Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2017/01020

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

           Дугаар 183/ШШ2017/01020

                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 65 тоотод оршин суух, Нандигжав овогт Намсрайгийн Даариймаа /Регистрийн дугаар:ТЕ68101063/-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очирын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт ухаа, Өөрийн байранд байрлах, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох

Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,651,891 төгрөг, хохиролд 1,000,000 төгрөг  нийт 5,651,891 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Даариймаа, түүний өмгөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Даариймаа нь Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний албанд анх 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажилд орж, 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ашиглалтын тоо бүртгэгч, мэдээний баримт бүрдүүлэгчээр тус тус ажиллаж байгаад тус албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөх болон үндэслэл нь ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/810  дугаартай тушаалаар тус албанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орж, орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар чөлөөлсөн байна. ИНЕГ-ын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/626 тоот тус байгууллагын бүтэц, орон тоо баталсан тушаалаар миний ажиллаж байсан Санхүү эдийн засгийн хэлтэст мэдээний баримт бүрдүүлэгчийн орон тоо 3 байсны  нэг дээр ажиллаж байсан. ИНЕГ-ын даргын 2016 оны А/810 дугаар тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн батлахад дээрх 3 орон тоог огт бууруулаагүй, хасаагүй бөгөөд гагцхүү нэршлийг өөрчилж “ашиглалтын тоо бүртгэгч”  болгосон байна.

Нэхэмжлэгч нь тус байгууллагад 2006 оноос хойш ажиллах хугацаанд нэг л ажил дээр ажиллаж байсан бөгөөд түүнийг ажиллах хугацаанд ажлын байрны нэршил “ашиглалтын тоо бүртгэгч”, “мэдээний баримт бүрдүүлэгч” техникийн тоо бүртгэл, мэдээний баримт бүрдүүлэгч” гэх зэргээр өөрчлөгдөн нэрлэгдэж байсан. Ийнхүү нэршлийг өөрчилж байгаа ч гүйцэтгэх ажил үүрэг өөрчлөгдөөгүй байдаг. Хариуцагч нь дээрх албан тушаалууд нэршлийн хувьд өөр ч нэг адил чиг үүрэг гүйцэтгэдэг, нэг ажлын байрны тодорхойлолттой гэж тайлбарлаж байгаагаас үзвэл орон тоо хасагдаагүй гэдэг нь харагдаж байна. Мөн Техник үйлчилгээ засварын хэлтэст байсан “техникийн баримт бүрдүүлэгч”-ийн хоёр орон тоог шинэ бүтцээр санхүүгийн хэлтэст нэмсэн байх тул нэхэмжлэгчийн ажлын байр хасагдахгүй, харин нөгөө хэлтсээс ирж байгаа хоёр орон тооны нэг нь  хасагдсан байна. Гэтэл нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь хуульд нийцээгүй. Мөн ИНЕГ-ын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны дарга ажилтанг томилж чөлөөлөх эрхгүй гэж үзэж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул ИНЕГ-ын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалын Н.Даариймаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил буюу шинэ нэршлээр ашиглалтын тоо бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.  Ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 4 сарын хугацааны нөхөх олговорт нэг сарын 1,162,972 төгрөгөөр тооцвол 4,651,891 төгрөг байна. Мөн хууль бусаар ажлаас халагдсны улмаас өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авч нэмэлт зардал гаргасан тул хохиролд тооцон өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 5,651,891 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү. Тэтгэмжид олгосон мөнгийг ажилдаа эргэн орсон тохиолдолд буцаан өгөхөд татгалзахгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/810 дугаар тушаалаар Газрын тусгай үйлчилгээний албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байдаг. Нийт бүтцээрээ Газрын тусгай үйлчилгээний алба нь 264 орон тоотой байсныг 271 болгож өсгөсөн мэт харагдаж байгаа ч энэ нь тус албанд жолоочийн орон тоог нэмэгдүүлснээс үүдэлтэй. Шинээр батлагдсан бүтцээр 19 ажилтны орон тоо хасагдаж, цөөрсний нэг нь нэхэмжлэгч Н.Даариймаагийн албан тушаал юм. Газрын тусгай үйлчилгээний албаны Санхүү, эдийн засгийн хэлтэст “мэдээний баримт бүрдүүлэгч”-ийн 3 орон тоо, техник, засвар үйлчилгээний хэлтэст “техникийн баримт бүрдүүлэгч”-ийн 2 орон тоо байсныг шинээр батлагдсан бүтцээр Санхүү, бүртгэлийн хэлтэст  нэгтгэж “тоо бүртгэгч”-ийн 4 орон тоотой болгосон. Ингэснээр хуучин 5 орон тоо байсныг 4 болгож, нэг орон тоог цөөрүүлсэн.  “Мэдээний баримт бүрдүүлэгч” гэсэн нэршлийг “Тоо бүртгэгч” болгож өөрчилсөн нь үнэн.  Мөн “техникийн баримт бүрдүүлэгч” , “мэдээний баримт бүрдүүлэгч” нь адил чиг үүргийг гүйцэтгэдэг, ажлын байрны тодорхойлолт ижил, нэг нэгнээ нөхөн ажилладаг албан тушаалууд.  Нэгэнт өмнө хоёр хэлтэст харьяалагдаж байсан 5 орон тоог 4 болгож, нэг орон тоог цөөрүүлсэн тул нэхэмжлэгч Н.Даариймаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар цуцалж, дуусгавар болгосон. Ингэхдээ тухайн ажилд ажиллаж буй ажилтнуудын ажлаа гүйцэтгэж буй байдал, алдаа дутагдал зэргийг харгалзан, хамт олны дотоод хурлаар хэлэлцэн таван ажилтнаас нэхэмжлэгчийг сонгохоор тогтсон байдаг.

Байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж,  нэхэмжлэгчид мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардуулсан. Нэхэмжлэгч Н.Даариймаад  Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилласан хугацааг нь харгалзан түүнд 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 5,873,860 төгрөгийн тэтгэмжийг олгосон.

Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2-т салбар, нэгжийн дарга өөрийн хариуцсан нэгжийн ажилтныг томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан байдаг тул Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний албаны дарга нэхэмжлэгчийг чөлөөлөх тушаал гаргах бүрэн эрхтэй. Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс хууль зүйн туслалцаа авсны хөлсийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь анх өөрөө хариуцагчаа буруу тодорхойлж, Иргэний нисэхийн ерөнхий газрын газрын тусгай үйлчилгээний албыг татсан тул хариуцагчийг Иргэний нисэхийн ерөнхий газар болгож сольсон 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөр түүнийг шүүхэд хандсан өдөр гэж үзэх ёстой. Иймд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Даариймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир нь Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,651,891 төгрөг, хохиролд 1,000,000 төгрөг, нийт 5,651,891 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөв.

Нэхэмжлэгч Н.Даариймаа нь 2006 оны 6 дугаар сараас эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний албанд тоо бүртгэгч, ашиглалтын тоо бүртгэгч, мэдээний баримт бүрдүүлэгчээр ажиллаж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тус тус тогтоогдож байна. /хх

          Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 4.1-д заасныг баримтлан “орон тоо хасагдсан”, “орон тоо цөөрсөн” үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон 19 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон байна. /хх-5/

          Дээрх тушаалын хавсралтын 16-д нэхэмжлэгч Н.Даариймааг “мэдээний баримт бүрдүүлэгч”-ийн ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- заасан “орон тоо цөөрсөн” үндэслэл нэхэмжлэгчид хамааралтай гэж хариуцагч тушаал үндэслэлийг тайлбарлав.

         Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулсан, тэтгэмжид 5,873,860 төгрөг хүлээн авсан үйл баримтад маргаагүй байна. /хх  тал/

            Нэхэмжлэгч нь ажлын байрны нэршил өөрчлөгдсөн ч орон тоо хэвээр байхад гэрээг цуцалсан, өөр хэлтсээс орон тоог шилжүүлэн нэгтгэхдээ тухайн орон тооны хувьд цөөрсөн асуудал яригдах ёстой байсан, мөн эрхгүй этгээд тушаал гаргасан гэж, харин хариуцагч нь “ашиглалтын тоо бүртгэгч”, ”техникийн тоо бүртгэгч” ажлын байрны нэршил өөр боловч адил чиг үүргийг хэрэгжүүлдэг, нэг ажлын байрны тодорхойлолттой, нэг нэгнээ орлон ажилладаг ажил, албан тушаалууд тул өмнөх бүтцээр хоёр хэлтэст тус тусдаа байсан нийт 5 орон тоог нэг хэлтэст нэгтгэн 4 болгосон, орон тоог нэгээр цөөрүүлсэн, хуульд заасны дагуу мэдэгдлийг 30 хоногийн өмнө гардуулсан, мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргав.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр захиргаа ажилтантай байгуулсан гэрээг цуцлахад орон тоо цөөрсөн үйл баримт байх, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д  зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн байх, бөөнөөр халах тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдсэн байх нөхцөл бүрдсэн байхыг хуулиар шаарджээ.

            Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/810 дугаар тушаалаар Газрын тусгай үйлчилгээний албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ. Шинээр батлагдсан бүтцээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Санхүү, эдийн засгийн хэлтэс”-ийн нэршлийг “Санхүү, бүртгэлийн хэлтэс” болгож, тус хэлтсийн “мэдээний баримт бүрдүүлэгч” албан тушаалын нэршлийг “ашиглалтын тоо бүртгэгч” нэртэй болгож өөрчилсөн, түүнчлэн  Техник, засвар үйлчилгээний хэлтэст харьяалагдаж байсан “техникийн баримт бүрдүүлэгч” гэсэн албан тушаалын нэршлийг “техникийн тоо бүртгэгч” болгон  өөрчилж, улмаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Санхүү, бүртгэлийн хэлтэс”-т харьяалуулахаар шилжүүлэхдээ урьд байсан 2 орон тоог 1 орон тоо болгож, нэгээр багасгасан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тус байгууллагын бүтцийг баталсан 2015 оны А/626, 2016 оны А/810 тоот тушаалаар тус тус тогтоогдож байна.

              Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн үндэслэл нь байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хасагдсаныг хамааруулж ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэст “мэдээний баримт бүрдүүлэгч”-ийн орон тоо 3 байсан, бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалын нэршлийг  “ашиглалтын тоо бүртгэгч” нэртэй болгосон ч батлагдсан орон тоонд өөрчлөлт ороогүй 3 орон тоо хэвээр байна.

            Гэтэл захиргаа өөр хэлтсээс шилжүүлэн, тус хэлтэст нэмэгдэж ирсэн ажлын байрны орон тоо цөөрсөн байхад адил төстэй ажил эрхэлдэг, нэг нэгнээ орлож ажилладаг гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоонд хамаатуулан хэрэглэсэн нь тушаал үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна. 

            Түүнчлэн хариуцагч адил албан тушаалд ажиллаж буй ажилтнуудаас ямар шалгуур үзүүлэлтийг баримтлан нэхэмжлэгчийг сонгож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болохоо баримтаар нотлоогүй, энэ талаарх тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            Хэрэгт нотлох баримтаар авагдсан тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 1.2.3, 3.2.2, 3.2.6-д зааснаас үзвэл Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбарын гэрчилгээ бүхий салбар нэгжийн даргад ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг олгосон, нэхэмжлэгч тус шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, эрхгүй этгээд тушаал гаргасан гэсэн зохигчдын тайлбар үндэслэлгүй. Мөн тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагагүй байна гэж үзэв.

            Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан “мэдээний баримт бүрдүүлэгч” буюу “ашиглалтын тоо бүртгэгч”-ийн орон тоог бүтцийн өөрчлөлтөөр цөөрүүлээгүй байх ба нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэх үндэслэлтэй тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар урьд эрхэлж байсан “мэдээний баримт бүрдүүлэгч”-ийн буюу шинэ нэршлээр “ашиглалтын тоо бүртгэгч”-ийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны  буюу 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан нийтээр амрах амралтын болон баяр ёслолын өдрүүдийг хасч тооцвол ажлын нийт 83 хоног байна. Нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг түүнд олгосон сүүлийн гурван сарын /2016 оны 10,11,12 сар/ цалин хөлснөөс тооцвол 49,371 төгрөг байх тул хариуцагчаас нийт 4,9097793 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх 554,098 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авсны хөлс 1,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох, өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс гарсан зардал байх тул хариуцагчаас гаргуулах  үндэслэлгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгов.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгав.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагадаа тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан, улсын орлогод нөхөн төлүүлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                        

                                                                                                                     ТОГТООХ нь: 

             

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Н.Даариймааг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа газрын тусгай үйлчилгээний албанд урьд эрхэлж байсан “мэдээний баримт бүрдүүлэгч” буюу шинэ нэршлээр “ашиглалтын тоо бүртгэгч”-ийн ажилд эгүүлэн тогтоож, Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4,097,793 /дөрвөн сая ерэн долоон мянга долоон зуун ерэн гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Даариймаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 554,098 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Даариймаагийн ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80,514 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ