Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 618

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Н ” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н ,

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-ийн 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 0005554 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н , өмгөөлөгч З.С , хариуцагч П.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болормаа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдол гаргагч “Н ” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Лабел” гэх нэртэй согтууруулах ундаанд бэлэгтэй худалдаа сурталчилсан гэх үйлдэлтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н  нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 0059274 дүгээр шийтгэлийн хуудсаар “Н ” ХХК-ийн ажилтан Э.Алтанчимэгт 500.000 төгрөгийн торгууль ногдуулсныг манай байгууллага өөрийн үйл ажиллагааг хэвийн явуулах, цаг хугацааг алдахгүйн үүднээс ажилтны өмнөөс сайн дураар мөн оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн.

Гэтэл улсын байцаагч нь дээрх үйлдэлтэй холбогдуулан дахин 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 0005554 дүгээр шийтгэлийн хуудсаар манай компанийг 5.000.000 төгрөгөөр торгосон нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:”, 1.1-д “1.1.энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;”, 3 дугаар зүйлд “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тус тус заасан бөгөөд улсын байцаагчийн баримталж шийтгэл ногдуулсан уг хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх заалт нь хүн, хуулийн этгээдэд аль алинд нь шийтгэл ногдуулахаар байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэл ногдуулсан.

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хүн, хуулийн этгээдэд нэг гаргасан зөрчилд хоёр хариуцлага ногдуулж болохгүй зарчимтай атал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н  нь “Лабел” гэх нэртэй согтууруулах ундаанд бэлэгтэй худалдаа сурталчилсан гэх үйлдэлтэй холбоотойгоор хоёр удаа шийтгэл ногдуулаад байна. Манай компанийн зүгээс дээрх зөрчлийн материалтай танилцаагүй, яагаад ингэж дахин шийтгэл ногдуулах болсныг мэдээгүй бөгөөд шүүхээс хэрэг үүсгэж, зөрчлийн хэргийн материалыг шаардан гаргуулсны дараа нэхэмжлэлийн үндэслэлээ дахин тодруулах хүсэлттэй байна. Мөн хүчингүй болгуулахыг хүсч буй шийтгэлийн хуудас нь судлагдах боломжгүй байх тул түүнийг хариуцагчаас гаргуулж, хэрэгт хавсаргаж өгнө үү.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-ийн 2019 оны 0005554 дүгээр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3/1598 дугаар албан бичгээр гомдлыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсний дагуу тус газраас 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/1439 дүгээр мэдэгдэх хуудсаар хариу өгснийг манай байгууллага 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гардаж авсан.

Уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дээрх 3/1439 дүгээр мэдэгдэх хуудсанд “...та уг шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж дурдсаны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н ийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0005554 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нь 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан Тус шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн байна гэж үзсэн. Гэтэл Ноён Уул ХХК нь хориглосон зар сурталчилгааг түгээсэн үйлдэл гаргаагүй. Мөн Зар сурталчилгааны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан интернэтээр түгээх зар сурталчилгааны журам болон хатуулаг багтай дарс, пиво, шимийн архины сурталчилгаа хийх хуульд заасан журмыг зөрчөөгүй байхад шийтгэлийн хуудас оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг шийтгэлийн хуудастай холбоотойгоор гомдол гаргагчаас тайлбар мэдүүлэг аваагүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хийгээгүй байж хууль бус шийтгэлийн хуудас гаргасан тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “500,000 төгрөг төлсөн гэх асуулдлын хувьд үүнд маргаад шүүхэд шйидвэрлэгдэж 3 шатны шүүхээр явахад ямар хэмжээний цаг хугацаа хөрөнгө мөнгө орох вэ гэх асуудал байна. 500,000 төгрөгийг төлсөн гэдэг нь  манай хүсэл зоригийн асуудал. Түүнээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа түүний үр дүнд гарсан акт хууль ёсны бөгөөд зөв гэдгийг илэрхийлэхгүй. Хүн явдал чирэгдлээс нь төвөгшөөж болно. Харин мөнгөн дүнг 10 дахин өсөгсөн тохиолдолд зөвшөөрөх эсэх асуудал яригдана. Компанид илэрхий хохиролтой болно. Импортын бараа жижиглэн худалдаа хийж байгаа байгууллагууд маш олон тоо ширхэг бараа худалдаж байж орлого олно. Мэдээж Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль шинэ байна. Алдаж онож байгаа зүйл их байна. Энэ нь хэн нэгний явуулж байгаа үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй. Бидний эргэлзэж байгаа зүйл нь хууль бус зар сурталчилгаа гэдэг зүйл байгаагүй. Зар сурталчилгааны тухай хуулийн  141 дүгээр зүйлийн сүүлд нэмэлт өөрчлөлтөөр орсон. Үүнд хатуулаг багатай дарс, шимийн архины зар сурталчилгаа гэх тусгай зохицуулалт орсон. 141.1 дахь хэсэгт 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг дор дурдсан нөхцөлөөр нийтэлж болно гэж зөвшөөрсөн. Зөвшөөрсөн хэмжээнээс давсан гэдгийг тогтоох ёстой. Зар сурталчилгааны тухай хуулийн аль зүйл заалтыг зөрчсөн талаар тодруулахад Архидан согтууруулахтай тэмцэх тухай хууль руу орж байна. Хэрэв Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн заалтыг барьвал харьяаллын бус болно. Өмнөх хяналт шалгалт нь хяналт шалгалтын удирдамжийн дагуу явсан байх. Удирдамжид Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуульд заасныг хянах гэж оруулсан байна. Шүүхээс хүсэж байгаа зүйл нь чиг үүрэг талаас нь харж хууль хэрэглээний талаар анхаарч өгнө үү. Зар сурталчилгааны тухай хуулиар зөвшөөрсөн. Архидан согтууруулахтай тэмцэх тухай хууль гэвэл харьяалал зөрчигдсөн байна. н.Алтанчимэгтэй холбоотой хэсэг хүчингүй болсон тул холбоотой хэсгийг нь хүчингүй болгож төлсөн мөнгийг нь буцааж өгөөд компанид танилцуулж хууль ёсны төлөөлөгчийг тогтоох байсан. Компани төрийн үйл ажиллагааны процессийг мэдэх албагүй. Харин өөрийнхөө чиглэлийн хууль тогтоомжийг зөрчвөл хууль мэдэхгүй байгаа нв хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Энэ болгонд компанийн нэр байхгүй байна. Тиймээс шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхийн тулд олон зүйлийг шийдэх ёстой болно. Өрсөлдөөнд харш гэж юуг хэлж байгаа юм гэх зэрэг бүх зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Ийм зүйл хийгдээгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Н ” ХХК-иас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н ийн 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 5.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан 0005554 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг эс хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н  нь “2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 0059247 дугаартай шийтгэлийн хуудсаар “Н ” ХХК-ийн ажилтан Э.Алтанчимэгт 500.000 төгрөгийн торгууль ногдуулсныг манай байгууллага өөрийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс ажилтны өмнөөс сайн дураар мөн оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн. Гэтэл дахин 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 0005554 дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанийг 5.000.000 төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дахь хэсгийг зөрчсөн” гэсэн агуулга бүхий үндэслэлийг нэхэмжлэлдээ дурджээ. Үүнд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч П.Н  нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Н " ХХК-ийн ажилтан Э.Алтанчимэгт 500.000 төгрөгийн торгууль ногдуулаагүй.

Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Д*******, улсын байцаагч П.Н  нь “\ЛЛЛ/”-ийн худалдаа хариуцсан албаны дарга ажилтай, БЗД 21-р хороо, Бага дарь эх 3 гудамж 1222 тоот хаягаар оршин суух Э*******т /ВЭ8******* регистрийн дугаартай/ нь “Лабел” гэх нэртэй согтууруулах ундаанд бэлэгтэй худалдаа сурталчилсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр 500.000 төгрөгийн торгуулийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны ногдуулсан болно.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар 128/ШШ2019/0348 дугаар шийдвэрт: Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна.” гэж зааснаар хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна” гэж үндэслэн 0059274 дугаартай шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсэн.

“Н ” ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 10090000019 тоот дансанд Э*******т ногдуулсан торгуулийн мөнгийг шилжүүлсэн.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж зааснаар Э******* нь “Н ” ХХК-ийн нэрийн өмнөөс сурталчилгаа явуулсан болох нь тогтоогдсон.

Захиргааны ерөнхий хуулийн 48.1-т “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасны дагуу 0059274 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь,хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар 128/ШШ2019/0348 шийдвэрийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Э.Алтанчимэг /ВЭ8******* регистрийн дугаартай/ “Лабел" гэх нэртэй согтууруулах ундаанд бэлэгтэй худалдаа сурталчилсан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл нь “Н ” ХХК-ийн нэрийн өмнөөс хууль бус зар сурталчилгаа явуулсан болох нь тогтоогдсон тул 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 0005554 дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр тус газраас дахин шинэ акт гаргах үндэслэлтэй гэж үзэн Захиргааны ерөнхий хуулийн 26.1,27.3.1-ийг тус тус заасны дагуу 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Засгийн газрын 11 дүгээр байр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт итгэмжилсэн төлөөлөгч Э.Алтанчимэгт шийтгэврийн хуудсыг гардуулсан.

Иймд 0005554 дугаартай шийтгэлийн хуудас хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу “Н ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

... Хуулиар хориглосон зар сурталчилгааг түгээж байгаа тул ямар хуулиар хориглосон гэдгийг тодруулахын тулд Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийг оруулсан. Зөрчлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулт зэрэг бусад харьяалдаг хуулиа бичсэн. Вино зэргийг сурталчилж болно гэхдээ хянмдруулж болохгүй. Түүнээс манайхыг ав гэж болно. Урамшуулалт худалдаа явуулсан. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Зар сурталчилгааны тухай хууль гээд хуулиар хориглосон гэж байгаа. Зар сурталчилгааны тухай хуульд хуулиар хориглосон зар сурталчилгаа гэж юуг хэлэх талаар байхгүй. Гэтэл хууль бус зар сурталчилгаа гэж юу болохыг дурдсан. Нийтлэг шаардлад хуулиар сурталчилахыг хориглосон бараа ажил үйлчилгээ гэж байгаа. Хуулиар хориглосон юм уу гэхээр 1.1 дэх хэсэгт зар сурталчилгааны нийтлэг шаардлагыг зөрчсөн гэж байна. яагаад хуулиар хориглосон гэж үзсэн бэ гэхээр Өрсөлдөөний тухай хуулийг оруулсан. Өрсөлдөөнөөр явах гэхээр торгууль нь өндөр байсан тул хуулиар хориглосон гэх заалтаар шийтгэл оногдуулсан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр “Н ” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-ийн 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 0005554 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н эс 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 0005554 тоот шийтгэлийн хуудсаар “Н ” ХХК-ийг 3 сая төгрөгөөр торгож шийдвэрлэжээ[1].

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд тооцож буй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасанд хамаарахааргүй байхад уг зүйл, заалтаар шийтгэл ногдуулсан, ингэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагчаас “Тус шүүхийн 2019 оны 348 дугаар шийдвэрээр гомдол холбогдогчийн зөрчилд шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хувь хүнд бус хуулийн этгээдэд хариуцлага ногдуулах зүйтэй гэсэн прокурорын дүгнэлтээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан гомдлын шаардлагыг эс зөвшөөрсөн.

Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байх ба энэхүү зөрчилд Зөрчилд шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар Оюуны өмчийн болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилжээ.

Эрх бүхий албан тушаалтнаас 2018 оны 03 дугаар сарын 02-оос мөн сарын 16-ны өдрийн хооронд явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Н ” ХХК-иас “World wine” фэйсбүүк хуудсандаа согтууруулах ундааг бэлэгтэй, урамшуулалтай худалдаалж байгаа талаарх мэдээллийг нийтэлсэн зөрчил тогтоогдсон байна[2].

Хууль тогтоогчоос Зар сурталчилгааны тухай хуулийн зорилтыг “Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулах” гэж, “зар сурталчилгаа” нь барааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилготой гэж тус тус тодорхойлсон байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т заасан “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн” зөрчилд шийтгэл ногдуулсан нь улсын байцаагчийн эрх хэмжээнд нийцсэн гэж үзнэ.

 Мөн Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.8-д зааснаар зар сурталчилгаа түгээхэд “хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил, үйлчилгээг сурталчилах”-ыг хориглохоор, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах”-ыг хориглохоор тус тус зааснаас үзвэл “Н ” ХХК-ийн согтууруулах ундааг бэлэгтэй, урамшуулалтай худалдаалж байгаагаа цахим хуудсаар нийтэд мэдээлсэн нь “хориглосон сурталчилгаа”-д хамаарахаар байна.

Иймд гомдол гаргагчийн “эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд тооцож буй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасанд хамаарахгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Харин гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 12-т заасан “Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулсан” зөрчил нь, мөн хариуцагчийн тайлбарлаж буй Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан “өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах” зөрчлүүд нь  “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн” зөрчлөөс ялгаатай, бие даасан бүрэлдэхүүнтэй зөрчлүүд байна.

Дээрхээс үзвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н эс “Н ” ХХК-ийн “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн” зөрчилд шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй.

 

Гэвч эрх бүхий албан тушаалтан нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 348 дугаар шийдвэрээр “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н , Д.Д******* нараас “Н ” ХХК-ийн Ворлд вайн албаны дарга Э.Алтанчимэгт согтууруулах ундаагаар урамшуулал олгож борлуулалт хийсэн, ... сурталчилсан зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл ногдуулсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0059274 дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн[3]-ий дагуу “Н ” ХХК-ийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 6.6 дугаар зүйлийн 4-т “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй, мөн хуулийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэхээр байна. Тодруулбал,

Хариуцагчаас “Н ” ХХК-д 0005554 тоот шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл ногдуулахдаа 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”[4]-ээс өөр баримтыг үйлдээгүй байх ба “2018 онд “Ворлд вайн”-ы албаны дарга Э.Алтанчимэгийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Н ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнаас Э.Алтанчимэгт итгэмжлэл олгосон байсан, түүнчлэн Э.Алтанчимэг нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хууль бус зар сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон” гэж тайлбарласан.

Гэтэл 2018 оны 03 дугаар сард явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Н ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнаас Э.Алтанчимэгт олгосон итгэмжлэл болон “Н ” ХХК, Э.Алтанчимэг нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа[5] тус тус дуусгавар болсон байна.

Мөн гомдол гаргагчаас “Ворлд вайн” алба нь “Ворлд вайн трейдинг” ХХК-ийн бүтцийн нэгж болох ажлын байрны тодорхойлолт, “Ворлд вайн трейдинг” ХХК нь гомдол гаргагчаас тусдаа бие даасан хуулийн этгээд болох улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнчлэн Э.Алтанчимэгийг “Ворлд вайн трейдинг” ХХК-ийн “Ворлд вайн” албаны даргаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр томилсон тушаал[6] зэрэг шүүхэд гаргаж ирүүлсэн.

Дээрхээс үзвэл, эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, холбогдогчид хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, мэдэгдээгүй, нотлох баримт цуглууж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх тул гомдол гаргагчийн “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хууль бус” гэсэн гомдол үндэслэлтэй байна.

Иймд “Н ” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н д холбогдуулан гаргасан “...2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 0005554 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан “Н ” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-ийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0005554 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ


[1] Хавтаст хэргийн 5 дахь талд

[2] Хавтаст хэргийн 54 дэх талд

[3] Хавтаст хэргийн 19-23 дахь талд

[4] Хавтаст хэргийн 24-25 дахь талд

[5] Хавтаст хэргийн 56-59 дэх талд

[6] [6] Хавтаст хэргийн 37 дахь талд