Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0663

 

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0663

Улаанбаатар хот

 

 

 

 

 

                             “М Э К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “М Э К” ХХК,

Хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д***,

Гуравдагч этгээд: Р.Н*** нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х***, өмгөөлөгч Ж.Э*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н***,

Хэргийн индекс: 125/2019/0023/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М Э К” ХХК-иас Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д***д холбогдуулан “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.4, 33 дугаар зүйлийн 33.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М Э К” ХХК-ийн “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаар “Үйлдвэрлэлийн хурц хордлогын  тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Шүүх гуравдагч этгээдийг хордсон гэдгийг хардлага, хийсвэр дүгнэлт, баримт нотолгоогүйгээр хийсэн буюу гуравдагч этгээд нь артерийн даралт ихсэх өвчин, тархины цус харвалт өвчнөөр өвдсөн болох нь тогтоогдсон байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй шийдвэр гаргасан нь буруу,

3.2  Хариуцагч үйлдвэрлэлийн ослыг тогтоох дүгнэлт гаргах эрхгүй этгээд байхад шүүх үүнийг харгалзан үзээгүй, дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн”  гэх зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар,

2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч “М Э К” ХХК-д бохирын машины жолоочоор ажилладаг гуравдагч этгээд Р.Н*** ажил үүргээ гүйцэтгэж байхдаа биеийн байдал нь муудан Ховд аймгийн бүсийн эмчилгээ, оношилгооны төвд эмнэлгийн тусламж авч, улмаар биеийн байдал нь хүндэрч Улаанбаатар хотын Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт шилжин хэвтэж, Гуравдугаар төв эмнэлэг болон Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд тус тус хэвтэн эмчлүүлсэн.

Энэ нөхцөл байдалтай холбогдуулан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /эхнэр/ Б.Х***гээс “М Э К” ХХК-д хандан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн дагуу ослын акт гаргаж өгөх хүсэлтийг гаргасан боловч нэхэмжлэгч компаниас хариу өгөөгүй тул 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандан гомдол гаргаснаар хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д*** Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 01/39 дүгээр “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг баталгаажуулах тухай” хяналт шалгалтын удирдамжийн дагуу “М Э К” ХХК-д 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт шалгалтыг хийж, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 21-06/028/56 дугаартай “Үйлдвэрийн хурц хордлогын тухай” дүгнэлтийг гаргаж, “М Э К” ХХК-ийн бохирын машины жолооч ажилтай Р.Н***н цусанд карбоксигемоглобин 17.3 хувь илэрсэн учир үйлдвэрлэлийн хурц хордлогод тооцож, “М Э К” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч “М Э К” ХХК-иас дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар улсын байцаагчид зөвхөн үйлдвэрлэлийн хурц хордлогын талаарх гарсан дүгнэлтийг хянах эрх хэмжээ олгогдсон байтал хариуцагч улсын байцаагч нь өөрөө бие даан хурц хордлого болохыг тогтоосон нь хууль зөрчсөн” гэж,

хариуцагчаас “...нэхэмжлэгч компани нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй учраас мэргэжлийн байгууллагын эмч нарын үзлэгийн хамтарсан шийдвэрт үндэслэн дүгнэлт гаргасан” гэж,

гуравдагч этгээдээс “...ажлаа хийж яваад бие нь муудсан тул хордлогод орсон” хэмээн тус тус тайлбарлан маргасан.

4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т “хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг”, 3.1.20-т "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна”, 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 29.4.1-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах” хэмээн,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” хэмээн тус тус заасан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2020/0155 дугаар тогтоолоор  “... хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь хурц хордлогын дүгнэлтийг огт гаргах эрхгүй гэж үзэхээргүй ... хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2-ийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь ажил олгогчийн байгуулсан комиссын гаргасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргахаар байгаа нь агуулгын хувьд өөрөө “бие даасан” дүгнэлт гаргах эрхтэй” хэмээн дүгнэсэн.

Маргаан бүхий тохиолдолд гуравдагч этгээд Р.Н*** 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэх үедээ биеийн байдал муудан эмнэлэгт хүргэгдсэн гэх үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгч “М Э К” ХХК-ийн захирлын 2018 оны 137/18 тоот тушаалаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс” хууль дүрэмд заасан журмын дагуу ажиллаагүй. Үүний улмаас хариуцагч улсын байцаагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч нарын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан үзлэгийн дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан байх тул тухайн дүгнэлтийг хууль бус хэмээн үзэх боломжгүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон Эрүүл мэндийн яамны хор судлалын мэргэжлийн орон тооны бус салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлтээр “...Р.Н*** нь нүүрстөрөгчийн дан ислийн цочмог хордлого. Хордлогот энцепалеопати. Аалзан бүрхэвчний цус харвалт. Харвалтын дараах саажилт гэсэн оноштой өвчтөн байна” гэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 728 дугаар дүгнэлт болон 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 473 дугаар дүгнэлтэд “…Р.Н***д үүссэн тархины эдийн гүн цус харвалт нь цусны даралт ихсэх өвчний улмаас үүссэн болох нь эмнэлзүйн шинж, эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын шинжилгээнүүдээр нотлогдож байх тул Эрүүл мэндийн яамны хор судлалын мэргэжлийн орон тооны бус салбар зөвлөлийн шинжээч нарын “угаарын хийн хордлогын шалтгаантай тархины аалзавчийн доорх цус харвалт” гэсэн дүгнэлттэй санал зөрж байна” гэж тус тус дүгнэсэн үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүхээс  “... нэгэнт ажлын байрны нөхцөлийг тодорхойлоогүй, ажлын байранд угаарын хийн хэмжилт хийгдээгүй, тэр даруй угаарын хийн шинжилгээ хийгдээгүй хугацаа алдсан байх тул хордлогод орсон эсэхийг бүрэн тодорхойлох боломжгүй талаар шинжээч нарын дүгнэлт үндэслэлтэй хэдий ч цусанд агуулагдах карбоксигемоглобины хэмжээг шинжлэн тогтоох багаж төхөөрөмж Ховд аймагт байхгүй байснаас  зөвхөн тархины цус харвалт гэсэн онош тавигдсанаар хордоогүй байсан гэж үзэх боломжгүй”, “.. маргаан бүхий актын үндэслэлтэй шууд хамааралгүй ч гуравдагч этгээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгох үндэслэл нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод тооцох талаар нэхэмжлэгч компани үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой” хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий байна гэж дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БААТАРХҮҮ

                              ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ

 

                                         ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА