Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 752

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч А.Ариунаа,  

          нарийн бичгийн дарга Д.Дэлгэрмаа нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав  даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.У, Э.Энхбаяр нарын хамтран  гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Тт холбогдох 1705 0000 00094 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Олхнууд овгийн Дашнямын Т, 1983 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Монгол Улсын Их сургуульд багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ял шийтгэлгүй,

 

Д.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 3 дугаар байрны гадаа иргэн Э.Энхбаяр, Ч.У, Б.А нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, муудалдах явцдаа иргэн Э.Энхбаяр, Ч.У, Б.А нарын биед халдаж, улмаар хохирогч Ч.У, Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, мөн хохирогч Э.Энхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Прокурорын газраас Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Д.Тийг “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Д.Төөс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 2.710.000 төгрөг гаргуулж, 2.205.000 төгрөгийг хохирогч Э.Энхбаярт, 505.000 төгрөгийг хохирогч Ч.Ут тус тус олгож, хохирогч нараас өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Энхбаяр цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч Б.А гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ч.У, Э.Энхбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Э.Энхбаяр миний бие 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Д.Т, Д.Алтантулга нарт зодуулж, нүдэндээ хүнд гэмтэл авч, яаралтай хагалгаанд орж, нүдэндээ 2 ширхэг имплант яс орлуулагч тавиулсан. Шинжээч эмчийн 3 удаагийн дүгнэлтэд “хүндэвтэр гэмтэл учруулсан” гэж гарсан. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилж “уг гэмтэл нь юунаас үүдэлтэй гэмтэл болохыг тогтоо” гэхэд эсрэгээрээ гэмтлийн зэргийг өөрчилж хөнгөн гэмтэл учруулсан болгож байгаа нь шинжээч эмч нарыг ажил үүргээ цалгардуулж, ашиг сонирхлын үүднээс ийм дүгнэлт гаргасан гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шинжээч эмч нар дүгнэлт гаргахдаа ганц зураг хараад өөр нэмэлт баримт болон хагалгаа хийсэн эмчтэй уулзалгүй, намайг байхгүйд дүгнэлт гаргасан. Би өөрийн биеэр үзүүлж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна. Үүнд дараах зүйлүүдийг дахин шалгуулмаар байна.

1. Шинжээч эмч нар хэргийн материалд байсан сиди, зургийг хараагүй. Зөвхөн ганц зурган дээр тулгуурлан дүгнэлт гаргасан. Нарийн мэргэжлийн эмч нараас оролцуулаагүй.

2. Гэмтлийн эмнэлгийн тархи мэдрэлийн тасгийн эрхлэгч Амарбаясгалан эмчээс байцаалт авахуулах. Энэ эмч анх хагалгаанд ороод гарахад маш хүнд гэмтэл, шүүх эмнэлэг хүндэвтэр, хөнгөн гэсэн дүгнэлт гаргавал буруу дүгнэлт гэж хэлсэн.

3. Д.Ттэй хамт явсан Д.Алтантулга энэ хэрэг үүсэх эхлэлийг тавьсан байхад гэрчээр дуудсан. Д.Алтантулга нь хэргийн хамсаатан байх ёстой.

4. Манай эхнэр Ч.У анх гомдол гаргахдаа Д.Тийг согтуу байсан талаар хэлэхэд энэ талаар шалгаагүй. Иймд дахин шалгуулах.

5. Хугаралтай бөгөөд хагалгаанд яаралтай орсон байхад зурагт байхгүй гээд байгаа нь ямар тохиолдолд зураг авахуулахад хугарал гардаггүйг шалгуулах шаардлагатай.

Иймд хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх хүсэлтэй байна...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Э.Энхбаяр нь тухайн үед маш их хэмжээний согтолттой байсан бөгөөд өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас гэмтэл учирсан байдаг. Мөн Д.Т нь 2 хүний биед хөнгөн хохирол учруулаагүй болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Иймд хуульд заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Д.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны гадаа иргэн Э.Энхбаяр, Ч.У, Б.А нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, муудалдах явцдаа иргэн Б.А, Э.Энхбаяр, Ч.У нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ч.Уийн “...жолооч нь бууж ирээд Б.А, А.Хунжав, манай нөхөр гурвыг цохиод, зууралдаад байсан. Манай нөхөр, тэр гурав согтуу байсан болохоор эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан. Тэгээд би салгах гээд дундуур нь ортол миний дээд уруулын орчим цохисон. ...Дараа нь энэ автомашины жолооч нь хэн бэ гэхэд би “жолооч нь би байна “ гээд хэлтэл миний нүүр лүү шууд хүчтэй цохиод авсан...” /1-р хх-10-12, 25-27, 28/,

 

хохирогч Б.Алтанбаганын “...Э.Энхбаяр автомашинаас буухдаа согтуу газар унахад нь ард байсан автомашинаас 2 залуу бууж ирээд зодсон байсан. ...махлаг бүдүүн залуу миний баруун нүд, хамар, хацар луу гараараа цохисон. ...тэр залуу 2-оос 3 удаа гараараа цохисон. Ингэж цохиулаад хэсэг сэргэхэд Э.Энхбаярын эхнэр Ч.У зодуулаад хамраас нь цус гарсан байдалтай зодуулчихсан, уйлаад байж байсан...” /1-р хх-29-31/,

 

хохирогч Э.Энхбаярын “...Маргааш өглөө нь хамаг бие хөндүүр болчихсон, нүд сонин болоод, толгой өвдөөд сэрсэн. Эхнэрээсээ “би яасан бэ” гэж асуутал “1 бүдүүн биерхүү залууд зодуулсан” гэсэн...” /1-р хх-32-34/,

 

гэрч С.Мөнхтуяагийн “..гэрийнхээ тагтан дээр гартал 1 эмэгтэй хүн “болиоч ээ, хамар луу цохичихлоо шүү дээ” гэж орилох дуу сонсогдохоор нь хартал алаг, улаан цоохор, урт дуу срочкон цамцтай эмэгтэй гадаа бороо орж байсан болохоор их норчихсон, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэр эмэгтэйгийн ард талд нь цагаан футболктай эрэгтэй газар хэвтчихсэн, түүнийг 1 бүдүүн ах хөлөөрөө өшиглөж, зодоод байгаа харагдсан...” /1-р хх-36-37/,

 

гэрч А.Хунжавын “...Э.Энхбаяр автомашинаас түрүүлээд буухад бүдүүн, биерхүү, өндөр залуу түүнийг цохиод газар унагасан байсан. ...миний гарнаас барьж аваад цааш түлхээд унагасан. Д.А автомашинаас бууж ирээд Э.Энхбаярыг салгаж авах гэхэд үүрээд аваад шидчихсэн. ...Ч.Уийн хамар луу шууд цохиод газар унагасан...” /1-р хх-38-39, 44, 2-р хх-3/,

 

гэрч Л.Энхбаатарын “...цонхоор харахад гадаа зодоон болоод байсан. Нэг тал нь хүнийг зодохооргүй маш их согтолттой, хүний гарын аясаар түлхэгдээд эрчээрээ савж унаад байгаа харагдсан. Нэг эмэгтэй “миний хамар луу цохичихлоо” гэж орилж байхыг сонссон. Нэг бүдүүн залуу нь нөгөө согтуу залуучуудыг биеэ хамгаалж чадахгүй байгааг нь далимдуулаад түлхээд унагасан. ...Тэр дундаас цагаан футболктай залууг нь илүү их зодоод байсан...” /1-р хх-40-41/,

 

гэрч Э.Энхзулын “...Ч.У нь дүү Э.Энхбаярыг түшиж гаднаас орж ирсэн ба дүү Э.Энхбаяр нь хүнд зодуулсан байдалтай, дээр нь бас согтолт ихтэй, 2 нүд нь цохиулж гэмтээд хөхөрсөн, хавдсан, ар нуруу нь шалбараад улаан эрээн болсон байсан. Ч.У хамар луугаа цохиулсан, цус гарсан, бороонд нороод угаагдсан байдалтай орж ирсэн...” /1-р хх-42-43/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Ч.Уийн биед хамрын таславчны мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 11361 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-51-52/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Алтанбаганын биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 11347 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-54, 56/,

 

эд мөрийн баримт /1-р хх-20/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-21/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-22/, хохирлын баримт /1-р хх-55, 194-200/, хохирогч Э.Энхбаяр, Ч.У нарын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1-р хх-86-93, 154-170, 171-177/, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /2-р хх-9-11/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Тийг хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцнэ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Тийг нэг мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.  

 

Хохирогч Э.Энхбаяр, Ч.У нарын хамтран гаргасан “...дахин шинжээч эмч нарын дүгнэлт гаргуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь хохирогч Э.Энхбаярын биед анх хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 11317 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Энхбаярын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, зүүн гайморын хөндийн урд хана, хамар ясны хугарал, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэжээ.

Улмаар анхан шатны шүүх улсын яллагчийн гаргасан саналыг үндэслэн тусгай мэдлэг шаардсан асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд хавтаст хэргийн материалаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулсан байна.

Уг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 429 дугаар дүгнэлтэд “...Э.Энхбаярын биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, нуруунд үүссэн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж дүгнэжээ.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийн эх сурвалж болсон компьютер томографын зургийг үзэж, гэмтлийг тодорхойлсон шинжээч эмч Т.ЧимэдОчир, Ц.Оюун-Эрдэнэ нараас анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт /2хх-ийн 81-83/ “... ухархайн дотор болон доод ханын хугарал байсан. Гайморын хөндийн урд ханын хугарал дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч ирүүлсэн компьютер томографийн зурагт байхгүй байна гэсэн хариу ирсэн. Тухайн хариуг үндэслээд гайморын хөндийн урд ханын хугарал нь хасагдаад бусад гэмтлээр нь гэмтлийн зэрэг тогтоогдсон. ... дүрс оношлогооны хоёр эмч үзээд гэмтэл олоогүй, бид нарийн мэргэжлийн дүрс оношлогооны эмч нар биш учир дүрс оношлогооны эмчийн дүгнэлтийг үндэслэл болгосон ...” гэснийг үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд хохирогч Э.Энхбаяр, Ч.У нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Энхбаяр, Ч.У нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

                                                                                               

                                                                                                            М.АЛДАР