Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 089

 

Т.Какятын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 328 дугаар шийдвэртэй, Т.Какятын нэхэмжлэлтэй, С.Хозыбект холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай, хариуцагчийн өмгөөлөгч К.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: С.Хозыбекээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 16090000 /арван зургаан сая ерэн мянган/ төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2011 оны 7 дугаар сарын 06-ны шөнө Ногооннуур сумын нутаг "Хар магнайн эх болох Хар ямаат гэх газраас бэлчээрээс хээр зүсмийн азаргатай 24 тооны унагатай гүү, морь нийлсэн адууг хулгайд алдсан юм. Миний дээрх адуу ОХУ-ын хилээс 5-8 км зайтай газар байсан бөгөөд шөнө бэлчээрээс тууж ирээд гэрийн ойролцоо орхиж, өглөө босоход адуу алга болсон байсан. Тухайн үед адуугаа хулгайд алдсан талаар сумын цагдаа, аймгийн цагдаагийн газарт өргөдөл өгч, машин, мотоцикл, мориор зэргэлдээ Увс, Ховд аймаг хүртэл явж, эрж хайж олоогүй юм. Мөн орон нутгийн радиогоор зарлуулсан байсан юм. Миний хулгайд алдсан 24 тооны адууг Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн С.Хозыбек гэгч хулгайлан авч ОХУ-ын хил гаргаж Горно-Алтай мужийн Хос-Агач хотын иргэн Салтанбек, Света, Айдарбек нарт худалдсан гэмт хэрэг үйлдэж улмаар аймгийн цагдаагийн газар нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар 201204000121 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон хавтаст хэрэг одоо аймгийн прокурорын газарт байгаа болно. Би аймгийн прокурорын газар нь хэргийг үндэсгүй түдгэлзэж, хэрэгсэхгүй болгосон учир улсын прокурорын газарт удаа дараа гомдол гаргаснаар хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б/420 дугаартай Хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн юм. Хариу мэдэгдэх хуудсанд Уг хэргийг хянахад таны алдсан 24 тооны адуу, үүний дотор хурдан удмын адуунууд нь шинжээчийн дүгнэлтээр 16,090,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учирсан гэж тогтоосон тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан хүндэвтэр төрлийн хэрэг байна. Уг хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Энэ нь ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хамаарагдаж байх тул таны гомдлыг хүлээн авах боломжгүй байна. гэж Улсын ерөнхий прокурорын туслах, прокурор мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Сагсайн гарын үсэгтэй хариу бичиг ирүүлсэн болно. С.Хозыбек нь миний 24 адууг хулгайлсан нь 201204000121 дугаартай хавтаст хэрэгт авагдсан гэрч болох X.Хайрам, Ж.Айнагүл, X.Шаймардан, X.Аманжол нарын мэдүүлгээр бүрэн батлагдаж байна. Миний алдсан 24 тооны адууны дотор азарга 1, гүү 5, унага 3, морь 13, соёолон, хязаалан насны 2 бүгд 24 адуу юм. Үүнээс хурдны удмын хязаалан насны морь 1, шүдлэн насны морь 1, хурдны удамтай их насны морь 1 байсан ба эдгээр хурдны ба жирийн адууны үнийг тухайн үеийн ханшаар тогтоосон. Миний хулгайд алдсан 24 тооны адууг С.Хозыбек нь хулгайлж ОХУ-ын хил гаргаж улмаар Горно-Алтай улсын Хос-Агач мужийн иргэн Жолтанбек, Света, Айдарбек нарт худалдаж ашигласан тул иргэн Хозыбекээс надад 24 тооны адууны үнэ 16090000 төгрөгийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Т.Какят нь 2011 оны 7 дугаар сард 24 тооны адууг С.Хозыбек намайг хулгайлсан хэмээн сэрдэж, Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэс 2012 оны 3 дугаар сарын 28-нд надад эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулан, бүтэн нэг жил мөрдөн байцааж, 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 5/36 тоот "Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох" тухай тогтоолоор надад холбогдох хэргийг ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, уг хэргийн эзэн холбогдогч олдох хүртэл хэргийг түдгэлзүүлсэн юм. Энэхүү түдгэлзсэн Эрүүгийн хэргийг дахин сэргээж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5/219 тоот "Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолоор ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр "хэргийн эзэн холбогдогч тогтоогдоогүй, түдгэлзүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн" гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Т.Какят нь Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5/161 тоот тогтоолоор Т.Какятын гомдлыг хүлээн авахаас татгалзсан учир Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Нэгэнт С.Хозыбек надад холбогдох Т.Какятын 24 тооны адуу хулгайлсан гэх хэрэг нотлогдоогүй, миний бие хулгайлаагүй болохыг Аймгийн прокурорын газрын 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн "Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 5/36 тоот тогтоолоор батлагдсан, тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа, мөн Т.Какятын 24 адууг хулгайлсан эзэн холбогдогч тогтоогдоогүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзээд ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дүгээр зүйлийн 208.1.1-дэхь заалтаар "хэрэгсэхгүй болгосон" 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 5/219 тоот тогтоол хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч Т.Какятын нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 328 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Какятын Бахат овогт Сонгобайн Хозыбекээс хулгайд алдсан 24 тооны адууны үнэ буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 16090000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие Ханкелд овгийн Хамай Хаутай би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 328 дугаартай шийдвэртэй иргэний хэрэгт нэхэмжлэгч болох Т.Какятын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэхүү хэрэгт оролцож байна. Хэргийн оролцогчийн хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 328 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт Шүүх хэргийн оролцогч нарын хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь болгон шийдвэрлэлээ. Учир нь Т.Какятын хулгайд алдсан 24 адууг хариуцагч хулгайлж нэхэмжлэгчид гэм хор учруулан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж аймгийн прокурорын газрын 5/36 дугаартай Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, /2013 оны 3 дугаар сарын 05-ны/, мөн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 5/219 дугаартай тогтоол тус тус үндэслэж шүүх хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Учир нь шүүх хэргийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, бодит байдлаар үндэстэй шийдвэр гаргаагүйд гомдолтой юм. Шүүх шийдвэртээ аймгийн прокурорын газрын Т.Какятын адууг дутуу шалгаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт: Нэхэмжлэгч Т.Какят нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас 24 тооны адууг алдсан болох нь тогтоогдсон боловч уг адууг хариуцагч С.Хозыбек хулгайлж нэхэмжлэгчид гэм хор учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгосон гэжээ.

Гэтэл Т.Какятын 24 тооны адууг С.Хозыбек нь хулгайлж хүнээр дамжуулж ОХУ-ын хил гаргаж Горный-Алтай мужын Салтанбек, Света, Айдарбек нарт худалдаж ашигласан болох нь хавтаст хэрэгт Б.Хайрымын мэдүүлгээр бүрэн батлагдана. Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд буй Х.Хайрымын өгсөн мэдүүлгэнд: 2001 оны 7-р сарын 7-ны өдөр С.Хозыбек надад ирж 140000 төгрөг өгөөд та надад хэд хоног адуу маллаж өг гэсэн. Би Улаанхус сумын 3-р багийн нутаг Хаг нэртэй газарт Хозыбектэй хамт очсон. Тэнд үл таних 2 залуу 24 адууг маллаж байсан ба Хозыбек надад 14 адууг барьж өгөөд малла гэсэн. Үл таних 2 залуу 10 адууг туугаад хил руу чиглээд явсан ба С.Хозыбек нь машинд байсан эмээлийг надад өгч морийг барьж эмээллэж өгсөн. Би өдөрт адууг бэлчээрт гаргаж маллаад оройн манай аавын өвөлжөөнд хашиж хоноод байсан юм. 4 хоногийн дараа С.Хозыбек ирж адууг Шар булаг хүргэж өг гэсэн. Би 14 адууг тууж Шар булагт хүргэж өгсөн тэнд үл таних 2 залуу байсан". С.Хозыбек бид хоёр аймагт ирсэн ба би С.Хозыбект Таны надаар маллуулсан мал Какятын алдсан адуу байна шүү дээ, та надад хулгайлж өгсөн байна-гэхэд С.Хозыбек надад та энэ талаар хэнд ч хэлж болохгүй, би танд 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ өгнө гэсэн-мэдүүлгээр С.Хозыбек Т.Кокятын 24 тооны адууг хулгайлсан, Х.Хайрымаар маллуулсан, үл таних 2 залуугаар хил гаргасан зэрэг нь бүрэн батлагдаж байгаа болно. С.Хозыбекийн хулгайлсан үйлдэл нь прокурорын хөөн хэлэлцэх хугацаа дууссан, байцаан шийтгэх ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн нь батлагдаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг үндэслэж шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гомдолтой юм.

Учир нь Ногооннуур сумын иргэн Т.Какятад 24 тооны адуу буюу 9,090,000 /есөн сая ерэн мянган/ төгрөгийн хохирол бодит байдлаар учирсан нь бүрэн батлагдаж байна. Харин шүүх прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолыг үндэслэж, шийдвэрийн үндэс болгосон асуудалд маш их гомдолтой эс зөвшөөрч байна. Иргэн хүнд учирсан хохирлыг шүүх арилгах ёстой юм. Мөн Х.Аманжол нь Улаанхус сумын нутаг Хаг нэртэй газар төрсөн дүү Х.Хайрым нь С.Хозыбекийн хулгайлсан адууг маллаж байсныг үзсэн, мөн Хозыбек нь өөрийн машинтай Хавалханы өвөлжөөнд эзгүй газар хонож өнжиж байсан зэргээр батлагдана. Мөн Ш.Айнагүлийн өгсөн мэдүүлэгт: -Айнагүлийнд С.Хозыбек нь Кош-Агач мужийн иргэн Светатай утсаар ярьж нэг морийг 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр худалдсан, адууг хурдан авчирч өгөхийг Хозыбекээс шаардаж дахин дахин утсаар ярьж байснаар бүрэн батлагдаж байгаа болно. Ийм учир М.Хозыбекийг ялаас чөлөөлсөн боловч нэхэмжлэгчийн хохирлыг бүрэн арилгаж өгөхөөр шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Иймд Баян-Өлгий аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэлт болгох нь: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.17-ны өдрийн 328 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, үндэстэй, үнэн зөв шийдвэр гаргуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7-р багийн иргэн Т.Какятын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутайн Баян-Өлгий аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолд танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Т.Какят нь 24-тооны адуу алдсаныг зохиомол гэрчүүдийн худал гүжирдлэг, үндэсгүй мэдээллийн дагуу хариуцагч С.Хозыбек надад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, улмаар Монгол улсын ЭБШХ- ийн 24-р зүйлийн 24.1.1,-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2013 оны 03-р сарын 05-ны өдрийн 5/36 тоот зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Энэхүү аймгийн Прокурорын газрын 2013.03.05-ны өдрийн 5/36-тоот зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол хүчин төгөлдөр байгаа учир С.Хозыбек миний бие нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирлыг хариуцах боломжгүй болно.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.11-ний өдрийн 328 тоот шийдвэрээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнэж, хууль ёсны шийдвэр гаргасан гэж үзэж байна. ОХУ-ын Хош агаш мужийн иргэн Света гэгчид утсаар ярьж, гэмт хэргийн талаар мэдээлэл дамжуулсныг Саулегүл гэрчилж байгаа гэжээ.

Гэтэл тухайн үед Хозыбек миний ашиглаж байсан гар утсыг Аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаалтын тасаг хураан авч, үзлэг хийж бэхжүүлж, нотлох баримтаар үнэлж, асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн болно. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2017.05.11-ний өдрийн 328 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учир баталж өгөхийг хүсье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.Какят нь хариуцагч С.Хозыбект холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 16090000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, Х.Хайрым, Х.Аманжол, Ш.Айнагүл нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэгдсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэл нь Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 5/36 дугаартай Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 5/219 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, Монгол улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5/161 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудад үндэслэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Какят нь нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлож чадаагүй, хариуцагч С.Хозбек нь нэхэмжлэгчийн 24 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогдож шалгагдсан боловч түүнд холбогдох хэргийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 5/36 дугаартай Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухайпрокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх тул хариуцагч С.Хозбекээс 24 тооны адууны үнэ болох 16090000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ