Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 101

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 346 дугаар шийдвэртэй, А-ын  нэхэмжлэлтэй, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Б аймгийн газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бахыт, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Б аймгийн газрын Д сумын салбарын гэрээт ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай.   

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Б аймгийн газрын Д сумын салбарын эрхлэгчээр олон жил ажиллаж байсан. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээт ажилчин болгож хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Тус газрын даргаар Х шинээр томилогдож, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэнэт миний ажлыг өөр хүнд хүлээлгэн өгснөөр ажилгүй болсон. Миний бие амьдралын ихэнх хугацааг Баян-Өлгий аймгийн Холбооны мэдээллийн салбарын хөгжилд зориулан үнэнч шударгаар ажиллаж, мэргэжлийн ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй тодорхой хувь нэмэр оруулж ирсэн. Намайг ажлаас халчихаад тус ажлын байранд өөр хүн ажиллуулж байгаа явдлыг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж гомдол гаргаж байна. Уг ажлын байр нь байнгын ажлын байр. Ажил олгогч ажилтантай хийсэн ямар нэгэн гэрээ хөдөлмөрийн хуулинд үндэслэгдсэн байх ёстой бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзнэ. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан боловч гэрээний хугацааг ажил олгогчийн санаачилгаар сунгаагүй нь Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгасанд тооцно гэснийг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж намайг ажлаас халсан байгаа. Иймд намайг Д сумын салбарын ажилтнаар эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: “Нэхэмжлэгч А нь Мэдээлэл Холбооны Сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Б аймгийн Д сумын салбарын эрхлэгчээр ажиллаж байсан ба 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Мэдээлэл Холбооны Сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Б аймгийн газрын даргын Б/23 тоот тушаалаар ажлаас халагдаж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан болно. Тухайн үед гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон. Иргэн А-ын гаргаж буй гомдол хөдөлмөрийн гэрээний дагуу зохицуулагдах харилцаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсний дагуу 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл гаргах ёстой байсан. Гэвч хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан үед гомдол гаргаагүй байна. Иймд А-ын гомдол нь ямар нэгэн хуулийн үндэслэлгүй байна. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөлсөөр ажиллуулах гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж ирсэн. Ажилтан хөлсөөр ажиллуулах гэрээний 3.2.2, 3.2.4, 3.2.9, 3.2.22, 3.2.26, 3.2.27 дугаар заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй тул ажил олгогч талаас тус гэрээний 2.1.2-т заасан эрхийн дагуу гэрээгээ цуцалсан. Хөлсөөр ажиллуулах гэрээ нь иргэний хуулийн дагуу хийгдсэн болно.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр:  “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан нэхэмжлэгч А-г Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Б аймгийн газрын Д сумын салбарын гэрээт ажилтнаар эгүүлэн тогтоосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Б аймгийн газрын санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж шийдвэрлэжээ.   

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Гомдол гаргагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Б аймгийн газрын дарга Х би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А-ыг Д сумын гэрээт ажилтнаар эгүүлэн тогтоосон 346 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 

1. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/385 тоот Аймаг, дүүргийн газрын орон тоо батлах тухай тушаалаар Д сумын салбарыг татан буулгаж гэрээт ажилтнаар ажил үүргийг гүйцэтгүүлэхээр болсон. Тухайн үед салбарын эрхлэгч байсан А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Компаниас хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ажилтны саналыг асууж зөвшөөрсөн тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллах талаар заавар өгсөн. Энэ зааврын дагуу Аоос санал авахад зөвшөөрсөн тул хөлсөөр ажиллах гэрээ байгуулж гэрээт ажилтан болгосон. Гэтэл анхан шатны шүүх Хөлсөөр ажиллах гэрээний агуулга нь хөдөлмөрийн гол нөхцөлийг тохирсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан “Хөдөлмөрийн гэрээ” байна гэж дүгнэсэн. Хөлсөөр ажиллах гэрээг Хөдөлмөрийн гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхэд гомдолтой байна. 

2. Иргэнтэй Хөлсөөр ажиллах гэрээ байгуулах, цуцлах тохиолдолд хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан нь эрхийн акт гаргах шаардлага байхгүй. Эрхийн акт гаргах тухай Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид зохицуулсан заалт байхгүй байтал анхан шатны шүүх “Хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан тухай эрхийн акт гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байна.” гэж үндэслэсэн нь илэрхий алдаатай шийдвэр гэж үзэж байна. Хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой маргаан нь Иргэний хууль тогтоомжоор шийдвэрлэгдэх байтал Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 346 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч А нь хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Б аймгийн газарт  холбогдуулан Д сумын салбарын гэрээт ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Мэдээлэл холбооны сүлжээ Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Б аймгийн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар А-ын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн гэрээт ажилтнаар ажиллуулж, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ”, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” байгуулсан байна.

Харин ажилтан А нь миний ажлыг өөр хүнд хүлээлгэн өгсөн нь буруу, уг ажлын байр байнгын орон тоо байсан гэж эс зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т нийцжээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээт ажилчин болгож гэрээ байгуулсан, намайг халчихаад тус ажлын байранд өөр хүн ажиллуулж байгаа явдлыг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэж харин ажил олгогч “2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үед гомдол гаргаагүй А-ын гомдол нь ямар нэгэн хуулийн үндэслэлгүй байна. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөлсөөр  ажиллуулах гэрээний дагуу ажиллаж байсан, гэрээний 3.2.2, 3.2.4, 3.2.9, 3.2.22, 3.2.26, 3.2.27 дугаар заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалсан” гэж тайлбарлаж, шүүхэд мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, ажил олгогч нь Хөлсөөр ажиллах гэрээг зөрчсөн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй байна.

Ажил олгогчоос гаргаж өгсөн Ажилчдын цалин, тэтгэмжийн төлбөрийн даалгавар, 2014 оны 12 дугаар сарын цалингийн карт, 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтууд нь ажилтны гэрээнд заасан үүргээ зөрчсөнийг нотлохгүй бөгөөд ажил олгогчоос гэрээг цуцалсан тухай эрхийн акт гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ. 

 

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК 

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ