаас уучлалт гуйж байсан. Миний бие тухай үед зөвшөөрөөгүй байсан боловч хүүхдүүдийн ирээдүйг бодсондоо хамгийн бөгөөд хамгийн, сүүлчийн бөгөөд сүүлчийн боломж олгоод гэртээ буцаж ирж байсан. Ингэхдээ "дахиад хэзээ ч хуурахгүй, бусад хүмүүстэй явалдахгүй, эхнэр хүүхдээ харж хамгаалах болно" гэсэн агуулгатай гарын баримт бичүүлж авсан юм. Гэтэл итгэл маань талаар болж 2-3 долоо хоногийн дараа нөхөр маань нөгөө нууц амраг нь болох Ж.Багжантай дахиад явалдаж эхэлсэн. Тэгээд би нөхрөөсөө салахаар шийдээд хүүхдүүдээ аваад 2016 оны 01 дүгээр сарын сүүл хавьцаа төрхөмдөө ирээд одоо хүртэл энд 3 хүүхдийн хамт амьдарч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд эхлээд хуульд заасны дагуу шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагчийн 2016 01.20-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр нөхөр бид хоёрын эвлэрэл амжилтгүй болсон тухай шийдвэр гарсан. Хүүхдүүд маань өдрөөс өдөрт өсөж том болж ухаан сууж эхэлж байгаа. Эцгийнх нь энэхүү арчаагүй байдлыг хүүхдүүддээ харуулахыг хүсэхгүй байна. Тийм учраас миний бие нөхрөөсөө салахаар шийдсэн.

Жич: Уг нь миний бие салах тухай өргөдлөө аль дээр 2016 оны 2 дугаар сарын үед гаргах гэж байсан. Гэвч нөхөр Тогтосын гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон бусад холбогдох бүх бичиг баримтуудыг надаас авчихсан юм. Иймээс эрхээ хамгаалуулахаар өргөдлөө шүүхэд гаргаж чадалгүй өдий хүрсэн. Сүүлд хуульч өмгөөлөгчийн тусламж авснаар дээрх баримт бичгүүдийн эх хувь байхгүй ч гэсэн шүүхэд нэхэмжлэл гаргаж болдгийг ойлгож мэдэж ийнхүү эрхээ хамгаалахаар шударга шүүхэд хандаж байна.

Иймд К.Тогтосынаас гэрлэлтээ цуцалж хүү Т.Кадирбек, охин Т.Айнур, Т.Кадиргүл нарыг өөрийн асрамжид үлдээж. эцэг К.Тогтосынаар хүүхдийн тэтгэлэг төлүүлэх тухай шийдвэр гаргаж егнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Раушан шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. К.Тогтасын бид хоёр 2011 онд гэр бүл болсон бөгөөд тухайн жил хоёр хүүхэдтэй, дараа нь 2013 онд бас нэг хүүхэдтэй болсон. 2013 оноос хойш хариуцагч К.Тогтасын өөр хүнтэй холбогдож тэр эмэгтэйг дагаад явсан. Би түүнийг уучилж, 3 жил хүлээсэн боловч К.Тогтасын засраагүй, энэ жил 1 дүгээр сард тэр хүүхнийг дагаад Улаанбаатар хот руу явчихсан. Тийм учраас өмгөөлөгч аваад гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнгөрсөн жилийн 2 дугаар сард шүүхээс бид нарт эвлэрүүлэх арга хэмжээ авч байсан боловч эвлэрч чадаагүй. Нөхөр маань Улаанбаатар хот руу явахдаа хүүхдүүдийн гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт миний бүх бичиг баримтыг аваад явсан байсан. Би өмгөөлөгч нараас зөвлөгөө авсны үндсэн дээр Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ удаад эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч би эвлэрэхийг хүсээгүй. 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр намайг зодож биед маань гэмтэл учруулсан. Үүний улмаас 10 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Одоо эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. Иймд хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Эд хөрөнгийн талаар дараа нь жич нэхэмжлэл гаргах болно гэв.

Хариуцагч К.Тогтосын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Нэхэмжлэгч А.Раушаны гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдийг өөрийн асрамжид авах, тэтгэлэг төлүүлэх тухай шаардлагыг нөхөр нь болох К.Тогтосын би эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үндэслэл:

1. Нэхэмжлэгч А.Раушан бид хоёр 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 1. Т.Кадирбек-эр 2011.08.13-нд, 2. Т.Кадиргүл-эм 2011.08.13-нд, 3. Т.Айнур-эм 2014.12.25-нд тус тус төрсөн бөгөөд одоо эрүүл саруул А.Раушан бид хоёрын асрамж, халамжид амьдардаг.

2. Би эцэг эхээс ганц эрэгтэй хүүхэд болж төрсөн болохоор эцэг эхийн хамт тэдгээрийн голомтыг залгуулж тэднийгээ асран тэтгэж гэр бүлийн хамт амьдарч байна.

3. би эцэг эхийн олон жил амьдарсан, өөрсдийн барьсан байшин, гэр хашаанд гэр бүлийн хамтаар амьдарч байгаа бөгөөд эцэг эх минь ганцхан миний нэр дээр өмчлүүлж өгсөн юм.

4. Би өөрөө 8 дугаар анги, мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн авто сэлбэгийн засварчны ангийг тус тус төгссөн бүрэн, тусгай дунд мэргэжилтэй юм. Аав, ээж минь 2015 онд тэтгэврийн мөнгөөрөө надад Корса гэдэг суудлын машин авч өгсөн бөгөөд түүгээр хот дотор такси хийж орлого олдог байсан. Одоо бүрэн эвдэрсэн байгаа. Харин би хөлсөөр барилгын янз бүрийн ажил хийж орлого олж гэр бүлээ тэжээн дундруулалгүй, дутаалгүй амьдруулж байна. Ер нь манай гэр бүлийнхэн амьдрал хангалттай хэмжээнд хангалуун амьдарч байгаа юм. Бидэнд гэрлэлт цуцлуулах ямар ч шалтаг, шалтгаан байхгүй юм. Нэхэмжлэгч болох А.Раушан нь Ж.Багжан гэдэг эмэгтэйтэй байнга бэлгийн харьцаанд орсон гэх мэтээр намайг гүтгэжээ. Бүгд худлаа. Эхнэрээ зодож байгаагүй. Харин гэнэт надаас салахаар боллоо гэж бусад хүмүүст хэлж 3 хүүхдийг цэцэрлэгээс авч Сагсай сумын Даян гэдэг газарт мал малладаг эцэг эхдээ аваачаад орхиж, өвтгөж, зовоож тарчлааж байсныг би хүлээн зөвшөөрөхгүй эвлэрүүлэн зуучлагчид хүртэл хандаж байсан. Би эхнэр А.Раушанд хайртай, хүүхдүүддээ хайртай. Тэднийгээ хайрлаж юугаар ч дутаалгүй сайхан амьдруулж чадна. Тийм учир гэрлэлтийг цуцлуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч К.Тогтосын шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.Раушан 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр К.Тогтасын намайг зодсон гэж байна. Тухайн өдөр би 23 цагийн үед очиход өөр хүнтэй шалдан хөнжилд хэвтэж байхад баригдсан. Энэ бол Цагдаагийн газраас шалгагдаж тогтоогдсон. 2013 оноос хойш өөр хүүхэнтэй харилцаж явалдсан гэдэг нь худлаа. Энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Зөвхөн тэр хүүхэнтэй биш намайг таксинд явахад ч гэсэн хүн болгоноос харддаг. Нэхэмжлэгч өөрөө бас хоосонгүй. А.Раушан өөрөө 11 насандаа гэртээ хүүхэд гаргасан. Тэгэхэд би яахав нэг удаа алдсан байх гэж бодож уучилж эрхлүүлж, хайрласан. Тэр хүүхэд нь одоо 8 дугаар ангид суралцдаг өөр хүний гэрт байдаг. Миний хүүхдүүд бас тийм байдалд орох байх гэж бодоод гэрлэлт цуцлуулахгүй гэж байгаа. Би 3 хүүхдээ бодож хэзээ ч гэрлэлт цуцлуулахгүй. 3 хүүхдийнхээ ирээдүйг бодоод гэрлэлт цуцлуулахыг хүсэхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Раушан нь хариуцагч К.Тогтосынаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсжээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд: РД:БИ8602317 регистрийн дугаартай Узынмылтык овогт Кампаниягийн Тогтосын, РД:БИ88080404 регистрийн дугаартай Арыххул овогт Анисийн Раушан нар нь 2011 оны 03 сарын 15-нд гэр бүл болсныг Баян-Өлгий аймаг Сагсай сумын 05-рт 2011 оны 06 дугаар сарын 20-ныөдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул Узынмылтык овогт Кампаниягийн Тогтосын, Арыххул овогт Анисийн Раушан нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хууль ёсны эхнэр, нөхөр мөн болох нь тогтоогдож байна.

Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч гэрлэгчид К.Тогтосын, А.Раушан нарт холбогдох гэр бүлийн маргааныг шийдвэрлүүлэх тухай иргэний хэргийг 2016 оны 01 сарын 18, 2017 оны 03 сарын 10-ний өдөр тус тус хүлээн авч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулахад К.Тогтосын, А.Раушан нар нь эвлэрэн гэрлэлтээ үргэлжлүүлэхээс татгалзсан, А.Раушан нь түүний хүсэлтийг хүлээж авахгүй, цаашид тодорхой үр дүн гарахгүй нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дэх хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 16 дугаартай, 2017 оны 03 сарын 16-ний өдрийн 08 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр тус тус дуусгавар болгосон байна.

Хариуцагч К.Тогтосын нь гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдүүдтэйгээ хамт амьдрахыг хүсэж байна гэх боловч хуулинд заасан эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч нэхэмжлэгчтэй эвлэрч чадаагүй учир гэрлэлтээ цуцлуулахгүй гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагч К.Тогтосын нь нэхэмжлэгч А.Раушаны гэрлэлт цуцлуулах, хүүхдийг өөрийн асрамжинд авах, тэтгэлэг төлүүлэхнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч зохигч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүхээс хэдэн хэдэн удаа гэрлэгчидийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй 5 сар тусдаа амьдарсан байдал, мөн К.Тогтосын нь эхнэр А.Раушаныг зодож биенд нь хөнгөн гэмтэл учруулж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өвчний түүх, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон зэргийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д тус тус заасныг баримтлан А.Раушан, К.Тогтосын нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Раушан нь К.Тогтосынтай гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Т.Кадирбек, Т.Кадиргүл, 2013 оны 12 сарын 19-ний өдөр Т.Айнур нар тус тус төрсөн болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Т.Кадирбек, Т.Кадиргүл, Т.Айнур нар нь бага насны бөгөөдодоо эхийн асрамжинд өсөн торниж байгаа, эхийн халамж, хүүхдийн эрх, ашиг сонирхол, ахуйн нөхцөл байдал зэргийг харгалзан хүүхдүүдийг эх нь А.Раушаны асрамжинд үлдээж, хуулинд зааснаар эцэг К.Тогтосынаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч К.Тогтосын нь хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна, өөрөө асарч хүмүүжүүлэн гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, хүүхдүүд нь бага насны бөгөөд хүүхдүүд нь эхийн хайр халамжинд хүмүүжүүлэх, өсөн торних нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар эцэг нь К.Тогтосын нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд гэрлэгчид А.Раушан, К.Тогтосын нарын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүүТ.Кадирбек, охин Т.Кадиргүл, 2013 оны 12 сарын 19-ний өдөр төрсөн Т.Айнур нарыг эх нь эх нь А.Раушаны асрамжид үлдээж, хүү Т.Кадирбек, охин Т.Кадиргүл, Т.Айнур нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг К.Тогтосыноор тэжээн тэтгүүлэхээр тогтоож, нэхэмжлэгч А.Раушаны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Тогтосыноос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Раушанд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Узынмылтых овогт Кампаниягийн Тогтосын, Арыххул овогт Анисийн Раушан нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дэх хэсэгт зааснаар 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүүТ.Кадирбек, охин Т.Кадиргүл, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Айнур нарыг эх нь Анисийн Раушаны асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Т.Кадирбек, Т.Кадиргүл, 2013 оны 12 сарын 19-ний өдөр төрсөн Т.Айнур нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг К.Тогтосынаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зориулахыг эх А.Раушанд даалгасугай.

6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч А.Раушан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.Тогтосыноос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Раушанд олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН