Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00731

 

“... хитинг энд күүлинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02423 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “... хитинг энд күүлинг” ХХК

          Хариуцагч: “...реалтор” ХХК-д холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19 сая төгрөг гаргуулах,

          Сөрөг нэхэмжлэл: Хохирол 39,239,757 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, Б.П, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: 2016-02-26-ны өдөр Толгойт дахь “... холдинг” ХХК-ийн ... агуулах төвд хөргөлтийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах, угсрах гэрээг 380 сая төгрөгөөр байгуулсан. Ажлыг 2016-05-09-ний өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээгээр тохирсон ёсоор гэрээний 2.5, 2.6 дахь хэсгээр баталгаат хугацааг хоёр жилээр гэрээний үнийн дүнгийн 5%-г захиалагчийн дансанд байршуулна гэсний дагуу 2018-05-09-г хүртэлх хугацаанд 19 сая төгрөгийг хариуцагчийн дансанд байршуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн хөргөлтийн төхөөрөмжийн баталгаат хугацаанд засвар, үйлчилгээг хариуцан хийж гүйцэтгэж байсан ба 2018-05-09-ний өдөр баталгаат хугацааны 2 жил дууссан учир барьцаа 19 сая төгрөгийг авах тухай албан бичиг хүргүүлэхэд гадна нөлөөнөөс болсон эвдрэлийн улмаас барьцаа мөнгийг өгөхөөс татгалзсан. Эвдрэл, гэмтэл хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Иймд 19 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 2018-02-28-ны өдрийн гэмтэл нь баталгаат хугацааны хоёр дахь жилд гарсан бөгөөд энэ нь зөвхөн гэмтэлтэй холбоотой засвар үйлчилгээг хариуцах үүрэг хүлээсэн жил болох нь тодорхой байгаа. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 2016-5-12-ны өдөр гүйцэтгэгч тал уг хөргөлтийн тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засварын ажлыг хариуцан ажиллахаар хөргөлтийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг эрхлэх гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. ...Гэрээний 3.2-т зааснаар гүйцэтгэгч тал хөргөлтийн системийн хөргөх бодис буюу фреон, фреоны маслыг 2 жилийн хугацаанд бүрэн хариуцах үүрэг хүлээсэн ч цаг хугацаанд нь цэнэглэж байгаагүй ба эвдрэл гарсны дараа мэргэжлийн инженерүүд уг төхөөрөмжийн моторыг задалж үзэх үед ферон, масло зэрэг нь дууссан байсан нь тодорхой бөгөөд эвдрэлийн гол шалтгаан болсон болохыг тогтоосон. Эвдрэл гарсан өдөр буюу 2018-02-28-ны өдөр 10 цагт төхөөрөмжийн автомат дохиоллын систем дуугарч эхлэнгүүт нярав н.Төмөрхүү гүйцэтгэгч талд энэ талаар нэн даруй мэдэгдсэн. Гүйцэтгэгч талаас 14 цагт ирж үзээд төхөөрөмжийг унтраагаад явсан ба маргааш нь ирж үзлэг хийхдээ хөргөлтийн төхөөрөмжийн автомат хамгаалалт ажиллан зогссон үед кнопуудыг дарж ажиллуулснаас үүдэн эвдрэл гарсан гэж үзсэн. Гэтэл уг тоног төхөөрөмж нь гүйцэтгэгч талд дуудлага өгөх хүртэл унтарч зогсоогүй, гүйцэтгэгч тал ирж үзээд унтраасан. Тухайн үед очиж үзсэн хүн видео бичлэг хийсэн байдаг ба тухайн бичлэг эхлэхдээ удирдлагын шитний хайрцгийг онгойлгосон байдаг ба кнопыг урьд нь дарсан байна гэж үзэх боломжгүй. Анх өөр хүн очиж үзлэг хийж унтраасан гэх боловч эвдрэлийн талаарх засвар үйлчилгээний хуудсанд захирал Т.Батжаргал өөрөө гарын үсэг зурсан байдаг. Төхөөрөмжид эвдрэл гарсны дараа гүйцэтгэгч талаас гэрээний үүргээ биелүүлж засвар үйлчилгээг гүйцэтгэхийг шаардсан боловч үүргээ биелүүлээгүй, баталгаат хугацааны барьцаа мөнгөө авсны дараа хөлсөөр ажиллана гэх шаардлага гаргасан. Уг хөргөлттэй агуулахад хурдан муудах бараа бүтээгдэхүүн хадгалдаг учир нэн даруй ажиллагаанд оруулах шаардлагатай байсан тул манайх гуравдагч этгээдээр энэ ажлыг гүйцэтгүүлсэн. Ийнхүү гүйцэтгэгч талын буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар хөргөлтийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар, үйлчилгээг эрхлэх гэрээ болон ИХ-ийн дагуу нэхэмжлэгчид хандсан боловч татгалзсан хариу авсан. Уг хөргөлттэй агуулахад гадны харилцагч байгууллагуудын түргэн муудах бараа бүтээгдэхүүнийг хадгалж байсан тул хөргөлтийн тоног төхөөрөмжийг шинээр нийлүүлэх, солих ажлыг гуравдагч байгууллагаар гүйцэтгүүлсэн. Ийнхүү гүйцэтгүүлэхэд шинээр авсан хөргөлтийн тоног төхөөрөмжийн үнэ 18,467,757 төгрөг, угсралт суурилуулалтын ажлын хөлс 6 сая төгрөг, масло, фреон, шүүлтүүр зэрэг бусад материалын зардалд 14,772,000 төгрөгийн зардал гарсан буюу манай компанид нийт 39,239,757 төгрөгийн хохирол учирсан. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ИХ-ийн 219.1, 227.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээ болон хөргөлтийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг эрхлэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохиролд 39,239,757 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 183/ШШ2018/02423 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт хэсэгт заасныг баримтлан “...реалтор” ХХК-аас 19.000.000 төгрөг гаргуулж “... хитинг энд күүлинг” ХХК-д олгон, нэхэмжлэгчээс 6.000.000 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 36.239.757 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 252.950 төгрөг, хариуцагчийн төлсөн 354.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 110.950 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02423 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...36,239,757...” гэснийг “...33,239,757...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 150 төгрөгийг нь улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь ИХШХШТХ-ийн 172.2.1-д заасанд нийцэхгүй байгаа тул эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх хөргөлтийн тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл хэний буруугаас болж гарсныг тогтоох боломжгүй гэж үзсэн. Гэвч хөргөлтийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний гэрээний хугацаа дууссан гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний хугацаа дуусахаас 2 сарын өмнө эвдрэл гэмтэл гарсан болох нь баримтаар нотлогдож байгаа. Эвдрэл гарснаар гэрээний хугацаа зогсож талуудын хооронд маргаан үүссэн. Талуудын хооронд ИХ-ийн зүйлийн 343.1-д заасан харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж үзсэн. Харин талууд гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар бус гэрээний үүргийн талаар маргаж байгаа. Мөн гэрээний баталгаа төлбөрийг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь ИХ-ийн 346.1-д заасантай нийцнэ гэж үзсэн. Энэ заалтанд өөрөөр тохиролцоогүй бол гэж байгаа. Харин талууд өөрөөр тохиролцож буюу ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ байгуулж үүргийн баталгаа болгож үлдээсэн төлбөрийн талаар гэрээний 2 жилийн хугацаа дуусахад ажлын үр дүнг хүлээн авах эрхтэй байсан. Ажил гүйцэтгэх болон ашиглалт, засвар үйлчигээний гэрээнүүд нь харилцан хамаарал бүхий гэрээ бөгөөд гэрээний заалт бүр адил гэрээний хүчинтэй гэтэл шүүх ганцхан ажил гүйцэтгэх гэрээний 2.5-д заасан заалтыг үндэслэн шийдвэр гаргаж, ашиглалт засвар үйлчигээний гэрээний 3.2-д заасан гүйцэтгэгч нь хөргөлтийн системийн хөргөх бодис буюу фреон, маслыг хоёр жилийн хугацаанд бүрэн хариуцна гэсэн заалтанд дүгнэлт хийгээгүй. Зөвхөн энэ зардалд 14,772,000 төгрөгийн зардал гарсан тул энэ төлбөрийг баталгаа төлбөрөөс суутгахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   “... хитинг энд күүлинг” ХХК нь 2018-06-05-ны өдөх “...реалтор” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 19,000,000 төгрөг шаардаж, “...хөргөлтийн тоног төхөөрөмж суулгаж өгсөн, баталгаат хугацаа өнгөрсөн...энэ хугацаанд зохих засварыг хийж байсан...хугацаа дууссан тул барьцаа болгож үлдээсэн мөнгийг буцааж авахыг хүсэж байна...сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй...” гэжээ. /хх 1-н 1, 101/

   Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа, сөрөг нэхэмжлэл гаргаж, ажил гүйцэтгэх гэрээ болон хөргөлтийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс хохирол учирсан гэж 39,239,757 төгрөг...” шаардсан байна. /хх1-44/

    Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлээс 6,000,000 төгрөгийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийн техникийн алдааг залруулж, сөрөг нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилсөн байна.

    Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Нэхэмжлэгч шаардлагадаа 2016-02-26-ны өдрийн NR/16/49 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”., 2016-05-12-ны өдрийн “Хөргөлтийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг эрхлэх гэрээ”-г үндэслэсэн байна. Тодруулбал, 2016-02-26-ны өдрийн NR/16/49 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч нь Ферон хөргөлтийн системийн тоног төхөөрөмжийг БНХАУ-с нийлүүлж суурьлуулалт болон угсралтын ажлуудыг гүйцэтгэж эцсийн байдлаар 100% ашиглалтад хүлээлгэж өгөх, хариуцагч 380 сая төгрөг төлөх үүргийг хүлээжээ. 2016-05-12-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч нь захиалгын дагуу хөргөлтийн тоног төхөөрөмжүүдийн үзлэг, үйлчилгээ, засварын ажлыг эхний жил үнэ төлбөргүй чанартай гүйцэтгэх, 2 дахь жилээс хөргөлтийн сэлбэг материалаас бусад засвар үйлчилгээний ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэхээр заасан байна.

  2016-02-26-ны өдрийн гэрээний 2.5-д “...талууд гэрээт ажлыг хүлээлцсэн актанд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш гүйцэтгэгч гэрээт ажилд 2 жилийн чанарын баталгаа гаргаж өгнө. Гэрээт ажлын чанарын баталгаат хугацааны эхний 1 жилд гүйцэтгэлтэй холбоотой фреон алдагдах болон тоног төхөөрөмж эвдрэх гэх мэт аливаа чанарын доголдол илэрвэл гүйцэтгэгч тал өөрийн зардал, хөрөнгөөр гэрээт ажлыг хүлээлцсэн газар очиж засварлана. Харин ашиглалтын 2 дахь жилд аливаа эвдрэл, гэмтэл тохиолдвол сэлбэг, материалын зардлыг захиалагч тал бүрэн хариуцаж, сервис үйлчилгээг гүйцэтгэгч тал үнэ төлбөргүй хийж өгнө. Ашиглалтын буруугаас буюу гадны механик гэмтлээс болж аливаа эвдрэл, гэмтэл гарсан бол хоёр тал хохирлын үнэлгээг тогтоосны үндсэн дээр захиалагч тал зардлыг гаргана...” гэж., 2.6-д “...гэрээт ажлын гүйцэтгэлийн баталгаа болгож гэрээт ажлын төсвийн 5 хувийг баталгаат 2 жилийн хугацаанд захиалагчийн дансанд байршуулна...” гэж тохиролцжээ. Үүнтэй холбоотойгоор  хөргөлтийн тоног төхөөрөмжүүдийн үзлэг үйлчилгээ, засварын ажлыг нэхэмжлэгч 2 жилийн хугацаанд хариуцахаар 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хөргөлтийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг эрхлэх гэрээг байгуулсан, гэрээт ажлын буюу 380,000,000 төгрөгийн төсвийн 5 хувь болох 19,000,000 төгрөгийг баталгаа болгож хариуцагчийн дансанд байршуулахаар тохирчээ.  

   Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

  Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд 2 гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

  2016-02-26-ны өдрийн гэрээний дагуу “... хитинг энд күүлинг” ХХК нь фреон хөргөлтийн системийн тоног төхөөрөмжийг суурилуулан угсарч 2016-05-09-ний өдөр хүлээлгэн өгсөн, “...реалтор” ХХК 380,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн,  гэрээний зүйлийг хүлээн авч акт үйлдсэн бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна.

   2016-05-12-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч 19,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд байршуулж, тоног төхөөрөмжийн үзлэг, үйлчилгээ, засварын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний хугацаа 2018-05-12-ны өдөр дуусгавар болсон байна. 

  Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2016-05-12-ны өдрийн гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлж, тоног төхөөрөмжийн үзлэг, үйлчилгээ, засварын ажлыг 2 жилийн турш гүйцэтгэж байсан нь тогтоогджээ. Иймд “...реалтор” ХХК-с 19,000,000 төгрөг гаргуулж “... хитинг энд күүлинг” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

  “...гэрээний хугацаа дуусахаас 2 сарын өмнө эвдрэл гэмтэл гарсан нь баримтаар нотлогдож байгаа...” гэх хариуцагчийн гомдол баримтгүй байна. Өөрөөр хэлвэл, 2016-05-12-нй өдрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний зүйлд ажил гүйцэтгэгчийн хүлээх үүрэгтэй холбоотой эвдрэл гарсан баримт хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгчийн 2018-03-01-ний өдрийн албан бичгээс үзвэл “...реалтор” ХХК-с 2018-02-27-ны өдөр эвдрэлийн талаар өгсөн дуудлага нь захиалагчийн үйл ажиллагаатай холбоотой байсан гэж үзэхээр байгаа бөгөөд үүнийг үгүйсгэх баримтыг хариуцагч гаргаж чадаагүй байна.

  Эвдрэл гарснаар гэрээний хугацаа зогсож талуудын хооронд маргаан үүссэн гэх үндэслэл Иргэний хуулийн 72, 73 дугаар зүйлд нийцээгүй тул энэ тухай гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй юм. 

  Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 64,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ