Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 726

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар Улсын Их хурлын гишүүн С.Эрдэнийн нэхэмжлэлтэй, МУЗГ , УУХҮЯ анд тус тус холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Э ,

Хариуцагч: МУЗГ , УУХҮЯ

Нэхэмжлэлийн шаардлага: “Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УУХҮЯ анд даалгах, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохгүй байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УУХҮЯ ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , хариуцагч УУХҮЯ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т , С.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улсын Их Хурлын гишүүн С.Э  миний бие 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг авахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандан хүсэлт гаргасан. Гэвч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг хүсэлтийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн талаар хариу мэдээлсэн. Мэдээлэл авах тухай хүсэлт гаргаснаас хойш даруй 4 сар өнгөрөөд байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам нь Улсын Их Хурлын гишүүний мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэсэнгүй.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17-д зааснаар Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах эрхтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын гишүүнээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн >7.1.17-д заасан эрхийн дагуу шаардсан мэдээллийг гаргаж өгөхгүй байгаа МУЗГ-ын хэрэг эрхлэх газар, УУХҮЯ ны үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т эс үйлдэхүй буюу захиргааны акт гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Улсын Их Хурлын гишүүний шаардсан мэдээллийг хэдий хугацааны дотор холбогдох байгууллага гаргаж өгөх талаар тусгайлан заагаагүй хэдий ч Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14.8-д “Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийг хүсэлт гаргасан иргэн хуулийн этгээдэд ажлын 7 өдрийн дотор өгөх бөгөөд хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол тэдгээрийн төлөөлөл болох нэг иргэнд мэдээллийг өгнө." гэж заасан байдаг болно.

Гэвч хүсэлт гаргаснаас хойш даруй 5 сар гаран хугацаа өнгөрөөд байхад өнөөдрийг хүртэл Улсын Их Хурлын гишүүний шаардсан мэдээллийг МУЗГ-ын хэрэг эрхлэх газар, УУХҮЯ  гаргаж өгөхгүй байгаа болно.

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэр нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн еренхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар батлагдсан “МУЗГ  болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр баригдахаар шийдвэрлэгдсэн.

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг Улсын Их Хурлын гишүүнд олгохгүй байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны эс үйлдэхүй нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17 заалт буюу Улсын Их Хурлын гишүүний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул Захиргааны хэргийн шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан. Улсын Их Хурлын гишүүний мэдээлэл авах эрхийг захиргааны байгууллага эс үйлдэхүйгээр зөрчсөн тохиолдолд уг маргааныг харьяалан шийдвэрлэх шүүхийг аль нэг хуульд тусгайлан заагаагүй тул уг маргааныг нийтийн эрхзүйн маргаан гэж үзэн захиргааны хэргийн дагнасан шүүхэд гаргаж байгаа болно” гэжээ.

Хариуцагч МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-с шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурлын гишүүн С.Э эс тус шүүхэд хандаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УУХҮЯ анд холбогдуулан “Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохыг даалгах, нефьт боловсруулах үйлдвэрийн бичиг баримтын хуулбарыг олгохгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох’’-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасантай танилцаад дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд

1.Улсын Их Хурлын гишүүн С.Э эс Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж, Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг гаргуулан авахыг хүсч 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 166 тоот албан бичгийг ирүүлсэн.

Уг албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүлээн авч танилцаад эрхлэх асуудалд нь хамаарах Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ХЭГ/223 тоот албан бичгээр уламжилсан.

Учир нь Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 12-т Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг эрхлэхээр хуульчилсан тул холбогдох төрийн захиргааны төв байгууллагад ийнхүү хүргүүлсэн.

Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэдэг болно.

2.3ахиргааны ерөнхий хуулийн 37.3-т “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”” гэж заасан.

Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэхэмжлэгч Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн 2019 оны 166 тоот албан бичгийг эрхлэх асуудалд нь хамаарах холбогдох байгууллагад уламжилсан бөгөөд хувийг хүсэлт гаргагч Улсын Их Хурлын гишүүн С.Э д хүргүүлсэн болно.

Иймд нэхэмжлэгч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй юм. Мэдээлэл авах эрхийнх нь хүрээнд холбогдох байгууллагад нь уламжилсан. Энэ баримт нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт байхгүй. Иймд манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна” гэв.

Хариуцагч УУХҮЯ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т гээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасны дагуу хариу тайлбар гарган хүргүүлж байна.

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “МУЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.70-д “Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна” гэсэн зорилт дэвшүүлсэн болно. Энэхүү зорилтын хүрээнд Засгийн газрын 2017 оны 92 дугаар тогтоолоор газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулах шийдвэр гарч 2017 оны 04 сарын 04-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсан.

Энэхүү үйлдвэрийг МУЗГ  болон Бүгд найрамдах Энэтхэг улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх шийдвэр гарсны дагуу төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн “Инженерс индиа лимитед” компани боловсруулж, эцсийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлсэн билээ.

Түүнчлэн үйлдвэрийг байгуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангахын тулд Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлууд болох салаа төмөр зам, хатуу хучилттай автозам болон цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын хамт барьж байгуулах төслүүдийг 2018 оны 2 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

 Дээрх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явц өнөөдрийн байдлаар 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

 Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн н/05/05 дугаар зөвлөмжийн дагуу засгийн газрын 2019 оны “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 196 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтын 32, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтын 11 тус тус хамаарах болсон.

Мөн энэхүү төслийн нарийвчилсан ТЭЗҮ нь гурвалсан гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэгч компанид албан ёсоор харьяалагдаж байгаа бөгөөд зохиогчийн эрхээр хамгаалагдсан баримт бичиг болно.

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн нэхэмжлэхэд дурдсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17-д зааснаар Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах эрхтэй” гэсэн хуулийн заалтын хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаарх аливаа биелэлтэй холбогдолтой мэдээ мэдээллийг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй болно.

Тиймээс Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

.. Энэхүү техникийн эдийн засгийн үндэслэл холбогдох баримтыг ямар зорилгоор ашиглах гэж байгааг бид мэдэх хэрэгтэй. Төслийн үйл явцад нөлөөлөх, улс төрийн зорилгоор болон бусад өөр зорилгоор хэрэглэх гэж байгаа бол тодорхой тайлбарлах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

Хариуцагч УУХҮЯ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Техник эдийн засгийн үндэслэл нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын дагуу төрийн нууц дотор маш нууц зэрэглэлтэй мэдээлэл учраас хүргүүлэх боломжгүй байгаа. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хуулиар хориглоогүй бол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлын хүрээнд төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана” гэж заасан. Улсын Их Хурлын гишүүн С.Э  энэ мэдээллийг ямар зорилгоор ашиглах гэж байгаагүй дурдаагүй. Иймд танилцах эрхэд хамаарахгүй, төрийн нууцтай танилцах шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Хуульд заасан төрийн нууцтай танилцах нөхцөл шаардлагаа хангаад Төрийн болон албаны нууцыг хамгаалах баталгааг бичгээр гарган өгсний дараа танилцах эрх нь нээлттэй болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Монгол улсын Их Хурлын гишүүн С.Э эс МУЗГ-ын хэрэг эрхлэх газар, УУХҮЯ анд холбогдуулан гаргасан “Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УУХҮЯ анд даалгах, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УУХҮЯ ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг Улсын Их хурлын гишүүнд олгохгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УУХҮЯ ны эс үйлдэхүй нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17-д заасан Улсын Их Хурлын гишүүний мэдээлэл шаардаж авах эрхийг зөрчиж байна” гэж тайлбарлаж маргасан ба хариуцагч МУЗГ-ын хэрэг эрхлэх газраас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Улсын Их Хурлын гишүүн С.Э эс ирүүлсэн хүсэлтийг эрхлэх асуудлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад уламжилж, хувийг нэхэмжлэгчид хүргүүлсэн тул захиргааны байгууллагын эс үйлдэхүй байхгүй” гэж, Хариуцагч УУХҮЯ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь бүхэлдээ хууль тогтоомжийн дагуу төрийн  нууцад хамаарч байгаа ба Улсын Их Хурлын гишүүн нь гаргасан хүсэлтдээ уг баримт бичгийг ямар зорилгоор ашиглах талаараа дурдаагүй нь төрийн нууцад хамаарах баримт бичигтэй танилцах нөхцөл шаардлагыг хангаагүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Улсын Их Хурлын гишүүн С.Э эс анх 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт хандан 166 тоот албан бичгээр “Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтыг хуулбарлан авах тухай” хүсэлт гаргажээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ХЭГ/223 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тус хүсэлтэд зохих арга хэмжээ авч, хариу өгөхийг уламжилсан[1], энэ тухайгаа Улсын Их Хурлын гишүүн С.Э д мэдэгдсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эс үйлдэхүй тогтоогдохгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй.  

Харин УУХҮЯ наас Монгол улсын Их Хурлын гишүүн С.Э эс Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гаргасан дээрх хүсэлт болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “... Нефть боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл баримт бичгийн хуулбарыг авах” тухай хүсэлтийг тус тус хүлээн авсан, хариу өгөөгүй тухайд мөн маргахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “... эс үйлдэхүй” тогтоогдож байна гэж үзэх үндэстэй.

Гэвч хууль тогтоогчоос Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зорилтыг “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн тодорхойлж, 3 дугаар зүйлийн 3.1-д “хуулийг Монгол Улсын байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн дагаж мөрдөх”-өөр, 6 дугаар зүйлийн 6.1-д “төрийн болон албаны нууцыг хамгаалах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан” хэрэгжүүлэхээр тус тус заажээ.

МУЗГ-ын 2019 оны “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 196 дугаар тогтоолоор мөн Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-ын “в” “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар” гэсний 32-т, “к” “Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар хэсгийн 11-д “Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил, түүнд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо хэмжээ болон ус хангамжийн эх үүсвэр, худалдан авах үйл ажиллагааны нууцалбал зохих хэсэг” гэж тус тус нэмжээ.

Мөн Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/1285 тоот албан бичигт ““Инженерс индиа лимитед” компанийн боловсруулсан нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ баримт бичиг нь төрийн нууцад хамаарах эсэх асуудлаар хариуцсан байгууллага болох УУХҮЯ анд хандаж тодруулах боломжтой...”[2] гэсэн байх ба хариуцагч УУХҮЯ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “дээрх хууль тогтоомжийн дагуу Нефьт боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл/цаашид ТЭЗҮ гэх/ баримт бичгийг нууцлах арга хэмжээг авч явуулж байгаа бөгөөд нууцын тэмдэг дарагдаж албажаагүй байгаа” гэж тайлбарлаж байх тул “...Нефьт боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ” баримт бичгийг төрийн нууцад хамаарахгүй мэдээлэл гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас “...Нефьт боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ” баримт бичгийг төрийн нууцад хамааруулсан аливаа шийдвэрийг шүүхээс шаардсаны дагуу ирүүлээгүй боловч төрийн нууцад хамаарах мэдээллийг нууцлах ажиллагаа нь өөрөө уг мэдээллийг нууцын жагсаалтад хамааруулсан Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэрэгжих ба нууц хамгаалах үүрэг бүхий төрийн байгууллагаас “уг мэдээллийг нууцад хамаарна гэж үзэж нууцлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа” гэж тайлбарлаж байгаа тохиолдолд тухайн мэдээллийг шаардан авах, танилцах үйл ажиллагаа мөн Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан журмын дагуу хэрэгжинэ.

Нөгөө талаас Улсын Их Хурлын гишүүн нь “... ТЭЗҮ баримт бичгийг хуулбарлан авах” хүсэлт гаргахдаа уг мэдээллийг хэзээ, ямар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлын хүрээнд шаардаж байгаа талаар дурдаагүй байх тул төрийн байгууллага нь Төрийн болон албаны нууцын тухай хуулиар хүлээсэн “нууц хамгаалах” чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Улсын Их Хурлын гишүүний хүсэлтэд дурдсан баримт бичгийг гаргаж өгөөгүйд хариуцагчийг буруутгах, эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Улсын Их Хурлын гишүүн нь гаргасан хүсэлтдээ уг баримт бичгийг ямар зорилгоор ашиглах талаараа дурдаагүй нь төрийн нууцад хамаарах баримт бичигтэй танилцах нөхцөл шаардлагыг хангаагүй” гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17-д тус тус зааснаар Улсын Их Хурлын гишүүн нь “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах” бүрэн эрх, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар иргэнд олгогдсон “мэдээлэл авах эрх” зөрчигдсөн” хэмээн тайлбарласан байх боловч энэхүү “мэдээлэл шаардах болон мэдээлэл авах эрх” нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан “хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээлэл”-ийн тухайд хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас нууц хамгаалах журмын дагуу нууцалсан, эсхүл хууль тогтоомжид заасны дагуу нууцлах ажиллагаа хийгдэж байгаа мэдээллийн хувьд Улсын Их Хурлын гишүүний мэдээлэл шаардах эрх нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хуулиар хориглоогүй бол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлын хүрээнд төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцах”, 21.3-т “Төрийн болон албаны нууцад хамаарах асуудлыг хянан шалгах зорилгоор Улсын Их Хурлаас байгуулсан ажлын хэсгийн гишүүн, эсхүл энэ зорилгоор тусгайлан эрх олгогдсон хүн тухайн шалгах асуудлын хүрээнд хуулиар танилцуулахыг хориглосноос бусад төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцах” гэж заасны дагуу, харин иргэний мэдээлэл авах эрх нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг ... авах ...” гэж заасны дагуу тус тус хэрэгжих тул захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.   

Дээрхээс үзвэл, УУХҮЯ ны “Улсын Их Хурлын гишүүний хүсэлтийн дагуу “...Нефьт боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ” баримт бичгийг гаргаж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхээргүй байх тул Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Э эс МУЗГ-ын Хэрэг эрхлэх газар, УУХҮЯ анд холбогдуулан “Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УУХҮЯ анд даалгах, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УУХҮЯ ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан Улсын Их Хурлын гишүүн С.Э эс МУЗГ , УУХҮЯ анд тус тус холбогдуулан гаргасан “Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УУХҮЯ анд даалгах, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохгүй байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УУХҮЯ ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.13-т тус тус заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ


[1] Хавтаст хэргийн 37,38 дахь талд

[2] Хавтаст хэргийн 40 дэх талд