Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/280

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,

Улсын яллагч Л.О,

Хохирогч З.И, З.О /цахимаар/,

            Шүүгдэгч М.У,түүний өмгөөлөгч Б.Д, Н.З, Б.Б,

            Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд, Б.Э

            Гэрч Б.Э, Н.Б, Б.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.У, Ц.М нарт холбогдох эрүүгийн 2025003220291 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М.У

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.М

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч М.У-ыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа:

-2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн байцаагч Ц.М-тэй бүлэглэн Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд иргэн З.Иод холбогдох зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100,000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан,

-2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах хэсгийн байцаагчийн өрөөнд З.Од холбогдох зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба 3.О-с 100.000 төгрөгийг торгуулийн мөнгө гэж хуурч, албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан,

2.Шүүгдэгч Ц.М-г Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа:

-2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн байцаагч М.У-тай бүлэглэн З.И-оос 100.000 төгрөгийг торгуулийн мөнгө гэж хуурч, албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан.

-2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд Э.Баттуулд холбогдох зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч,100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан Б.У-с залилж авсан.

-2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.Т-д холбогдох зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч М.У-ын мэдүүлсэн, 2005 оноос ажилласан. Ажлаа хуувийн эрх ашигт ашиглаж байгаагүй. Замын цагдаагаас нийтийн хэв журмыг хамгаалах тасаг руу шилжсэн байсан. Зөрчил хянан шалгаж байсан. Идэрцогтын тухайд 2018 онд эрүүлжүүлэх байранд саатуулагдсан байсан. Өглөө аваад хэсгийн байцаагч Мөнх-Эрдэнийн өрөөнд авчирсан. Торгуулийн мөнгөө банкинд тушаа гээд явуулсан, ирээгүй тул материалыг татгалзаж хаасан. Отгонхүүгийн тухайд надтай ярьсан бичлэг бий. Цагдаагийн байгууллага, АТГ дуудаж мэдүүлэг авсан тул тэгж хэллээ л гэсэн. Үнэн зөвийг олж өгнө үү гэх мэдүүлэг,

 

-шүүгдэгч Ц.М-н мэдүүлсэн, 1999 оноос цагдаагийн байгууллагад ажилласан. 2021 оны 3 сард тэтгэвэрт гарсан.Тэр үед Ундрах-Эрдэнэд ажил мэргэжлийн туслалцаа үзүүлж байсан. Дур мэдэн материал авч шалгаагүй. Бид бүлэглэж Идэрцогтоос мөнгө аваагүй. Бидний ажлыг прокурор хянадаг. Идэрцогтын иргэний үнэмлэхийг би аваагүй, миний ажлын өрөөнөөс гараагүй. Баттуулын асуудлыг хэд хэдэн удаа шалгаж байсан. Тугбадрахыг асуудлыг би мэдэхгүй гэх мэдүүлэг,

 

-Хохирогч З.И-ын мэдүүлсэн, тэр үед би эрүүлжүүлэгдсэн. Маргааш өглөө нь Ундрахбаяр гэдэг цагдаа 100,000 төгрөгөөр торгоно авчир гээд явуулсан. Надад мөнгө байгаагүй. Даргаасаа мөнгө асууж барилгачдын талбай дээрээс очиж аваад 6-р микрийн хэсгийн байцаагч дээр ирсэн. Банкинд тушааж ир гээд данс өгч явуулсан. Би тушааж чадаагүй ирсэн. Цайны цагийн дараа Ундрахбаяр мэдүүлэг авсан. Тэгээд Цагдаа руу явах ажил гарлаа гээд явахад мөнгөө тушаагаарай гэсэн. Би яаж тушаахаа мэдэхгүй эргэж ирээд өрөөнд нь ороод Мөнх-Эрдэнэ байсан. Би тушааж чадахгүй юм байна гээд иргэний үнэмлэх мөнгөө ширээн дээр нь тавьсан. За орхичихоод яв гэсэн. Тэгээд 2020 онд эрүүлжүүлэхэд ороод иргэний үнэмлэхээ санаад асуусан.Сүүлд үнэмлэхийг маань авчирч өгсөн гэх мэдүүлэг,

 

-Хохирогч З.О-гийн мэдүүлсэн, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад хохирч гомдсон зүйл байхгүй. Торгуулийн 100,000 төгрөгийг аавтайгаа хамт 4-22-р байрны хэсгийн байцаагч Ундрахбаярт өгсөн гэх мэдүүлэг,

 

-Гэрч Б.Э-гийн мэдүүлсэн, 2018 оны 6 сард намайг томилогдож ирэхэд Ундрахбаяр нь багийн цагдаагаар томилогдсон байсан. Багийн цагдаа нь зөрчил хянан шалгах шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан мөн. Сурган дадлагажуулах багшаар Мөнх-Эрдэнэ байцаагч хариуцаж байсан. 2017 оны 7 дугаар сарын 1-нээс бүх цагдаагийн алба хаагч нарт ЦЕГ-ын даргын тушаалаар зөрчил хянан шалгах эрх олгож, 2020 онд өөрчилсөн гэх мэдүүлэг,

 

-Гэрч Н.Б-гийн мэдүүлсэн, Идэрцогт нь өөрөө Цагдаагийн даргатай уулзаж гомдол бичсэн. Иргэний үнэмлэхээ авъяа гэсэн байсан. Тэгээд Ундрахбаяр байцаагч дээр албаны шалгалт явуулсан гэх мэдүүлэг,

 

-Гэрч Б.Б мэдүүлсэн, татгалзсан материалд торгууль авах ёсгүй гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс яллах болон цагаатгах талуудын шинжлэн судалсан:

           

-Хохирогч З.И-ын мэдүүлсэн ...таньж олуулах ажиллагаа явуулахад би 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэн гэж цагдаагийн албан хаагч эрүүлжүүлэх байрнаас авсан, иргэний үнэмлэхийг хэзээ, хэн гэгч цагдаагийн албан хаагч хурааж авсан, 2018 оны 05 сарын 30-ны өдөр хэн гэх цагдаа мэдүүлэг авсан талаар зургийг харж байгаад зааж өгсөн. Миний зургийг нь заасан цагдааг Ундрахбаяр гэдгийг анх албаны шалгалт явуулж байхад мэдсэн. Харин торгуулийн 100.000 төгрөгийг авсан цагдаа Мөнх-Эрдэнэ болохыг сүүлд санаж, таньж олуулах ажиллагаа дээр зургийг нь заасан. Би 100.000 төгрөг захирал Одгэрэлээс аваад 6-р микрт байх цагдаагийн байранд очиход эрүүлжүүлэх байрнаас авсан цагдаа байхгүй, өөр цагдаа сууж байсан. Тэр цагдаа яах гэж байгаа юм гэхэд торгуулийн мөнгө авч ирлээ гэхэд надаа өгчих гээд авсан. Сүүлд санахад надаас торгуулийн мөнгө 100.000 төгрөг авсан цагдаа Мөнх-Эрдэнэ гэх цагдаа байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 52-54-р хуудас/,

 

-гэрч М.О-н мэдүүлсэн ....2018 оны 05 дугаар сарын сүүлээр З.И нь цагдаад торгуулийн мөнгө өгөх хэрэгтэй байна гээд надтай утсаар яриад Барилгачдын талбайн тэнд ирж надаас 100.000 төгрөг авсан. Дараа нь Идэрцогтын цалингаас 100.000 төгрөг суутгаж авсан... ” гэх мэдүүлэг. /1 хх 92-93-р хуудас/

-хохирогч З.О-гийн мэдүүлсэн...2018 оны 11 сарын 08-ны өдөр Баялаг” төвийн караокед найзуудтайгаа маргалдсан чинь ресейпшн нь цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд саатуулагдсан. 2018 оны 11 сарын 09-ний өдөр Ундрахбаяр гэх цагдаа намайг аав Зундуйн хамт ирж аваад 4-р микрт байх цагдаагийн байранд мэдүүлэг авсан. Ундрахбаяр цагдаа намайг хүнтэй маргалдсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан шалтгаанаар торгуулийн арга хэмжээ авна гээд 100.000 төгрөгийг Төрийн банкинд тушаагаад ир гэсэн. Төрийн банк хаалттай байхаар нь Ундрахбаяр цагдаад банк хаалттай байна гэхэд торгуулийн 100.000 төгрөгөө надад өгчих би өөрөө тушаая гээд 4-р микрт байх ажлын өрөөнд надаас бэлнээр авсан. Надаас торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөг авсан цагдаагийн албан хаагчийг хараад танина... гэх мэдүүлэг /1 хх 68-69-р хуудас/,

 

-хохирогч Б.У-н мэдүүлсэн ...2018 оны 12 сарын 29-ний өдөр нөхөр Э.Баттуул нь миний ажиллаж байсан Америк барааны дэлгүүрт ирээд согтуу агсан тавиад байхаар нь цагдаад дуудлага өгч Э.Баттуулыг аваад явсан ... 6-р микрийн цагдаа Мөнх-Эрдэнэ миний гаргасан гомдлыг шалгаад нөхөр Э.Баттуулыг торгоно гэсэн ба Баттуулд мөнгө байхгүй болохоор Баттуулын өмнөөс Мөнх-Эрдэнэд цагдаад 105.000 төгрөг өгсөн. Тухайн үед торгуулийн мөнгө өгсөн талаар ямар нэгэн шийтгэлийн хуудас өгөөгүй. Надад гомдол санал байхгүй...” /1-р хх 56-57-р хуудас/...нөхөр Э.Баттуул нь намайг Америк барааны дэлгүүрт ажиллаж байхад хоёр удаа ирж агсан тавиад байхаар цагдаа дуудаж шалгуулж байсан. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Э.Баттуул эрүүлжүүлэгдээд маргааш нь би 105.000 төгрөгийг Мөнх-Эрдэнэд өгсөн. Дараа нь дахин 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эрүүлжүүлэгдээд бас Баттуулын өмнөөс 105.000 төгрөгийг Мөнх-Эрдэнэд цагдаад өгч байсан. 2 удаа 105.000 төгрөг өгсөн ба надад ямар нэгэн торгуулийн хуудас өгөөгүй..." гэх мэдүүлэг. /4-р хх 77-78 хуудас/,

 

-хохирогч Д.Т-н мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 25-ны өдөр эхнэр Өлзийбуянтай маргалдсан чинь эхнэр цагдаа дуудаад эрүүлжүүлэгдсэн. Маргааш өглөө 6-р микрийн хэсгийн байранд очиж, Мөнх-Эрдэнэ гэх цагдаад мэдүүлэг өгсөн. Мөнх-Эрдэнэ цагдаа торгуулийн арга хэмжээ авна, 100.000 төгрөг аваад хүрээд ир гэсэн. Би өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 100.000 төгрөг аваад Мөнх-Эрдэнэ гэх цагдаад өгсөн. Надад торгуулийн баримт өгөөгүй... гэх мэдүүлэг /1-р хх 62-63-р хуудас/,

-гэрч Н.Б-гийн мэдүүлсэн: “... 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр нь намайг дуудаж энэ иргэн хоёр жилийн өмнө манай нэг алба хаагчид арга хэмжээ авхуулаад 100.000 төгрөгөөр торгуулж, иргэний үнэмлэхээ хураалгасан, одоо иргэний үнэмлэхээ олж авах гээд яваад байна, арга хэмжээ авсан цагдаагийн алба хаагч хэн болохыг олоод танилцуул гэсэн. Би Идэрцогт гэх иргэнтэй уулзсан чинь 6 дугаар микрод байх цагдаагийн байранд иргэний үнэмлэх, торгуулийн мөнгө өгсөн гэхээр нь 06 дугаар микрийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мөнх-Эрдэнийг дуудаж тухайн иргэн Идэрцогтоос энэ цагдаагийн алба хаагч таны иргэний үнэмлэхийг хураан авч, танд арга хэмжээ авсан хүн мөн үү гэж асууж тодруулахад энэ алба хаагч бишээ, гэхдээ тухайн үед энэ байцаагчийн хажууд нь сууж байсан цагдаагийн алба хаагч миний иргэний үнэмлэхийг хураан авч, торгуулийн арга хэмжээ авч байна гэж намайг 100.000 төгрөгөөр торгосон. Би Мөнх-Эрдэнээс хэн гэх цагдаагийн алба хаагч чамтай тухайн үед байсан бэ гэж асуухаар мэдэхгүй байна, санахгүй байна гэж байсан. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагын Зөрчлийн Нэгдсэн сангаас иргэн Идэрцогтын нэр, регистрийн дугаарыг хийж хайлт хийсэн чинь иргэн И.Мөнхзулаас гаргасан 561 дугаартай зөрчлийн гомдлыг хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч М.У шалгаж зөрчлийн шинжгүй гэж 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр татгалзаж шийдсэн бүртгэл байсан...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэсгийн байцаагч М.У З.И-ын иргэний үнэмлэхийг олоод ирлээ гээд аваад ирэхээр нь Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч цагдаагийн хошууч Б.Б-ыг байлцуулан М.У-аас иргэн З.И-ын иргэний үнэмлэхийг хураан авч 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр З.Иод иргэний үнэмлэхийг нь хүлээлгэн өгсөн. Иргэн З.Иод М.У-ыг харуулж энэ цагдаагийн алба хаагч таны иргэний үнэмлэхийг хураан авч, танаас торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөг авсан хүн мөн үү гэж асуухад мөн гэж таньж байсан...Албаны шалгалтаар хэсгийн байцаагч М.У нь 2018 оны 05 дугаар сард иргэн И.Мөнхзулаас гаргасан зөрчлийн 561 дугаартай гомдол мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн шинжгүй гэж татгалзан шийдвэрлэж иргэн З.И-ын иргэний үнэмлэхийг хураан авсан, торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөг авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул миний зүгээс М.У-ыг халах талаар Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулж хэлэлцүүлсэн чинь Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтэс рүү явуулж шалгуулах шийдвэр гарч явуулсан...” гэх мэдүүлэг /1 хх 96-98-р хуудас/,

 

-гэрч Б.Б мэдүүлсэн ... 2020 оны 02 дугаар сард иргэн З.И гэх иргэний асуудлаас болоод М.Ут холбогдуулан Н.Б дарга албаны шалгалт явуулж байх үед М.У нь З.И гэх хүний иргэний үнэмлэхийг орон сууцныхаа болкон дээрээ байх хуучин хувцасныхаа халааснаас оллоо гээд намайг байлцуулан Н.Б даргад иргэний үнэмлэхийг хураалгасан...” гэх мэдүүлэг /1-р 101-102 хуудас/,

 

-Д.Тугбадрахын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1-р хх 116-р хуудас/,

-Таньж олуулах ажиллагаагаар” З.И нь 2 дугаартай зураг дээрх хүн торгуулийн 100.000 мөнгө авсан хүн, 4 дугаартай зураг дээрх хүн иргэний үнэмлэх хураан авсан, саатуулах байрнаас авсан хүн мөн байна гэж заасан. 2 дугаартай хүн Ц.М, 4 дугаартай хүн М.У болох нь таниулах ажиллагаагаар тогтоогдсон” гэх тэмдэглэл /1 хх 119-122-р хуудас/,

-З.Иод холбогдох зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай материал. /1 хх 127-132-р хуудас/

-Захиргааны зөрчлийн арга хэмжээ авахаас татгалзсан материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 206-209-р хуудас/,

-Э.Баттуулд холбогдох зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал /2 хх 196-205-р хуудас/,

-Т.Тугбадрахад холбогдох зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай материал /2-р хх 215-220-р хуудас/

-З.Од холбогдох зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай материал /3 хх 105-109-р хуудас/,

-Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх 45-60 хуудас/,

-Э.Баттуулд холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал /4-р хх 82-89-р хуудас/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

ҮЙЛ БАРИМТ: Шүүгдэгч М.У нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийг хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа З.Од холбогдох зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ч 3.Отгонхүүгээс 100,000 төгрөгийг торгуулийн мөнгө гэж бэлнээр өөртөө авсан,

 

-Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт, Баян-Өндөр сумын Уурхайчин багийг хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа Д.Тугбадрахад холбогдох зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ч Д.Тугбадрахаас торгуулийн мөнгө гэж 100,000 төгрөгийг бэлнээр өөртөө авсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, зөрчлийн арга хэмжээ авахаас татгалзсан материал, дансны хуулга, Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч М.У нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийг хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа З.Од холбогдох зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ч 3.О-с 100,000 төгрөгийг торгуулийн мөнгө гэж бэлнээр авсан,

 

-шүүгдэгч Ц.М нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт, Баян-Өндөр сумын Уурхайчин багийг хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа Д.Тугбадрахад холбогдох зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ч Д.Тугбадрахаас торгуулийн мөнгө гэж 100,000 төгрөгийг бэлнээр авсан үйл баримтууд нь хохирогч З.О-гийн мэдүүлсэн...2018 оны 11 сарын 08-ны өдөр Баялаг” төвийн караокед найзуудтайгаа маргалдсан чинь ресейпшн нь цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд саатуулагдсан. 2018 оны 11 сарын 09-ний өдөр Ундрахбаяр гэх цагдаа намайг аав Зундуйн хамт ирж аваад 4-р микрт байх цагдаагийн байранд мэдүүлэг авсан. Ундрахбаяр цагдаа намайг хүнтэй маргалдсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан шалтгаанаар торгуулийн арга хэмжээ авна гээд 100.000 төгрөгийг Төрийн банкинд тушаагаад ир гэсэн. Төрийн банк хаалттай байхаар нь Ундрахбаяр цагдаад банк хаалттай байна гэхэд торгуулийн 100.000 төгрөгөө надад өгчих би өөрөө тушаая гээд 4-р микрт байх ажлын өрөөнд надаас бэлнээр авсан. Надаас торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөг авсан цагдаагийн албан хаагчийг хараад танина... гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд хохирогчийн мэдүүлсэн “мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад хохирч гомдсон зүйл байхгүй. Торгуулийн 100,000 төгрөгийг аавтайгаа хамт 4-22-р байрны хэсгийн байцаагч Ундрахбаярт өгсөн” гэх мэдүүлэг, хохирогч Д.Тугбадрахын мэдүүлсэн “...2018 оны 12 сарын 25-ны өдөр эхнэр Өлзийбуянтай маргалдсан чинь эхнэр цагдаа дуудаад эрүүлжүүлэгдсэн. Маргааш өглөө 6-р микрийн хэсгийн байранд очиж Мөнх-Эрдэнэ гэх цагдаад мэдүүлэг өгсөн. Мөнх-Эрдэнэ цагдаа торгуулийн арга хэмжээ авна 100,000 төгрөг аваад хүрээд ир гэсэн. Би өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 100,000 төгрөг аваад Мөнх-Эрдэнэ гэх цагдаад өгсөн. Надад торгуулийн баримт өгөөгүй... гэх мэдүүлэг, Д.Тугбадрахын Худалдаа хөгжлийн банкны дансны 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулга, Т.Т-д холбогдох зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай материалд авагдсан тэмдэглэл, мэдүүлэг, тогтоол, хариу мэдэгдэх хуудас, З.О-д холбогдох зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай материалд авагдсан тэмдэглэл, мэдүүлэг, тогтоол, хариу мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нар хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар үл зөвшөөрч маргасан ч дээрхи нотлох баримтуудыг үгүйсгэн няцаах, эргэлзэх баримт, нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Харин улсын яллагч, шүүгдэгч нарт холбогдох, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бүлэглэн Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд иргэн З.Иод холбогдох зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100,000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэх хэрэгт яллахаас татгалзсан,

-шүүгдэгч Ц.М нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд Э.Баттуулд холбогдох зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100,000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан Б.Уранцэцэгээс залилж авсан гэх үйлдэл холбогдол хангалттай бүрэн нотлогдохгүй эргэлзэх үндэслэл бүхий баримтууд хэрэгт авагдсан байх тул тус тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.М нь Б.У-с залилсан гэх үйдлийн тухайд, 2-р хавтаст хэргийн 196-205 дугаар хуудаст авагдсан зөрчлийн хэргийн баримтуудаас үзвэл, иргэн Э.Баттуулын эхнэр Б.Уранцэцэгийн “нөхөр ажил дээр амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэх гомдол мэдээллийг хүлээн авч тэмдэглэл үйлдэн, хохирогч, холбогдогч нараас мэдүүлэг аваад 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар “Э.Баттуулын үйлдэл зөрчлийн шинжгүй тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж байгаа” тухай мэдэгдэж Б.Уранцэцэг гарын үсэг зурж танилцсан байна. Хохирогч Б.Уранцэцэг мэдүүлэхдээ ...2018 оны 12 сарын 29-ний өдөр нөхөр Э.Баттуул нь миний ажиллаж байсан Америк барааны дэлгүүрт ирээд согтуу агсан тавиад байхаар нь цагдаад дуудлага өгч Э.Баттуулыг аваад явсан ... 6-р микрийн цагдаа Мөнх-Эрдэнэ миний гаргасан гомдлыг шалгаад нөхөр Э.Баттуулыг торгоно гэсэн ба Баттуулд мөнгө байхгүй болохоор Баттуулын өмнөөс Мөнх-Эрдэнэд цагдаад 105.000 төгрөг өгсөн...Дараа нь дахин 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эрүүлжүүлэгдээд бас Баттуулын өмнөөс 105.000 төгрөгийг Мөнх-Эрдэнэд цагдаад өгч байсан. 2 удаа 105.000 төгрөг өгсөн ба надад ямар нэгэн торгуулийн хуудас өгөөгүй..." гэсэн нь дээрхи хариу мэдэгдэх хуудсанд Б.Уранцэцэг гарын үсэг зурж танилцсан нөхцөл байдалтай зөрчилтэй, эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар “Э.Баттуулын үйлдэл зөрчлийн шинжгүй тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж байгаа” тухай мэдэгдсэн хуудастай Б.Уранцэцэг танилцсан атлаа Ц.Мд 105,000 төгрөг өгсөн гэх нөхцөл нь өөр ямар нэг нотолгоогүй, 105,000 төгрөгийг эх сурвалжийг шалгаагүй байна. Иймд уг үйлдэл холбогдлыг нотлогдоогүй эргэлзээтэй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.У нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийг хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа З.Од холбогдох зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ч 3.Отгонхүүгээс 100,000 төгрөгийг торгуулийн мөнгө гэж бэлнээр авсан, шүүгдэгч Ц.М нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт, Баян-Өндөр сумын Уурхайчин багийг хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа Д.Тугбадрахад холбогдох зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ч Д.Тугбадрахаас торгуулийн мөнгө гэж 100,000 төгрөгийг бэлнээр авсан үйлдлүүдийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг,бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж...өөртөө... давуу байдал бий болгосон...” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж шүүх дүгнэлээ.

 

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн...3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: ... 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...гэж, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл.Төрийн тусгай албан тушаал: 13.1.Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна:...13.1.4. зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага...гэж тус тус заасны дагуу цагдаагийн албаны хэсгийн байцаагч нар нь төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан бөгөөд нийтийн албан тушаалтан мөн. Иймд тусгай субъектын хувьд Эрүүгийн хуулийн “Авилгын гэмт хэргийн” субъект болно.

 

Нөгөө талаар, уг гэмт хэрэг нь төрийн албаны хэвийн үйл ажиллагаа, төрийн алба шударга, хууль ёсны байх зарчим, үнэт зүйлд халдсан, шунахай сэдэлтээр өөртөө давуу байдал бий болгосон, албан үүрэг, албан тушаалаа урвуулан ашигласан шинжтэй байна.

 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ-ийн 3.1.3.“албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; 3.1.4.“давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг...ойлгоно” гэж зааснаар шүүгдэгч М.У, Ц.М нарын үйлдэл нь албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, өөртөө эд хөрөнгийн ашигтай байдал буй болгосон шинжтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдэл, сэдэлт санаа зорилгын хэлбэрийн шинжээрээ энэ гэмт хэргийн шинжийг хангадаг тул иргэнд хохирол учруулсан шинжээр нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр зүйлчлэх нь Эрүүгийн хууль хэрэглээний хувьд буруу юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийн субъект нь зөвхөн албан тушаалтан боловч халдаж буй нийгмийн харилцаа, эрх ашгийн болон субъектын онцлог, хамаарлын шинжээр нь зүйлчлэх учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага шүүгдэгч нарт яллах дүгнэлт үйлдсэн зүйл заалтаас хөнгөн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг зөвтгөн хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч М.У нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн байцаагч Ц.Мтэй бүлэглэн Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд иргэн З.Иод холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэх үйлдэл нотлогдохгүй эргэлзээтэй байх тул яллахаас татгалзаж байна. Харин бусад үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасанр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Хохирогч нараас 100,000 төгрөг авахдаа хариуцлага хүлээлгэж байна гэж төөрөгдүүлж залилсан. Албан тушаалаа ашиглаж бодит хохирол учруулсан гэж,

 

-шүүгдэгчийн өмгөөлөгч: Ундрахбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Отгонхүү гэж хүн өмчлөх эрхэд халдлаа гэсэн гомдол гаргаагүй. Хэрхэн яаж өмчлөх эрх нь зөрчигдсөн бэ. Хохирогч нь хэн юм бэ. Гэмт хэрэгт тооцохгүй хэлбэрийн төдийн үйлдэл гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч: Мөнх-Эрдэнийг 2 үйлдэлд буруутгасан нь бүрэн тогтоогдоогүй. Залилангийн гэмт хэргийн санаа зорилго тогтоогдоогүй. Хохирогч тодорхой бус, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж тус тус мэтгэлцсэн.

Шүүх, өмгөөлөгч нарын “шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан “гэх санал болон улсын яллагчийн “залилах гэмт хэрэг үйлдсэн” гэх дүгнэлтийг үндэслэл муутай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хохирол төлсөн хөнгөрүүлэх нөхцөл болон хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           

            Хохирол төлбөрийн тухайд, шүүгдэгч М.Уаас 100,000 төгрөг гаргуулан З.Од, шүүгдэгч Ц.Мэс 100,000 төгрөг гаргуулан Д.Тугбадрахад олгуулахаар шүүх шийдсэнийг төлж барагдуулсан тул гаргуулах төлбөргүй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн оролцогчийн нарын мэдүүлэг өгсөн дүрс бичлэгүүд, таниулах ажиллагааны бичлэг 3 ширхэгийг тус тус хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                          

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч М.У, Ц.М нар бүлэглэж З.И-ыг залилсан гэх хэргийг, шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Уранцэцэгийг залилсан гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч М.У, Ц.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч М.У, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албаны үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У, Ц.М нарыг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  М.У, Ц.М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн оролцогчийн нарын мэдүүлэг өгсөн дүрс бичлэгүүд, таниулах ажиллагааны бичлэг 3 ширхэгийг тус тус хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ