Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 753

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор А.Намдаг,

          шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

          хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч А.Дулмаа,  

          нарийн бичгийн дарга Д.Дэлгэрмаа нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Э.Мт холбогдох 1805 0029 60098 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шавь овгийн Эрдэнэбатын М, 1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, ял шийтгэлгүй,

 

Э.М нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн авто зогсоолд иргэн Б.Дтай “автомашинаа холдуулсангүй” гэж маргалдан, улмаар татаж унаган, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Э.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Маас 3.393.734 төгрөг гаргуулж хохирогч Б.Дд олгож, хохирогч Б.Д цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Маас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Э.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм бүруутайд тооцон, 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, эргэлзээтэй дүгнэлт хийсэн нь хуульд заасан “шүүхийн тогтоол үндэслэлтэй байх” шаардлагад нийцээгүй, мөн “шүүхийн тогтоол таамаглалд үндэслэж болохгүй” гэснийг тус тус зөрчсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжийн хувьд Э.Мын үйлдлийн улмаас Б.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “Гэм бурууг” хуульчлахдаа “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Хэргийн бодит нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд золгүй тохиолдол болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал:

Хэрэг болох үед Э.Мтай хамт явсан гэрч Д.Өлзийсайханы мэдүүлэгт /хх-33-34/ “...Тухайн үед тэр эмэгтэй автомашин таглаж байрлуулчихаад нилээн удаан алга болсон. Тэгээд автомашин дээрээ ирэхээр нь манай хүү Э.М 2-3 удаа очиж гарах гэсэн юм, та автомашин дээрээ гар утасныхаа дугаарыг байршуулчихгүй, зөндөө их удлаа гэж хэлэхэд жолооч эмэгтэй өөдөөс нь хэрүүл хийгээд байсан. Тэгээд ар талын автомашиныг гаргаад хүлээгээд байхад тухайн автомашины эмэгтэй жолооч гарахгүй байсан ба манай хүүхэд автомашинаасаа буухад тухайн эмэгтэй автомашинаасаа бууж ирээд манай хүүг түлхэж хайс, явган хүний замын хашлага давтал цохиж унагаагаад, манай хүү босож ирэхэд нь дахин цохих гэж байгаад өөрөө хальтираад унасан”,

гэрч Д.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-63/ “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 11 цагийн орчим үеэл дүү Э.М над руу эгчээ гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир, хүнтэй автомашины зогсоолоос болж маргалдсаны улмаас жолооч эмэгтэй намайг автомашиныхаа хаалгаар саваад би арагш хашлага даван унаад газраас босохдоо нөгөө эмэгтэйгээс зуурснаас болж нөгөө эмэгтэй мөсөн дээр хальтирч унаад хөлөө хугалчихлаа гэсэн” гэх мэдүүлэг,

гэрч М.Баярсайханы /хх-66/ “...Э.Маас юу болсон талаар асуухад Эх нялхсын эмнэлэг дээр дүүгээ үзүүлчихээд автомашиндаа суугаад хөдлөх гэсэн чинь нэг автомашин гарц хаагаад автомашинаа тавьсан мөртлөө утасныхаа дугаарыг цонхон дээр үлдээгээгүй байсан. Хэсэг хугацааны дараа жолооч эмэгтэй автомашиныхаа хаалгаар намайг саваад би арагш хашлага даван унаад газраас босохдоо нөгөө эмэгтэйгээс зуурснаас болж мөсөн дээр хальтирч унаад хөлөө гэмтээчихсэн” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Э.Мыг зүйлчилж шийдэх үндэслэлгүй юм.

Э.М нь хохирлыг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон өндөр настай өвчтэй эцэг Эрдэнэбатыгаа асардаг, өөрийн биеийн эрүүл мэндийн хувьд нийтэд тустай ажил хийх боломжгүй тул энэ байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Э.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гаргасан...” гэв.

 

Хохирогч Б.Дгийн өмгөөлөгч А.Дулмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Давж заалдах гомдолд дурдсанаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Э.М нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн авто зогсоолд иргэн Б.Дтай автомашинаа холдуулсангүй гэж маргалдан, улмаар татан унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Дгийн “...автомашинаасаа буугаад иртэл тэр залуу намайг заамдаж аваад сэгсрээд, угзарч доош тавихад хөл сонин болоод өвдөж эхэлсэн. Тэр залуу намайг газар унагасан...” /хх-14-16, 41-43, 51-53/,

гэрч Л.Пагмадуламын “...хэрэг учрал болсон газар очиход хайсны хажууд хагас суугаа байдалтай 40 орчим насны эмэгтэйн зүүн талын шагай хэсгээрээ эргэсэн байдалтай байсан. ...харин 20 орчим насны намхан залуу “би гэмтээсэн, миний буруу” гэж хэлсэн...” /хх-54-56/,

гэрч Б.Алтансүхийн “...20 гаруй насны бор залуу “эгчээ намайг уучлаарай, уурын мунхагаас болж түлхсэн чинь ийм асуудал болчихлоо” гээд уйлаад байсан...” /хх-57-59/,

шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...зүүн шагайн үеэр эвгүй гишгэж унасны улмаас үүсэх боломжтой. Учир нь, зүүн хөлөөрөө гадагш болон дотогш налуу гишгэх явцад үүсэх боломжтой. Харин цээжинд үүссэн цус хуралт цохих, базахад үүсэх боломжтой...” /хх-71-72/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Дгийн биед зүүн шаант ясны доод булууны гадна, дотно хавчаар ясны далд хугарал, тахилзуур ясны доод булууны далд хугарал, зүүн шагайн үений мултрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 339 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17-18/,

 

хэргийн газрын зураг /хх-31-32/, хохирлын баримтууд /хх-86-98, 155-164/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцнэ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Мт гурван зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Иймд шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан “...анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдах хугацаанд шүүгдэгч Э.М нь хохирогч Б.Дд 3.395.000 төгрөгийн хохирлыг төлсөн баримтаа ирүүлснийг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Э.М нь хохирогч Б.Дд 3.395.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

                                                                                               

                                                                                                            М.АЛДАР