Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1820

 

 

Ч.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/01408 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Хонгорзулд холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 18 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Түмэндэмбэрэл нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б.Хонгорзулд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад /13280/-ийн 20 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай обьектоо нэг сарын 2 500 000 төгрөгөөр харилцан тохиролцож нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээг Намир худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг нотариат дээр хийсэн. Гэвч Д.Хонгорзул нь 2016 оны 4, 5, 6, 7, 8-р саруудын түрээсийн төлбөрүүдийг төлөөгүй өдийг хүрсэн. Түрээсийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч, шалтаг шалтгаан хэлж, байнга хугацаа хожиж байсан бөгөөд одоо бүр утсаа авахгүй байна. Түрээслэгч Д.Хонгорзул нь н.Даваасүрэн гэдэг хүнтэй хамтран ажиллаж түрээсийн төлбөрөө нэг нэг өдрөөр ээлжилдэг байсан. Би н.Даваасүрэн гэдэг хүнтэй уулзаж хариуцагч ирэхгүй байгаа учраас чамаас түрээсийн төлбөрийг авна шүү гэхэд н.Даваасүрэн зөвшөөрсөн. Ингээд хариуцагчийн гэрээ үргэлжилж байгаа гэж үзсэн.

Иймд Б.Хонгорзул нь гэрээний үүргийг үл биелүүлж түрээсийн төлбөрт 12 400 000 төгрөг, төлбөрийн үнийн дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтын дагуу алданги 6 200 000 төгрөг төлж барагдуулахгүй байгаа тул Д.Хонгорзулаас нийт 18 600 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Хонгорзулын хувьд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Ч.Түмэндэмбэрэлтэй түрээсийн гэрээг бичгээр байгуулж байсан асуудал дээр маргахгүй бөгөөд гэрээ байгуулахаас өмнө түрээслүүлэгч Ч.Түмэндэмбэрэлээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, автомашин угаалгын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг үйлдвэр үйлчилгээний хэлтсээс гаргуулсан зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ус ашиглах дүгнэлт зэрэг уг үйлчилгээг явуулахтай холбоотой бүх бичиг баримтыг шаардаж, мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлагын дагуу түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгүүлэх шаардлагыг тус тус Ч.Түмэндэмбэрэлд тавихад танай шаардсан бүх юм байгаа гол нь зөвшөөрлөө сунгуулах гээд материалаа бүрдүүлээд өгсөн байна эхлээд гэрээгээ хийгээд урьдчилгаагаа өгчих, зөвшөөрөл гарахаар түрээсийн гэрээг бүртгүүлээд холбогдох зөвшөөрлийг та нарт өгье гэж хэлсэн тул түүнд итгэж найдан урьдчилгаа 5 000 000 төгрөг, барьцаа 1 000 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш бидний зүгээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл дагалдах баримт бичгүүдийг удаа дараа шаардсан боловч огт гаргаж өгөөгүй бөгөөд түрээслүүлэгч 2016 оны 4 дүгээр сараас эхлэн өөр хүнд түрээслүүлж мөн бидний эрхийг зөрчсөн. Иймд хариуцагчийн зүгээс “Түрээслүүлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр бүрэн хангасан хөрөнгө шилжүүлээгүй, мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлага хангаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт түрээсийн гэрээг бүртгүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй, Б.Хонгорзулд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 18 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Ч.Түмэндэмбэрэл нь Б.Хонгорзулд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шар хад 20 тоот хаягт орших үйлчилгээний зориулалттай обьектоо 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сарын 2 500 000 төгрөгөөр нэг жилийн хугацаатай түрээсэлсэн. Ч.Түмэндэмбэрэл, Б.Хонгорзул нар нь бичгээр гэрээ байгуулж нотариатаар батлуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хэлцэл биш, харин улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэрээ болно. Энэ гэрээний дагуу Б.Хонгорзул нь 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарын дуустал түрээсийн төлбөрийг төлж байсан. Харин түүнээс хойш төлөөгүй түрээсийн төлбөрөө шаардахад нөхөр санхүүгийн асуудалд орсон түр хүлээж бай удахгүй төлнө гэсээр 9 cap хүрсэн. 2016 оны 9 дүгээр сарын эхний 7 хоногт ирж уулзаад үргэлжлүүлэн түрээсэлмээр байна гэхэд нь өмнөх түрээсийн төлбөрөө яаралтай төл тэгээд гэрээ хийе гэсэн боловч дахиж уулзаагүй утас нь холбогдохгүй алга болсон. Нэгэнт гэрээ 1 жилийн хугацаатайгаар хийгдсэн энэ гэрээнд маргаан байхгүй гэж хариуцагчийн хариу тайлбарт тодорхой байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд түрээслээгүй талаар амаар тайлбар өгсөн. Энэ талаар ямар нэгэн баримт хэргийн материалд байгаагүй, маргаан байхгүй байсан учир бэлтгээгүй байсан бөгөөд нэгэнт гэрээг цуцлаагүй тул хэнийгээ ажиллуулах нь түрээслэгчийн эрхийн асуудал байсан. Түрээслэгч түрээслэхгүй гэж гэрээг цуцалсан бол Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар хүлээлгэж өгөөгүй, гэрээг сунгах талаар санал тавьж байсан. Хариуцагчийн тайлбарт нэр дурдагдсан н.Даваасүрэн гэдэг хүнтэй 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр угаалгын газар дээрээ очиход байсан хүн бөгөөд Б.Хонгорзулд 2 хоноод 200 000 төгрөг шилжүүлдэг гэсэн тайлбар өгсөн бөгөөд уулзсанаас хойшх төлбөрийг н.Даваасүрэн гэдэг хүнээс нэхнэ шүү гэхэд зөвшөөрсөн. Шүүх Б.Хонгорзул нь түрээслэн ажиллуулж байсан нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийг шууд хохироосон нэг талыг баримталж хэрэгт бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүйгээр өмчлөгчийг хохироосон шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Шүүх хуралдааны дараа иргэн н.Даваасүрэнтэй уулзаж энэ талаар асуухад 2 хоног тутамд 200 000 төгрөгийг иргэн Б.Хонгорзулын данс руу шилжүүлж байсан гэх тайлбарыг өгсөн бөгөөд энэ тайлбараа нотариатаар гэрчлүүлэн өгч шүүхэд энэ талаар тайлбар өгөхөд татгалзахгүй гэж хэлсэн. Б.Хонгорзул нь шүүхэд худал тайлбар өгсөн нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь бодит байдлаас хэт зөрүүтэй, хэргийг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэл нь хариуцагч Б.Хонгорзулд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 18 600 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч түрээслүүлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах нөхцлөөр бүрэн хангасан хөрөнгө шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт түрээсийн гэрээг бүртгүүлээгүй гэж маргажээ.

 

Хэргийн 4 дүгээр талд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэл нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад гудамж /13280/, 20 тоот хаягт байрлах 000216871 гэрчилгээний дугаартай, Ү-2204043436 улсын бүртгэлийн дугаартай, 345 м.кв талбай бүхий авто угаалгын газрыг хариуцагч Б.Хонгорзулд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 сарын 2 500 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7/4641 дүгээр албан тоот болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.                                      

                                                                                                               /хх-19 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан ба зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй тул 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн хөрөнгө хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан ба хариуцагч нь түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нь 12 400 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлцлийн хэлбэрийн шаардлагыг зөрчсөн болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7/4641 тоот албан бичиг болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний үүрэгт 18 600 000 төгрөг гаргуулах тухай Ч.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй, түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр тохиролцоогүй гэж үзэх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж үзнэ. Иймд алданги 6 200 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 12 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 6 200 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/01408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Хонгорзулаас 12 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэлд олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 6 200 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “250 950 төгрөг” гэснийг “213 350 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэлийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ