Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2017/01408

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 01-р хороолол, 11-р байр 13 тоот хаягт оршин суух, Боржгон овогт Чогсомжавын Түмэндэмбэрэл /рд: ХД66022803/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21-р хороолол, 38-р байр 41 тоот хаягт оршин суух, Харагчин овогт Болдбаатарын Хонгорзул /рд: ХЕ88022807/-д холбогдох,

түрээсийн гэрээний үүрэгт 18,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигжаргал /№0574/, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр/№2454/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл түүнийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Түмэндэмбэрэл миний бие нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Хонгорзулд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хад /13280/-ийн 20 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай обьектоо нэг сарын 2,500,000 төгрөгөөр харилцан тохиролцож нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээг Намир худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг нотариат дээр хийсэн. Гэвч Д.Хонгорзул нь 2016 оны 4, 5, 6, 7, 8-р саруудын түрээсийн төлбөрүүдийг төлөөгүй өдийг хүрсэн. Түрээсийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч, шалтаг шалтгаан хэлж, байнга хугацаа хожиж байсан бөгөөд одоо бүр утсаа авахгүй байна. Түрээслэгч Д.Хонгорзул нь н.Даваасүрэн гэдэг хүнтэй хамтран ажиллаж түрээсийн төлбөрөө нэг нэг өдрөөр ээлжилдэг байсан. Би н.Даваасүрэн гэдэг хүнтэй уулзаж хариуцагч ирэхгүй байгаа учраас чамаас түрээсийн төлбөрийг авна шүү гэхэд н.Даваасүрэн зөвшөөрсөн. Ингээд хариуцагчийн гэрээ үргэлжилж байгаа гэж үзсэн. Иймд Б.Хонгорзул нь гэрээний үүргийг үл биелүүлж түрээсийн төлбөрт 12,400,000 төгрөг, төлбөрийн үнийн дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтын дагуу алданги 6,200,000 төгрөг төлж барагдуулахгүй байгаа тул Д.Хонгорзулаас нийт 18,600,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүрэнжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Ч.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй, Б.Хонгорзулд холбогдох 18,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй танилцаад дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хариуцагч Б.Хонгорзулын хувьд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Ч.Түмэндэмбэрэлтэй түрээсийн гэрээг бичгээр байгуулж байсан асуудал дээр маргахгүй бөгөөд гэрээ байгуулахаас өмнө түрээслүүлэгч Ч.Түмэндэмбэрэлээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, автомашин угаалгын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг үйлдвэр үйлчилгээний хэлтсээс гаргуулсан зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ус ашиглах дүгнэлт зэрэг уг үйлчилгээг явуулахтай холбоотой бүх бичиг баримтыг шаардаж, мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлагын дагуу түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгүүлэх шаардлагыг тус тус Ч.Түмэндэмбэрэлд тавихад танай шаардсан бүх юм байгаа гол нь зөвшөөрлөө сунгуулах гээд материалаа бүрдүүлээд өгсөн байна эхлээд гэрээгээ хийгээд урьдчилгаагаа өгчих, зөвшөөрөл гарахаар түрээсийн гэрээг бүртгүүлээд холбогдох зөвшөөрлийг та нарт өгье гэж хэлсэн тул түүнд итгэж найдан урьдчилгаа 5,000,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш бидний зүгээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл дагалдах баримт бичгүүдийг удаа дараа шаардсан боловч огт гаргаж өгөөгүй бөгөөд түрээслүүлэгч 2016 оны 04 дүгээр сараас эхлэн өөр хүнд түрээслүүлж мөн бидний эрхийг зөрчсөн. Иймд хариуцагчийн зүгээс “Түрээслүүлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр бүрэн хангасан хөрөнгө шилжүүлээгүй, мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлага хангаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт түрээсийн гэрээг бүртгүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэл нь хариуцагч Б.Хонгорзулд холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2016 оны 4-8 саруудын түрээсийн төлбөрт 12,400,000 төгрөг, алданги 6,200,000 төгрөг, нийт 18,600,000 төгрөгийг шаарджээ.

 

Хариуцагч Б.Хонгорзул нь нэхэмжлэгчийг түрээсийн зүйлийг 2016 оны 04 дүгээр сараас өөр хүнд түрээслүүлсэн, түүнчлэн байгуулсан түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэл болон Б.Хонгорзул нар нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 17-р хороо, Шархад гудамж /13280/, 20 тоот хаягт байрлах 000216871 гэрчилгээний дугаартай, Ү-2204043436 улсын бүртгэлийн дугаартай, 346 м.кв талбай бүхий авто угаалгын газрыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын 2,500,000 төгрөгөөр түрээслэхээр Түрээсийн гэрээ байгуулжээ. /хх-4-5 дахь тал/

 

Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зохигчид гэрээний зүйлийн талаар талууд маргаагүй бөгөөд гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000216871 гэрчилгээ /хх-5 дахь тал/-р тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэх шаардлага тавигддаг. Хуулиар заавал баримтлах хэлцлийн хэлбэр тогтоох журам зөрчигдсөн болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7/4641 тоот албан бичиг болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.”, 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу уг түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Уг үүрэг нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хоорондын үүрэг хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зааснаар нөхцөлдөнө.

 

Талууд 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл түрээсийн зүйлийг ашигласан гэх үйл баримт болон энэ хугацаа дахь төлбөрийн талаар маргахгүй тул харилцан тооцох үүрэггүй гэж үзнэ. Харин нэхэмжлэгч 2016 оны 04, 05, 06, 07, 08 саруудын түрээсийн төлбөрийг нэхэмжлэх боловч хариуцагч 2016 оны 04 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгчийг н.Даваасүрэн гэх өөр этгээдэд авто угаалгын газрыг түрээслэсэн гэж зөрүүтэй тайлбар хийж байна. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ буюу зөрүүтэй тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд хариуцагч Б.Хонгорзул нь түрээсийн зүйлийг 2016 оны 04 дүгээр сараас 08 дугаар сар хүртэл ашиглаж байсан нь тогтоогдохгүй байх тул дээрх дурдсан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн, нэхэмжлэгчид 5 сарын түрээсийн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр тохиролцоогүй гэж үзнэ.

 

 

 

  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Г.Бүрэнжаргал нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд хурлыг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх болон өмгөөлөгчийг оролцуулахаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй, Б.Хонгорзулд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 18,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧГ.НЯМСҮРЭН