Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 346

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух, утас 99420260, РД:БЖ62101310 Жантекей харажан овогт Хавсаметийн Авдолын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газар /дарга Х.Арман, утас 99098232/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Авдолын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бахыт, хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын дарга Х.Арман, нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын Дэлүүн сумын салбарын гэрээт ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Х.Авдол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын Дэлүүн сумын салбарын эрхлэгчээр олон жил ажиллаж байсан. Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээт ажилчин болгож хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан юм. Тус газрын даргаар Х.Арман шинээр томилогдож 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэнэт миний ажлыг өөр хүнд хүлээлгэн өгснөөр ажилгүй болсон. Амьдралын ихэнх хугацааг Баян-Өлгий аймгийн Холбооны мэдээллийн салбарын хөгжилд зориулан үнэнч шударгаар ажиллаж мэргэжлийн ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй тодорхой хувь нэмэр оруулж ирсэн хүн байгаа юм. Намайг ажлаас халчхаад тус ажлын байранд өөр хүн ажиллуулж байгаа явдлыг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж гомдол гаргаж байна. Уг ажлын байр нь байнгын ажлын байр байгаа юм. Ажил олгогч ажилтантай хийсэн ямар нэгэн бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзнэ. 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан боловч гэрээний хугацааг ажил олгогчийн санаачилгаар сунгаагүй нь Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгасанд тооцно гэснийг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж намайг ажлаас халсан байгаа. Иймд намайг Дэлүүн сумын салбарын ажилтнаар эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Авдолын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бахыт шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие нэхэмжлэгч Х.Авдолын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн иргэн Х.Авдол нь Мэдээлэл холбоо сүлжээний ТӨХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь газрын Дэлүүн сумын салбарын эрхлэгчээр 2004 оноос хойш ажилласан. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээт ажилтан болгож хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байдаг. Тус газрын даргаар Х.Арман шинээр томилогдож 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Х.Авдолын гүйцэтгэж байсан ажлыг өөр хүнд хүлээлгэж өгснөөр Х.Авдол ажилгүй болсон юм. Уг ажлын байр нь байнгын ажлын байр тул хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь буруу гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэлүүд тогтоогдоогүй. Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээгээр хийх ажил үйлчилгээ нь байнга үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулдаг ажлын байранд бус байдгаар хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай байдаг. Тийм учраас анхнаасаа Мэдээлэл холбоо сүлжээний ТӨХХК нь тус ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь буруу юм. Ер нь хөлсөөр ажиллах гэрээ нь ажил гүйцэтгэх, хөдөлмөрлөх зэрэг ижил төрлийн гэрээнүүдээс ялгаатай ойлголт юм. Иймд Х.Авдолыг Мэдээлэл холбоо сүлжээний ТӨХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь газрын Дэлүүн сумын салбарын ажилтнаар эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газар дарга Х.Арман шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Авдол нь Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын салбарын эрхлэгчээр ажиллаж байсан ба 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын даргын Б/23 тоот тушаалаар ажлаас халагдаж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан болно. Тухай үед гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон. Иргэн Авдолын гаргаж буй гомдол хөдөлмөрийн гэрээний дагуу зохицуулагдах харилцаа бөгөөд хөдөлмөрийн хуулийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсний дагуу 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл гаргах ёстой байсан. Гэвч хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан үед гомдол гаргаагүй байна. Иймд Авдолын гомдол нь ямар нэгэн хуулийн үндэслэлгүй байна. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөлсөөр ажиллуулах гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж ирсэн. Ажилтан хөлсөөр ажиллуулах гэрээний 3.2.2, 3.2.4, 3.2.9, 3.2.22, 3.2.26, 3.2.27-р заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй тул ажил олгогч талаас тус гэрээний 2.1.2-т заасан эрхийн дагуу гэрээгээ цуцалсан. Хөлсөөр ажиллуулах гэрээ нь иргэний хуулийн дагуу хийгдсэн болно гэжээ.

Хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газар дарга Х.Арман шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Иргэн Х.Авдолтой Мэдээлэл холбоо сүлжээний ТӨХХК нь 2016 оны 3 сард хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Урьд нь Х.Авдол бол Дэлүүн сумын холбооны газарт үндсэн ажилтнаар ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сард уг ажлын байр нь цомхтголд орж гэрээт ажилтан болсон. Тухайн үед тэтгэмжээ аваад хүлээн зөвшөөрсөн байдаг. Би тухайн үед тус байгууллагад ажиллаж байгаагүй. Гэрээгээ цуцалсны дараа нэг сарын дотор гомдол гаргах ёстой байсан. Тиймээс гомдол гаргах хугацаа нь өнгөрсөн гэж бодож байгаа. Мөн Х.Авдол нь хөлсөөр ажиллах гэрээний хэд хэдэн заалтуудыг зөрчсөн байгаа. Тухайлбал, гэрээний 3.2.2-т ажилтан сар бүр гүйцэтгэж буй ажлын талаар тайлангаа ажил олгогчид бичгээр гарган, 3.2.4-т ажилчид дуудсан цагт бэлэн байх, утсаа байнга нээлттэй байлгах, дугаар нь өөрчлөгдсөн тохиолдолд ажил олгогчид мэдэгдэх үүрэгтэй гэх мэтчилэн 5,6 заалтыг зөрчсөн болохоор хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч Х.Авдолын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани захиргаа, хүний нөөцийн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2/1247 дугаартай Чиглэл өгөх тухай албан бичиг, энэ албан бичгийн 2 дугаар хавсралтаар Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын гэрээт ажилтны тоо Дэлүүн суманд орон тоо 1-ээр батлагдсан байна. Энэ нь Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын Дэлүүн сумын гэрээт ажилтны орон тоо нь нэг чиг үүргийг хэрэгжүүлдэг ажлын байнгын орон тоо болохыг нотлогдож байна. Ажил олгогч ажилтантай 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-ний агуулга нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохирсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан Хөдөлмөрийн гэрээ байна.

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын Дэлүүн сумын салбарын гэрээт ажилтнаар нэхэмжлэгч Х.Авдол нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан нь нэхэмжлэгч Х.Авдолын №288862 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр (үргэлжлэл)-ийн 12-14, 28-29 хуудсанд байгаа бичилтээр, мөн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Хөлсөөр ажиллуулах гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-гээр тус тус нотлогдож байна.

2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Хөлсөөр ажиллуулах гэрээ-ний 1.2-т гэрээний хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жил гэж заасан боловч 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр гэрээ байгуулсан болон гэрээний хугацааг сунгасан тухай нотлох баримт байхгүй ба энэ нь хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газар дарга Х.Арман Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчсөн болохыг нотолж байна.

Мөн нэхэмжлэгч Х.Авдол нь Хөлсөөр ажиллуулах гэрээний 3.2.2, 3.2.4, 3.2.9, 3.2.22, 3.2.26, 3.2.27-р заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй тул ажил олгогч талаас тус гэрээний 2.1.2-т заасан эрхийн дагуу гэрээгээ цуцалсан гэх боловч нэхэмжлэгч Х.Авдол нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдгийг нотлох болон ажлаас чөлөөлж гэрээг цуцалсныг нотлох баримтаа хариуцагч тал тус тус шүүхэд гаргаж өгөөгүй ба хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын нэгдүгээр шатны хяналт-ын бүртгэлд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд илэрсэн зөрчил дутагдлын талаар, мөн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл зөрчлийг арилгасан тухай тус тус тэмдэглэн бичиж бүртгэсэн боловч уг бүртгэлийг хэн үйлдсэн нь тодорхойгүй, мөн 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Даргын ажлын зөвлөл-ийн хурлын тэмдэглэлээр Х.Авдолын гаргасан зөрчлийн талаар хэлэлцсэн гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор нэхэмжлэгч Х.Авдолд сахилгын арга хэмжээ авсан тухай нотлох баримт байхгүй байна.

Нэхэмжлэгч Х.Авдол нь 2017 оны 3 дугаар сарын цалин авч байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Х.Авдолын №288862 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр (үргэлжлэл)-ийн 14 хуудсанд байгаа бичилтээр нотлогдож байгаа ба 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөгдсөн гэж мэдүүлснийг хариуцагч тал үгүйсгээгүй болно. Хариуцагч ажилтантай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан тухай эрхийн акт гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн тус тус ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Х.Авдол нь ажиллах хугацаандаа 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан байна.

Нэхэмжлэгч Х.Авдол нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын Дэлүүн сумын салбарын гэрээт ажилтнаар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилласан байх тул хариуцагч талаас гаргаж өгсөн Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХХК-ний Баян-Өлгий аймгийн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн б/23 дугаар Ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал, Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/385 дугаар Аймаг, дүүргийн газрын орон тоо батлах тухай тушаал болон энэ тушаалын 2 дугаар хавсралт, мөн нэхэмжлэгчийн 2008-2012 онуудад шагнагдаж байсан Жуух бичиг, Өргөмжлөл зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй болно.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Авдолыг ажлаас үндэслэлгүй халсан нь нотлогдож байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Х.Авдолыг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын Дэлүүн сумын салбарын гэрээт ажилтнаар эгүүлэн тогтоож, энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан нэхэмжлэгч РД:БЖ62101310 Жантекей харажан овогт Хавсаметийн Авдолыг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын Дэлүүн сумын салбарын гэрээт ажилтнаар эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК