Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 083

 

А.Раушаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 321 дүгээр шийдвэртэй, А.Раушаны нэхэмжлэлтэй, К.Тогтасынд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч А.Раушан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч К.Тогтасын, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: К.Тогтосынаас гэрлэлтээ цуцлуулж, хүү Т.Кадирбек, охин Т.Айнур, Т.Кадиргүл нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Анисийн Раушан нь 2011 оны 03-р сарын 15-ны өдөр Кампаниягийн Тогтосынтай сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 05-рт бүртгүүлж байсан билээ. Гэр бүл болсноос хойш 1 жилийн хугацаанд хүн шиг сайхан амьдарч ирсэн. 1 жилийн дараа миний бие хөдөө ажлаар явж байхад бидний ихэр хүүхдүүдийн төрсөн өдрийн ой тохиосон байсан. Намайг байхгүй байхад нөхөр Тогтосын иргэн Ж.Багжан болон бас нэгэн бүсгүйг хүүхдүүдийн төрсөн өдрийг тэмдэглэхээр гэртээ урьж баяр тэмдэглэж өнгөрүүлсэн байдаг. Төрсөн өдөр тэмдэглэсний маргааш өдөр нь нөхөр Тогтосын өөрийн сайн найз болох Өмирбек нарын хоёр хүнийг дагуулаад иргэн Ж Багжан болон бас нэгэн бүсгүйтэй хамт тавуулаа нийлээд аймгийн Буга гэх газарт зугаалгад гарсан байна. Энэ өдрөөс хойш нөхөр Тогтосын нь Ж.Багжантай байнга уулздаг болсон ба бэлгийн харьцаатай болсон. Миний бие нөхрийн энэхүү хийж буй жигшүүрт явдлыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд нөгөө бүсгүйтэй уулзах болгонд хэл ам гаргаж дургүйцлээ илэрхийлдэг байсан. Гэтэл нөхөр маань түүнтэй уулздагаа болиогүй. Миний бие нөгөө Ж.Багжан гэдэг хүнийг олж уулзаж, нөхөртэй минь явалдахаа боль гэж хэлж үзсэн. Гэвч бүтээгүй. Болихгүй болохоор нь түүнийг /Ж.Багжан/ зодож байлаа. Гэвч ямар ч өөрчлөгдсөн зүйл алга ба нөхөр маань нөгөө Ж.Багжантай уулзаж болзсон хэвээр байсан. Харин ч нөхөр маань чи миний нууц амрагийг минь зовоолоо хэмээн намайг зоддог болов. Тэдгээрийн байнга уулзаж явалддаг байдлыг миний найзууд цаашлаад хамаатан төрөл садангийн хүмүүс, бүр цаашлаад бусад танил хүмүүс олж мэдээд надтай тааралдах болгонд доромжилсон байдалтай харьцдаг болсон. Үүнээс болж миний нэр хүнд олны дунд унаж, сэтгэл санааны маш их дарамтад орсон. Гэвч миний бие нөхөртэй хайртай байсан болохоор нөхөр маань хийж буй зохисгүй үйлдлээ ухаарч засрах болов уу гэсэн байдлаар тэвчиж найдлага тавьж, түүнд итгэж хүлээцтэй хандаж ирсэн. Тэгж байгаад нөхөр бид хоёр 2013 онд дахиад нэг охинтой болсон. Нэг удаа миний тэвчээр туйлдаа хүртэл барагдаж буюу нөхрийн нууц амраг Ж.Багжанд маш ихээр уур хүрч түүнтэй уулзаж байгаад хашраах зорилгоор түүнийг үстэж байгаад зодож байсан. Үүнийг нөхөр маань мэдээд "чи яах гэж Ж.Багжаныг зодсон юм" гэж түүнийг өмөөрч хамгаалаад намайг үхтэл зодсон юм Тухайн үед хадам ээж Сагатжан гэрт хамт байсан ба нөхрийг маань надаас салгаж авч миний төрсөн эгч болон бэр эгч нарыг дуудаж ирүүлээд намайг тэд нарт хүлээлгээд өгч явуулж байсан. Би энэхүү болсон явдлын талаар тухайн үед хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгүй тас нууж өнгөрүүлсэн. Учир нь тухайн үед нөхөр маань намайг зодохдоо "хэрэв үүнийг өөр бусад хүмүүст хэлбэл чамайг болон хүүхдүүдийг чинь ална" гэж айлган сүрдүүлж заналхийлсэн юм. Энэхүү үйл явдал болсноос хойш буюу миний бие төрхөмдөө байж байхад нөхөр Тогтосын ирж надаас уучлалт гуйж "үүнээс хойш би тэр Багжантай дахиж хэзээ ч уулзахгүй гэдгээ амлаж байна, чамайг болон хүүхдүүдээ харж хамгаалж хүн шиг амьдруулна" гэж намайг дагуулаад гэрт авчирж байсан. Гэсэн хэдий ч нөхөр маань нөгөө нууц амрагтай уулзсан хэвээр байлаа. Миний бие үүнийг мэдэж байсан боловч мэдээгүй юм шиг өнгөрүүлдэг байсан. Гэтэл нөхөр маань сүүлдээ бүр давраад гэрт хонохоо больж эхэлсэн. Ингэснээр миний тэвчээр барагдаж дахиад хүүхдүүдээ аваад төрхөмдөө яваад өгсөн. 2 долоо хоногийн дараа хадам аав, ээж, нөхөр, хадам дүү нар миний төрхөмд ирж надаас болон миний хамаатнуудаас уучлалт гуйж байсан.Миний бие тухай үед зөвшөөрөөгүй байсан боловч хүүхдүүдийн ирээдүйг бодсондоо хамгийн бөгөөд хамгийн, сүүлчийн бөгөөд сүүлчийн боломж олгоод гэртээ буцаж ирж байсан. Ингэхдээ "дахиад хэзээ ч хуурахгүй, бусад хүмүүстэй явалдахгүй, эхнэр хүүхдээ харж хамгаалах болно" гэсэн агуулгатай гарын баримт бичүүлж авсан юм. Гэтэл итгэл маань талаар болж 2-3 долоо хоногийн дараа нөхөр маань нөгөө нууц амраг нь болох Ж.Багжантай дахиад явалдаж эхэлсэн. Тэгээд би нөхрөөсөө салахаар шийдээд хүүхдүүдээ аваад 2016 оны 01 дүгээр сарын сүүл хавьцаа төрхөмдөө ирээд одоо хүртэл энд 3 хүүхдийн хамт амьдарч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд эхлээд хуульд заасны дагуу шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагчийн 2016 01.20-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр нөхөр бид хоёрын эвлэрэл амжилтгүй болсон тухай шийдвэр гарсан. Хүүхдүүд маань өдрөөс өдөрт өсөж том болж ухаан сууж эхэлж байгаа. Эцгийнх нь энэхүү арчаагүй байдлыг хүүхдүүддээ харуулахыг хүсэхгүй байна. Тийм учраас миний бие нөхрөөсөө салахаар шийдсэн.

Жич: Уг нь миний бие салах тухай өргөдлөө аль дээр 2016 оны 2 дугаар сарын үед гаргах гэж байсан. Гэвч нөхөр Тогтосын гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон бусад холбогдох бүх бичиг баримтуудыг надаас авчихсан юм. Иймээс эрхээ хамгаалуулахаар өргөдлөө шүүхэд гаргаж чадалгүй өдий хүрсэн. Сүүлд хуульч өмгөөлөгчийн тусламж авснаар дээрх баримт бичгүүдийн эх хувь байхгүй ч гэсэн шүүхэд нэхэмжлэл гаргаж болдгийг ойлгож мэдэж ийнхүү эрхээ хамгаалахаар шударга шүүхэд хандаж байна.

 

Иймд К.Тогтосынаас гэрлэлтээ цуцалж хүү Т.Кадирбек, охин Т.Айнур, Т.Кадиргүл нарыг өөрийн асрамжид үлдээж. эцэг К.Тогтосынаар хүүхдийн тэтгэлэг төлүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч А.Раушаны гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдийг өөрийн асрамжид авах, тэтгэлэг төлүүлэх тухай шаардлагыг нөхөр нь болох К.Тогтосын би эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үндэслэл:

1. Нэхэмжлэгч А.Раушан бид хоёр 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 1. Т.Кадирбек-эр 2011.08.13-нд, 2. Т.Кадиргүл-эм 2011.08.13-нд, 3. Т.Айнур-эм 2014.12.25-нд тус тус төрсөн бөгөөд одоо эрүүл саруул А.Раушан бид хоёрын асрамж, халамжид амьдардаг.

2. Би эцэг эхээс ганц эрэгтэй хүүхэд болж төрсөн болохоор эцэг эхийн хамт тэдгээрийн голомтыг залгуулж тэднийгээ асран тэтгэж гэр бүлийн хамт амьдарч байна.

3. би эцэг эхийн олон жил амьдарсан, өөрсдийн барьсан байшин, гэр хашаанд гэр бүлийн хамтаар амьдарч байгаа бөгөөд эцэг эх минь ганцхан миний нэр дээр өмчлүүлж өгсөн юм.

4. Би өөрөө 8 дугаар анги, мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн авто сэлбэгийн засварчны ангийг тус тус төгссөн бүрэн, тусгай дунд мэргэжилтэй юм. Аав, ээж минь 2015 онд тэтгэврийн мөнгөөрөө надад Корса гэдэг суудлын машин авч өгсөн бөгөөд түүгээр хот дотор такси хийж орлого олдог байсан. Одоо бүрэн эвдэрсэн байгаа. Харин би хөлсөөр барилгын янз бүрийн ажил хийж орлого олж гэр бүлээ тэжээн дундруулалгүй, дутаалгүй амьдруулж байна. Ер нь манай гэр бүлийнхэн амьдрал хангалттай хэмжээнд хангалуун амьдарч байгаа юм. Бидэнд гэрлэлт цуцлуулах ямар ч шалтаг, шалтгаан байхгүй юм. Нэхэмжлэгч болох А.Раушан нь Ж.Багжан гэдэг эмэгтэйтэй байнга бэлгийн харьцаанд орсон гэх мэтээр намайг гүтгэжээ. Бүгд худлаа. Эхнэрээ зодож байгаагүй. Харин гэнэт надаас салахаар боллоо гэж бусад хүмүүст хэлж 3 хүүхдийг цэцэрлэгээс авч Сагсай сумын Даян гэдэг газарт мал малладаг эцэг эхдээ аваачаад орхиж, өвтгөж, зовоож тарчлааж байсныг би хүлээн зөвшөөрөхгүй эвлэрүүлэн зуучлагчид хүртэл хандаж байсан. Би эхнэр А.Раушанд хайртай, хүүхдүүддээ хайртай. Тэднийгээ хайрлаж юугаар ч дутаалгүй сайхан амьдруулж чадна. Тийм учир гэрлэлтийг цуцлуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 321 дүгээр шийдвэрээр:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Узынмылтых овогт Кампаниягийн Тогтосын, Арыххул овогт Анисийн Раушан нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дэх хэсэгт зааснаар 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Т.Кадирбек, охин Т.Кадиргүл, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Айнур нарыг эх нь Анисийн Раушаны асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Т.Кадирбек, Т.Кадиргүл, 2013 оны 12 сарын 19-ний өдөр төрсөн Т.Айнур нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг К.Тогтосынаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зориулахыг эх А.Раушанд даалгасугай.

6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч А.Раушан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.Тогтосыноос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Раушанд олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 09-ний өдрийн 321 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хэргийг дахин хянуулан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүсэх тухай.

К.Тогтосын би А Раушантай 2011 оны 03-р сарын 15-ны өдөр гэрлэж гэрлэлтийн баталгаа авсан. Бид хоёрын дундаас хоёр ихэр болох Т.Кадирбек, Т.Кадиргүл нар 2011 оны 8-р сарын 13-нд төрсөн. 2014 оны 12-р сарын 25-нд охин Т.Айнур Төрсөн бөгөөд одоо эрүүл саруул өсч байна. А.Раушан бид хоёр миний эцэг эхийн гэрт тэдэнтэй хамт амьдарч байгаа юм. Бидний 3 хүүхдийг миний эцэг эх хоёр асарч, өсгөн хүмүүжүүлж өдий зэрэгт хүргэсэн юм. Аав минь Компания хүүхдийн паркад сахиулаар ажиллаж сард 200.000 төгрөг цалин авдаг. Ээж минь Сагатжан 251000 төгрөгийн тэтгэвэр авдаг тэд 50 гаруй насны эрүүл, саруул, ажилсаг хүмүүс билээ. Би өөрөө машин засварладаг, барилга байшин барьдаг, сэргээн засварладаг зэрэг бусдад хөлсөөр ажиллаж сард 1.000.000 төгрөгөөс илүүтэй орлого олдог. Архи, тамхи хэргэлдэггүй, элдэв муу зуршилгүй ба эхнэр, хүүхдүүдээ маш их хайртай эцэг эх, гэр бүл, хүүхдүүдийнхээ төлөө амьдарч яваа нэгэн билээ. Эхнэр А.Раушан нь 2016 оноос эхлэн хурим, найрын Данеско, гэх төвд үйлчлэгчээр ажиллаж 200.000 гаруй цалин хөлс авдаг гэх бөгөөд өглөө 10:00 цагаас ажилдаа явж шөнө дөлөөр 01:00 цагийн үед ажлаасаа ирдэг. А.Раушан нь хүүхдүүдийн хүмүүжил асрамжинд огт санаа тавьдаггүй ба гэр орны ажилд тусалдаггүй дураараа байдаг юм. Бидэнд дутагдсан гачигдсан зүйл байхгүй сайхан амьдарч байлаа. А.Раушан нь бусадтай эр эмийн буюу бэлгийн харьцаанд орж гэр орон, гэр бүл үр хүүхэд, эр нөхөр биднийгээ хөсөр хаян хувийн зугаа цэнгэлээ хөөж явах болсон юм. Улмаар гэр оронд хонохгүй болж, орон сууц байр хөлсөлж ганцаараа амьдарна гэж гэрт ирэхгүй болж явахад би гэр бүлийн хамтран амьдрах, хамт хүүхдүүдээ хүмүүжүүлэх эрх үүргийн холбогдолтой юм ярихад тэрээр Чи надыг захирч чадахгүй шүү гэж хэлж явчихсан. Тэрээр 6-р цэцэрлэгт хүмүүжиж байсан 3 хүүхдийг минь цэцэрлэгээс нь аваад 2017 оны 4-р сард Сагсай сумын Даян газарт мал малладаг хөгшин аав, ээж дээрээ явуулчихсан. Хүүхдүүд минь хоёр сарын туршид таньж, дасаагүй хүмүүсийн дэргэд эцэг эхээсээ ангид байж зовж тарчлан, өвдөж аймгийн эмнэлэгт түргэний машинаар ирж эмчлүүлсэн билээ. Би гэртээ хүүхдүүдийг авч ирж өвөө, эмээ дээрээ байлгаж сувилж байхад А.Раушаны өмгөөлөгчид гэх Нургайв, Серикжан нар нь хөөцөлдөж байгаад Цагдаагаар хүч түрэмгийлэн манай гэр оронд халдаж хүүхдүүдийг авч А.Раушанд өгүүлсэн юм.

Одоо А.Раушанд тогтвор суурьшилтай амьдарч байгаа гэр орон байхгүй. Раушан нь ах дүү, эгч гэх мэтийн гэр орноор дамжин хоноглож, ингэж явахдаа 3 хүүхдийг минь бусдын гэрт тав тухыг нь алдуулж, өлсгөн зовоож, өвөө эмээгээ санагалзуулан сэтгэлийн дарамтад байлгасан . Одоо дахиад 3 хүүхдийг минь Даян гэх газарт мал малладаг аав эцэг эх дээрээ аваачиж орхиод өөрөө асран хамгаалалгүй энд дураараа дургиж яваа юм. А.Раушан нь ингэж явахдаа эвлэрүүлэн зуучлах албанд гэрлэлтээ цуцлуулах тухай өргөдлөө өгсөн бөгөөд би зөвшөөрөл өгөөгүй юм. Энэ тухай эвлэрүүлэн зуучлах албаны 2016.016.20-ны өдрийн 16-р шийдвэр хэрэгт байгаа юм. А.Раушан нь өөрийн садар явдлаа нуун хаацайлахын тулд намайг бусадтай тухайлбал Багжан гэгчтэй явалддаг гэж огт нотлогддоггүй гүтгэлгээ ярьж Шүүх, Цагдаад бичээд байдаг юм. Мөн байнга зодож дарамталдаг гэж бичиж гүтгэдэг ба биедээ гэмтэл авч байсан гэдэг. Гэвч энэ тухай аймгийн цагдаа, хуулийн байгууллагад урьд шалгагдсан болон эмнэлгээс авсан баримт, нотолгоо байхгүй байгааг эрхэм шүүх хэрэг дотроос танилцахдаа үзнэ гэж бодож байна. А.Раушан нь аймгийн Тирлик барааны захын ар талд бусдын нэг өрөө амбаар хөлсөлж суудаг болсон ба өөрийн урьд өмнөөс явалддаг байсан Данеско үйлчилгээний төвд манаач О.Айболаттай жаргалаа эдэлж, Айболат нь түүнийг нүүрс түлээгээр хангаж байсан байгаа юм. Би А.Раушанд ингэж замбараагүй явдаг байдлаа зогсоо-гэж хэд дахин хэлж үзсэн. Тэрээр Би дураараа, сайхан амьдармаар байна. Ганцаараа жаргамаар байна гэж зөрүүддэг байлаа. Ингэж дураараа жаргалаа эдэлж байхдаа А.Раушан нь 2017 оны 04-р сарын20-ны өдөр надад 23:20 цагийн үед гар утсаараа залгаад: -Миний яаж жаргаж байгааг ирж үзээрэй. Чи ир гэж дуудсан тул би такси хөлсөлж А.Раушаны амьдарч байсан амбаарт нь очиход хаалга дотроос нь түгжигдсэн, дотор нь хүмүүсийн чимээ дуулдахаар нь би хаалгыг нь цохисон юм. Гэрэл ассан ба хаалга онгойлгоогүй . Харин цонхны салхивч нь онгорхой байхаар нь би уг салхивчаар гараа оруулж цонхны хөшгийг ярьж харахад А.Раушан нь О.Айболаттай нэг оронд нүцгэн шалдан байсан ба 3 хүүхэд минь нүд нь бүлтийгээд хажууд нь газарт сууж байсан тул би хүүхдүүдээ өрөвдөж, А.Раушаны доромжлолыг үл тэвчин салхивчаар орж А.Раушан, О.Айболат нарыг хэдэн удаа гар хүрч цохисон юм. Энэ асуудал одоо Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд гэр бүлийн харилцаанаас, тухайлбал А.Раушаны /хохирогч гэх/ өөрийнх нь буруугаас, илтэд доромжлон өдсөнөөс, хүүхдүүдийг басамжлан доромжилж, дарлаж, дарамталснаас энэ хэрэг гэнэт болсон гэдгийг Цагдаад хэлж мэдүүлсэн юм. Харин А.Раушан нь Цагдаад мэдүүлгээ өгөхдөө О.Айболаттай заваарч байснаа хүлээсэн байдаг. А.Раушан нь 11 насандаа нагац нь болох Сакен гэгчээс хүүхэдтэй болж төрүүлсэн бөгөөд Өзгерис гэгч нь асарч авсан зэрэг нь энэ хүний хувийн байдлыг ямар байгааг илтгэж байна. А.Раушан бид хоёрын гэр бүлийн амьдрал ийм байдалтай байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар батлагдан нотлогдож байгаа билээ. Би Монгол хэл мэддэггүй бөгөөд анхан шатны шүүхэд энэ тухайгаа болон Өмгөөлөгч авч оролцохыг, Өмгөөлөгч С.Алтайг сонгосон бөгөөд тэрээр Увс аймагт Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд байгаа билээ. Эсрэг нэхэмжлэгч тал 2 өмгөөлөгч аваад шүүх хуралд оролцож байхад Монгол хэл мэдэхгүй, Өмгөөлөгч аваагүй миний өмгөөлөгч авах эрхийг минь хангаж өгнө үү? гэж шүүх хуралд орчуулагчаар дамжуулан хүсэлт тавихад шүүх эрхийг минь хангаагүй юм.

А.Раушан бид хоёрын гэр бүлийн маргаанаас болсон гэмт хэргийн шинжтэй Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэрлэлтийг цуцалсан юм. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхэд А.Раушаны ч тодорхой хэмжээний гэм буруутай үйлдэл тогтоогдоно гэж бодож байна. Тухайлбал: Гэр бүлдээ үнэн ч биш байсан нь, Хүүхдүүдийг дэргэд бусадтай явалдаж хүмүүжилгүй байдал гаргаж хүүхдүүдийг доромжилсон нь, хүүхдүүдээ асран тэжээх чадваргүй, гэр оронгүй очих газаргүй байдал нь тогтоогдох юм. Одоо эрхэлсэн ажилгүй байгаа байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл зэрэг олон нөхцөл байдал тогтоогдсоныг шүүх үнэлээд гэрлэлтийг цуцлах, хүүхдүүдийг эцэг, эхийн аль нэгний асрамжинд өгөх асуудлыг нухацтай дүгнэж байж шийдвэр гаргах ёстой байсан юм. Би хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэхэд нотлох баримтуудаа бүрдүүлж байсан бөгөөд хэл мэдэхгүй, өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа өгөх хүн аваагүйгээс нотлох баримтуудаа өгч чадаагүй юм. Дээрх нөхцөл байдал тал бүрээс нь хянагдан байж гэрлэлт цуцлагдах эсвэл хуулинд зааснаар 3 сар хүртэл эвлэрүүлэн шийдвэрлэгдэх байтал шүүх гэр бүл, хүүхдийн ирээдүй зэрэгт ач холбогдол өгөлгүй гэр бүлийн хүчирхийлэл гэгч талаас нь хандаж шийдвэрлэж гэр бүлийн амьдралыг хохироосон гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 09-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож дахин шийдвэрлүүлэхээр тус анхан шатны шүүхэд шилжүүлэн өгч бидний гэр бүлийн тогтвортой амьдрах боломжийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч К.Тогтасыны Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 321 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг 2017 оны 5 дугаар сарын 22-ний өдөр танилцаж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч тус шүүхэд хандаж: ...нэхэмжлэгчийг бусадтай эр эмийн харилцаанд орсны улмаас зодсон маань үнэн. Хүүхдийн асрамжийг дахиж эргэн харах хэрэгтэй, монгол хэл мэдэхгүй хүний үгийг буруу орчуулсан, өмгөөлөгч авах эрхийг минь анхан шатны шүүх зөрчсөн гэсэн агуулгатай гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт Эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 16 дугаар, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тэмдэглэлүүд, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, давж заалдах гомдол зэрэг баримтууд авагдсан. Үүнээс үзэхэд хариуцагчийн монгол хэл мэдэхгүй гэсэн гомдол нь үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхээс хариуцагчид хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулсан байдаг. Уг эрхийнхээ дагуу өмгөөлөгч аваагүй, өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаагүй мөртлөө өмгөөлөгч авах эрхээр хангаагүй байсан гэж анхан шатны шүүхийг буруутгасан нь үндэслэлгүй байна. Учир нь, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын зарчим үйлчилдэг онцлогтой.

Үйлчлүүлэгч А.Раушан нь гэр бүлийн хүчирхийлэл болон бусад шалтгааны улмаас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдоно. Шүүхээс орчуулагчид хууль сануулсан ба хэрэв хариуцагч өөрийнхөө шүүхэд хэлсэн тайлбарыг орчуулагч буруу орчуулсан гэж үзэж байгаа бол үүнийгээ өөрөө нотлох ёстой. Нэхэмжлэгч тухайн өдөр чухам яагаад бусадтай эр эмийн ажил хийсэн гэдгээ ойлгомжтой тайлбарлаж өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь хариуцагчийн хувийн байдалтай шууд холбоотой юм. Үүнийг хариуцагч өөрөө сайн мэдэж байгаа. Энэ нь бусад байдлаар буюу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тэмдэглэлээр нотлогдоно.

Шүүх нотлох баримтыг гадны ямар нэг нөлөөгүйгээр, зөвхөн хэрэгт цугларсан цогц байдлаар харьцуулан судалсны үндсэн дээр үнэлэх учиртай. Өөрөөр хэлбэл зөвхөн шүүх нотлох баримтын үнэн зөв байдлыг тодорхойлж, түүнд агуулагдаж буй мэдээллийг бодит эсэхийг дүгнэж тогтоодог билээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн тус шүүхэд хандаж гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Раушаны хариуцагч К.Тогтасынд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.Раушан нь хариуцагч К.Тогтасынд холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүү Т.Кадирбек, охин Т.Кадиргүл, Т.Айнур нарыг өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хуралдаанд хариуцагч К.Тогтосын нь Би өмгөөлөгч авсан байгаа бөгөөд өмгөөлөгч маань өнөөдөр ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлттэй байна гэж эрхийнхээ дагуу өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байхад шүүх хариуцагчийн дээрх хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан хариуцагчийн шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах эрхийг ноцтой зөрчсөн байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг хийснээр хариуцагчийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласнаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим алдагдсан байна. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах Үндсэн хуульд заасан эрхийг хязгаарласан учраас түүнийг ноцтой зөрчил гэж дүгнэн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг мөн зүйлийн 168.3.-т зааснаар дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй.

 

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 321 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ