Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1705

 

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/01020 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Бгийн, хариуцагч ИНЕГт холбогдуулан гаргасан тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4 651 891 төгрөг, хохиролд 1 000 000 төгрөг, нийт 5 651 891 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Б түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний албанд анх 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Н.Б ажилд орж, 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ашиглалтын тоо бүртгэгч, мэдээний баримт бүрдүүлэгчээр тус тус ажиллаж байгаад тус албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/810 дугаартай тушаалаар тус албанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орж, орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар чөлөөлсөн. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны А/810 дугаар тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн батлахад дээрх 3 орон тоог цөөрүүлээгүй, хасаагүй гагцхүү нэршлийг нь өөрчилж "ашиглалтын тоо бүртгэгч" болгосон. Ийнхүү нэршлийг өөрчилж байгаа ч гүйцэтгэх ажил үүрэг өөрчлөгдөөгүй. Хариуцагч нь дээрх албан тушаалууд нэршлийн хувьд өөр ч нэгэн адил чиг үүргийг гүйцэтгэдэг, нэг ажлын байрны тодорхойлолттой гэж тайлбарлаж байгаагаас үзвэл орон тоо хасагдаагүй нь харагдаж байна. Мөн Техник үйлчилгээ засварын хэлтэст байсан "техникийн баримт бүрдүүлэгч"-ийн хоёр орон тоог шинэ бүтцээр санхүүгийн хэлтэст нэмсэн байх тул нэхэмжлэгчийн ажлын байр хасагдахгүй, харин нөгөө хэлтсээс ирж байгаа хоёр орон тооны нэг нь хасагдсан байна. Гэтэл нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь хуульд нийцээгүй. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны дарга ажилтанг томилж чөлөөлөх эрхгүй этгээд юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалын Н.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажил буюу шинэ нэршлээр ашиглалтын тоо бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 4 сарын хугацааны нөхөх олговорт нэг сарын 1 162 972 төгрөгөөр тооцвол 4 651 891 төгрөг болж байна. Мөн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Учир нь хууль бусаар ажлаас халагдсаны улмаас маргаан бүхий иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулан оролцуулж байгаа ба хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 1 000 000 төгрөгийн төлбөр төлж нэмэлт зардал гаргасан болно.

Иймд энэ мөнгийг хууль бус тушаал шийдвэрийн улмаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан нэмэлт зардал гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчаас нийт 5 651 891 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү. Тэтгэмжид олгосон мөнгийг ажилдаа эргэн орсон тохиолдолд буцаан өгөхөд татгалзахгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/810 дугаар тушаалаар Газрын тусгай үйлчилгээний албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Шинээр батлагдсан бүтцээр 19 ажилтны орон тоо хасагдаж, цөөрсний нэг нь нэхэмжлэгч Н.Бгийн албан тушаал юм. Газрын тусгай үйлчилгээний албаны Санхүү, эдийн засгийн хэлтэст "мэдээний баримт бүрдүүлэгч"-ийн 3 орон тоо, техник, засвар үйлчилгээний хэлтэст "техникийн баримт бүрдүүлэгч"-ийн 2 орон тоо байсныг Санхүү, бүртгэлийн хэлтэст нэгтгэж "тоо бүртгэгч"-ийн 4 орон тоотой болгосон. Ингэснээр хуучин 5 орон тоо байсныг 4 болгож, нэг орон тоог цөөрүүлсэн, "мэдээний баримт бүрдүүлэгч" гэсэн нэршлийг "тoo бүртгэгч" болгож өөрчилсөн нь үнэн. Мөн "техникийн баримт бүрдүүлэгч", "мэдээний баримт бүрдүүлэгч" нь адил чиг үүргийг гүйцэтгэдэг, ажлын байрны тодорхойлолт ижил, нэг нэгнээ нөхөн ажилладаг албан тушаалууд юм. Нэгэнт өмнө хоёр хэлтэст харьяалагдаж байсан 5 орон тоог 4 болгож, нэг орон тоог цөөрүүлсэн тул нэхэмжлэгч Н.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар цуцалж, дуусгавар болгосон. Ингэхдээ тухайн ажилд ажиллаж буй ажилтнуудын ажлаа гүйцэтгэж буй байдал, алдаа дутагдал зэргийг харгалзан, хамт олны дотоод хурлаар хэлэлцэн таван ажилтнаас нэхэмжлэгчийг сонгохоор тогтсон.

Байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардуулж, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилласан хугацааг нь харгалзан түүнд 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 5 873 860 төгрөгийн тэтгэмжийг олгосон.

Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2-т салбар, нэгжийн дарга өөрийн хариуцсан нэгжийн ажилтныг томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан тул Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний албаны дарга нэхэмжлэгчийг чөлөөлөх тушаал гаргах бүрэн эрхтэй. Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах үүднээс хууль зүйн туслалцаа авсны хөлсийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь анх хариуцагчаа буруу тодорхойлж, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албыг татсан тул хариуцагчийг ИНЕГ болгож сольсон. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөр түүнийг шүүхэд хандсан өдөр гэж үзэх ёстой. Иймд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Н.Бг Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албанд урьд эрхэлж байсан "мэдээний баримт бүрдүүлэгч" буюу шинэ нэршлээр "ашиглалтын тоо бүртгэгч"-ийн ажилд эгүүлэн тогтоон, Иргэний нисэхийн Ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4 097 793 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 554 098 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Бгийн ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч ИНЕГт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80 514 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн 172.2.2-т зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэхэмжлэгч Н.Б нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албыг татсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийг сольж, Иргэний нисэхийн Ерөнхий газрыг татсан. Иргэний нисэхийн Ерөнхий газрыг солихдоо тус газарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл тусгайлан гаргаагүй. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлдог бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчаар Иргэний нисэхийн Ерөнхий газрыг сольсноор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/810 дугаар тушаалаар Газрын тусгай үйлчилгээний албаны зохион байгуулалтын бүтэц орон тоог шинэчлэн батлахад Н.Бгийн ажиллаж байсан ажлын байр нь Техник засвар үйлчилгээний хэлтэст харьяалагдаж байсан ажлын байр нь Санхүү бүртгэлийн хэлтэст харьяалагдах болсон ба тоо бүртгэгчийн 5 орон тооноос 1 орон тоо хасагдаж, 4 орон тоотой болсон. Хасагдсан орон тоонд ажиллаж байсан Н.Бгийн орон тоо нь хасагдсан байхад шүүгч өмнөх хэлтэст харьяалагдаж байсан хэмээн тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, түүнчлэн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрт  нэмэлт, өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч ИНЕГт холбогдуулан хариуцагч байгууллагын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулан, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4 651 891 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 1 000 000 төгрөг, нийт 5 651 891 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс үүссэн байх бөгөөд хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Бг Санхүү, эдийн засгийн хэлтсийн мэдээний баримт бүрдүүлэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-5/

 

  Зохигчид ашиглалтын болон техникийн тоо бүртгэгч /шинэ нэрээр/-ийн ажлын байрны чиг үүрэг нь хуучин бүтцийн мэдээний баримт бүрдүүлэгч, мөн техникийн хэлтсийн баримт бүрдүүлэгчийн ажлын байрны чиг үүрэг ижил, нэг ажлын байрны тодорхойлолттой, зөвхөн нэршил нь өөрчлөгдсөн гэх үйл баримтын талаар маргаагүй, харин Н.Бгийн ажиллаж байсан тоо бүртгэгчийн /шинэ нэршилээр/ орон тоо хасагдсан эсэх асуудлаар маргажээ.

Хэрэгт цугларсан баримтаас харахад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/810 тоот тушаалаар тус газрын тусгай үйлчилгээний албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Санхүү, эдийн засгийн хэлтсийг Санхүү бүртгэлийн хэлтэс болгон, тус хэлтсийн баримт бүрдүүлэгчийн 3 орон тоог хэвээр үлдээн, нэршлийг тоо бүртгэгч болгож, Техник үйлчилгээ засварын хэлтсийн баримт бүрдүүлэгчийн 2 орон тоог 1 болгон хасч, Санхүү бүртгэлийн хэлтэст нэгтгэн, баримт бүрдүүлэгч буюу тоо бүртгэгчийн 5 орон тоог 4 болгон цөөрүүлж, ашиглалтын 2, техникийн 2 гэж харьяалуулан өөрчилжээ. /хх-67-72/

Хариуцагч байгууллага, дээрх тушаалын дагуу нэхэмжлэгч Н.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад нийцээгүй байна.

Учир нь хариуцагч ИНЕГ, нэхэмжлэгч Н.Бгийн ажиллаж байсан хэлтэс болон ажлын байрны нэршил өөрчлөгдсөнөөс орон тоо цөөрөөгүй, өөр хэлтсийн баримт бүрдүүлэгч /хуучин нэрээр/-ийн 2 орон тоог 1 болгон цөөрүүлж, улмаар Санхүү бүртгэлийн хэлтэст нэгтгэсэн байхад уг бүтцийн өөрчлөлтийг түүнд хамааруулж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д нийцээгүй, хууль бус байна.

Хариуцагч тал Н.Бг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “... тухайн ажилд ажиллаж буй ажилтнуудын ажил гүйцэтгэлийн чанар, алдаа дутагдал зэргийг харгалзан, хамт олны дотоод хурлаар хэлэлцэн таван ажилтнаас нэхэмжлэгчийг сонгон ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлах боловч энэ үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халсан гэж дүгнэн Н.Бг ажилд нь эгүүлэн тогтоож, үүний үр дагавар болох цалин, хөлстэй тэнцэх олговрыг холбогдох журмын дагуу тооцон хариуцагч байгууллагаас гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалган шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад нийцэж байна.

 

Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны даргыг ажилтныг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нь хариуцагч хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх боловч холбогдох хуулийн хэм хэмжээг баримтлаагүйг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаас үзвэл ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар байх бөгөөд нэхэмжлэгчийг дээрх хуулиар тогтоосон хугацааг зөрчөөгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь зөв байх тул “хариуцагч сольсон үеэс гомдол гаргах хугацааг тоолох учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн Н.Бг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тул цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзэн, тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний албаны даргын Б/03 тоот тушаал нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гарсан, нэхэмжлэгч Н.Б нь гомдлоо шүүхэд мөн сарын 30-ны өдөр гаргасан байх тул дээрх хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг сольсон нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлд хамаарахгүй.

Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Тус хэрэг нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ёстой.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу хариуцагч байгууллагаас ажлаас халагдсаны тэтгэмжид 5 873 860 төгрөг авсан байх ба үүнийг ажил олгогчид буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/01020 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...69.1” гэсний дараа “...Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д” гэж нэмж,

шийдвэрийн 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч байгууллагаас 80 514 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                          Ч.ЦЭНД