Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 328

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, шүүгч А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух, РД:БЗ52061278, Ители овогт Түселийн Какятын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, РД:БЮ71043032, Бахат овогт Сонгобайн Хозыбект холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, иргэдийн төлөөлөгч О.Емшибай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: С.Хозыбекээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 16090000 /арван зургаан сая ерэн мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Т.Какят шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 7 дугаар сарын 06-ны шөнө Ногооннуур сумын нутаг "Хар магнайн эх болох Хар ямаат гэх газраас бэлчээрээс хээр зүсмийн азаргатай 24 тооны унагатай гүү, морь нийлсэн адууг хулгайд алдсан юм. Миний дээрх адуу ОХУ-ын хилээс 5-8 км зайтай газар байсан бөгөөд шөнө бэлчээрээс тууж ирээд гэрийн ойролцоо орхиж, өглөө босоход адуу алга болсон байсан. Тухайн үед адуугаа хулгайд алдсан талаар сумын цагдаа, аймгийн цагдаагийн газарт өргөдөл өгч, машин, мотоцикл, мориор зэргэлдээ Увс, Ховд аймаг хүртэл явж, эрж хайж олоогүй юм. Мөн орон нутгийн радиогоор зарлуулсан байсан юм. Миний хулгайд алдсан 24 тооны адууг Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн С.Хозыбек гэгч хулгайлан авч ОХУ-ын хил гаргаж Горно-Алтай мужийн Хос-Агач хотын иргэн Салтанбек, Света, Айдарбек нарт худалдсан гэмт хэрэг үйлдэж улмаар аймгийн цагдаагийн газар нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар 201204000121 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон хавтаст хэрэг одоо аймгийн прокурорын газарт байгаа болно. Би аймгийн прокурорын газар нь хэргийг үндэсгүй түдгэлзэж, хэрэгсэхгүй болгосон учир улсын прокурорын газарт удаа дараа гомдол гаргаснаар хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б/420 дугаартай Хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн юм. Хариу мэдэгдэх хуудсанд Уг хэргийг хянахад таны алдсан 24 тооны адуу, үүний дотор хурдан удмын адуунууд нь шинжээчийн дүгнэлтээр 16,090,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учирсан гэж тогтоосон тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан хүндэвтэр төрлийн хэрэг байна. Уг хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Энэ нь ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хамаарагдаж байх тул таны гомдлыг хүлээн авах боломжгүй байна. гэж Улсын ерөнхий прокурорын туслах, прокурор мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Сагсайн гарын үсэгтэй хариу бичиг ирүүлсэн болно. С.Хозыбек нь миний 24 адууг хулгайлсан нь 201204000121 дугаартай хавтаст хэрэгт авагдсан гэрч болох X.Хайрам, Ж.Айнагүл, X.Шаймардан, X.Аманжол нарын мэдүүлгээр бүрэн батлагдаж байна. Миний алдсан 24 тооны адууны дотор азарга 1, гүү 5, унага 3, морь 13, соёолон, хязаалан насны 2 бүгд 24 адуу юм. Үүнээс хурдны удмын хязаалан насны морь 1, шүдлэн насны морь 1, хурдны удамтай их насны морь 1 байсан ба эдгээр хурдны ба жирийн адууны үнийг тухайн үеийн ханшаар тогтоосон. Миний хулгайд алдсан 24 тооны адууг С.Хозыбек нь хулгайлж ОХУ-ын хил гаргаж улмаар Горно-Алтай улсын Хос-Агач мужийн иргэн Жолтанбек, Света, Айдарбек нарт худалдаж ашигласан тул иргэн Хозыбекээс надад 24 тооны адууны үнэ 16090000 төгрөгийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Т.Какят нь С.Хозыбекээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 16.090.000 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч Т.Какятын 24 тооны адуу 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ногооннуур сумын нутаг Хар магнайн эх Хар ямаат гэх газраас бэлчээрээс хулгайд алдагдсан байсан. Нэхэмжлэгч Т.Какятын дээрх адуу Орос улсын хилээс 5-8 км зайтай байсан бөгөөд шөнө бэлчээрт гаргаад орой авчраад гэрийн ойролцоо байлгаад өглөө босож харахад алга болсон байсан. Тэдгээр адууг хулгайд алдсан талаар тухайн үед сумын цагдаа, аймгийн цагдаад гомдол өгсөн, орон нутгийн радиогоор зарлуулсан, зэргэлдээ аймаг болох Увс аймаг, Ховд аймаг болон зэргэлдээ сумуудаас машин, мотоцикл, мориор хайсан боловч олдоогүй. Гэтэл тэдгээр адууг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн С.Хозыбек нь хулгайлж ОХУ-ын Хош-Агач мужын иргэн Жолтанбек, Айдарбек, Света нарт хил давуулан зарж борлуулсан сэжиг гарсан тул аймгийн Цагдаагийн газар шалгасан. Цагдаагийн газраас тэдгээр хүмүүсийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Энэ эрүүгийн хэргийн материал аймгийн Прокурорын газарт байгаа. Гэтэл аймгийн Прокурорын газраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйл, 209 дүгээр зүйлийг тус тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хавтаст хэрэгт С.Хозыбек нь тухайн гэмт хэргийг үйлдсэнийг нотлох Хайрым, Аманжол, Шаймардан, Айнагүл зэрэг хүмүүсийн мэдүүлэг байгаа.

Нэхэмжлэгчийн хулгайд алдсан 24 тооны адуунд азарга 1 байсан, үнийг 300000-650000 төгрөг, унагыг 100000-150000 төгрөг, гүүг 400000-500000 төгрөг, шүдлэн морийг 300000-400000 төгрөг, даагыг 100000-150000 төгрөг, морийг 500000-650000 төгрөг, соёолон морийг 350000-400000 төгрөг, хязаалан морийг 300000-350000 төгрөгөөр тус тус үнэлсэн. 24 тооны адуу дотор хурдан морь, хязаалан морь байсан бөгөөд эдгээрийг тухайн үеийн орон нутгийн ханшаар 2,500,000 төгрөгөөр үнэлсэн, хурдан удмын их насны морийг 5 сая төгрөгөөр, шүдлэн насны морийг 1 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хавтаст хэрэгт авагдсан. Эдгээр нь нийлээд 16,090,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд үүнийг гэм буруутай этгээдээр арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баян-Өлгий аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан 201204000121 дугаартай хэрэг байгаа. Уг хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5/219 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэргийн эзэн холбогдогч олдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ асуудлаар нэхэмжлэгч Т.Какят аймгийн Прокурорын газар хэргийн холбогдогч этгээд олдоогүй гэх үндэслэлээр хэргийг үндэслэлгүй түдгэлзүүлсэн гэж үзээд Улсын Ерөнхий прокурорт удаа дараа гомдол гаргаж байсан. Тэгэхэд Улсын Ерөнхий прокурорын туслах Сагсай гэх хүний гарын үсэгтэй Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна гэж хариу ирүүлсэн учир тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд энэрэнгүй зарчмууд байдаг. Хуульд заасан тэдгээр энэрэнгүй зарчмуудыг үндэслэж хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж 5 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гээд хуульд заасан энэрэнгүй зарчмыг баримталж С.Хозыбекийн үйлдсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч С.Хозыбекийн үйлдсэн хэргийг энэрэнгүй зарчмаар хэрэгсэхгүй болгосон ч гэсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг заавал арилгах учиртай. Тухайн үед аймгийн Цагдаагийн газар шалгасан боловч хариуцагчийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл Хош-Агач районы иргэн болох дээрх нэр бүхий 3 хүнийг байцаагаагүй. Эцэст нь хэлэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 16,090,000 төгрөгийг хариуцагч С.Хозыбекээс гаргуулах тухай шийдвэр гаргаж өгөхийг эрхэм шүүгч нараас хүсэж байна гэв.

Хариуцагч С.Хозыбек шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Какят нь 2011 оны 7 дугаар сард 24 тооны адууг С.Хозыбек намайг хулгайлсан хэмээн сэрдэж, Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэс 2012 оны 3 дугаар сарын 28-нд надад эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулан, бүтэн нэг жил мөрдөн байцааж, 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 5/36 тоот "Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох" тухай тогтоолоор надад холбогдох хэргийг ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, уг хэргийн эзэн холбогдогч олдох хүртэл хэргийг түдгэлзүүлсэн юм. Энэхүү түдгэлзсэн Эрүүгийн хэргийг дахин сэргээж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5/219 тоот "Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолоор ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр "хэргийн эзэн холбогдогч тогтоогдоогүй, түдгэлзүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн" гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Т.Какят нь Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5/161 тоот тогтоолоор Т.Какятын гомдлыг хүлээн авахаас татгалзсан учир Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Нэгэнт С.Хозыбек надад холбогдох Т.Какятын 24 тооны адуу хулгайлсан гэх хэрэг нотлогдоогүй, миний бие хулгайлаагүй болохыг Аймгийн прокурорын газрын 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн "Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 5/36 тоот тогтоолоор батлагдсан, тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа, мөн Т.Какятын 24 адууг хулгайлсан эзэн холбогдогч тогтоогдоогүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзээд ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дүгээр зүйлийн 208.1.1-дэхь заалтаар "хэрэгсэхгүй болгосон" 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 5/219 тоот тогтоол хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч Т.Какятын нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Какят нь хариуцагч С.Хозыбекээс хулгайд алдсан 24 адууны үнэ буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 16090000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, нэхэмжлэгч Т.Какятын хулгайд алдсан 24 адууг хариуцагч хулгайлж нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Үүнд:

-2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 5/36 дугаартай Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор: ... 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ногооннуур сумын Хар ямаат хэмээх газраас иргэн Т.Какятын 24 адууг хулгайд алджээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах явцад энэ хэрэгт С.Хозыбек, Х.Хайрам нарыг холбогдуулан Т.Какятын 24 адууг хулгайлан ОХУ-д хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт сэжигтнээр татсан боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь хангалттай нотлох баримтуудаар нотлогдохгүй байх гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

-2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 5/219 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн Т.Какятын тус сумын Хар ямаат гэдэг газар бэлчээрт байсан 24 адуу 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хулгайд алдагдсан байна. Энэ гэмт үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж нэмэлт баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих этгээд олж тогтоогдоогүй байна. Иргэн Т.Какят нь бэлчээрт байсан 24 тооны адуу хулгайд алдаж үлэмж хэмжээний буюу 16.090.000 төгрөгийн хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт хамаардаг ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон байна.

-2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 5/161 дугаартай тус тус прокурорын тогтоолоор: ...Уг хэргийг хянахад хохирогч Т.Какят нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас 24 тооны адуу алдсан болох нь тогтоогдсон. Энэ хэрэгт С.Хозыбек, Х.Хайрым нарыг сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч эдгээр нь хулгайн хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байна. ...иргэн Т.Какятын гомдлыг хүлээн авахаас татгалзаж, энэ тухай гомдол гаргасан иргэн Т.Какятад мэдэгдсэн байдал мөн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 5/420 дугаартай хариу мэдэгдэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Т.Какят миний алдсан 24 адууг С.Хозыбек нь хулгайлан ОХУ-д хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь аймгийн Цагдаагийн газарт Х.Хайрым, Х.Аманжол, Ш.Айнагүл, К.Шаймардан нарыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа гэж гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар өгсөн боловч гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн зарчим тул шүүх бүрэлдэхүүнээс гэрч нарын мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч Т.Какятын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч С.Хозыбекээс хохирол гаргуулах боломжгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Т.Какят нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас 24 тооны адууг алдсан болох нь тогтоогдсон байгаа боловч уг адууг хариуцагч С.Хозыбек хулгайлж нэхэмжлэгчид гэм хор учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Какятын Бахат овогт Сонгобайн Хозыбекээс хулгайд алдсан 24 тооны адууны үнэ буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 16090000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК

А.ЖАРХЫНГҮЛ