Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 750

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                

прокурор Ж.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1197 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр Б.Сд холбогдох 1808 0144 10585 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Минж овгийн Төмөрхуягийн С, 1994 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо,

Т.С нь 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 39-ийн задгайд Б.Эын төлбөрийн картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.582.989 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Т.Сд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх боломжгүй, оногдуулах ялын санал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын саналд “Т.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж байна” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд “прокурор... хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэснийг зөрчсөн байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, уг хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэхийг хянах үүрэгтэй. Гэтэл прокурор шүүхэд санал гаргахдаа Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, түүнчлэн яллагдагчид ял оногдуулах тухай санал гарахын оронд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах санал гаргасан нь хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах таван төрлийн ялын төрлийг тодорхой заасан атал прокурор яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар тодорхой санал гаргаагүйг шүүх хүлээн авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гаргах боломжгүй юм.

Иймд Т.Сд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх хууль зүйн нөхцөл хангагдаагүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаажээ.

 

            Прокурор Ж.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг үзэхэд  яллагдагч түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулах ойлголт байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан тул прокурор ялын саналдаа яллагдагчид хүлээлгэх албадлагын арга хэмжээг танилцуулж, гарын үсэг зуруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар тохиролцож, Т.С нь зөвшөөрч гарын үсэг зурсан болно.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.  

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж үзэх үүрэгтэй бөгөөд эдгээр нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд прокурорт буцаахаар заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих” ял оногдуулахаар заасан байна.

Прокуророос Т.Сд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын саналыг танилцуулахдаа хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах санал гарган танилцуулж /хх-75/, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын саналын талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж шүүхэд шилжүүлэхийг хуульчилсан бөгөөд энэ талаар шүүгчийн захирамжид үндэслэлтэй зөв тайлбарласан байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1197 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

                                                                                               

                                                                                                            М.АЛДАР