Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 783

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Ц холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Л.Соёмбо,

          шүүгдэгч С.Ц /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ  даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүдэгч С.Цт холбогдох 1705 0174 40317 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Сүрэнхорлоогийн Ц, 1991 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, “КМС констракшин” ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо,

 

С.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 1-3б тоот хашаанд байх нийтийн байрны 7 тоот өрөөнд иргэн М.Бямбадоржийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: С.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт С.Цт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, С.Цэцэрбаярыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Цыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Цт оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 139 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар С.Цаас гэм хорын хохирол нийт 6.447.276 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Мөрдөн шалгах ажиллагааны талаар:

Талийгаач М.Бямбадорж нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай гэрт ирэхдээ биедээ ил харагдах шархтай байсан ба хэнд зодуулсан тухайгаа бидэнд ярьж, толгойгоо надаар бариулж байсан. Өмнө нь М.Бямбадорж, З.Алтаншагай нарын хооронд З.Алтаншагайгийн гэрээс зурагт алдагдсан, үүнд талийгаачийг хардаж, сэрдсэнээс үүдэлтэй маргаан байсан юм шиг байсан. Энэ тухай З.Алтаншагай мэдүүлсэн нь хавтаст хэргийн материалд авагдсан байдаг. З.Алтаншагайгийн найзууд тухайн үед Багануурт М.Бямбадоржтой огт уулзаагүй, холбоо бариагүй гэдэг боловч гэрч О.Пүрэвцогтын “Багануурт очоод О.Баянжаргал автомашинаа засуулах гээд М.Бямбадорж руу ярихад зөрөөд хот явсан байна” гэж мэдүүлсэн байхад гэрч О.Баянжаргалын “11 дүгээр сараас хойш М.Бямбадоржтой огт тааралдаагүй” гэж мэдүүлэг өгсөн байдаг.

Гэтэл талийгаачийн төрсөн дүү Н.Э 12 дугаар сарын 11-ний үед талийгаач З.Алтаншагайтай хамт Багануурт байсныг, мөн хамт “Ахиц” гэх нэртэй  дэлгүүрийн гадаа хүргүүлснийг гэрчилсэн байдаг. Мөн 12 дугаар сарын 14-ний өдөр автомашиныхаа сэлбэгийг аваад Багануур луу явцгаасан байдаг. Гэрч З.Алтаншагайтай хамт байсан залуус ч 12 дугаар сарын 16-нд таарцгаасан байдаг ба талийгаач М.Бямбадорж нь 2017 оны 12 дугаар сарын 16-нд “толгой өвдөөд байна, тархи хөдөлсөн ч байж магадгүй” хэмээн хуучин эхнэр Ж.Өнөржаргалаасаа Соёлмаа гэх хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан байдаг. Мөн өмнө нь 14-ний өдөр мөнгө авч байсан байдаг. Хэрэв мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг баримтлалгүй явуулсан бол Соёлмаа гэгч хэн болох, ямар шалтгаанаар, хаанаас мөнгө авсан болох, Ж.Өнөржаргалын мэдүүлэгт ач холбогдол өгч хэнд, хэрхэн зодуулсныг шалгаж, тогтоох бүрэн боломжтой байсан тул хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна.

Гэмт хэргийг мөрдөн шалгахдаа зөвхөн хэргийг эзэнтэй байлгахыг л хүссэнээс биш, гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн гэм буруутай үйлдэл, хувцасны урагдсан байдлаас шалтгаалан талийгаач бид хоёрын халтиргаатай, шөнийн замд хэрхэн явж байсан, халтирч унаснаас үүдэн ямар эрсдэл гарч болох байсан зэргийг огт шалгалгүйгээр шинэ, хуучин гэмтлүүдийг бүгдийг миний үйлдэлтэй холбон дүгнэлт гаргасан зэргийг сайтар шалгуулах хүсэлтэй байна.

2. Талийгаач М.Бямбадорж намайг өглөө ажилдаа явахад зүгээр унтаад үлдсэн. Гэтэл ажил дээр очсоноос хойш хамтран амьдрагч Б.Төрсайхан унтаад сэрэхгүй байна хэмээн утсаар ярьсан. Намайг ажилдаа явснаас хойш Б.Төрсайхан утсаар ярих хүртэлх хугацааны хооронд тодорхой хэсэг хугацаа хэрхэн өнгөрсөн нь тодорхойгүй байдаг. Хэдийгээр талийгаач миний хамтран амьдрагч Б.Төрсайханыг шөнө оролдож, түүнээс үүдэн би талийгаачийг 1 удаа цохиж, нүцгэн хөлөөрөө 2 удаа дэвссэн. Гэтэл ийм үйлдэлд байхааргүй их гэмтэл талийгаачид учирсан байдаг.

Мөн маш ноцтой дүгнэлт нь талийгаачийн дотоожноос үрийн шингэн илэрсэн байдаг ба тодорхой хугацаанд хамт үлдсэн Б.Төрсайханаас үүнтэй холбогдуулан шинжилгээ авсан бол талийгаачийн үхэлтэй холбоотой дүгнэлт гарах байсан.

Иймд дээрх нөхцөл байдлыг дахин шалгаж, миний санамсар болгоомжгүй үйлдэлд хуулийн тохирсон зүйл, хэсгээр хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч С.Цын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хуралдаанд гэрч Б.Төрсайханыг оролцуулах хүсэлт гаргаж хуралдаан хойшилсон боловч 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчийг оролцуулах өмгөөлөгчийн хүсэлтийг хангасан шүүхийн тогтоол хэрэгжээгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн.

Гэрч Б.Төрсайхан нь гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан цорын ганц гэрч бөгөөд шүүгдэгч С.Цын тухайн үеийн сэтгэл санаа цочрон давчидсан байдал болон амь хохирогчийн үзүүлсэн зүй бус хандлага өөрт нь ямар нөлөө үзүүлсэн талаар зайлшгүй тодруулах шаардлагатай байсан боловч анхан шатны шүүх өөрийн гаргасан шийдвэрийг биелэлтийг хангуулах арга хэмжээ аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн С.Цын эрх зүйн байдлыг дордуулж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шинжээч эмчийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны 86 тоот дүгнэлтэд амь хохирогчид “шинэ болон хуучин” гэмтлүүд үүсгэгдсэн нөхцөл байдалд мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдээгүй буюу дээрх шинэ болон хуучин гэмтлүүдийг хэн учруулсан талаарх нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй нь мөн шүүгдэгчийн эрх зүйн байдалд илт сөргөөр нөлөөлж байгаа талаар тодорхой тайлбар гаргасан боловч анхан шатны шүүх бодитой дүгнэлт өгөөгүй нь хэргийн нотолбол зохих асуудлыг нотолсон эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй болохыг харуулж байна.

Шинжээч эмч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “цусан хураа гэмтэл авснаас “12 цагийн зураглалтай буюу хугацаатай” байна” гэсэн. Шинжээчийн дүгнэлтээс харахад амь хохирогч 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагаас 22 цагийн орчимд гэмтэл авсан байх магадлалтай буюу С.Цын цохисоноос тархинд гэмтэл үүссэн эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байгаад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Амь хохирогчийн өмсөж явсан хувцсанд хийсэн шинжээчийн дүгнэлтээр “шинэ” гэмтэл буюу урагдалт, ханзралтууд тогтоогдсон бөгөөд энэ нөхцөл байдлыг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоотой уялдуулан мөрдөн байцаалтын ажиллагааг огт явуулаагүй бөгөөд дээрх шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 359 тоот дүгнэлтийг хэрэгт ач холбогдолтой талаас дүгнэлт өгөөгүй, зөвхөн шийтгэх тогтоолд дурдах төдийгөөр орхисон нь шүүх хэргийг тал бүрээс нь, үнэн зөв, хянах, нотлох баримтыг бодитой үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 359 тоот дүгнэлтэд “амь хохирогчийн дотоожинд эр бэлгийн эс илэрсэн” гэж тодорхойлсон. Энэ нь хохирогч бэлгийн дур тавьсан болохыг нотолж байгаа ба гэрч Б.Төрсайханыг оролдож орон дээр нь биед нь хүрэх зэрэг үйлдлийн улмаас болсон байх магадлалтай бөгөөд энэ нь хохирогч Б.Төрсайханы бэлгийн эрх чөлөөнд халдсан болохыг нотлох бодиттой эд мөрийн баримт юм.

Энэ талаар шүүх хуралдаанд гэрчээс тодруулах зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд эхнэрийнх нь бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэлд ямар ч эрэгтэй хүн бухимдаж, цочирдохгүй гэсэн байр суурьнаас хэт субъектив дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн.

Хохирогчийн хувьд өмнө нь гадны нөлөөтэй шарх гэмтэлтэй байсан, түүнийг гадуур хувцсанд шинэ урагдалтуудтай зэрэг нөхцөл нь хэргийг эргэлзээ бүхий байдалд оруулж байгаа бөгөөд өмгөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг хаагаагүйгээс хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсан талаар маш эргэлзээтэй байдалд С.Цт ял халдаасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх шинжээч нарын дүгнэлтээс зөвхөн хохирогчийн биед учирсан шинэ гэмтлүүдийг хэт яллах байр суурьнаас үнэлж, харин хуучин гэмтэл, хувцсанд үүссэн шинэ гэмтэл урагдалтад бодитой дүгнэлт өгөөгүй нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан болохыг нотолж байна. Нөгөө талаас дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд тодорхой заагаагүй буюу хувцсанд үүссэн шинэ гэмтэл, мөн хохирогчийн биед үүссэн хуучин гэмтэл, цусан хураа зэргийн үүссэн хугацаа нь гэмтэл авснаас хойш 12 цагийн зураглал буюу хугацаатай байгаа нь шүүгдэгчид ял халдаахад яагаад нөлөөлсөн талаар тодорхой үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус ноцтой зөрчсөн байх тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс гэрч Б.Төрсайханыг шүүх хуралдаанд оролцуулах бүхий л ажиллагааг явуулсан. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Төрсайханд хууль сануулан мэдүүлэг авсан баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Шүүгдэгч С.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 1-3б тоот хашаанд байх нийтийн байрны 7 тоот өрөөнд иргэн М.Бямбадоржийг зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

гэрч Б.Төрсайханы “...нөхөр орноос босоод М.Бямбадоржийн нүүр лүү цохисон. Тэгсэн М.Бямбадорж нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн. Миний харснаар манай нөхөр М.Бямбадоржийн дээрээс нь дэвсээд байсан. М.Бямбадоржийг дээш нь харуулаад хэвтүүлсэн чинь хамарнаас нь цус гарч байсан. ...Тэгээд М.Бямбадорж толгой өвдөөд байна гэж хэлэхэд нь би гэрт байсан “Диклоденк” нэртэй эмийг өгсөн. ...М.Бямбадоржийг дуудаад байхад сэрэхгүй байсан. Тэгэхээр нь М.Бямбадоржийг дээш нь харуулаад хэвтүүлсэн чинь хамарнаас нь цус гараад хатаад тогтчихсон, нүүр, уруул нь хөхөрчихсөн байсан...” /1-р хх-36-38/,

 

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “...Зулайн хуйхан дахь няцарсан шарх нь шинэ шарх байсан. Уг гэмтлийн харалдаа тархины дотор талд зулай, чамархайн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, аалзан доорх голомтлог цус харвалт гэмтэл байсан. Эдгээр гэмтэл нь хүнд гэмтэлд хамаарна...” /1-р хх-68-69, 199-201/, 

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э /1-р хх-21-24, 25-27/, гэрч Ж.Өнөржаргал /1-р хх-28-29/, гэрч Н.Лхагва-Эрдэнэ /1-р хх-31-32/, гэрч Ө.Нэргүй /1-р хх-33/, гэрч Т.Алтанбагана /1-р хх34-35/, Н.Наранчимэг /1-р хх-38/, Б.Нармандах /1-р хх-39-40/, С.Баянжаргал /1-р хх-55-56/, гэрч З.Алтаншагай /1-р хх-57-59/, О.Пүрэвцогт /1-р хх-65-66/, гэрч Д.Уранбилэг /1-р хх-197-198/гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээрээр тархины зулай, баруун чамархайн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зулайн хуйханд няцарсан шарх, дээд доод уруул, баруун хөмсөг, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шуу, бугалга, баруун шуунд цус хуралт, дух, зүүн хөмсөг, дээд доод уруул, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хамрын угалз, хамрын хянга, баруун мөр, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр ямар ч байрлалд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдийн тархины гэмтлүүд нь үхэлд хүргэсэн. Дээрх гэмтлүүдийн зүүн бугалга, шуу, баруун мөр, нуруунд үүссэн цус хуралт, зулгаралт нь хуучин бусад гэмтлүүд шинэ гэмтлүүд байна. Талийгаачийн шээсэнд 3.5, ходоодны шингэнд 3.7, цусанд 3.2 промилл спиртийн агууламж илэрсэн. Цусанд 3.2 промилл нь спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь баруун уушигны наалдцат үрэвсэл бөөрний эдийн соривжилт, уйланхай, элэгний өөхлөлт бүхий архаг өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй. Талийгаач нь 4-р бүлгийн цустай, 34 настай байна. Талийгаач нь тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж нас баржээ. Талийгаач нь нас бараад 6-8 цаг болсон байжээ. Тархины гэмтэл нь яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой” гэсэн 86 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-88-92, 195-196/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “С.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Ц нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, бусдад ойлгуулах чадвартай байна. С.Ц нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. С.Цт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмээ авах шаардлагагүй” гэсэн 125 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-95-97/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-5-7, 8-20, 190, 191-194/, эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-181/, хохирлын баримтууд /1-р хх-219-250, 2-р хх-3-12/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн, шүүгдэгч С.Ц нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцнэ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Цт 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч С.Цын “...хуулийн тохирсон зүйл, хэсгээр хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэл болгон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                                                                        

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                                М.АЛДАР