Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1575

 

П.Згийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/01083 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Згийн, хариуцагч ИНЕГт холбогдуулан гаргасан өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил чанарын байнгын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний албанд 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Гадаад харилцааны мэргэлжилтнээр томилогдон 10 дахь жилдээ тогтвор суурьшилтай зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн. Гэвч 2016 онд ИНЕГ болон харьяа байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор 2016 оны 12 дугаар сард ажлаас халагдах тухай мэдэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Ажлаас халагдах мэдэгдэл авсан тул Иргэний Нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн байгууллагад ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийлж Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад ажлын байраар хангаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан. Энэ үеэр Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын захиргааны албанд ажилтан авахыг сонсоод тус албаны даргад өргөдөл гаргаж, анкетаа өгсөн. Улмаар намайг бүр авах боломжгүй, харин хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд түр ажиллах боломжтой гэсэн хариуг надад өгсөн. Эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн цагт ажил хэрэгтэй байсан тул саналыг хүлээн авч, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/06 тоот тушаалаар намайг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх бууудлын ашиглалтын өмнөх захиргааны албанд хураамжийн бүртгэлийн мэргэжилтэнээр хүүхэд асрах чөлөөтэй байгаа ХХХХ-г ажилдаа орох хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр түр томилсон. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулаагүй ажлаар хангасан гэх тайлбар үндэслэлгүй. Намайг ажилд авсан тушаал нь ажлаас чөлөөлсөн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны даргын Б/03 дугаар бүхий тушаалтай ямар ч хамааралгүй.

Mөн ажилтанг ажлаас чөлөөлөх эрхгүй этгээд намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Миний бие 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бага хүүгээ төрүүлж, амьдралын шаардлагаар 6 сартайд нь ажилдаа орж байсан. Миний хүү одоо 3 нас хүрээгүй байгаа тул намайг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Учир нь миний ажлын байр болох гадаад харилцааны мэргэжилтний албан тушаалын орон тоо цомхотгогдсон байхад ажил олгогч нь надтай тохиролцолгүй ажлаас халсан.

Би ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байсан. Одоо өмнө эрхэлж байсан Гадаад харилцааны мэргэжилтэн, түүнтэй адил чанарын байнгын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг даалгаж өгөхийг хүсч байна.

Мөн одоо ажиллаж байгаа Хураамжийн бүртгэлийн мэргэжилтэн, урьд ажиллаж байсан Гадаад харилцааны мэргэжилтэн гэх албан тушаалууд цалин хөлсийн хувьд адил, зөрүү гараагүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/810 дугаар тушаалаар Газрын тусгай үйлчилгээний албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Шинэ бүтцээр 19 ажилтны орон тоо хасагдсаны нэг нь тус албаны Захиргаа хүний, нөөцийн хэлтсийн Гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байсан П.Згийн ажлын байр бөгөөд байгууллагын зүгээс орон тоо хасагдсан, цөөрүүлсэн нэр бүхий ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэхэмжлэгчид 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардуулсан. Нэхэмжлэгч П.Зтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан үндэслэлээр тус албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тушаалаар цуцалж, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилласан жилийг нь харгалзан түүнд 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 8 317 000 төгрөгийн тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу олгосон. Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2-т салбар, нэгжийн дарга өөрийн хариуцсан нэгжийн ажилтныг томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан байдаг тул Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний албаны дарга нэхэмжлэгчийг чөлөөлөх тушаал гаргах бүрэн эрхтэй юм.

Иймд нэхэмжлэгчийг хууль зөрчиж ажлаас халсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч П.Зг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалаар өөр нэгж болох Хөшигтийн хөндийд байрлах Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын захиргаанд мэргэжилтнээр томилж, одоо ажиллаж байна. Нэхэмжлэгч адилхан мэргэжилтэн хийж байгаа тул адил чанарын ажлын байраар түүнийг хангасан. Мөн сүүлд ИНЕГтай байгуулсан 02/2/28 тоот хөдөлмөрийн гарээний 5.1, 5.3-т энэхүү гэрээ байгуулагдснаар өмнө нь бичгээр болон амаар тохиролцож хийсэн бүх гэрээ, хэлцэл хүчингүй болно гэж заасан тул түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй, цалин хөлсийг бууруулаагүй, түүнчлэн хүсэл зоригоо илэрхийлэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн түр гэрээг байгуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128,1.2-д зааснаар П.Зг өмнө эрхэлж байсан гадаад харилцааны мэргэжилтэн буюу адил чанарын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг ИНЕГт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөгдсөн тул төлөөгүйг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж татан буугдсан, ажилтан ноцтой зөрчил гаргасан, эд хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэл бий болсноос бусад тохиолдолд ажлаас чөлөөлөхийг хоригложээ. Захиргааны ажилтанг чөлөөлөх үед тэрээр 3 хүртэлх насны хүүхэдтэй болохыг мэдэж байсан гэдэгт талууд маргаагүйгээс гадна хуульд заасан 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг чөлөөлж болох дээрх үндэслэлүүдэд Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалын үндэслэл хамаарахгүй байх тул захиргааны хориглосон хэм хэмжээг зөрчиж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Мөн хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх сэргэсэн, захиргааны ажилтныг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулсан гэж үзэх боломжгүй" гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, мөн хуулийн 100 дугаар зүйлд зааснаар 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас чөлөөлөхийг хориглосон ч нэхэмжлэгч П.Зг ажлаас чөлөөлж, түүний хүсэлтээр Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын захиргаанд мэргэжилтнээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бичиг баримтыг танилцуулж гарын үсэг зуруулсан. Дээрх ажлын байр нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалтай адил чанарын ажлын байр юм.  П.Зтай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/2/28 дугаар хөдөлмөрийн гэрээний 5.1, 5.3-т энэхүү гэрээ байгуулагдсанаар өмнө нь бичгээр болон амаар тохиролцож хийсэн бүх гэрээ хэлцэл хүчингүй болно гэж заасан тул өмнөх хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 21.7 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээний 5.1, 5.3-т заасан нөхцлийг дурдаж нотлох баримтыг шинжлэн судлуулсан байхад шүүгч уг гэрээнд дүгнэлт хийлгүй орхисон. Хэрэв хөдөлмөрийн гэрээ нь зөвхөн ажилтанд ашигтай бол гэрээ байгуулах шаардлагагүй бөгөөд гэрээ гэж нэрлэх шаардлагагүй юм. Нэхэмжлэгч болон хариуцагч талаас П.Згийн сүүлд байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй, тооцоогүй, дээрх гэрээ нь хуульд заасан гол нөхцөлийг тохиролцсон хууль болон хөдөлмөрийн дотоод журамд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ юм. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүлээн зөвшөөрч өөрийн идэвхитэй үйлдлээр өөр албан тушаалд ажиллах хүсэлт гаргасан бөгөөд энэ хүсэлтийг нь хүлээн авч дараагийн ажлын байранд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулснаас биш хүчээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хэрэв хөдөлмөрийн хугацаатай гэрзэ байгуулах хүсэлгүй байсан бол гэрээ байгуулахгүй байж болох байсан. Хуульд заасан гол нөхцлийг тохиролцсон, хууль болон бусад холбогдох дүрэм, журамд нийцсэн гэрээг ямар үндэслэлээр давуу байдлаар хийгдсэн гэсэн нь ойлгомжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч П.З, ИНЕГт холбогдуулан өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил чанарын байнгын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүсэж, нэхэмжлэгч П.З нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний албанд гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байгаад тус албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байна.

Зохигчид Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/810 дугаар тушаалаар Газрын тусгай үйлчилгээний албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, тус албаны захиргаа, хүний нөөцийн хэлтсийн гадаад харилцааны мэргэжилтний орон тоо хасагдсан үйл баримтын талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй, эрх бүхий этгээд тушаал гаргаагүй” гэж, хариуцагч тал “...Газрын тусгай үйлчилгээний албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор тус албаны даргын Б/03 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ...6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 8 317 000 төгрөгийн тэтгэмжийг олгосон. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалаар Хөшигтийн хөндийд байрлах Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын захиргаанд мэргэжилтнээр томилсон, ...өмнөх хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болж, шинээр гэрээ байгуулсан, ...нэхэмжлэгч адил чанарын ажлын байраар хангагдсан...” гэж мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний албаны бүтэц, орон тоо шинэчлэн батлагдан зарим орон тоо хасагдаж, ажилтны тоог цөөрүүлсний улмаас хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч П.Зтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр цуцлахдаа мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчин түүнийг 2 нас 7 сартай хүүхэдтэй байхад нь ажлаас халсан байх бөгөөд энэ үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний албаны даргыг ажилтныг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Харин хариуцагч талыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх бөгөөд хариуцагч тал уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гарган, үндэслэлээ “...өмнөх гэрээний харилцаа дуусгавар болсон, ...шүүх хуралдааны мэтгэлцээнд хөдөлмөрийн гэрээнд заасан 5.1, 5.3 дахь заалтыг шинжлэн судлуулсан байхад... дүгнэлт хийлгүй орхисон ...” гэж тайлбарлаж байна.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч П.З, ажлаас халагдах мэдэгдэл авсны дараа хариуцагч ИНЕГт шинээр байгуулагдаж байгаа Улаанбаатар хотын Олон Улсын нисэх буудлын захиргааны албанд ажиллахаар өөрийн өргөдөл, анкетаа өгч, улмаар тус газрын удирдлагын гаргасан “хүүхэд асрах чөлөөтэй байгаа ХХХХ-гийн оронд түр хугацаанд ажиллах” саналыг хүлээн авч, хариуцагч ИНЕГтай 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 02/02/28 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан, гэрээний 5.3-т заасны дагуу талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон төдийгүй нэхэмжлэгч нь тус газарт өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

            Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл, хэлцлийн нэг хэлбэр болохын хувьд түүнд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой.

Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/02/28 тоот хөдөлмөрийн гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай болон түүний үр дагаврыг арилгуулахаар гомдол гаргаагүй төдийгүй хариуцагч талын саналыг хүлээн авч, дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний 5.1 дэх заалтаар “уг гэрээ байгуулагдсанаар өмнө нь бичгээр болон амаар тохиролцож хийсэн бүх гэрээ, хэлцэл хүчингүй болохоор тохиролцсон байх тул П.Зг өмнөх гэрээний харилцааг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. 

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхгүй.

Шүүх бүрэлдэхүүн, дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Згийн, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил чанарын               байнгын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            Анхан шатны шүүх, шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага болох ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагаасаа татгалзсан гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ уг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой заалгүй орхигдуулсан алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/01083 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ИНЕГт холбогдох өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил чанарын байнгын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгуулах тухай нэхэмжлэгч П.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                       Т.ТУЯА

 

                                                       Ч.ЦЭНД