Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2017/00094/И |
Дугаар | 130/ШШ2017/00350 |
Огноо | 2017-05-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2017/00350
2017 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 130/ШШ2017/00350 | Баян-Өлгий аймаг |
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, М***** овогт Х.Кгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Х.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, А.Серикжан, С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус төвийн Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.
Нэхэмжлэгч Х.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Х.К миний бие 2002 онд Монгол хэл бичгийн дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой, магистр зэрэгтэй. 2003 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 12 тоот тушаалаар цагийн багшаар, 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тус төвийн захирлын 44 тоот тушаалаар цагийн багшаар томилогдож, 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр захирлын 22 тоот тушаалаар үндсэн багшаар томилогдож, одоогийн байдлаар тус сургуульд 14 жил багшаар ажилласан.
Ажилласан хугацаанд алдаа дутагдал гаргаж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажилласан байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж ирсэн болно. Энэ хугацаанд мэргэжлээр үр бүтээлтэй ажиллаж Байгууллагын аварга, Сургуулийн шилдэг авьяаслаг багш, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байсан ба урлаг спортоор уйгагүй хичээллэсний ур дунд ширээний теннисний чиглэлээр спортын дэд мастер зэрэг хамгаалж, волейболын аймгийн шигшээ багийн тамирчнаар шалгаран хичээллэж, гадаад дотоодод болон олон тэмцээн уралдаанд оролцож багийн болон хувийн олон амжилт гаргаж явлаа.
2017 оны 1 дүгээр сарын 05-07-ны хооронд ОХУ-ын Кош-Агаш районд зохиогдсон нээлттэй тэмцээнд багаар оролцох болсон тул волейболын аймгийн шигшээ багийн тамирчдыг бүрэн бүрэлдэхүүнээр оролцуулахаар аймгийн удирдлага болон аймгийн Биеийн тамир, спортын газар шийдвэрлэж, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн К намайг 1 дүгээр сарын 03-09-ний хооронд ажлаас түр чөлөөлж, тэмцээн уралдаанд оролцох боломжоор хангахыг хүсэлт болгосон байгаа. Уг хүсэлтийг захирал И.Жанболатад тухайн өдөр аймгийн волейболын холбооны тэргүүлэгч Х.Манар нь биеэр хүргүүлж, чөлөө хүссэнийг Жанболат захирал цагийг нь зохицуулж, бололцоо гаргаж өгнө гэж амаар хариу өгсөн байдаг. Мөн тухайн үед улирлын амралт эхэлж байсан учир миний бие хичээлийн цагийг зохицуулж, сургалтын менежер Жараст мөн хэлж зохицуулан явсан байсан.
Түүнчлэн аймгийн Биеийн тамир, спортын газрын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Багш К надад чөлөө хүссэн тухай 01 тоот бичгийн хүсэлтийг захирал Жанболат хүлээн авч, бичгээр татгалзсан хариу өгөөгүй учир чөлөө олгохыг зөвшөөрсөн гэж үзэж байна.
Багш Х.К намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 01 тоот тушаалд: Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.3.1-д заасан зөрчил болох Хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэх заалт. Хөдөлмөрийн гэрээний 7.2.7-д заасан Хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 /гурав/ хоногоос дээш өдрийн ажил тасалсан гэх заалтуудыг баримталсан нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь багш Х.К миний бие хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрүүдэд ажил тасалсан үйлдэл гаргаагүй. Учир нь тухайн өдрүүдэд Х.К миний бие ОХУ-ын Кош-Агаш районд зохиогдсон волейболын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон маань холбогдох баримтуудаар батлагдаж байгаа билээ. Би чөлөө авсны дараа сургалтын менежер Т.Жарас-д чөлөө авсан талаар хэлж зохицуулалт хийхийг хүссэний дагуу миний орох ёстой хичээлүүдийг Еркегүл багш орлон заасан байна. Нөгөөтээгүүр, миний бие 3 дахь өдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр үдээс хойш тэмцээнд явсан тул 12:00 цаг хүртэл ажлын байрандаа байж зохих бүртгэлийг хийлгүүлсэн юм. Мөн 07-ны өдөр 18 цагаас хойш хичээлтэй байсан тул ОХУ-аас оройн хичээлдээ амжиж ирж бүртгэлээ зохих журмын дагуу хийлгүүлж байсан. Намайг ажлаас тасалсан хэмээн үзсэн ч гэсэн бүртгэл хийсэн цагаар авч үзсэн ч гэсэн 3 хоногт хүрэхгүй юм.
Сургуулийн захирал надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, нэг хувийг гардуулж өгөөгүй байсан. Нэгэнт хөдөлмөрийн гэрээг гардуулж аваагүй тул тус гэрээгээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд заасан гэдгийг ч мэдэхгүй юм. Надад гардуулж өгөөгүй хөдөлмөрийн гэрээгээр надад хатуу хариуцлага хүлээлгэж байгаа явдалд гомдолтой байна.
Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалт болон Хөдөлмөрийн гэрээнд Хүндэтгэж үзэх шалтгаангүй ажил тасалсан гэдгийг тайлбарласан тайлбар байхгүй, шалтгаангүй ажил тасалсныг тодруулж тайлбарлаагүй учир К миний тэмцээн уралдаанд оролцсон явдал тодруулбал аймгийг төлөөлөн оролцож байгаа болохоор хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгож байна.
Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш ажилтай Х.К намайг 'зөрчил гаргаагүй байхад хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан явдал тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь сургуулийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.4-д заасныг болон 10.1.13-д заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.
Иймд шүүхээс хүсэхэд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Х.К намайг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн ажлаас чөлөөлөх тухай тус сургуулийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.К шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Миний бие 2002 онд дээд сургууль төгссөн. 2003 оноос Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Монгол хэлний багшаар ороод 15 жил тасралтгүй ажиллаад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа халагдсан. Энэ ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй. Улсын болон гадаадын тэмцээнд оролцож сургууль болон аймгийнхаа нэрийг гаргаж байсан. Ширээний тэмцээний дэд мастер авч байсан. Сургуульд ажиллаж байх хугацаанд сургуулийн аварга багш болж байсан. Хамгийн сүүлд тэргүүний ажилтан авч байсан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-нд Хош-агач районд болсон олон улсын тэмцээнд оролцохоор болсон. Тэгээд аймгийн Биеийн тамир, спорт хорооны даргын албан тоотыг захиралдаа хүргэж өгсөн. Ажлаас чөлөөлсний үндсэн дээр тэр тэмцээнд явсан. Явахдаа албан тоотыг волейболын холбооны тэргүүн Манарын хамт захиралд хүргэж өгсөн. Тэгэхэд хичээлээ харж байгаад зохицуулалт хийж өгье гэсэн байдаг.
Тэгээд бид хоёр Жарас менежер дээр би аймгаа төлөөлж ийм тэмцээнд оролцохоор явж байна. Захиралд ийм албан тоотыг өгсөн, захирал ингэж хэлсэн гээд очсон. Тэр үед хичээл дуусаад зарим хичээлүүдийн дүн гарч байсан. Тэгээд Жарас менежер хуваарийг чинь харья гээд ийм ийм хичээлийн дүнг гаргачих юм байна, ийм ийм хичээлийг Саулегүл багштай зохицуулж болох юм байна гэсэн. Тэгээд Саулегүл багштай тохиролцоод Саулегүл багшийн хичээлд нь би ороод, дараа нь Саулегүл багш миний оронд хичээлд орсон. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө хичээлээ орчхоод үдээс хойш гараад явсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үдээс хойш буцаж ирээд хичээлдээ ирэхэд сургууль таарсан байсан. Дараа нь нэг дэх өдөр хичээлдээ ирсэн чинь намайг ажлаас халсан тушаал гарсан байсан. Яагаад гэхээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан гэж намайг ажлаасаа халсан.
Би улс, орноо төлөөлж тэмцээнд оролцсон болохоор хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байна. Сургуулийн захирал надтай хөдөлмөрийн гэрээ хийхдээ гарын үсэг зуруулсан боловч эх хувийг гардаж аваагүй. Манай сургуулийн дотоод журамд ажилтныг аливаа урлаг, спортын тэмцээнд дэмжинэ, амжилт гаргавал цалингаар шагнана гэсэн заалтуудыг харж үзээгүй юм шиг байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жанболат шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Гомдол гаргагч Х.Кгийн тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан шүүхэд гаргасан Захирлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн 3 дугаартай тушаалыг хүчингүй болгож, монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.
Х.К нь тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байхдаа 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагаас 2017 оны 1 дүгээр сарын 5, 6, 7-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дур мэдэн ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 3 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн.
Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.8-д багш зайлшгүй тохиолдолд чөлөө авахаар бол урьд өдөр нь мэдэгдсэний үндсэн дээр чөлөөг захирал чөлөөний хуудсаар олгохоор зохицуулсан байдаг. Гэтэл Х.К байгууллагын ажилтны хувьд захирал надад биечлэн ирж чөлөө олгох талаар хүсэлт гаргаж байгаагүй болно. Хэрэв урьд өдөр нь учраа хэлж бичгээр чөлөө олгохыг хүссэн бол хичээлийн цагийг нь зохицуулан дүрэм журмын дагуу чөлөө олгох асуудлыг судлан үзэх байсан.
Гомдол гаргагч гомдолдоо чөлөө авсан, чөлөө авсан талаар сургалтын менежер Т.Жараст хэлж хичээлээ зохицуулж өгөхийг хүссэн хэмээн дурдсан ч сургуулийн сургалтын менежер Т.Жарас удирдлагын зөвшөөрөлгүйгээр хичээл зохицуулах эрх бүхий албан тушаалтан биш юм.
Нөгөө талаар манай байгууллага спортын байгууллага биш учраас Х.Кгийн тэмцээнд оролцсон нь түүний хувийн асуудал болохоос тус байгууллагыг төлөөлөн уралдаан тэмцээнд оролцох үүрэг хүлээгээгүй. Хөдөлмөрийн гэрээгээр Х.К зөвхөн цагийн хуваарийн дагуу хуваарьт хичээл заах үүрэгтэй ба ажил олгогч түүний хөдөлмөрт тохирсон хөлс олгох үүрэгтэй.
Мөн гомдол гаргагчийн гомдолдоо дурдсанчлан түүний заах ёстой хичээлийг Еркөгүл багш заагаагүй тэрээр тухайн үед тус сургуульд Еркегүл гэж багш байгаагүй юм. Х.К багш 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 2 пар, 05-ны өдөр 4 пар, 06-ны өдөр 4 пар, 07-ны өдөр 3 парын хичээл заах ёстой. Х.К багш хичээл ороогүйгээс болж суралцагчдад заах ёстой хичээл тасалдаж, монгол бичгээр бичигдэх ёстой байсан төгсөх ангийн сурагчдын мэргэжлийн үнэмлэх бичигдээгүй, гадны сургуулийн багшаар бичүүлсэн учраас 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр захирлын зөвлөлөөр Монгол хэл, уран зохиолын багш Х.Кгийн хичээл тасалсан асуудлыг хэлэлцэн Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд захиргааны арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Иймээс Х.Кгийн 2015 оны 11 дүгээр сард тухайн үеийн ажил олгогч С.Гүлстантай харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.7-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцон гэрээг цуцлахаар тусгасан учраас нэгэнт ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дур мэдэн ажил тасалсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан.
Мөн гомдолд дурдсанчлан ажил олгогч ажилтанд ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар урьдчилан танилцуулах үүрэг хүлээхгүйбөгөөд хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гаргасан бол холбогдох арга хэмжээ авах нь ажил олгогчийн эрхийн асуудал юм. Иймд гомдол гаргагч Х.Кгийн гомдол үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ө.Бахытбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаагүй орхигдлоо. Энэ шүүх хуралдаанд хариуцагч зайлшгүй оролцох ёстой байсан. Маргааны эх үүсвэр нь чөлөө өгсөн үү, үгүй юу гэдэг дээр байгаа. Тийм учраас чөлөө өгөх эрх бүхий этгээд өнөөдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцоод хэргийг шийдвэрлүүлэх нь зүйтэй байсан. Хариуцагч байгууллагаас 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хариу тайлбараа хүргүүлсэн. Энэ тайлбарыг бүрэн дэмжиж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Х.К нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож тус төвийн монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсжээ.
Ажилтан Х.Кйг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8, 9.3.1, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.7 дахь заалт, Захирлын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргаанаас чөлөө авалгүй дур мэдэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 1 дүгээр сарын 04-нээс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ажлын цаг дуустал ажил тасалсан Х6Кйг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн монгол хэлний багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.
Ажил олгогч болох Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилтан Х.Ктэй 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний долдугаар зүйлийн 7.2.7-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоногоос дээш өдрийн ажил тасалсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцжээ. Мөн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 9.2-т ажилтныг ажлаас чөлөөлөх асуудлыг зохицуулсан бөгөөд тухайн журмын 9.3.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол ажлаас чөлөөлөхөөр тусгажээ.
Нэхэмжлэгч Х.К нь 2017 оны 01 дүгээр сарын 04-нээс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Оросын холбооны улсын Кош-Агаш районд зохиогдсон нээлттэй тэмцээнд оролцсон болох нь тогтоогдож байх тул Х.К нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй байна.
Баян-Өлгий аймгийн биеийн тамир, спортын газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд Волейболын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн 2017 оны 01 дүгээр сарын 5-7ны өдрүүдэд ОХУлсын Кош-Агач районд болно. Уг тэмцээнд танай сургуулийн багш Х.К оролцох болсон тул 2017 оны 01 дүгээр сарын 3-9ний өдрийг хүртэл ажлаас нь чөлөөлж, тэмцээн уралдаанд оролцох боломж олгох талаар явуулсан албан бичиг явуулсан байна.
Гэрч Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Х.Хайнар, Баян-Өлгий аймгийн Волейболын холбооны тэргүүн Е.Зангар нар нь Манай аймгийн эмэгтэй волейболын шигшээ багийн тамирчин Х.К нь Оросын Холбооны Улсын Хош-Агач районд зохиогдсон нээлттэй тэмцээнд оролцсон нь үнэн, Х.Кйг энэ тэмцээнд оролцуулах талаар байгууллагын даргад албан ёсоор хүсэлт тавьж, чөлөө олгож өгөх тухай албан тоот илгээж байсан болно гэж мэдүүлсэн байна.
Оросын холбооны улсын Кош-Агач дүүрэгт 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 07-ны өдрүүдэд Лениний одонгийн 2 удаагийн шагналт, социалист Хөдөлмөрийн баатар Тебекова Кыдатын гэгээн дурсгалд зориулан зохиогдох улсын аварга шалгаруулах Эмэгтэйчүүдийн волейболын тэмцээн явагдах тухай тэмцээний удирдамж, тэмцээнд оролцох үеийн зургууд болон Монгол улсыг төлөөлөн оролцсон тамирчдад олгосон талархлын бичиг, мөн Х.Кгийн гадаад паспорт зэргээс үзэхэд нэхэмжлэгч Х.К нь улс орон нутгийг төлөөлж тэмцээнд оролцсон болох нь тогтоогджээ. Дээрх байдлаас үзэхэд Х.К нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй болно.
Хариуцагчаас манай байгууллага спортын байгууллага биш учраас Х.Кгийн тэмцээнд оролцсон нь түүний хувийн асуудал болохоос тус байгууллагыг төлөөлөн оролцох үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлаж байгаа боловч Биеийн тамир спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах зарчмыг тусгаж өгсөн бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.3-т биеийн тамир, спортын бодлого, арга хэмжээ нь төрийн бүх шатны, биеийн тамир, спортын байгууллага болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжих зарчим баримтлахаар зохицуулсан байх тул хариуцагчийн тухайн тайлбар нь үндэслэлгүй гэж үзнэ.
Биеийн тамир, спортын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.тамирчин гэж спортоор системтэй хичээллэж, тэмцээнд оролцдог этгээдийг ойлгоно гэж заасан байх ба Х.К нь тэмцээнд байнга оролцдог болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хуульд заасан тамирчны эрхийг эдэлнэ гэж үзэх үндэслэлтэй байна.
Биеийн тамир спортын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д тамирчны эдлэх эрхийг заасан байх ба , мөн хуулийн 15.1.2-т тэмцээнд бэлтгэх, оролцох хугацаанд үндсэн ажил, сургуулиас санхүү, эдийн засгийн болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу чөлөөлөгдөх эрхтэй гэж заажээ.
Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2009 оны 53/45 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Монгол улсад олон улс, тив дэлхийн спортын тэмцээн, наадмыг зохион байгуулах, санхүүжүүлэх журмын гуравдугаар зүйлийн 3.1.-д Тэмцээнд бэлтгэх, оролцох тамирчид, арга зүйч, багш, дасгалжуулагч, шүүгчдийг харьяалах шатны Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүсэлтийг үндэслэн үндсэн ажил, хичээлээс нь дор дурдсан хугацаагаар ажлын хоногоор чөлөөлнө. Үүнд: 3.1.1-д Сум, аймаг, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах болон бүсийн тэмцээнд оролцоход 10-аас доошгүй хоног гэж заасан байх тул Х.К нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож Х.Кйг тус төвийн монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож Х.Кйг тус төвийн монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ Х.МЕЙРАМБЕК