Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/01083

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

         Дугаар 183/ШШ2017/01083

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 79Б байрны 14 тоотод оршин суух, Хасаг овогт Пүрэвсүрэнгийн Золзаяа /Регистрийн дугаар:ГЮ79092106/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт ухаа, Өөрийн байранд байрлах, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох

Урьд эрхэлж байсан Гадаад харилцааны мэргэжилтэн, түүнтэй адилтгах чанарын байнгын ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Золзаяа, түүний өмгөөлөгч Б.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Молор-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

 

Нэхэмжлэгч П.Золзаяа, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний албанд 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Гадаад харилцааны мэргэлжилтэнээр томилогдон 10 дахь жилдээ тогтвор суурьшилтай зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн. Гэвч 2016 онд Иргэний нисэхийн ерөнхий газар болон харъяа байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор 2016 оны 12 дугаар сард ажлаас халах тухай мэдэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлаж ажлаас халсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байсан.

Ажлаас халагдах мэдэгдэл авсны дараа шинээр байгуулагдсан Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын захиргааны албанд ажилтан авахыг сонсоод тус албаны даргад өргөдөл гаргаж, анкетаа өгсөн. улмаар намайг бүр авах боломжгүй харин  хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд түр ажиллах боломжтой гэсэн хариуг өгсөн. Эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн цагт ажил хэрэгтэй байсан тул саналыг хүлээн авч, Иргэний нисэхийн ерөнхий газрын  даргын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар намайг Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх бууудлын ашиглалтын өмнөх захиргааны албанд хураамжийн бүртгэлийн мэргэжилтэнгээр хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.Ариунзаяаг ажилдаа орох хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр түр томилсон.

Иймд миний эрх зүйн байдлыг дордуулаагүй ажлаар хангасан гэсэн тайлбар үндэслэлгүй. Би байнгын ажлын байранд ажиллаж байсан бол одоо түр гэрээгээр  өөр хүнийг ажилд орох хүртэл ажиллах болоод байна. Мөн ажилтанг чөлөөлөх эрхгүй этгээдээс тушаал гаргаж чөлөөлсөн.  

Миний бие 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бага хүүгээ төрүүлж, амьдралын шаардлагаар 6 сартайд ажилдаа орж байсан бөгөөд одоо 3 нас хүрээгүй байгаа тул намайг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг, мөн хуулийн 36.2-т заасан “орон тоо цомхотгогдсон бол ажилтантай тохиролцож адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд намайг урьд эрхэлж байсан Гадаад харилцааны мэргэжилтэн, түүнтэй адилтгах чанарын байнгын ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж өгнө үү. Одоо ажиллаж байгаа хураамжийн бүртгэлийн мэргэжилтэн, урьд ажиллаж байсан Гадаад харилцааны мэргэжилтэн албан тушаалууд цалин хөлсийн хувьд адил, зөрүү гараагүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх  тухай шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/810 дугаар тушаалаар Газрын тусгай үйлчилгээний албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байдаг. Шинээр батлагдсан бүтцээр 19 ажилтны орон тоо хасагдаж, цөөрсний нэг нь тус албаны Захиргаа хүний, нөөцийн хэлтсийн гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байсан П.Золзаяагийн ажлын байр юм.

 Байгууллагын зүгээс орон тоо хасагдсан, цөөрүүлсэн нэр бүхий ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өдөр мэдэгдэх хуулиар хүлээсэн үүрэгтэй тул мэдэгдлийг нэхэмжлэгчид 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрт нь гардуулсан.

Нэхэмжлэгч П.Золзаяатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг “орон тоо хасагдсан” үндэслэлээр тус албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилласан жилийг нь харгалзан үзэж түүнд 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 8,317,000 төгрөгийн тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу олгосон. Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2-т салбар, нэгжийн дарга өөрийн хариуцсан нэгжийн ажилтныг томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан байдаг тул Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний албаны дарга нэхэмжлэгчийг чөлөөлөх тушаал гаргах бүрэн эрхтэй.

Иргэний нисэхийн ерөнхий газрын хэмжээнд Гадаад харилцаатай холбоотой асуудлыг хариуцсан ажилтан ажиллаж байгаа тул харьяа нэгж болох Газрын тусгай албаны хэмжээнд Гадаад харилцааны мэргэжилтэн шаардлагагүй гэж удирдах газраас үзсэн. Хариуцагч байгууллагын зүгээс Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан 2016 оны А/810 дугаар тушаалыг мөрдөж ажиллах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийг хууль зөрчиж ажлаас халсан гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч П.Золзаяаг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалаар өөр нэгж болох Хөшгийн хөндийд байрлах Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын захиргаанд мэргэжилтнээр томилж, одоо ажиллаж байгаа. Нэхэмжлэгч адилхан мэргэжилтэн хийж байгаа тул адил чанарын ажлын байраар түүнийг хангасан байна. Мөн сүүлд Иргэний нисэхийн ерөнхий газартай байгуулсан 02/2/28 тоот Хөдөлмөрийн гэрээний 5.1, 5.3-т энэхүү гэрээ байгуулагдснаар өмнө нь бичгээр болон амраа тохиролцож хийсэн бүх гэрээ, хэлцэл хүчингүй болно гэж заасан байна. Иймд түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй, цалин хөлсийг бууруулаагүй, түүнчлэн хүсэл зоригоо илэрхийлэн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн түр гэрээг байгуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Золзаяа нь Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэнд даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан Гадаад харилцааны мэргэжилтэн, түүнтэй адилтгах чанарын байнгын ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагаасаа татгалзав.

Нэхэмжлэгч П.Золзаяа нь 2007 оны 2 дугаар сараас эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний албанд техник сугалтын танхимын эрхлэгч-Гадаад харилцааны мэргэжилтэн, гадаад харилцааны мэргэжилтэнээр тус тус ажиллаж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ЗХ/05 тоот Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тус тус тогтоогдож байна. /хх-3-5, 10-14/

          Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 4.1-д заасныг баримтлан “орон тоо хасагдсан”, “орон тоо цөөрсөн” үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон 19 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон байна. /хх-5/

          Дээрх тушаалын хавсралтын 2-т нэхэмжлэгч П.Золзаяаг “гадаад харилцааны мэргэжилтэн”-ийн ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” үндэслэл нэхэмжлэгчид хамааралтай гэж хариуцагч тушаал үндэслэлийг тайлбарлав.

           Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 207 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/06 дугаар тушаалын хавсралтын 4-т нэхэмжлэгч П.Золзаяаг Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны эдийн засгийн төлөвлөлтийн тасагт “хураамжийн бүртгэлийн мэргэжилтэн”-ий ажлын байранд Г.Ариунзаяаг хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаар томилж, мөн өдөр 02/2/28 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. Дээрх хөдөлмөрийн гэрээний 1.7-д “Г.Ариунзаяаг хүүхэд асрах чөлөөний хугацаагаар” гэж талууд гэрээний хугацааг тохиролцсон байх тул энэ нь Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т хэрэв хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан тохиолдолд талууд харилцан тохиролцсон байхыг шаардсан хуулийг заалтыг зөрчөөгүй байна. Мөн уг тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

            Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдлийг гардуулсан, нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Гадаад харилцааны мэргэжилтэн”-ий орон тоо хасагдсан, тэтгэмжид 8,317,000 төгрөг хүлээн авсан үйл баримтад маргаагүй байна.

            Харин нэхэмжлэгч нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөхийг хориглосон Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчсөн, адил чанарын ажлын байраар хангаагүй байгаа, мөн эрхгүй этгээд тушаал гаргасан гэж, харин хариуцагч нь хуульд заасны дагуу орон тоо хасагдсан тул мэдэгдлийг 30 хоногийн өмнө гардуулж чөлөөлсөн, Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцийн өөр нэгжид адил чанарын “мэргэжилтэн”-ий ажлын байраар хангасан гэж маргав.

            Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/810 дугаар тушаалаар Газрын тусгай үйлчилгээний албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, тус албаны захиргаа, хүний нөөцийн хэлтэст байсан “гадаад харилцааны мэргэжилтэн”-ий орон тоо хасагдсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, тус байгууллагын бүтцийг баталсан 2015 оны А/626, 2016 оны А/810 тоот тушаалаар тус тус тогтоогдож байх бөгөөд зохигчид уг үйл баримтад маргаагүй. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 1.2.3, 3.2.2, 3.2.6-д зааснаас үзвэл Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбарын гэрчилгээ бүхий салбар нэгжийн даргад ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг олгосон байх тул эрхгүй этгээд тушаал гаргасан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

          Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д  ажил олгогч 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж татан буугдсан, ажилтан ноцтой зөрчил гаргасан, эд хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан зэрэг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэл бий болсноос бусад тохиолдолд ажлаас чөлөөлөхийг хоригложээ.  Захиргаа ажилтанг чөлөөлөх үед тэрээр 3 хүртэлх насны хүүхэдтэй болохыг мэдэж байсан гэдэгт талууд маргаагүйгээс гадна хуульд заасан 3 хүртэлх хүүхэдтэй эхийг чөлөөлж болох дээрх үндэслэлүүдэд Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалын үндэслэл хамаарахгүй байх тул захиргаа хориглосон хэм хэмжээг зөрчиж нэхэмжлэгчийг чөлөөлсөн гэж үзэв.

           Мөн Хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх сэргэсэн, захиргаа ажилтныг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулсан гэж үзэж боломжгүй.

            Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шаардах эрхтэй тул урьд эрхэлж байсан Гадаад харилцааны мэргэжилтэн, түүнтэй адилтгах чанарын байнгын ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагадаа тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан, улсын орлогод нөхөн төлүүлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

   

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар П.Золзаяаг урьд эрхэлж байсан Гадаад харилцааны мэргэжилтэн буюу түүнтэй дүйцэхүйц хэмжээний ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөгдсөн тул төлөөгүйг дурдаж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               О.ОДГЭРЭЛ