Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 182/2018/02625/И |
Дугаар | 001/ХТ2019/00827 |
Огноо | 2019-05-31 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2019/00827
Ө.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00026 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 319 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Ө.А-
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох
Нийслэлийн Засаг даргын Б/149 дугаар захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, 2018-6-06-ны өдрөөс 2018-12-25-ны өдөр хүртэл хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Л.Баасан, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие НЗД-ын 2014-9-17-ны өдрийн Б/219 дугаар захирамжаар БЗД-н 129-р цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон, үндсэн цалин ТҮБД-6 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалинждаг байсан. Байгууллагын төсвийн урсгал засварын зардал хүрэлцдэггүй тул Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг эцэг, эхийн хандиваар засвар үйлчилгээ хийж хичээлийн бэлтгэл ажлыг хангадаг. Нийслэлийн Боловсролын газраас засвар үйлчилгээтэй холбогдуулж гаргасан зөвлөмжийн дагуу ажилладаг. Энэ жишгээр 2017-6-р сард урсгал засварын 5,000-15,000 төгрөгийг эцэг, эхчүүдээс авч нийт 15,330,000 төгрөгөөс 9,075,000 төгрөгийг “Калдеротубо” ХХК-тай Ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулан сантехникийн засварын ажлыг гүйцэтгүүлсэн. 6,255,000 төгрөгийг байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансанд тушааж, Төрийн банкаар дамжуулан цэцэрлэгийн урсгал засварт зарцуулсан. Гэтэл НЗД-ын орлогч Ш.Анхмаагийн удирдамжийн дагуу ЗДТГ-ын ажлын хэсэг цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгаж, 2017-12-05-ны өдөр дүгнэлт гаргасан. Тус цэцэрлэг нь 28 жилийн хугацаанд сангийн засвар хийгдэж байгаагүй бөгөөд цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэй, байнга доголдол гардаг байснаас дээрх 15,330,000 төгрөгийг цэцэрлэгийн урсгал зардал болон сангийн засварт зарцуулсан. Хувьдаа болон зориулалтын бусаар ашигласан зүйл байхгүй бөгөөд намайг 9,075,000 төгрөгийг “Калдеротубо” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг тушаахдаа төрийн сангаар дамжуулаагүй гэж буруутгадаг. 2017-10-12-ны өдөр БЗД-н Дотоод аудитын газрын дүгнэлтээр 129-р цэцэрлэгийг Батлагдсан төсвийн дагуу санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж дүгнэсэн. Дээрх завсарын ажил хийгдсэнээр манай цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Гэтэл НЗД 2017-12-05-ны өдрийн дүгнэлтийг үндэслэж намайг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Цэцэрлэгийн ажилчдын амралт 2018-6-р сард эхэлсэн бөгөөд ...ажлыг чинь 2018-6-22-ны өдөр үүрэг гүйцэтгэгч Я.Баасанхүү гэх хүнд өгнө... гэж дуудсан. 2018-7-27-ны өдөр ажлын бус цагаар миний өрөөний хаалгыг эвдэн орсон байсан. Нийслэлийн боловсролын газрын хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ууганбаяр 2018-9-14-ний өдөр утсаар залгаж тушаал чинь гарсан, шууданд хаягаар чинь хүргүүлсэн гэж мэдэгдсэн, шууданг миний бие 2018-9-17-ны өдөр гардан авсан. Иймд НЗД-ын 2018-8-30-ны өдрийн Б/149 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: НЗД-ын 2018-8-30-ны өдрийн Б/149 дугаар захирамжаар БЗД-ийн 129-р цэцэрлэгийн эрхлэгч Ө.А-г ажлаас халсан. НЗД-ын 2017-11-03-ны өдрийн А/286 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг НЗД-ын орлогч Ш.Анхмаагийн 2017-11-06-ны өдөр баталсан удирдамжаар 129-р цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгасан. Уг ажлын хэсгийн дүгнэлтээр эрхлэгч Ө.А- нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.2 дахь хэсэгт заасан үүргээ хангалтгүй биелүүлж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүйгээс санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл дутуу, ашиглалтад ороод 1-3 жил болсон хандивын хөрөнгийг бүртгээгүй, бэлэн мөнгөний зарцуулалтыг санхүүгийн тайланд тусгадаггүй зэрэг зөрчил гаргасан нь байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн шинжтэй мэдээллийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн. 2018-01-10-ны өдрийн 01/23 тоот албан бичгээр ажлын хэсгийн дүгнэлтийг шилжүүлснийг үндэслэн АТГ-с 2018-01-25-ны өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ажиллагаа явуулж байгааг мэдэгдсэн. Ө.А- нь Авлигын эсрэг хуулийн 13.7, 8.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн болохыг АТГ тогтоосон тул НЗД-ын 2017-11-27-ны өдрийн Б/191 дүгээр захирамжаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 30% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9.1.2-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд мөн хуулийн 11.5 дахь хэсэгт үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж тус тус зааснаар хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар тодорхойлсон. Нийтийн албанд болон нийтийн болон хувийн ашиг сонихрлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан нийтийн албан тушаалтанд хамаарах юм. Иймд мөн хуулийн 5.1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар зохицуулна гэж заасныг болон 7.2.3-д ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх, 7.2.4-д ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх, 15.2 дахь хэсэгт хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авхаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно, 29.2.4-д энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11,12,15,16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах гэж заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 182/ШШ2019/00026 дугаар шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/149 дугаар тушаал хууль бус байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ө.А-г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-р олговорт 4 274 140 төгрөгийг Нийслэлийн Боловсролын газраас гаргуулж нэхэмжлэгч Ө.А-д олгон, нэхэмжлэлээс 2018-06- 06-ны өдрөөс 2018-08- 30-ны өдөрт хамаарах олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу Ө.А-гийн 2018-08- 30-ны өдрөөс 2018-12-25-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Нийслэлийн Боловсролын газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 193,863 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 319 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00026 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.А-г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4 274 140 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, Ө.А-д олгож, нэхэмжлэлээс 2018-06- 06-ны өдрөөс 2018-08- 30-ны өдөрт хамаарах цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж найруулж, 2 дахь заалтын “..Нийслэлийн боловсролын газарт..” гэснийг “..Нийслэлийн Засаг даргын тамгын газарт...” гэж, 3 дахь заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагчаас 83 336 төгрөг гаргуулсугай..” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгчийг БЗД-н ЭХАШШ-н шүүгчийн 2018-05-30-ны өдрийн 223а дугаартай захирамжаар албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж энэ захирамжийг үндэслэн хариуцагч нэхэмжлэгчийг албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх тухай 2018-06-04-ний өдрийн Б/104 дугаартай захирамж гарсан. Харин эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжид нэхэмжлэгч гомдол гаргасны дагуу уг шүүхийн ерөнхий шүүгчийн 2018-06-06-ны өдрийн 977 дугаартай захирамжаар хүчингүй болгосон байсныг үндэслэн 2018-08-10-ны өдрийн Б/132 дугаартай захирамж гарсан байхад нэхэмжлэгч албан үүргээ гүйцэтгээгүй, ажилдаа ирээгүй тул АТГ-т яллагдагчаар татсан үндэслэлээр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, ажил тасласан зөрчилд нь урьд 2017-11-27-ны өдрийг Б/191 дугаартай захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан сахилгын шийтгэлтэй байх хугацаанд ажил тасласан зөрчилд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр 2018-08-30-ны өдөр маргаан бүхий акт болох Б/149 дугаартай захирамжийг гаргасан. Дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт 2017-12-05-ны өдөр гарсан боловч хууль бусаар хураамж авсан гэх зөрчлийг эрх бүхий этгээдэд болох АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн бөгөөд АТГ нь 2018-01-25-ны өдөр Ө.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018-05-09-ний өдрийн тогтоолоор “2014-9-17-с 2017-11 сар хүртэлх хугацаанд 129-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байдаг. ХХША-ны явцад хариуцагч талаас АТГ-с Ө.А-д холбогдох эрүүгийн хэргээс холбогдох баримтыг гаргуулсан бөгөөд эдгээр баримттай холбоотой хариуцагчийн төлөөлөгч 2018-12-25-ны өдөр эрүүгийн хэрэг шийдвэрлэх хүртэл хугацаанд ИХШХШТХ-н 80.1.4-т зааснаар ХХША-г түдгэлзүүлж өгөхийг хүссэн боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхиж энэхүү захирамжиндаа гомдол гаргах эрхгүйгээр захирамжилсныг ИХШХШТХ-н 170.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч албан үүрэг гүйцэтгэж байхдаа цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс нэмэлт төлбөр авсан болох нь нэгэнт тодорхой болсон бөгөөд нэгэнт эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан байсан тул энэ үндэслэлээр ХХША-г түдгэлзүүлэн эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа шийдэх нь үндэслэлтэй байна. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа дууссан гэж үзсэн бөгөөд хариуцагч тал харин энэхүү зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байгаа. Учир нь 2017-12-05-ны өдрийн дотоод хяналтын ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан, прокурор 2018-05- 09-ний өдөр яллагдагчаар татсан, ЭХАШШ 2018-05-30-ны өдөр албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн, хариуцагч 2018-06-06-ны өдөр албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж 2018- 08-10-ны өдөр захирамжаа хүчингүй болгосон. Хариуцагч эдгээр хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж үзэж байна. Харин ажил тасласан сахилгын ноцтой зөрчлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаандаа байсан бөгөөд нэхэмжлэгч 2018-08-10-с 2018-08-30-ны өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ажил тасласан талаар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал баримт бүрдүүлэх хугацаа аваагүй, дахин мэтгэлцэх хүсэлт гаргаагүй нь энэхүү сахилгын ноцтой зөрчлийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа гаргасан талаар маргаагүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ө.А- 2018-10-12-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2018-06-06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахыг шаарджээ. Нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарлахдаа “... Нийслэлийн засаг даргын 2018-08- 30-ны өдрийн Б/149 тоот захирамж Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийх журмыг зөрчсөн...” гэсэн байна. /хх1-н 1/
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Ө.А- 2017-11-27-ны өдрийн 191 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд тус захирамжид гомдол гаргаагүй... хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан... 2018-08-10-ны өдрөөс 2018-08-30-ны хооронд ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан...” гэж маргажээ. /хх1-н 31/
Анхан шатны шүүх Ө.А-г ажилд нь эгүүлэн тогтоож, олговорт 4,274,140 төгрөгийг Нийслэлийн Боловсролын газраас гаргуулахаар зааж, 2018-08-30-ны өдрөөс 2018-12-25-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн Боловсролын газарт даалгаж, 2018-06-06-ны өдрөөс 2018-08-30-ны өдөр хүртэл хугацааны олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт “Нийслэлийн Боловсролын газар” гэснийг “ Нийслэлийн Засаг даргын тамгын газар” болгохдоо зарим заалтыг найруулан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нийслэлийн засаг дарга 2018-08-30-ны өдөр Б/149 дугаартай захирамж гаргаж, “...албан үүргээ гүйцэтгэхдээ хүүхэд тус бүрээс 15,000 төгрөг буюу нийт 15,400,000 төгрөг хураан авч, үүнээс 6,255,000 төгрөгийг бэлнээр зарцуулсан нь мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлтээр тогтоогдож, хөдөлмөрийн гэрээний 6.3.8, 6.3.13, 6.3.22, 6.3.23 дугаарт заасан ноцтой зөрчил гаргасан...” гэж Ө.А-г 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас халсан байна.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон дүгнэлт 2017-12-05-ны өдөр гарсан байх бөгөөд үүнийг ажил олгогч тушаалдаа заажээ.
Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.
Ө.А- зөрчил гаргасан гэх нөхцөл байдлын талаар ажил олгогч 2017-12-05-ны өдөр мэдсэн боловч хуульд заасан хугацаа хэтэрснээс хойш арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчжээ.
Түүнчлэн, ажилтан ноцтой зөрчил гаргасан гэх боловч тушаалд заасан зарим ноцтой зөрчлийн үндэслэл нь 2014-10-10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй гэх агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.
Эрүүгийн журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс Ө.А-гийн нэхэмжлэлтэй энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хүсэлтийг хангаагүй гэх гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 319 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ