Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1813

 

       “Мөнгөнторх” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны  6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02019 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Мөнгөнторх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Эрдэнбилэгт холбогдох     

Зээлийн гэрээний үүрэгт 64 000 000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсний улмаас учирсан хохирол 31 680 000 төгрөг нийт 95 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал

Хариуцагч А.Эрдэнэбилэг

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнгөнторх” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны ард байрлах 850 м.кв газар, Ү-2201042206 тоот улсын бүртгэлийн дугаартай 227,69 м.кв талбайтай, засвар үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2201013283 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 600 м.кв талбайтай үйлчилгээний барилгыг барьцаалан “Ариг банк” ХХК-иас 150 000 000 төгрөгийн зээл хөөцөлдөх гэж байсан үед “Мөнгөнторх” ХХК-ийн захирал С.Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваагийн танил А.Эрдэнэбилэг мөнгө хэрэгтэй болоод байна, зээлээч банкинд төлөх ёстой хүүг нь төлнө гэсэн тул 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Ариг банк” ХХК-тай Бичил хөрөнгө оруулалтын зээлийн 2105008806 дугаартай гэрээ байгуулан сарын 2.75 хувийн хүүтэй 200 000 000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийн 64 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Мөнгөнторх” ХХК-ийн Ариг банкны 2105008805 тоот данснаас А.Эрдэнэбилэгийн, ХААН банкны 5042277070 тоот дансанд түүний хүсэлтээр материалын хөлс гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. “Мөнгөнторх” ХХК А.Эрдэнэбилэгээр ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, материал зэргийг худалдан аваагүй. А.Эрдэнэбилэг нь өнөөдрийг хүртэл 64 000 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд “Мөнгөнторх” ХХК нь 64 000 000 төгрөгийн хүүнд cap бүр “Ариг банк” ХХК-д 1 760 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 18 сарын хугацаанд нийт 31 680 000 төгрөг төлж хохирсон. Иймд А.Эрдэнэбилэгт шилжүүлсэн 64 000 000 төгрөг, түүний ногдох “Ариг банк” ХХК-д хүүнд төлсөн 31 680 000 төгрөг нийт 95 680 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнгөнторх” ХХК-ийн захирал Д.Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваагийн гуйлтаар түүний танил А.Эрдэнэбилэгт компанийн данснаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 64 000 000 төгрөг шилжүүлсэн мөнгийг хүүгийн хамт нэхэмжилсэн байна. А.Эрдэнэбилэг уг мөнгийг өөрийн нэхэмжлэлд дурдсан данснаас 50 000 000 төгрөгийг Д.Пүрэвдаваагийн 5099116979 тоот дансанд 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн, 14 000 000 төгрөгийг Х.Хурцболдын дансанд 2015 оны 10 дугаар сарын 22-нд шилжүүлсэн байна. Х.Хурцболдтой ярихад тэр данснаас Д.Пүрэвдаваагийн 5099116979 дансанд 10 дугаар сарын 29-ний өдөр 45 000 000 төгрөг шилжүүлсэн. “Мөнгөнторх” ХХК-ийн захирал Д.Пүрэвдаваагийн эх Д.Дэнсмаатай ямар нэгэн зүйл ярьж тохиролцоогүй. Түүнийг А.Эрдэнэбилэг болон бизнесийн хамтрагч Х.Хурцболд нар танихгүй. Мөнгө зээлсэн бол зээлийн гэрээг нэхэмжлэлд хавсаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Эрдэнэбилэгээс 64 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мөнгөнторх” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31 680 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мөнгөнторх” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Эрдэнэбилэгээс 477 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мөнгөнторх” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 09124 дүгээр захирамж хэвээр байхыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Мөнгөнторх” ХХК-иас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, үүрэг үүссэн гэж зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлэлгүйгээр нэхэмжлэгч "Мөнгөнторх" ХХК-ийн А.Эрдэнэбилэгт зээлдүүлсэн 64 000 000 төгрөгийн хүү 18 сарын хугацаанд төлсөн 31 680 000 төгрөгийг "Ариг банк" ХХК-д төлж бодитой хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. "Мөнгөнторх" ХХК хариуцагч А.Эрдэнэбилэгийн хүсэлтээр 64 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн "Ариг банк" ХХК-ийн 2105008805 данснаас хариуцагч А.Эрдэнэбилэгийн ХААН банкны 5042277070 тоот дансанд шилжүүлэн өгч зээлүүлсэн болох нь баримтаар тогтоогддог. Хариуцагч А.Эрдэнэбилэг ч "Мөнгөнторх" ХХК нь 64 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа зөвшөөрдөг. Хариуцагч 64 000 000 төгрөгийн зарим хэсгийг Х.Хурцболдод шилжүүлсэн гэдэг боловч зээлдүүлэгч "Мөнгөнторх" ХХК нь А.Эрдэнэбилэгт 64 000 000 төгрөгийг шилжүүлснээр өмчлөх эрхийг нь ч мөн шилжүүлж байгаа тул тэрээр өөрийн өмчлөлд авсан мөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болсныхоо хувьд зээлсэн мөнгөө бусдад зээлдүүлэх, бас өгөх нь зээлдүүлэгчийн мөнгийг бусдад дамжуулан өгч байгаа биш өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулж байгаа хэлбэр гэж үзэж байна.

"Ариг банк" ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт болон бусад нотлох баримтаар нэхэмжлэгч "Мөнгөнторх" ХХК нь хариуцагчид зээлдүүлсэн 64 000 000 төгрөгийн хүүнд cap бүр 1 760 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл буюу 18 сарын хугацаанд 31 680 000 төгрөг төлж хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч "Мөнгөнторх" ХХК нь 31 680 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж учирсан хохирол 31 680 000 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Эрдэнэбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие "Мөнгөнторх" ХХК-иас зээл аваагүй. "Мөнгөнторх" ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал Д.Дэнсмаа миний дунд сургуульд хамт сурч байсан багийн найз Д.Пүрэвдаваагийн төрсөн ээж юм. Д.Пүрэвдаваа надтай байнгын харилцаа холбоотой байж надаас байнга мөнгө зээлж буцаан өгч авдаг байсан бөгөөд 2013, 2014 онуудад надаас цувуулж авсан мөнгө нь 70 орчим сая төгрөг болсон. Ингээд мөнгө буцаан авах талаар удаа дараа шаарддаг боловч зээл хөөцөлдөж байна, удахгүй зээл бүтэхээр өгнө гэсээр 2015 оны 10 дугаар сард "Мөнгөнторх" ХХК-иар зээл авахаар болсон, зээл бүтэнгүүт чиний мөнгийг буцааж өгнө гэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны 5042277070 тоот миний дансанд 64 000 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд түүнээс хойш бид урьдын адил бие биедээ мөнгө өгөлцөж явсан ба надаас авсан 160 сая төгрөгийн үнэ бүхий 4 хөөрөг авч залилсан тул би арга буюу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу түүнд залилангийн хэрэг үүсэн шалгагдсан. Гэтэл Д.Пүрэвдаваа өөрт нь эрүүгийн хэрэг үүсэнгүүт 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн төлбөртөө шилжүүлсэн 64 000 000 төгрөгийг "Мөнгөнторх" ХХК-иас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн, тус компаниас зээлдүүлсэн мэт нэхэмжлэл гаргасан ба Д.Пүрэвдаваад холбогдуулан эрүүгийн хэрэг үүссэн талаарх Прокурорын газрын албан бичгийг шүүхэд өгч энэ хэрэгт 64 000 000 төгрөгийн асуудал хамт шалгагдаж байгаа тул түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүхээс бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

          Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлд дурдаад байгаа “Ариг банк” ХХК-иас авах 150 сая төгрөгийн зээлээ н.Эрдэнэбилэг миний гуйлтаар 200 сая болгон авч, надад 64 сая төгрөгийг зээлүүлэн гэх үйл баримт нотлогдоогүй байх бөгөөд бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, би зээл хүсч энэ байгууллагад амаар болон бичгээр хандаж байгаагүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч 64 000 000 төгрөг гаргуулах шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ биелүүлж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх тайлбараа нотолсон эсэх, ямар зорилгоор шилжүүлсэн талаарх үйл баримтыг тодруулалгүй шийдвэрлэсэн. "Мөнгөнторх" ХХК нь А.Эрдэнэбилэгийн дансанд  шилжүүлсэн баримтыг зээл гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ данс “Мөнгөнторх” ХХК-ийн данс мөн эсэхийг шүүх тодруулаагүй. Д.Пүрэвдавааг "Мөнгөнторх" ХХК-иас мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримттай танилцснаар миний бие энэ талаар мэдсэн. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэнийг нотолсон баримтгүй, "Мөнгөнторх" ХХК хэний ямар хүсэлт баримтыг үндэслэн надад мөнгө зээлэх болсон зэрэг хүсэл зоригийн илэрхийллийг тодруулж тэдгээрт дүгнэлт хийхгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн зээл байсан гэх тайлбар болон Д.Пүрэвдаваагийн гэрчийн мэдүүлгийг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна. Мөн "Мөнгөнторх" ХХК банкнаас өндөр хүүтэй зээл авсан атлаа бусдад хүүгүй, барьцаагүй, мөн бичгээр гэрээ байгуулалгүй зээл өгсөн гэх тайлбар нь бодит байдалд нийцэхгүй, илтэд эргэлзээтэй байх бөгөөд энэ залилангийн шинжтэй үйлдлээ мөнгө шилжүүлсэн баримтад тулгуурлан зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үйлдлээс тодорхой харагдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгч зээл олгосон гэх шаардлагаа нотлоогүй, хэргийн баримтаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсвэл хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Мөнгөнторх” ХХК хариуцагч А.Эрдэнэбилэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлдгт 64 000 000 төгрөг, хохирол 31 680 000 төгрөг нийт 95 680 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч 64 000 000 төгрөгийг Хаан банкин дахь хариуцагч А.Эрдэнэбилэгийн эзэмшлийн дансанд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн үйл баримтыг шүүх зөв тогтоосон.

Харин хариуцагч нь нэхэмжлэгч “Мөнгөнторх” ХХК-ийн захирал Д.Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваагаас авах авлагандаа дээрхи мөнгийг шилжүүлэн авсан тул төлөхгүй гэж маргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

ХААН банкин дахь А.Эрдэнэбилэгийн эзэмшлийн 5042277070 тоот дансанд, “Мөнгөнторх” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 64 000 000 төгрөгийг шилжүүлэхдээ, шилжүүлгийн утгыг “материалын тооцоо ажлын хөлс” гэж тодорхойлогдсоныг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан тохиолдолд хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлэхдээ буцаан авахыг илэрхийлсэн, илэрхийллийг хариуцагч хүлээн авсан гэж дүгнэх боломжгүй байна.

Мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн утгаас шилжүүлгийг хүлээн авагч нөгөө талдаа зээл олгосон гэж тайлбарлах, улмаар зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн гэж дүгнэхгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болох, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн агуулгыг буруу тайлбарлаж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр дүгнэхээр заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Мөнгөнторх” ХХК-ийн мөнгөн хөрөнгө хариуцагч А.Эрдэнэбилэгт шилжсэн боловч хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, хариуцагч тайлбараа баримтаар нотлоогүй тохиолдолд түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм. Иймд анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Мөн “Ариг банк” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авсан 200 000 000 төгрөгийн бичил хөрөнгө оруулалтын зээлээс хариуцагчид зээлдүүлснээс 64 000 000 төгрөгийн зээлийн хүүнд төлсөн 31 680 000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тайлбарласан. Уг зээлийг хариуцагч А.Эрдэнэбилэгт зээлүүлэх зорилгоор авсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, түүнийг хөрөнгө хэмнэх замаар хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч А.Эрдэнэбилэгт танилцуулсан байх тул дээрхи ажиллагааг явуулаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02019 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мөнгөнторх” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 350 төгрөг, хариуцагч А.Эрдэнэбилэгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА  

                                                           ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                Д.БАЙГАЛМАА