Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 352

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Бахат кикбай овогт Мусагийн Жазирагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч М.Жазира, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.

Нэхэмжлэгч М.Жазира шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр тушаалаар оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн ажлын бүр орон тоонд томилсон. Би ТҮБД3-ын 1 дүгээр шатлалаар 496000 төгрөгийн тогтмол цалин авдаг байсан. Миний ажиллаж оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн орон тоо хасагдаагүй мөртлөө ажил олгогч намайг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дугаартай тушаалаар оёдлын дадлагын цагийн багшаар томилсон нь хууль гэж үзэж байна. Учир нь одоо намайг ажил олгогчоос оёдлын дадлагын цагийн багшаар ажиллуулж байгаа мөртлөө нийтийн хоолны дадлагын хоолны дадлагын багшийн ажлаас чөлөөлсөн эрхийн акт гаргаагүй юм. Энэ нь оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн орон тоо нь хэвээр байгааг нотолж байна.

Харин ажил олгогчоос оёдлын дадлагын багшийн ажилд шилжүүлсэн гэх шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасныг зөрчсөн. Учир нь оёдлын цагийн багшийн ажилд шилжүүлэх тушаал гаргахдаа надтай бичгээр тохиролцоогүй, зөвшөөрөл авалгүйгээр хүчээр шилжүүлснээс болж миний цалин, хөлс өмнөх саруудаас үлэмж хэмжээгээр буурч, зарим саруудад цалин хөлс авч чадахгүй хүрч эдийн засгаар хохирч байна. Би 3 ой хүрээгүй нялх хүүхэдтэй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрсөн гэж үзэж байна. Ажил олгогчоос надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан буюу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээ заасан. Гэтэл ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар надад нэг сарын өмнө бичгээр албан ёсоор мэдэгдээгүйд гомдолтой байна. Иймд намайг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ө.Бахытбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгч: Нэхэмжлэгч М.Жазира нь хариуцагч байгууллагад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагын зүгээс эс зөвшөөрч тайлбар болон нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн өгсөн. Миний хувьд энэ тайлбарыг дэмжиж байна. М.Жазира нь урьд нь зааж байсан хичээлийн цаг нь хорогдоод цагийн багшийн ажилд шилжсэн. Түүнээс биш түүний орон тоо цомхтгогдсон зүйл байхгүй. Тухайн хичээлийн жилд хэдэн багш ажиллах уу гэдэг эрхийг сургуулийн захиралд олгосон байгаа. Нэгэнт хичээлийн хуваарь батлагдсан, цаг нь хорогдсоны улмаас захирал өөрт нь олгогдсон эрхийн хүрээнд цаг нь хасагдсан учраас үндсэн ажлаас нь чөлөөлөөд цагийн багшаар томилсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр тушаал гаргаад чөлөөлсөн байгаа. Энэ тушаалдаа оёдлын хичээлийн үндсэн багшийн орон тоог цөөрүүлэх болсон тул Жазиртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн цуцлаад тухайн өдөр М.Жазирад цагийн багшаар томилсон тушаал гаргаад хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ хөдөлмөрийн гэрээг өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Энэ хөдөлмөрийн гэрээний хувийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн.

М.Жазирагийн хувьд өмнө нь зааж байсан хичээлийн цагийн ихэнх нь оёдлын багшийн цаг байсан. Тэр цаг нь хорогдсон учраас ажлаас чөлөөлсөн. Үлдсэн цагийг нэмж өгсөн. Сургуулийн зүгээс дахиад анги нэмэгдээд М.Жазира багшид цаг гарвал нэмж өгөх боломж байгаа. Гэхдээ одоохондоо заах хичээл гараагүйн улмаас цагийн багшийн хичээлийг зааж байгаа. Мэдэгдэх хуудсыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр захирлын зөвлөлийн хурал хуралдаад тухайн өдөр хичээлийн цаг нь хорогдсон 6 багшийг оруулаад саналыг нь асуусан. Энэ хурлын явцад тухайн багш нарт та нарын орон тоо цөөрсөн шүү гэдгийг мэдэгдсэн. Энэ мэдэгдэх хуудсыг Гула, Жазира гэдэг хоёр багш аваад, үлдсэн багш нар авахаас татгалзаад гараад явсан. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан үүргээ биелүүлж, сарын өмнө мэдэгдсэн нь хэрэгт авагдсан захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа. Өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар тодруулахад мэдэгдэх хуудас авсан талаар хэлсэн гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Жазира нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдлын дадлага нийтийн хоолны дадлагын багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгөхийг хүсжээ.

Нэхэмжлэгч М.Жазираг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/109 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах, цагийн багшийн ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3.8, 4.1 дэх заалтууд, тус төвийн захирлын дэргэдэх захиргааны зөвлөлийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 тоот тэмдэглэлийг үндэслэн 2016 -2017 оны хичээлийн жилийн элсэлттэй холбогдуулан тус төвийн оёдлын хичээлийн үндсэн багшийн орон тоог цөөрүүлэх болсон тул тухай мэргэжлийн хичээлийн багш М.Жазиратай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цуцалж, М.Жазираг оёдлын хичээлийн цагийн багшид томилж, сургалтын төлөвлөгөөний дагуу 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар эрхийн акт гарсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.Жазираг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай ажилд томилох тухай тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшаар томилсон байх ба 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажил олгогч болох Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал М.Жазиратай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээний хоёрт ажлын байрны буюу албан тушаалын нэрийг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдол нийтийн хоолны дадлагын багш, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг үндсэн багш, ТҮМБ-1 гэж тус тус тусгаж өгсөн байна.

Хариуцагчаас 2016-2017 оны хичээлийн жилийн хувьд оёдол, нийтийн хоолны ангид элсэгчдийн тоо цөөрсөн учраас сургалтын төлөвлөгөөний дагуу багш нарын хичээлийн цаг үүнтэй уялдан хорогдсон тул хичээл заах ангигүй, сурагчгүй багшийг үндсэн багшаар ажиллуулах боломжгүй байгаа, мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан багш нь багшлах эрхтэй байх, багшлах эрхийн үнэмлэх авсан байх шаардлагыг хангаагүй байх тул М.Жазирагийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Ажил олгогч болох М.Жазираг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж үзлээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр буюу тус төвийн оёдлын хичээлийн үндсэн багшийг орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас тухайн мэргэжлийн хичээлийн багш М.Жазиратай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай ажилд томилох тухай тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшаар томилсон байх ба 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажил олгогч болох Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал М.Жазиратай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээний хоёрт ажлын байрны буюу албан тушаалын нэрийг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдол нийтийн хоолны дадлагын багш тусгаж өгсөн байх тул ажил олгогчийн тушаалд мэргэжлийн хичээлийн багшийн ажлаас чөлөөлж нийтийн хоолны багшаас чөлөөлсөн нь тодорхой бус болжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нийтийн хоолны багшийн ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт байхгүй гэж тайлбарласан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байх ба ажилтан М.Жазирад оёдлын хичээлийн үндсэн багшийг орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Хариуцагчаас Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын дэргэдэх захиргааны зөвлөлийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 тоот тэмдэглэлээр мэдэгдсэн гэж тайлбарласан боловч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулсан тухай нотлох баримтгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заажээ.

Нэхэмжлэгч М.Жазира нь гурав хүртэлх насны хүүхэдтэй болох нь 2015 оны 05 дугаар сарын 24-нд төрсөн охин Ш.Ботакөзийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байх ба ажил олгогч нь М.Жазираг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг анхаараагүй байна.

Иймд М.Жазираг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан М.Жазираг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК