Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00756

 

Н.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Э-эсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03491 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Н.Э-

          Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох

           24,113,790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяа, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2013-4-01-с эхлэн БЗД-ийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргаар томилогдож, 2015-12-15-ны өдрийг хүртэл ажилласан. Намайг жирэмсний хүндрэлийн улмаас 2015-12-17-ны өдрийг хүртэл цөөхөн хоног акттай байх хойгуур дүүргийн засаг даргын 6/20 тоот тушаалаар албан тушаал бууруулж, тус төвийн ахлах мэргэжилтэн болгосон. 2017-3-р сард шүүхэд хандан, 2017-4-13-ны өдрийн шүүхийн шийдвэрээр миний нэхэмжлэлийг хангаж, ажилд эгүүлэн тогтоож, 1,670,113 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу гүйцэтгэх хуудас бичин шилжүүлсэн боловч өнөөдрийн байдлаар тодорхой үр дүнд хүрэхгүй, шүүхийн шийдвэр биелээгүй. Иймд хариуцагчаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 24,113,790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: БЗД-н ИХАШШ-н 2017-4-13-ны өдрийн шийдвэрээр Н.Э-ийг БЗД-н Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, олговорт 1,670,113 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Нийслэлийн Засаг даргын 2016-11-23-ны өдрийн Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай А/832 дугаар захирамжаар Н.Э-ийн ажиллаж байсан БЗД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэртэй байхаар тогтоож бүтэц, орон тоог дүүргийн Засаг даргын захирамжаар шинэчлэн баталсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016-12-21-ний өдрийн Б/317 дугаар тушаалаар В.Э-эсувдыг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, улмаар 2018-02-15-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар түүнийг БЗД-н Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 2017-02-15-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар А.Мөнхгэрэлийг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсноос үзэхэд дүүргийн Засаг даргад холбогдох хууль тогтоомжоор тус байгууллагын даргыг томилох эрх олгогдоогүй. Иймд ИХШХШТХ-н 28.1-д заасныг үндэслэн томилох эрх бүхий этгээд болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг жинхэнэ хариуцагчаар татах нь зүйтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 101/ШШ2018/03491 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 2016-06- 23-ны өдрөөс 2018-11-19-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт 23,984,444 төгрөг гаргуулж,  Н.Э-эд олгож, нэхэмжлэлээс 129,346 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 277,872 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэсэн байна. 

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03491 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, ажил олгогчоос олговорт 17,461,710 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу хуваарилжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх талаар хуульд заасан боловч дээрх тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь хууль болон дүрэмд зааснаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргын албан тушаалд Н.Э-ийг томилох бүрэн эрхгүй буюу дээрх хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас тус хэлтсийн даргыг томилж, чөлөөлж байгаа тушаалууд гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу дүүргийн Засаг даргаас тус хэлтсийн даргыг томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ийнхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүйд хүрсэн тул хариуцагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг татах нь хууль зүйн үндэслэлтэй юм. Манай байгууллагын хувьд БЗД-н ИХАШШ-ийн 2017-04-13-ны өдрийн 01285 дугаартай шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нэхэмжлэгчид олгохоор ажиллаж байна.  Шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүйд хүрсэн тохиолдолд ямар эрх зүйн хэм хэмжээг баримталж тус асуудлыг шийдвэрлэх, цаашид Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн даргын албан тушаалд нэхэмжлэгчийг томилох хууль зүйн үндэслэлгүй тул дахин ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгуулахаар нэхэмжлэл гаргах нь зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хариуцвал зохих этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   Н.Э- Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2018-10-19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 24,113,790 төгрөг гаргуулахыг шаардаж, үндэслэлээ “...2017-4-13-ны өдрийн шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд уг шийдвэрээр олговорыг 2016-06-23-ны өдөр хүртэл бодож олгохоор шийдвэрлэсэн... би одоо болтол ажилдаа ороогүй байна...иймд 2016-06-23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговор авна...” гэжээ.   

    Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага өөрчлөгдсөн, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь даргыг томилох эрх байхгүй...хариуцагч биш...” гэж маргасан байна. 

  Анхан шатны шүүх хариуцагчаас олговор 23,984,444 төгрөг гаргуулахдаа “...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-04-13-ны өдрийн  101/ШШ2017/01285 дугаар шийдвэрээр Н.Э-эд 2015-12-15-ны өдрөөс 2016-06-23-ны өдөр хүртэл хугацааны олговор олгосон... байх тул 2016-06-23-ны өдрөөс энэ хэргийн  шийдвэр гарах 2019-11-19-ны өдөр хүртэл хугацаагаар олговорыг тооцно...” гэжээ.

   Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, хариуцагчаас 17,461,710 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр  2017-04-13-ны өдөр гарсан байх тул уг өдрөөс хойш давж заалдах шатны шүүхийн энэ магадлал гарах 2019-01-11-ний өдөр хүртэл хугацаагаар олговорыг тооцно...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

   Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01285 дугаар шийдвэрээр Н.Э-ийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон боловч уг шийдвэр биелэгдээгүй байгаа нь тогтоогджээ.

   Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

   Иймд хоёр шатны шүүх ажилд эгүүлэн тогтоох анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойшхи хугацаанд ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг Н.Э-э ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т нийцжээ. 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-04-13-ны өдрийн  101/ШШ2017/01285 дугаар шийдвэрээр Н.Э-эд олгох олговорыг ажлаас халагдсан 2015-12-15-ны өдрөөс 2016-06-23-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсон үндэслэл ойлгомжгүй, олговорыг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарахаас өмнөх хугацаагаар буюу 2016-06-23-ны өдрөөс тооцох үндэслэл, баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүйгээс гадна хяналтын гомдол гаргаагүй байна. Иймд олговорын хэмжээнд давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

    Иргэн, хуулийн этгээд хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэг хүлээнэ. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, эсхүл өөрийн эрх хэмжээний хүрээнд зохих ажиллагаа явуулсныг нотлох баримт хэрэгт байхгүй тул гомдлыг хангах боломжгүй юм.   

   Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                          Б.УНДРАХ